📞 7510-7500

✉️ investment@apex.mn

МѲНГИЙГ ДАГА

Та компанийн эзэн эсвэл хувьцаа эзэмшигч бол таны хөрөнгө оруулалтын сэтгэл ханамжийг компани хэр ашигтай ажиллаж байна вэ гэдэг тодорхойлно. Хэрвээ та компанийг удирддаг эзэн бол компанид хир их мөнгө орсон, гарсан, дундаас нь ямар хэмжээний мөнгө ашиг болж үлдсэнийг сайтар мэдэх боломжтой.

Харин та компанийн санхүүгийн үзүүлэлтийг хянах чадваргүй жижиг хувьцаа эзэмшигч бол компани ашигтай ажиллаж байгаа эсэхийг санхүүгийн тайлангаас нь л мэдэх боломжтой.

Орлогын тайлан танд:

  1. Орлого
  2. Зарлага
  3. Ашиг/Алдагдалын хэмжээг харуулна.

Таван толгой ХК-ийн ашиг

Таван толгой ХК-ийн орлогын тайланг харцгаая..

2017 онд 427 тэрбум төгрөгийн борлуулалт (нүүрс) хийж, 233 тэрбум төгрөгийн өртөгтэй ажиллан, татварын өмнөх ашиг нь 189 тэрбум хүрсэн байна. Өндөр ашигтай ажилласан тул өндөр татвар буюу 48 тэрбум төгрөгийн татвар төлснөөр 141 тэрбумын маш эрүүл цэвэр ашигтай үлджээ. (Шинэ рекорд)

Мөнгөн урсгалын тайланг нь харвал 2017 оны эхэнд бэлэн мөнгө нь 99 тэрбум байсан бол жилийн эцэст 232 тэрбум хүрсэн байна. Эндээс компанийн бэлэн мөнгө цэвэр ашиг болох 141 тэрбумтай дүйцэх дүнгээр (тодорхой хэлвэл 133 тэрбум) өссөн нь харагдаж байна. Үлдсэн 8 тэрбум нь урьдчилж төлсөн зарлага эсвэл харилцагчдын төлбөр оройтсонтой холбоотой байж болно. Дүгнэж хэлвэл их хэмжээний мөнгө компанид орж ирсэн нь банкны дансанд хадгалагдаж үлдсэн байна. Компанийн мөнгөн урсгалын тайлан нь орлогын тайлантайгаа нийцэж байна. (Маш сайн хэрэг)

Бүх ашиг адил замаар бий болдоггүй

Одоо нийтлэлийнхээ цөм сэдэв рүү оръё. Бүх ашиг адил замаар бий болдоггүй. Компанийн орлогын тайлан дахь цэвэр ашгийн хэмжээ, санхүүгийн тайлангийн эвтэйхэн дүнг хараад дахин нягтлахгүй шууд хөрөнгө оруулахаасаа өмнө доорх тохиолдлуудад анхаарлаа хандуулаарай.

Жишээ 1:

Өөр нэг компанийн орлогын тайлангийн хэсгийг үлгэрчлэн харцгаая.

Нийт 1 тэрбумын цэвэр ашигтай гэж тусгагдаж байгаа ч мөнгөн дүнгээр хэдэн төгрөг дансанд орж ирсэн бэ гэдгийг нягталцгаая. Долларын дансан дах доллар нэмэгдээгүй учир ханшийн зөрүүний олз хэсэгт тусгагдсан 300 сая төгрөг нь бодит мөнгөн дүнгээр орж ирээгүй орлого юм. Иймд 1 тэрбум төгрөгийн ашигтай харагдаж байгаа ч бодит мөнгөн дүнгээр 700 сая төгрөгийн ашиг олсон байна.

Ахиад нэг алхам…

Тухайн компани үндсэн чиглэлээсээ өөр үйл ажиллагаанаас 500 сая төгрөг нэмж олсон байна. Энэ нөхцөл байдал ирэх жилүүдэд ч бас давтагдах болов уу? Энэ тогтвортой өсөлт мөн үү? Компани жил болгон хөрөнгөө зарахгүй, вальютын ханш байнга тогтвортой байхгүй гэдгийг бодож үзээрэй.

Жишээ 2:

Борлуулалтын хэмжээ өндөр, банкны дансанд бэлэн мөнгө хангалттай байх үед (дээр дурдсан Таван толгой ХК-ийн тохиолдол шиг), компанийн хувьцаа эзэмшигчид бүгд л баяртай байна.

ХАРИН та буруу хөрөнгө оруулалт хийн доллар/төгрөгтэй харьцах харьцаа 1:1,250 байхад доллараар өндөр зээл авч олон хүн ажилд авсан гээд бодъё (Эдийн засаг үргэлж өснө гэж төсөөлсөн байх).

