📞 7510-7500

✉️ investment@apex.mn

Ямар ч үр дүнгүй хөдөлмөр

Ephyra-гийн хаан Sisyphus уулын орой дээр том хадыг өнхрүүлэн авчирах шийтгэл бурхдаас амсжээ. Харамсалтай нь уулын орой дээр ирэнгүүт хад гараас нь мултран уулын уруу ахин унадаг. Тэр энэ үйлдлээ дахин дахин, бүр үүрд хийсэн гэдэг.

Дээрх түүх танд нэг л танил мэдрэмж төрүүлж байна уу? Та ч, би ч ямар нэг зүйл хэрэгтэй болоод байна, тийм үү? Монголчууд эх орноо орхин Өмнөд Солонгос, Япон, АНУ-г зорьж байна. Яагаад вэ? Учир нь тэдэнд дээр дурдсан түүхтэй адил мэдрэмж төрсөн хэрэг. Бидний цалингийн өсөлт долларын өсөлтийг гүйцэхгүй байна. Шатахуун, хүнсний бүтээгдэхүүн, үйлчилгээ гээд бүх л зүйлийн үнэ яг л хорт хавдар шиг хурдан өсч байгаа мэт санагдана. Үүнийг би яаж гүйцэх юм бэ? Та яаж гүйцэх юм бэ?

Үүнээс гадна бид орлогынхоо нилээд хэсгийг татвар, нийгмийн даатгалд төлдөг. Хариуд нь бид юу авдаг билээ? Бохир гудамж, нэг ангид 60 хүүхэдтэй сургуулиуд, өвчтэй хүүхдүүд, корридорт хэвтэх эцэг эхээр дүүрэн эмнэлэг. Энэ миний өөртөө болон хүүхэддээ хүссэн ирээдүй биш. Надад аюулгүй, тав тухтай байдал чухал бөгөөд энэ нь мөнгө, тэр дундаа хөрөнгө оруулалтаас эхэлнэ.

Би энэ талаар удаан хугацааны турш бодон, цаасан дээр бичин, шийдэл олох гэж оролдлоо. Өөртөө, үр хүүхэддээ, гэр бүлдээ ирэх ачааг багасгах гэж л тэр шүү дээ. Ямар нэг ухаалаг зүйл хийх л хэрэгтэй. Одоогоор миний мөнгөний ихэнх нь нийгмийн даатгал, хувьцааны хөрөнгө оруулалт, хадгаламжийн дансанд байршиж байна. Би зарим үед хувьцаа, зарим үед доллар худалдан авдаг. Харамсалтай нь тодорхой төлөвлөгөө, бүтэц зохион байгуулалттайгаар хөрөнгө оруулалт хийдэггүй. Гэвч шийдвэр гаргах гэж нилээд цаг зарцуулах шаардлага гардаг. Хөрөнгө оруулалтын шинжээч, эсвэл “мэргэжилтэн” гэж нэрлэгддэгийнхээ хувьд би яг л мэдрэмжгүй робот шиг хөрөнгө оруулалт хийх ёстой байх. Жишээ нь 10%-ыг тэр хувьцаанд, 25%-ыг тэр хувьцаанд, 40%-ыг эрсдэл багатай бондод, үлдсэнийг нь долларын бондод гэх мэтчилэн хувиарлах ёстой байх л даа… Гэхдээ юу ч үнэнээс зугатааж чадахгүй гэдэг дээ.

Өнөөдөр ямар сэдэв шуугиан тарьж байгаагаас шалтгаалан аль нэг компани, түүний PR-т автах хандлага надад ч мөн их байдаг (LendMN:цахим хэтэвч, Мандал даатгал: 3-р улирлын тайлан, ТэслагийнModel3-ийн борлуулалт гээд л үргэлжлүүлээд байж болно). Төлөвлөлт, бүтэцжүүлэлт, автоматжуулалт байхгүй нь надад болон манай гэр бүлийн асуудлын эх үүсвэр болдог. Орлогынхоо 25%-ыг автоматаар, санаа зоволгүй шууд хөрөнгө оруулчих зүйл байдаг бол их амар байхсан. Ямар ч сэтгэл хөдлөлгүй, тогтмол, тогтвортой…

Миний хүсч буй энэ зүйлийг санал болгох хэн ч байгаагүй учир би өөрөө өөртөө ийм зүйл хийх шаардлагатай болсон юм. Надтай хамтран ажиллаж байгаа хүмүүс ч мөн энэ ажил дээр надтай нэгдэж байгаа. Миний хөрөнгө оруулалтын хэв маяг хүн болгонд таарахгүй, заримдаа надад өөрт маань ч таардаггүй(маш өндөр эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийн нүүр лүүгээ алгадуулдаг) учир энэ шийдэл маш тохиромжтой байх болно.

Хөрөнгө оруулах бүтээгдэхүүнүүдээ доорх шалгууруудыг үндэслэн сонгоно:

  • Төгрөгийн сулралаас хамгаалах. Хамгийн эхний чухал зүйл.
  • Урт хугацааны ханшийн өсөлт (хүүгийн болон ногдол ашигийн өсөлт гэхээс илүү үнэ цэнийн өсөлт). Дараагийн чухал зүйл.
  • Төгрөгийн хүүгийн болон ногдол ашгийн өгөөж. Гурав дах чухал зүйл.

Хамгийн эхний зорилго нь ойрын ирээдүйд учрах хамгийн том аюулаас хамгаалах: Ханшийн уналт. Манай улс төрчид ямар шийдвэр гаргаж байгааг харахад төгрөг суларсаар байх болно.

Дараагийн зорилго нь үнэ цэнэ, өгөөж нь хадгаламжийн хүүгээс өндөр байх хувьцаа, бондод хөрөнгө оруулах.

Сүүлийн зорилго нь богино хугацаанд гарч ирэх, шинэ боломжуудыг ашиглахад зориулагдсан бэлэн мөнгөтэй байх. Үргэлж бонд, хувьцаагаа зарж, авах нь зохисгүй тул (цаг хугацаа, шимтгэлийн өртөгийг тооцвол)шинэ хөрөнгө оруулалтын боломжийг ашиглах, эсвэл нэмж хөрөнгө оруулалт хийхэд шинэ бэлэн мөнгө хэрэгтэй.

Хөрөнгө оруулалтын автоматжуулалтын замд хамт гаран, шөнө бөх гэгч унтацгаая.

Удахгүй уулзацгаая!

Leave a Reply

Blog at WordPress.com.

%d bloggers like this: