30 гаруй жил ажиллачихаад тэтгэвэрт гараад 1 жилийн дараа бурхан болсон аавынхаа тэтгэврийн зээлийг хүүхдүүд нь төлж байх юм. 30 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, эцэст нь үр хүүхдүүд нь банкны барьцаанд үлдэжээ. Тэтгэврийн зээл нь Нийгмийн даатгалын шимтгэлээ банкинд барьцаалж урьдчилж авч байгаа өөрийнх нь мөнгө?
Дээрх товчхон боловч манай нийгэмд түгээмэл ажиглагдаж буй мэдээллийг уншаад Монголын тэтгэврийн системийн талаар тухтай суугаад жаахан бодох хүсэл төрлөө. Хуулиар тэтгэвэрт гарахын тулд доод тал нь 20 жил ажилласан байх ёстой. Эмэгтэйчүүдийн тэтгэвэрт гарах доод нас 55, эрэгтэйчүүдийнх 60. Энэ хугацаанд татвараас гадна сар бүр нийгмийн даатгалын шимтгэл болох орлогын 11 хувийг (2019 оноос 11.5% болно) сар бүр төлнө. Одоогоор улсын дундаж цалин 1,031,800, медиан цалин 732,706 байна.
Тооцооллыг хамгийн энгийн байлгах үүднээс 1,000,000 төгрөгийн цалинтай 35 жил ажилласан 60 настай эрэгтэйн жишээг авч үзье. Тэр сар бүр 110,000 төгрөг буюу 35 жилийн хугацаанд 46,200,000 (132,000*12*35=46,200,000) төгрөгийг нийгмийн даатгалд төлсөн гэж үзье. Гэвч энэ мөнгөнд хүү бодогдохгүй, өвлөгдөхгүй. Золгүй тохиолдолд болоход дээр дурдсан шиг насаараа хураасан мөнгөнөөс юу ч үлдэхгүй.
Харин энэ мөнгийг жилийн 13%-ийн хүүтэй банкны хадгаламжид хийвэл 497,001,222 төгрөг болох байжээ. Мөнгөний хэмжээ энэ хэмжээнд хүрсэн тохиолдолд жилийн 10%-ын өгөөж өгөх бүтээгдэхүүнд мөнгөө оруулахад л жилийн 49.7 сая төгрөг, сарын 4.1 сая төгрөгийн орлоготой байж болох нь. Энэ мөнгийг өөртөө зарцуулаад зогсохгүй үр хүүхэд, ач гучдаа туслахад зарцуулж, тэдэндээ өвлүүлж ч болно. Яг л адил хэмжээний мөнгөний тухай ярьж байгаа ч нөхцөл байдал хамгийн эхэнд өгүүлсэн түүхээс шал өөр тийш эргэж байгааг анзаарч байна уу?
Бид нийгмийн даатгалын шимтгэлийн систем, улс төрийн бодлогод өөрчлөлт оруулж магадгүй чадахгүй, мөн гомдоллох нь нэмэргүйн дээр утгагүй. Иймд ядаж өөрсдийн тав тухын төлөө ахиад 1 алхам хийж “Нийгмийн даатгалын шимтгэлд” төлж буй мөнгөтэй адил дүнг “хувийн тэтгэвэр”-тээ зориулж хуримтлал (заавал банкны хадгаламж байх шаардлагагүй) одооноос үүсгэх нь таныг ирээдүйд баярлуулах нь гарцаагүй.
Leave a Reply