📞 7510-7500

✉️ investment@apex.mn

Монголчууд Оюутолгойн 51%-ыг эзэмших хэрэгтэй

Би Монголд бизнес хийх дуртай. Бүх зүйл нэг хотод төвлөрсөн учир ажил хурдан бүтдэг. Тэр тусмаа та зөв хүмүүсээ мэддэг бол бүр ч хурдан бүтнэ (энд авилгалын талаар яриагүй болно!).

Монголчууд сэтгэхүйн зөрчил (cognitive dissonance) буюу хувь хүн нэг л итгэл үнэмшил, үнэт зүйлийн талаар 2 болон түүнээс дээш үзэл бодолтой байснаас үүддэг оюуны тааламжит бус байдалтай тулгардаг юм шиг санагдах үе бий.

Засгийн газрын эргэн тойронд явагдах авилгал болон тэдний буруу менежмент бидний нүдэнд ил байдаг. Засгийн газар болон төрийн өмчит компаниудын эрх мэдлийн шатлал нь мэдлэг, чадвар дээр суурилах биш харин сонгуулийн үед хэн яаж тусалсан, тал зассан зэргээс хамааран бий болдог. Улс төрд ажилладаг найзууд маань 4 жил тутам (Ерөнхий сайд, дарга нар нь хугацаанаасаа өмнө огцорсон тохиолдолд үүнээс ч бага хугацаанд) тэдний дараагийн дарга нь битгий л бүтэлгүй хүн байгаасай гэж залбирдаг.

Дээр дурдагдсан ихэнх зүйлстэй та санаа нийлсэн эсвэл оюун санааны хувьд сэтгэхүйн зөрчилтэй тулгарсан гэдэгт тань итгэлтэй байна. Харин одоо бүгдээрээ хэд хэдэн амжилттай ажилласан компанийн амжилтын түүхийг эргэн санацгаая.

1990-ээд оны үед байсан “Хөдөө аж ахуйн банк”-ны түүхээс эхэлцгээе. Хэзээ ч ямар ч ашиг хийж байгаагүй, татвар төлж байгаагүй, Монголын засгийн газар болон Дэлхийн банкны тусламжтайгаар дампуурахаас гурван ч удаа аврагдаж байсан. 3 дах удаа бүтэлгүйтэхэд нь манай олон улсын туслагчид бууж өгөн хувьчлахыг шаардсан.

Дараагийн компани бол Говь ХК. 2007 он хүртэл Говь компани Монголд салбартаа бараг л монополь байсан ч ашигтай ажиллаж чадаагүй. Засгийн газраас томилогдсон захирал нар нь чанар муутай түүхий ноолуур худалдан авдаг, өндөр үнэтэй бүтээгдэхүүн гаргадаг, бүтээгдэхүүний шинэчлэл хийдэггүй, гадаад, дотоодын брендүүдтэй өрсөлдөхүйцээр компаниа удирдаж чаддаггүй гэх зэрэг асуудлуудтай холбогддог байсан. Компани дампуурахад тун ойртон 2007 онд хувьчлагдсан.

Гурав дах жишээ бол АПУ ХК. Мөн л Говь ХК шиг муу менежмент, өндөр өрийн төвшин, чанаргүй бүтээгдэхүүн зэргээс шалтгаалан хүнд нөхцөл орон дампуурахын өмнөхөн хувьчлагдсан.

Иймэрхүү жишээнүүдийг үргэлжлүүлээд байх шаардлагагүй байх. Хэрхэн хувьчлагдсаныг нь зөвтгөх гэсэнгүй. Гэхдээ хувийн хэвшил 51% болон түүнээс дээш хэсгийг эзэмшиж эхлэхэд компани ашигтай ажиллан, илүү их татвар төлж, импортын бүтээгдэхүүнийг орлох бүтээгдэхүүнүүд гаргаж эхэлдэг. Дээр дурдсан компаниуд шилдэг нэгжүүд, топ татвар төлөгчид, хамгийн том ажил олгогчид болж хувирсан.

Дархан төмөрлөгийн үйлдвэр, Хөтөл цементийн үйлдвэр аль аль нь сүүлийн үед хувьчлагдаад байгаа билээ. Хувьчлах үйл ажиллагаа хэрхэн явагдсан бэ гэдэг нь мэдээж асуудалтай. Харин хувьчлалын дараах үйл явдлууд бол үгүй. Компаниудын шинэ эзэд нь их хөрөнгө оруулалт хийн, чадварлаг ажилчид авснаар Дархан төмөрлөгийн үйлдвэр (хэт алдагдалтай ажилласны улмаас хаагдах гэж байсан) одоо улсдаа төмөр экспортлолтын хэмжээгээр тэргүүлэгчдийн нэг болон боловсруулсан төмөр үйлдвэрлэхээр (ирээдүйд магадгүй ган үйлдвэрлэх) ажиллаж байна. 5 жилийн өмнө засгийн газраас томилогдсон “дарга”-ын “гайхалтай” удирдах чадварын дор бол төсөөлшгүй байсан зүйл шүү дээ.

Дараагийн хэдэн өгүүлбэр яг л худалдаа хөгжлийн банкийг өмөөрөн, төлбөртэй бичиж байгаа юм шиг мэдрэмж төрүүлж болох юм. (Мэдээж тийм биш) Эрдэнэтийн 49%-ийн хувьчлал 100% бүрхэг, магадгүй бүр гэмт хэргийн шинжтэй ч байж болно. Бүр 110% авилгал байсан болохоор ийм будилаантай байгаа биз. Гэвч худалдаа хөгжлийн банк 49%-ийн хувь эзэмшигч байснаар компани илүү ашигтай ажиллаж, бага мөнгө үрж, илүү чадварлаг хүмүүс ажиллуулан, илүү их татвар төлнө гэж бодож байна. Бүр Эрдэнэтийн уурхайн хажууд зэс хайлуулах үйлдвэр нь ч баригдаж болох юм. Яагаад гэж үү? Учир нь 49%-ийн хувьцаа эзэмшигчид нь улс төрийн танилуудаа томилох, тендерээс ашиг олохыг биш ашгийн хэмжээ, ногдол ашиг, үнэ цэнийг нь өсгөх сонирхолтой байна.

“Бид Оюу Толгойн 51%-ийг эзэмших ёстой” гэж хэлэхийг таксины жолооч, ажилчид, найзууд, болон хамаатнуудаасаа байнга л сонсож ирсэн. Гэтэл ийм том уурхайг хөгжүүлэхэд шаардлагатай 11 тэрбум долларын (эсвэл бүр илүү) 51%-ийг төлөх нөхцөл үүснэ зэрэг нарийн асуудал руу оролгүй орхиё. “Бид” Оюутолгойн 51% эсвэл 100%-ыг эзэмшвэл юу болох талаар л тусгахыг хүссэн юм (тэгээд ч бид эзэмшихгүй, Монголын засгийн газар эзэмшинэ). Хөдөө аж ахуйн банк, Говь, Дархан төмөрлөгийн үйлдвэр, Эрдэнэт болон бусад төрийн эзэмшлийн олон компаниудад тохиолдсон зүйлс л тохиолдоно. Муу менежмент, авилгал, бүтээмжгүй байдал, чадваргүй байдал… Рио Тинто мөнгөн урсгал, ногдол ашиг, цэвэр ашгийн хэмжээг нэмэгдүүлэх замаар боломжит хамгийн өндөр ашгийг олох л сонирхолтой байгаа байх. Оюу толгойн 66% нь хувийн хэвшлийн эзэмшил үлдэнэ гэж найдъя. Мөн улсын эзэмшлийн байгууллагууд илүү олноороо хувьчилагдана гэж найдъя.

Leave a Reply

Blog at WordPress.com.

%d bloggers like this: