📞 7510-7500

✉️ investment@apex.mn

Долоо хэмжиж нэг огтол

Та манай төсөлд нэгдэж цалингаасаа гадна нэмэлт орлоготой болж санхүүгийн асуудлаа шийдмээр байна уу?

400,000 төгрөгөөөр элсэж ороод 7-14 хоногт 900,000 төгрөгтэй болох боломж байна.

Сонирхож байгаа хүмүүст мэдээлэл өгөөд хамтарч ажиллая.

Та санаж байвал ийм утгатай зар бидний FB, Chat-аар дүүрч байсан мөч саяхан.

Тухайн үед цацагдаж байсан мэдээллийг сөхвөл:

“1-л удаа 60 доллараар (140,000₮ орчим) худалдан авалт хийвэл 100+2250+8500 доллараар цалинжихаас гадна FORD маркийн автомашинтай болох боломжтой” гэсэн байна.

Зарлага- 60 доллар

Орлого- 10,850 доллар

Хийх ажил- 2 найздаа дээрх мэдээллийг өгч тус 2 найз нь мөн худалдан авалт хийнэ.

Хэтэрхий сайхан санагдах уг саналд дэндүү олон Монголчууд итгэсэн. Харамсалтай нь тун удалгүй “G-time” сүлжээний захирал Ж.Марат гэгчийг нисэх буудал дээрээс баривчилсан талаар мэдээлэл гарсан. Тэр 6 тэрбум төгрөгөөр монголчуудыг хохироожээ. 60 доллар өгөөд, хэдэн хүн элсүүлвэл мөнгөө 10,850 доллар болгон өсгөж авна. Ахиад жаахан байж байтал бүр FORD машинтай болно гэж итгэсэн Монголчуудын 6 тэрбум.

Эдгээр хүмүүс хохирохгүй байж болох байсан уу?

Мэдээж тийм. Бага зэрэг л шүүлтүүртэй хандсан бол… Илүү шүүмжлэлт (эсвэл шүүлтүүрт) сэтгэхүйтэй байсан бол…

Тэгвэл “Critical Thinking” буюу шүүмжлэлт сэтгэхүй гэж юу вэ?

Үгийн гарал үүсэл- Англо Саксон хэлний skeri буюу огтлох таслах, салгах, шигших ба эртний Грекийн kriterion буюу шүүх, стандарт гэсэн үгнүүдээс гаралтай бөгөөд стандартын дагуу задлан шинжлэх гэсэн утга агуулдаг. Ерөнхийдөө аливааг шүүлтүүтэйгээр хүлээж аван, задлан шинжилж, олон өнцгөөс нь тунгаасны эцэст хамгийн зөв шийдэлд хүрэх гэж ойлгож болно.

Хүн аливаад шүүмжлэлт сэтгэхүйгээр хандах үед идэвхигүйгээр мэдээллийг хүлээн авах бус асуудлыг шүүлтүүртэйгээр тунгаан бодож, зөв гарцыг идэвхитэйгээр эрэлхийлэн, илүү хурдтай, илүү бүтээмжтэй болдог. Тийм ч учраас ажлын байранд ч энэ чухал ойлголт болжээ.

2016 оны 1-р сард дэлхийн эдийн засгийн форумын үеэр гаргасан тайланд ажлын байран дээр хамгийн чухалд тооцогдох чадваруудын жагсаалтыг гаргасан байна.

Үүнд:

Жагсаалтад бичигдсэнээр 2020 оны байдлаар сэтгэх чадвартай холбоотой чадварууд болох шүүмжлэлт сэтгэлгээ, бүтээлч сэтгэлгээ, эдгээрийг практик дээр ашиглан төвөгтэй асуудлыг шийдвэрлэх чадвар зэрэг чадварууд урьд өмнөхөөсөө илүү чухалд тооцогдох нь байна. (Шүүмжлэлт сэтгэлгээ 2015 онд 4-т бичигдэж байсан бол 2020 онд 2-т бичигдэж байна.)

Тэгвэл аливаад шүүмжлэлт сэтгэлгэхүйгээр хандах үед бидний тархинд юу болдог вэ?

Хүний тархины сэтгэх чадвар нь тархин дахь нейроны бусад эсүүдийн холбоос хир олон байгаагаас шалтгаалдаг. Хүн бодох, сэтгэх үед уг холбоосуудаар дамжин цахилгаан импулс гүйдэг байна. Энгийнээр хэлвэл илүү олон холбоос байх тусам хүн олон төрлийн үйлдлүүдийг хийх, шинэ мэдээлэл цуглуулах, холбон дүгнэлт гаргахад хялбар байдаг нь хурдан бүтээмжтэй сэтгэхэд тусалдаг. Нейрон тус бүр дунджаар 30000 гаруй холбоосуудтай байдаг ба эдгээр холбоосууд нь л тархийг амьд байлгадаг ажээ. Неоронууд болон эсийн хооронд холбоос явагдахгүй, цахилгаан гүйдэл гүйхгүй байх тохиолдолд тархины эсүүд үхжиж эхэлдэг гэнэ.

Эсүүдийг үхүүлэхгүйн тулд байнга ажилуулах, холбоосуудыг нь бэхжүүлэхийн тулд тогтмол тархиа ажлуулж байх шаардлагатай байх нь.

Аливаа зүйлийн том зураглалыг харах, ерөнхий нөхцөл байдлыг тодорхойлох үед хүний баруун талын тархи ажилладаг. Харин зүүн талын тархи эдгээр асуудлуудыг хэсэгчилэн салгах, анализ хийх, төвөгтэй системийг тайлах зэрэг аливааг детальчилан дүгнэхэд ашиглагддаг ажээ.

Шүүмжлэлт сэтгэхүйгээр аливаад хандах үед асуудлыг том зураглалаар нь харж ойлгох, цаашлан нарийн деталийг нь шинжлэх, холбох, харьцуулах шаардлагатай байдаг. Шүүмжлэлт сэтгэхүй баруун, зүүн тархийг аль алиныг нь ажиллуулан, эсүүдийн холбоосыг бэхжүүлдэг учир тархины хөгжлийг дэмждэг байна.

Харин одоо шүүмжлэлт сэтгэхүйг хөгжүүлэх алхмуудыг харцгаая.

  1. Асуудлыг тодорхойлох.

Өөрөөр хэлвэл юу хайж, хүсч байгаагаа мэд. Жишээ нь та хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна гэж бодъё. Энэ үед та шийдвэр гаргахаасаа өмнө өөрийнхөө хөрөнгө оруулах гэж байгаа цаад шалтгааныг бодож үзэх шаардлагатай.

Магадгүй таны шалтгаан:

1. Байрны урьдчилгаанд бэлдэх

2. Хүүхдээ ирээдүйд гадаадад сургах сургалтын төлбөрт бэлдэх

3. Тэтгэвэртээ гарахад бэлдэх зэрэг байж болох юм.

Таны хувьд сонголт 2 хамгийн чухал шалтгаан гэж төсөөлцгөөе. Сургалтын төлбөр… Юу гэсэн үг вэ? Алдаж болохгүй мөнгө! Зөвхөн өсгөх хэрэгтэй, алдвал асуудалд орох мөнгө. Эндээс та хөрөнгө оруулалтынхаа цаад шалтгаан болон ямар шүүлтүүр тавихаа ойлгож болно. Алдаж болохгүй мөнгөөр тоглож болохгүй тул найдвартай, тогтвортой хөрөнгө оруулалтын боломжийг л ашиглах хэрэгтэй. Үйлдэл хийхээсээ өмнө яагаад хийж байгаагаа эхлээд тодорхойлох хэрэгтэй гэсэн үг юм.

2. Мэдээлэл цуглуулах

Бидэнд мэдээлэл маш их, бүр маш их олдоно. Хөрөнгө оруулалтын боломжит мэдээллүүдийг дурдвал: Банкны хадгаламжид мөнгөө байршуулах, хувьцаанд, бондод, найзынхаа шинэ гарааны бизнест хөрөнгө оруулах, 7 долоо хоногийн дотор 125%-ын өгөөж амласан (G-Time) “FB” зарт хөрөнгө оруулах… гэх мэтчилэн маш олон боломжууд, тэдгээртэй холбоотой мэдээллүүд гарч ирнэ. Хөрөнгө оруулалтын шалтгаан, үндэслэлээ нэгэнт тодорхойлсон тул зорилготойгоо нийцэх, зөвхөн өөрт тохирсон мэдээллийг шүүж авч чадна.

Таны шүүлтүүр: Эрсдэл багатай, тогтвортой хөрөнгө оруулалтын боломжуудыг л цуглуулах. 2 долоо хоногийн дотор 125%-ын өгөөж амласан “FB” зар? Энэ хөрөнгө оруулалт таньд тохиромжтой юу? Эрсдэл багатай юу? Тогтвортой юу? (Өндөр өгөөж амлах тусам өндөр эрсдэл дагуулж байдгыг санаарай.) Хувьцаа? Гарааны бизнес? Мөн л эрсдэл багатай юу? Тогтвортой юу? Эдгээр сонголтууд таны шүүлтүүрт тэнцэхгүй байгааг анзаарч байгаа байх. Тийм бол эдгээрийг жагсаалтаасаа хас.

3. Хамааралтай мэдээллийг цуглуулан, задлан шинжил, харьцуулах.

Энэ шатанд сонгогдсон мэдээллүүдийг илүү гүнзгийрүүлэн судалж, шүүх юм. Таны шүүлтүүрт бонд болон хадгаламж гэсэн хоёр зүйл тунан үлдсэн гэж бодъё. Тийм бол эдгээрийг нарийвчлан шинжилж, харьцуулан судалж өөрт хамгийн тохиромжтой хувилбарыг сонгох хэрэгтэй. Бонд гэж юу вэ гэдгийг бүрэн ойлгосон уу? Таны ойлголт зөв үү? Логикийн хувьд зөв, амьдрал дээр хэрэгждэг бодит зүйл мөн үү? Хэнээс зөвлөгөө авч байна вэ? Зөвлөхдөө итгэж байна уу? Мөнгөө алдах/алдахгүй байх, өсгөх/бууруулах ямар ямар боломжит утгууд энд байна вэ? Сул тал, үүсч болох эрсдэл юу вэ гэх мэтчилэнгээр нарийвчлан судална.

4. Нээлттэй байх.

Та судалж шинжилсний эцэст өөрт тохиромжтой шийдлийг олж чадсан бол таны дүгнэлтээс эсрэг байр суурьтай хүний саналыг ч бас сонс. Хэн нэгэн зөвлөх таньд бонд тохиромжтой гэж зөвлөсөн бол тохиромжгүй гэж хэлэх зөвлөхийн үгийг ч бас сонс. Тэгээд харьцуулан хар.

5. Шийдвэр, төлөвлөгөө гаргах.

Бүх нөхцөл байдлыг шинжилж үзэн дүгнэлтэд хүрсэн бол үйлдэл хийх цаг болжээ.

Шүүмжлэлт сэтгэлгээ нь эрсдэлээс өөрсдийгөө хамгаалж ирээдүйн асуудлыг чадварлагаар зохицуулахад тусалдаг төдийгүй бидний амьдралын туршлагыг өргөжүүлж ирээдүйгээ харахад ч тусалдаг.

Аливаад шүүмжлэлт, шүүлтүүрт сэтгэхүйгээр хандацгаая.

Танд амжилт хүсье.

APEX Team.

Leave a Reply

Blog at WordPress.com.

%d bloggers like this: