Та намайг ямар нэг компанийн талаар нарийвчлан ярих гэж байна гэж таамагласан бол таны зөв. “Мөнгийг дага” цуврал нийтлэлээрээ Азийн орнуудын Alibaba, Tencent, Softbank зэрэг технологийн компаниудын талаар төвлөрөн хүргэх болно. Мэдээж энд дурдагдах санааг IFRS стандарт ашигладаг бүх компанид хөрвүүлэн ойлгох боломжтой (дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн нягтлан бодох бүртгэлийн стандарт).
Гэвч IFRS стандарт нь мөн төгс төгөлдөр биш юм. “Ухаалаг” санхүүчид, захирлууд эндээс олон сонирхолтой зүйл хийж болдог.
IFRS нягтлан бодох бүртгэлийн стандартын талаар товч мэдээлэл өгөхөд:
IFRS (international financial reporting standard) стандарт нь олон улсын ихэнх орнуудад хүлээн зөвшөөрөгддөг учир санхүүгийн мэргэжилтнүүд болон хөрөнгө оруулагчдыг (та бид нар шиг) нэг хэлээр ярих боломжийг бүрдүүлдэг. Хэрвээ Хятад, Монгол улсууд хөрөнгө, өр төлбөр зэргийг илэрхийлэх өөр өөр аргатай байсан бол ашгийн төвшин, үнэлгээ гаргах зэрэгт хоорондоо ойлголцож чадахгүй байсан. Ерөнхийдөө санхүүгийн тайлангийн хэлийг англи хэл гэж тохиролцон, ойлголцох хэрэгсэл болгон ашиглаж байгаатай нэгэн адил юм.
Буцаад сэдэврүүгээ орцгооё:
Алибаба 2014 онд Нью Йоркийн хөрөнгийн бирж (NYSE)-д IPO хийн 25 тэрбум долларыг босгосон. Мэдээж IPO хийхээс өмнө олон шижигтэй хэлэлцээрүүд хийгдсэн байсан ч хэн ч тоогоогүй. Гайхалтай маркетинг нь бүхний нүдийг хааж орхижээ. IPO танилцуулгынх нь 114-р хуудсанд компани 12 компанийг худалдан авсан гэж тэмдэглэжээ. Яагаад бид үүнд анхаарлаа хандуулах хэрэгтэй вэ? Учир нь танилцуулагад 12 компанийг ямар үнийн дүнгээр худалдан авсан, яагаад тийм дүн төлсөн, компаниуд ашигтай/алдагдалтай байсан эсэхийг нэг ч компани дээр тусгаагүй байна. Зөвхөн нийт 6.8 тэрбум долларыг компани худалдан авалт гэж нэрлэсэн зүйлдээ зарцуулсан гэсэн л дүн байна . Санаагаа илүү тодорхой болговол: Хэрвээ би 12 компанийг USD6.8 тэрбум доллараар аваад хөрөнгө оруулагчиддаа худалдан авалтынхаа шалтгааныг тайлбарлахгүй бол “Монгол ялна” гэж хэлж амжихаасаа ч өмнө ажлаасаа халагдана. За, эргээд үргэлжлүүлцгээе.
Үүнээс гадна компани мөн үед UCWeb, OneTouch, ChinaVision гэсэн 3 компанийг 4.1 тэрбум доллараар худалдан авчээ. Нийлбэр дүн нь 10.9 тэрбум доллар (Оюу толгойг бүрэн ашиглалтанд оруулах мөнгө шүү) буюу 2014 оны балансийнх нь бараг 30 гаруй хувийг эзлэх дүн байна. Эдгээр худалдан авалтуудынх нь аль нь ч богино хугацаандаа үнэ цэнэ, орлого, ноогдол ашиг зэрэг эерэг зүйл бий болгоогүй бөгөөд зөвхөн удирдлагын зардал болон бусад янз бүрийн зарлагыг л өсгөсөн байна.
IPO хийхээс өмнө Жак Ма хэрхэн дэлгүүр хэссэнийг харцгаая.
Худалдан авсан 12 компаниуд нь:

Дахин хэлэхэд эдгээр компаниудыг яагаад, яаж худалдан авсан талаар мэдээлэл байхгүй. Тархинд хамгийн түрүүнд орж ирж болох зүйл нь компаниудынх нь гайхам өндөр үнийн дүн л байна. Би алибабагийн хувьцаа эзэмшигч байсан бол хөлбөмбөгийн багийн 50%-ийг яагаад худалдан авах болсон логикийг нь их л гайхах байсан (200 сая доллараар). Жишээ нь Detroit Piston 2014 онд 140сая долларын орлоготойгоор 450 сая доллараар үнэлэгдэж байсан. Хятадын ямар нэг хөлбөмбөгийн баг Америкийн түүхэн NBA франчайзтай дүйцэхүйц үнэтэй байна гэдэгт үнэхээр эргэлзмээр шүү…
Үүнээс гадна Алибаба анагаахын салбар, зочид буудлууд, янз бүрийн дэлгүүрүүдэд хөрөнгө оруулах ямар шаардлага байгаа вэ? Яагаад компани хэдэн зуун сая, тэрбум долларыг үндсэн бус үйл ажиллагаанд зарцуулж байна вэ? Бас яагаад төлөөлөн удирдах зөвлөл нь ямар санхүүгийн үндэслэл, үнэлгээгээр тэдгээр компаниудаа авснаа тодорхойлохгүй байна вэ?
Эдгээр асуултууд утга илэрхийлж байна уу? Хэрвээ Жак Ма л биш байсан бол одоо халагдсан эсвэл бүр шоронд орчихсон байх ёстой. Эндээс хамгийн тодорхой ойлгогдож болох зүйл нь төлөөлөн удирдах зөвлөлийнхөн болон удирдлагууд нь худалдан авалт гэх тэр бизнесээсээ ашиг олдог ч хувьцаа эзэмшигчид нь үгүй юм байна (гэвч хувьцаа эзэмшигчдийн мөнгө ашиглагдаж байгаа).
Алибабагийн санхүүгийн тайлбар хэсэг (13.011.2014 – Худалдан авалт 99):
Стратегийн хөрөнгө оруулалтууд болон худалдан авалтууд. Бид хэрэглэгчдийн баазаа нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сайжруулах зорилготойгоор стратегийн хөрөнгө оруулалтууд, худалдан авалтуудыг хийсэн, мөн цаашид ч үргэлжлүүлэн хийх төлөвлөгөөтэй байна. Жишээ нь бид гар утас, O2O үйлчилгээ, дижитал медиа, тээврийн үйлчилгээ зэрэг салбаруудад стратегийн хөрөнгө оруулалтууд үргэлжлүүлэн хийхээр төлөвлөж байна. Эдгээр стратегийн хөрөнгө оруулалт болон худалдан авалтууд нь бидний ирээдүйн санхүүгийн үзүүлэлтүүдэд нөлөөлөл үзүүлэх юм. Жишээ нь бидний хамгийн сүүлд худалдан авсан UCWeb, OneTouch, Alibaba Pictures, AutoNavi зэрэг компаниуд нь 7400 гаруй хүний ажлын байр бий болсгосон хэдий ч богино хугацаанд манай орлогын төвшинг өсгөнө гэсэн хүлээлтгүй байна. Мөн бидний ашгийн төвшинөөс доогуур маржинтай нэгжүүдийг худалдан авах нь бидний ашгийн төвшинг ч мөн бууруулах сөрөг нөлөөтэй гэж үзэж байна.
Товчоор менежментийн хэлэхийг оролдсон зүйлс нь:
- Бид компани худалдан авахын тулд их мөнгө зарцуулна.
- Бид стратегийн хувьд үнэ цэнэтэй компанийг худалдан авна.
- Худалдан авах компанид тавигдах тодорхой борлуулалт/алдагдлын төвшиий шалгуур байхгүй.
- Ерөнхийдөө манай ашгийн төвшин багасна.
Энэ хэсгийг уншсаны дараа та Жак ма-г 10 тэрбум доллартай нь дэлгүүр явуулах уу? Би лав үгүй…
Тохиолдол 1: Wasu Media
Алибабагийн санхүүгийн тайлан болон аудитын дүгнэлтэд бичсэнээр Jack Ma, Simon Xie, Yuzhu Shi нар нийлэн Hangzhou Yunxi гэдэг хөрөнгө оруулалтын хамтын компани байгуулсан байна. Хамтын ажиллагааны зорилго нь Wasu Media Holding Co. Ltd (Netflix-тэй төстэй интернет телевизийн компани)-ийн 20%-ийг эзэмших байв. Тэр сардаа Алибаба Simon Xie-д 1.1 тэрбум долларыг (!!!!) 10 жилийн хугацаатай зээлдүүлсэн байна. Simon Xie 1.1 тэрбумыг, Жак Ма 15,000 долларыг хамтын ажиллагаандаа зориулан хөрөнгө оруулсан бол Yuzhu Shi хэдийг оруулсан нь тодорхойгүй байна.
Асуулт: Яагаад Алибаба тэр хувьцааг шууд өөрөө худалдан аваагүй юм бол? Яагаад өөр нэгэнд 1.1 тэрбум долларыг 10 жилийн хугацаатай зээлдүүлэх шаардлагатай гэж? Хэрвээ Wasu Media амжилтгүй болвол яах вэ? Mr. Simon Xie ямар нэг барьцаа өгсөн үү? Алинд ч нь ч хариу байхгүй байна.
Тохиолдол 2: UCWeb
Алибабагийн аудитлагдсан тайланд тусгагдсанаар 2014 оны 2-р улиралд UCWeb-ийн 66%-ийг худалдан авсан бол 6-р сард үлдсэн 33%-ийг авсан байна. (Дэлгэрэнгүй мэдээллийг 2014 оны Алибабагийн IPO танилцуулгын F-93 болон F-94-аас авах боломжтой.)
Компанийн мэдэгдэлд:
2014 оны 6-р сарын 30 байдлаар нэгдсэн орлогын тайланд тусгагдсан RMB3,593 сая нь компанийн эзэмшилд байсан хувьцаа болон нь UCWeb-ийн шинэ худалдан авалттай холбоотойгоор үүссэн дахин үнэлгээний олз болно. Компанийн эзэмшилд байсан хувьцааны зах зээлийн үнэ нь компанийн гаргасан орлогын төсөөллийг ашиглан тогтоогдсон.
UCWeb нь хувийн компани бөгөөд зах зээлийн үнэлгээ нь зах зээлд оролцон тоглогчдын харгалзан үзэх орлогын өсөлтийн хувь, үйл ажиллагааны ашиг, хорогдуулалтын хувь болон удирдлагын хязгаарлагдмал байдлын тохируулга зэргийг үндэслэсэн болно.
Хэлэлцээрийн зорилго нь хэрэглэгчидийг татах, идэвхижүүлэхэд оршино. Худалдан авалт нь компанийг гар утсаар дамжуулан хэрэглэгчдэд хүрэх боломж бий болгоно гэж үзэж байна. Энэхүү худалдан авалтаас үүсэх Гүүдвил нь компаниудын нэгдэл, нэгдсэн ажиллах хүчний тусламжтайгаар бий болох ирээдүйн өсөлт дэвшил, гар утсаар дамжих идэвхжүүлэлтийн ажлыг нэмэгдүүлэхтэй хамааралтай болно.
Дээр дурдсан нэгдлийн үйл ажиллагааны орлогын үр дүн нь нэгдсэн санхүүгийн тайланд нөлөөлөхүйц бус учир тусгагдаагүй болно.
Дахиад л… Санхүүгийн мэдээлэл тусгагдаагүй. Орлого, зарлага, ашгийн тоо мэдэгдэхгүй- 3 бүлэг. Эхний 2 бүлэг нь зөвхөн яагаад энэ компани нь Алибаба группын хувьцаа эзэмшигчдэд илүү үнэ цэнэтэй вэ гэдгийг биет бус хөрөнгө, гүүдвил, илүү бодит үнэ зэрэг хүчин зүйлсүүдийг харгалзан үзэн тайлбарласан байна (бүрэн удирдлага, хамтын хүч, дэвшилтэт утасны үйлчилгээ). Алибабагийнхаар бол зөвхөн энэ л RMB3.6 тэрбум (USD540 сая!)-аар UCWeb-г дангаар нь дахин үнэлээд нэмэгдсэн олзынх үндэслэл болж чадах нь. Алибабагийн удирдлагын санхүүгийн тайлан, мэдэгдэлд итгэхэд бэрх болж байна шүү.
Цаашилбал сүүлийн хэсэгт нь хөрөнгө оруулагч, аудитууд, эрх баригчдад АЮУЛЫН ДОХИО болохуйц мэдээлэл байна. Сүүлийн бүлгийг нь ахиад нэг давтъя:
Дээр дурдагдсан нэгдлийн үйл ажиллагааны санхүүгийн үр дүн нь нэгдсэн санхүүгийн тайланд нөлөөлөхүйц бус учир тусгагдаагүй болно.
Худалдан авах үйл ажиллагаанд USD10 тэрбум-ыг зарцуулсан ч компани ямар ч санхүүгийн тайлан тусгаагүй шалтгаан нь САНХҮҮГИЙН ТАЙЛАНД НӨЛӨӨЛӨХҮЙЦ бус байна. Тэрбум долларын хэлэлцээр нь компани болон түүний нэгдсэн орлогод маш их нөлөөлөхүйц дүн биш гэж үү? ХММ…
Эцэст нь хэлэхэд энэ бол түүхэн USD25 тэрбум долларын хөрөнгө IPO-ноос өмнөх үйл явдал. Түүнээс хойш Жак Ма бололн түүний баг бүр ч олон асуудалтай хөрөнгө оруулалтууд, хэлэлцээрүүд хийсэн. Гэвч үүнийг өөр блогд нарийвлан оруулъя.
Зөв хөрөнгө оруулалт хийгээрэй. Мөнгөндөө хайртай байгаарай.
Leave a Reply