Гэнэт банкинд байсан мөнгө чинь өсөхөө болин, таны доллараар авсан зээл төгрөгийн дүнгээр өсөн, авсан ажилчдаа халах шаардлага үүслээ. Таны хийсэн бүх хөрөнгө оруулалтын үнэ цэнэ унахын зэрэгцээ ажлаа ч алдаж болох нөхцөлд орно.Үүнээс ч дор нь хүмүүс танай санхүүгийн тайланг хараад /хөрөнгийн биржид бүртгэлтэй компани бол/ таныг сайн гүйцэтгэх захирал/санхүү хариуцсан захирал биш гэдгийг мэднэ.

Энэ түүх бол Монголын олон олон компанид тохиолдсон түүх. Зарим нь гүйцэтгэх захирлаа халсан бол зарим нь үгүй. Тэгэхээр ухаалаг (*хоолойгоо засав*) гүйцэтгэх захирал/санхүү хариуцсан захирал нар мөнгөгүй болохоороо юу хийх вэ? Тэд тайлангаа гоё харагдуулах УХААЛАГ замууд олдог.

Дахин үнэлгээний нэмэгдэл хийх

Компани татварын алба болон аудитын компанид тэдний оффисын барилгынх нь (20 жилийн өмнө худалдан авсан) үнэ цэнэ өссөн, энэ ухаалаг хөрөнгө оруулалт нь (үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан) санхүүгийн тайлан болон орлогын тайланд харагдах хэрэгтэй гэж хэлнэ. (Ажлын байр- аюулгүй!, нэр хүнд- аюулгүй!). Үл хөдлөх хөрөнгө бол “гоё харагдах” зорилгод хүрэх хамгийн амархан аргуудын нэг. Гэвч тухайн хөрөнгүүд эсвэл компани ЗАРАГДСАН тохиолдолд л хувьцаа эзэмшигчид бодит ашиг авна гэсэн үг. Компани хэзээ ч зарагдахгүй бол “Ашиг” зүгээр л өнгөн ашиг хэвээр үлдэх болно.

Охин компаниудын үнэлгээнүүд

Компани 5 жилийн өмнө худалдаж авсан компаниасаа “мөнгө” их олсон гэж хэлж болно. Тэдний авсан компани нь анх худалдаж авахад 1 сая төгрөгийн ашигтай ажилладаг байсан бол одоо 1.5 саяын ашигтай болсон. Иймд бизнес 50% болон түүнээс дээгүүр хувиар үнэлэгдэх ёстой гэж хэлнэ. (энэ үед аудитуудын толгой дохихыг ч бас анзаарч болно. Учир нь тэд ч бас үүний хариуд төлбөр авна)

Оюуны өмч, патент, биет бус хөрөнгө

Оюуны өмч болон патентийг компаниас гаргасан ирээдүйн төлөвлөгөө, өөрсдийн үнэлгээтэй холбоотойгоор хэмжигддэг нь санхүүгийн тайландаа тусгадаг нь эдгээр төрлийн биет бус хөрөнгийг ашиглан тайлангаа “гоё харагдуулах” нөхцлийг тавьдаг.

Санхүүгийн салбарынхан эдгээр ашгийг “цаасан дээрх ашиг” гэж нэрлэдэг. Иймэрхүү төрлийн ашиг дараах тохиолдлуудад бий болдог:

  1. Олон хувьцаа эзэмшигчидтэй
  2. Компани хөрөнгийн биржид бүртгэлтэй эсвэл бүртгэлтэй болохоор бэлтгэж байгаа
  3. гүйцэтгэх захирал/санхүү хариуцсан захирал нар нь компанийн хувьцаа эзэмшигч биш эсвэл жижиг хувьцаа эзэмшигч
  4. Компани хангалттай ашигтай ажиллаагүй.

Дүгнэлт

Мөнгийг дага. Хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчийн хувьд таны анхаарах ёстой үндсэн зүйл нь компанийн бэлэн мөнгө тухайн жилийн хугацаанд өссөн эсэх юм (мөн анхаарах зүйл нь тогтвортой байдал). Хэрвээ гүйцэтгэх захирал/санхүү хариуцсан захирал танд үнэмшилгүй өндөр ашиг, эвтэйхэн санхүүгийн тайлан харуулж байвал МӨНГИЙГ Л ДАГА. Мөнгөн урсгалын тайланг шалгаж цаасан дээрх ашиг уу, жинхэнэ ашиг уу гэдгийг сайтар шинжлээрэй.

Leave a Reply

Blog at WordPress.com.

%d bloggers like this: