1990-ээд оны эхэн үеэс манай улс зах зээлийн эдийн засаг руу шилжсэнээс хойш гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалт болон томоохон гэрээ хэлцлүүд бүгд доллараар арилжигдах болсон.
Графикаас та долларын ханш 1991 онд 6.25 төгрөг байсан бол өнөөдөр 2500 хүрснийг харж болно. 27 жилийн дотор 40,000%, жилд 1481% өссөн гэсэн үг.

40,000%-ын ханшийн уналт алгуурхнаар бий болоогүй. Маш бага хугацаанд ханшийг огцом унагасан үйл явдлууд хэд хэд тохиолдсон юм. Жишээ нь 1994 онд 1 доллар 400 төгрөгтэй тэнцэж байжээ. Хэрвээ бид тооцоололдоо 1994 оныг суурь жилээр авбал 24 жилийн дотор 625%-иар л ханш буурсан гэсэн үг. Мөн 1994 оноос эхлэн мөнгөө жилийн 15%-тай хадгаламжид хийсэн бол та мөнгөө хэд дахин өсгөсөн байх ч боломжтой байсныг ч харж болно.
1997 оны Азийн санхүүгийн хямрал бүх хөгжиж буй болон буурай хөгжилтэй орны мөнгөн тэмдэгтийг голлох мөнгөн тэмдэгтүүдийн (Америк доллар, Япон Иен) эсрэг унахад нөлөөлсөн. 1990-ээд оны хямралаас хойш манай мөнгө удаан хугацааны турш харьцангуй тогтвортой байж (бидний стандартаар) 2008 он хүртэл 1 доллартай харьцуулахад 800-1100 төгрөгийн хооронд л хэлбэлзсэн байна. Ийм удаан хугацааны турш тогтвортой байдлыг хангахад юу нөлөөлсөн бэ? Монгол банк ханшийг хиймлээр барьж байжээ. Төгрөгийн ханшийг 1000-1150 төгрөгт хиймлээр барихын тулд арилжааны банкнуудаас Долларыг худалдан авч, зарж байв.
Долларыг Төгрөгийн эсрэг барья (эсвэл хууль батлая)!
Тийм ч амархан биш шүү! Мөнгө барих томоохон оролдлогууд бүгд бүтэлгүйтэж байсан. 1990 оны эхэн үед болсон Английн Паунд- Америк Долларын мөнгө барих оролдлогын уналт тэрбумтан George Soros-ийг алдартай болгосон. Мөн саяхан буюу 2011 онд Швейцарийн Франк, Еврогийн ханш барих оролдлого бүтэлгүйтсэнээр ханш ганцхан цагийн дотор 25 хувиар өөрчлөгдсөн. Энэ нь томоохон компаниуд, энгийн хүмүүс, хөрөнгө оруулагч гээд бүгдийг нь цочроосон нь мэдээж.
Долларын эсрэг мөнгөн тэмдэгтийн ханшаа барих гэсэн бүр ч инээдэмтэй оролдлогыг Венесуэл улс хийсэн юм. Хууль ч батлагдан, түүнээс болж ард иргэд ч шийтгүүлж, улс төрчид иргэдээсээ доллараа Венесуэл Боливар болгохыг гуйж байв.

Ганцхан ширхэг ариун цэврийн цаас авахын тулд хэчнээн их цаасан мөнгө хэрэгтэй болсныг хараач (одоо Венесуэлд ийм цаас олоход ч бэрх болсон). Та бид шиг л энгийн хүмүүс доллараа зах зээлийн ханшаас хэдэн зуу дахин доогуур үнээр зарах мунхаг үйлдэл хийхгүй нь ойлгомжтой.
Яг л Швейцар, Венесуэл улсууд шиг 2009 онд манай улсын ханш барих оролдлого бүтэлгүйтсэн юм. Тухайн үед манай улс коксжсон нүүрс идэвхтэй экспортлогч биш байсан тул орлогын гол эх үүсвэр нь зэс байв. Зэсийн ханш унаснаар манай улсад доллар оруулж ирдэг ганц эх үүсвэр буурч, Эрдэнэтийн зэсийн уурхай ямар ч ашиггүй ажиллах болов. Манай улс мөнгөгүйдсэнээс үүдэн доллар/төгрөгийн ханшийг хуурамчаар тогтооход шаардлагатай их хэмжээний доллар зээлэх чадваргүй болов. Доллар хэдэн өдрийн дотор 1500 төгрөг хүрснээс үүдэн улс төр, эдийн засагт дарамт ирснээр манай улс төрчид эцэст нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан юм. 2016 & 2017 оны үед манай улс нурж унахын ирмэг дээр байхад ч улс төрчид ЗӨВХӨН өөрийн улсдаа ашигтай бодлогыг баталсаар байсан нь ахиад л эдийн засгийн хямралыг бий болгож байв. Дээр дурдсан Оюутолгойн гэрээ Монголын цор ганц том хөрөнгө оруулалт болж доллар, евро, юань, иен-ийн урсгал маш ихээр орж ирснээр төгрөг ахин чангарсан.
Анхны зээлийн картаа хүлээн авлаа…
17%-ын эдийн засгийн өсөлттэй, түүхэн дээд хэмжээний хөрөнгө оруулалтын төвшинд хүрсэн үед бид бүгдээрээ Монгол удахгүй дараагийн Катар болно гэж итгэсэн. Эдийн засаг нь өсөх өндөр боломжтой, өсөлттэй улс гэж итгэж байсан тул банкирууд компаниудад зээл олгож байсан бол манай засгийн газар доллар, евро, юань, иен-ээр зээл авч байв. Эдийн засгийн өсөлт үүрд үргэлжлэн, доллар/төгрөгийн ханш 1:1,200 –д тогтмол байна гэж төсөөлжээ. Ингээд Чингис, Дим сам, Самурай, Гэрэгэ, Мазаалай бондуудыг босгов. Гэвч уг бондуудаас босгосон олон тэрбум долларууд дэмий л хаягдсан юм. Цахилгаан станц, төмөр зам гээд уул уурхайн салбарыг дэмжих ямар ч хөрөнгө оруулалтууд биелэлтээ олсонгүй. Хэрэгжсэн цөөхөн хэдэн төслүүд ирээдүйд ирэх өрийн эргэн төлөлтийн багахан хэсгийг л төлж барахаар байв.
Зээлээ төлөх ухаалаг арга
Өр зээл, түүний хүүг төлөхийн тулд засгийн газар инфляц гэх хулгайчийг бий болгов. Таны цалин 2011 онд 1 сая байсан, одоо ч мөн 1 сая төгрөг хэвээр байгаа бол та худалдан авах чадварынхаа 50 гаруй хувийг (импортын бүтээгдэхүүнтэй харьцуулав) алдсан гэсэн үг. Энгийнээр бол засгийн газар, монгол банк 2 сая ширхэг төгрөг хэвлэн 1 саяыг нь танд цалин болгон өгч (энэ мөнгөөр та өмнө нь авч чаддагаасаа 50% бага доллар худалдан авна), үлдсэнийг нь улсын өрийг дарахын тулд зах зээлээс доллар худалдан авахад зарцуулсан. Төгрөгөөр тооцвол хэн ч таныг хохироогоогүй, хэн ч таниас мөнгө хулгайлаагүй ч мөнгөний нийлүүлэлт, төгрөгийн ханшийг тогтоогч доллараар тооцвол та орлогынхоо 50%-ыг алдсан байна.

Засгийн газрын хувьд гадаад өрийг дарах хамгийн хялбар арга нь энэ юм. Мөнгө хэвлэх замаар өрөө төлөн инфляц үүсгэх. Процесс нь удаан хугацааны турш үргэлжлэх тул өвдөлт нь огцом мэдрэгдэхгүй, яг л жил бүр шүд чинь унаад байвал нэг л мэдэхэд шүдгүй болохтой адил.
Төгрөгийн орлогоос хамааралтай хүмүүс, компаниуд, засгийн газар маань худалдан авах чадвар буурснаас импорт буурах нөхцөл үүссэн. Учир нь бид өмнөх шигээ худалдан авах чадваргүй болсон- тодорхой яривал бид авдаг байсныхаа хагасыг л авах чадамжтай болсон. Өмнө нь гаднаас бараа худалдан авахад зориулдаг байсан мөнгөө зээлээ төлөхийн тулд л ашиглаж байв. Энэ нь цалингаа нэмэгдүүлээгүй байж цалингийн зээл авбал бодит орлого чинь буурахтай л адил юм. Энгийнээр бол засгийн газар таны бүтээмжийн 50 хувийг хулгайлжээ. Өмнө нь таны цалин 500 доллар байсан бол одоо хагастай нь л тэнцүү. Энэ механизм манай улсыг тэр чигт нь хамарч, гадаад худалдааны балансыг автоматаар хувиргажээ. Ингээд өрөө барагдуулж дуустал өмнөх шигээ импорт хийж (=зарцуулах) чадахгүй учир импортоо багасгах эсвэл илүү их мөнгө хэвлэх шаардлагатай болов.
Сүүлийн жил гаруй хугацаанд төгрөгийн ханш 2500 орчимд тогтмол байна. Яагаад? Бид зарлагаа багасгасан, манай нүүрсний салбар маш амжилттай үйл ажиллагаа явуулсантай холбоотой. Бид 30 сая гаруй тонн коксжсон нүүрсийг Хятад рүү өндөр ашигтайгаар экспортолж чадлаа. Эрдэнэс таван толгой, Таван толгой, Энержи Ресурс болон олон олон уул уурхайн компаниуд маш өндөр ашигтай ажилласан нь манай ханшийг тогтвортой барихад нөлөөлсөн юм (бидэнд төмөр зам байсан бол яах байсныг төсөөлөөд үз дээ…).
Төгрөг яагаад чангарахгүй байна вэ?
Эдийн засаг сэргэхтэй зэрэгцэн дараах үзэгдлүүд ажиглагдаж байна: 1) Банкны хадгаламжийн хүү буурсан, 2) Зээлийн хүү ч мөн адил бууран томоохон компаниуд жилийн 14.5%-иар зээл авах боломжтой болсон 3) Хүмүүс ахин хэрэглээгээ нэмэгдүүлж мөнгөө зарцуулж эхэлсэн. Гадаадынхан, гадаадаас ирсэн Монголчууд ч мөн адил Монголын гудамжинд үнэтэй машинууд хичнээн олноороо зөрөлдөж байгааг нь гайхаж байна. Өмнө нь өрөө төлөхөд л ашиглаж байсан, ашиг олох эсэх нь тодорхойгүй төслүүдэд оруулахаас айн хадгалж байсан нөгөө мөнгө одоо барилга, худалдаа, ихэвчлэн хэрэглээний бүтээгдэхүүнд харин ч их зоригтойгоор зарцуулагдаж байна. Их хэмжээний Монгол төгрөгийг гаднын бүтээгдэхүүн авахын тулд доллар луу хөрвүүлж байгаа учир Монголчууд худалдааны алдагдал гэх зүйл рүү шилжиж байна. Экспортын хэмжээ импортыг давснаар төгрөг чангарна. LandCruiser, LX570, G500-ын тоо нэмэгдэж, барилгын материалын, өргөн хэрэглээний барааны импорт нэмэгдэж буй энэ үед би хувьдаа төгрөгийг чангарна гэж бодохгүй байна.
Цаашид юу болох вэ?
Бид нийт үндэстнээрээ өнгөрсөн 4 жилийн хичээлээс юм сураагүй бололтой. Хир их хэмжээний эдийн засгийн хүндрэл, худалдан авах чадварын бууралт, улс төрийн болон эдийн засгийн хохирол амсч байж ханшийг тогтворжуулж, банк, томоохон корпорацууд зэрэг институцуудын итгэлийг сэргээсэн бэ гэдгээ умартжээ. Хэрвээ манай улсын, эдийн засгийн хөрөнгө Таван толгой, Оюу толгой зэрэг мега төслүүд болон Алтанбулаг, Замын үүд хооронд орших бусад уурхайнууд руу чиглэхгүй л бол богино, дунд, урт хугацаанд ханш тогтвортой байна гэх найдлага тээх хэрэггүй.
2014-2016 оны хооронд Таван толгойн коксожсон нүүрсний экспортоос орж ирэх орлого, зарлагаа л арай хийн нөхөж байв. Иймд манай засгийн газар эрдэнэс таван толгойгоор дамжуулан Чалкотой гэрээ хийн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд нүүрсээ ухан, алдагдалтайгаар экспортлохоос өөр аргагүй болсон. Хэрвээ уул уурхайн салбарын голлох зарлагуудыг бууруулах арга хэмжээ авахгүй бол, нүүрс, зэсийн үнэ 2014-2015 оны үе шигээ унавал төгрөг 1:4000 болтлоо унах нь боломжгүй зүйл биш юм.
Нүүрсний экспортын хэмжээ, үнэ түүхэн дээд хэмжээнд хүрч буй, Оюу толгойн экспортын хэмжээний өсөлт өндөр буй энэ үед хүртэл манай засгийн газар алдагдалтай ажиллаж байна(!). Манай улс өрийнхөө төвшинг хангалттай хэмжээгээр бууруулж чадаагүй ба коксожсон нүүрсний голлох худалдан авагч нар ойрын ирээдүйд үнээ бууруулж болзошгүй. Энэ үе ирэхэд манай төсөв ахин балансаа алдаж, өрийн төвшин өндөр хэвээр үлдэн, инфляцаар дамжуулан таны бүтээмжээс хумслах нь засгийн газрын өр зээлээ дарах цор ганц зам байх болно.
Leave a Reply