📞 7510-7500

✉️ investment@apex.mn

НЭГ алхам урагшлах гэж ХОЁР алхам ухрах нь

Би 33 настай бизнесмен. Ажлын гараагаа надтай хамт эхэлсэн найзууд маань ихэнх нь удирдах албан тушаалтай болж амжсан байна. Зарим нь амжилттай бизнесмен, зарим нь тун удахгүй чинээлэг болох төвшинд очжээ.

6 жилийн өмнө миний амьдрал нэлээд өөр байв. Надад 4 сая төгрөгийн үнэтэй машин, 1.2 сая төгрөгийн бэлэн мөнгөнөөс өөр юу ч байсангүй. Санаа зовох зүйл багатай, эрх чөлөөтэй, ерөнхийдөө амьдрал амархан байв. Тэр үед эхнэр маань бидний анхны хүүг тээж байлаа. Манай эхнэр их дэлгүүрийн хажуу байранд ах дүү, аав ээжтэйгээ хамт амьдардаг, би найзтайгаа хамт байр хөлсөлдөг байв. Түүнийг 3 сартай хөл хүнд байхад нь бид хамт амьдрахаар шийдэн тусдаа гарсан юм. Тухайн үед нүүдэл хийхэд бидний эд зүйл ганцхан цүнхэнд л багтаж байв. Үүнээс хойш бид хоёр ч удаа хотын төвөөс, утаанаас холдон нүүсэн. Амьдрал нэг их өөрчлөгдөөгүй ч бидний эд зүйл нэмэгдсээр л байв. Харамсалтай нь гэрийн эд зүйлсийн ихэнх нь үнэ цэнэ багатай атлаа их зай эзэлдэг. Одоо ч надад байр, ганц машинаас (Toyota Prius) өөр хөрөнгө бараг байхгүй. Бидний хөрөнгө биднийг эзэмшдэггүй, бид хөрөнгөө эзэмшдэг. Магадгүй зөвхөн одоогоор…

Би хэд хэдэн жижиг бизнес эрхэлдэг. Энэ зуныг хүртэл бүх юм хэвийн л үргэлжилж байв. Бизнес ч дажгүй, амьдрал ч гайгүй үргэлжилсээр байлаа. Энэ зун би уул уурхайн салбарт ажиллаж эхлээд өөрийгөө нэлээд тавгүйтүүлж амжлаа. Уул уурхайн салбарт бизнес эрхэлэхэд их мөнгө шаардагддаг, эрсдэл өндөртэй. Уул уурхайн хоёр ч төсөлд хөрөнгө оруулсны нэг нь одоог хүртэл гацсан байдалтай байгаа бөгөөд нөгөө төслийнх нь хувьд миний мөнгийг яг булшилчихсан мэт санагдаж байв. Бүх мөнгөө булшилчихгүйн тулд 2 сарын турш дахин дахин мөнгө оруулах шаардлага гарч байв. Ерөнхийдөө ахиж хэзээ ч авч чадахгүй болсон зарлагынхаа төлөө уг төслөөс мөнгө олохын тулд ахин дахин шинээр мөнгө хийсээр байсан юм. Энд би огт зээл авалгүй, өөрийнхөө мөнгөөр хөрөнгө оруулалт хийж байснаа тодруулах хэрэгтэй бай

Аз болоход миний хувьд тодорхой бус асуудлууд шийдэгдэн, хөрөнгө оруулалтаасаа ашиг авах боломжтой болсноор нэг юм амьсгаа авсан юм. Санаа зоволт, дарамт, бухимдлаар дүүрэн энэ үеүдэд ч би үргэлж зөв үйлдэл хийх шаардлагатай байлаа. Хүндхэн өнгөрсөн энэ хоёр сарын хугацаанд би томоохон сургамж авсан юм.

Хэрвээ би илүү том байр, илүү олон машин, хэрэглээний өндөр зээл, том байшиндаа өндөр зээл төлдөг байсан бол миний нуруун дээр ирсэн ачаа бүр ч хүнд санагдах байсан. Мэдээж тансаг хэрэглээндээ зориулж зээл авсан байх тул хөрөнгө оруулалтаа ч цэвэр өөрийн хөрөнгөөр хийх боломж хомс байх байсан биз. Дээр дурдсан манай зарим найзууд яг л тийм тансаг хэрэглээтэй. Тэд том байр лизингдэж, өндөр зээл авч, гоё харагддаг. Ихэнх нь том байрныхаа зээл, олон машинуудынхаа заримынх нь лизингийг төлсөөр л байгаа. Би тэднийг зарим үед яагаад бухимдалтай, дарамттай, заримдаа догдлолтой гэх сэтгэл хөдлөл ихтэй явдгийг тэр үед л сайтар ойлгосон юм. Тэд үнэтэй байр, том машин, тансаг хэрэглээтэй, тийм харагдахын тулд хичээдэг тул гаднах ертөнц тэднийг мөнгөгүй, санхүүгийн хүндрэлд орсон гэдгийг мэдэх вий гэхээс их айдаг. Үүний төлөө өндөр эрсдэл авч, илүү их дарамт мэдэрдэг.

Ихэнх нь илүү сайхан харагдахын тулд байгаагаа бооцоонд тавих нь бий. Энэ нь яг л 100 саяын үнэтэй машинаа 130 сая төгрөгийн машинаар солихын тулд хуучин машинаа барьцаанд тавин 3өөр ямар нэг зүйлд хөрөнгө оруулалт хийхтэй адил юм. Хэрвээ 100 сая төгрөгийн машин нь цэвэр өөрийн хөрөнгө биш байсан бол дарамт бүр ч ихэснэ. Хөрөнгө оруулалт бүтэлгүйтвэл байгаа болон байхгүйгээ давхар алдана. Нэг алхам урагшлахын тулд хоёроос гурван алхам хойш ухарна.

Энэ үед хэрвээ би илүү их хөрөнгөтэй бол миний амьдралын чанар дээрдэх байсан болов уу гэж гайхах болов. Том машин, том байр, үнэтэй цаг, хамгийн сүүлийн үеийн iPhone… Миний гэр бүл намайг илүү хайрлах байсан болов уу? Найзууд маань намайг илүү сайн найз боллоо гэх байсан болов уу? Илүү үнэтэй машинаар ажилдаа илүү хурдан ирэх байсан болов уу? Том унтлагын өрөөнд илүү сайн унтах байсан болов уу? Эргэлзэж байна шүү.

Өнгөрсөн зун надад тооноос чанар илүү чухал гэдгийг заалаа. Өнгөрсөн зун надад хөрөнгө оруулалтын хамгийн эхний зорилго нь их мөнгө хийх биш, тав тухтай байх гэдгийг заалаа.

Leave a Reply

Blog at WordPress.com.

%d bloggers like this: