📞 7510-7500

✉️ investment@apex.mn

2018 оны IPO хийсэн хувьцаануудад юу тохиолдов?

2018 оны IPO-уудаас зарим хөрөнгө оруулагчид мөнгөө бараг 3 дахин нугалж чадсан бол зарим хөрөнгө оруулагч бүтэн жил хүлээсний эцэст 30 гаруй хувийн алдагдал хүлээн мөнгөө түгжсэн байна. Харин заримынх нь хувьд хадгаламжид мөнгөө байршуулснаас ялгарах зүйл алга. Энэ ялгааг юу бий болгож байна вэ? IPO-г өнөөдөр хөрөнгө оруулагчид өгч буй өгөөжөөр нь амжилттай эсвэл амжилтгүй гэвэл үүнд юу нөлөөлж байна вэ?

Өнгөрсөн онд 6 компани анхдагч зах зээлээс хөрөнгө босгож, нийт 31.1 тэрбумын санхүүжилт босголоо. Захиалгын биелэлт ихэнх тохиолдолд давж хаагдсан буюу хөрөнгө оруулагчдын зүгээс эрэлт өндөр байв.

Эрэлт нийлүүлэлтийн уг харьцаа нь хөрөнгийн зах зээл бол компаниудын хувьд санхүүжилт татах боломжтой талбар, хүмүүс ч шинэ бүтээгдэхүүнд хөрөнгө оруулах сонирхол ихтэй байдаг гэдгийн илэрхийлэл боллоо.

Хөрөнгийн зах зээлээс санхүүжилт босгох нь хэнд, ямар ашигтай вэ?

1. Хуучин хөрөнгө оруулагчдад

Юуны өмнө хуучин хөрөнгө оруулагчдад. Өмнө нь хувьцаа эзэмшиж байсан хөрөнгө оруулагчид өөрийн хөрөнгөө хөрөнгийн зах зээлээр дамжуулан өндрөөр үнэлүүлэх боломжтой. Доорх хүснэгтээс компаниудын IPO хийхээс өмнөх эздийн өмчийн дүн, түүнийг олон нийтэд гаргахдаа хэрхэн үнэлсэн байдлыг харж болно. Жишээ нь: ЛэндМн ХК-ийн хөрөнгө оруулагчид компанидаа 2.4 тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн байсан ч хөрөнгийн зах зээлд өөрсдийгөө 20 тэрбумаар үнэлэн гаргасан бол Ард даатгал, Мандал даатгалын хувьд эздийн өмчөөсөө тус бүр 3-5 дахин өндөр үнэлгээгээр гаргасан харагдаж байна.

Харин Монгол базальт, Хөвгөл алтан дуулга компаниудын хувьд оруулсан хөрөнгө оруулалтаасаа ч хямдаар зах зээлд өөрсдийгөө үнэлэн гаргасан мэт харагдаж байна. Гэвч эздийн өмчийн бүрдэл хэсэгт юу багтаж байна вэ гэдэг нь мөн л анхаарах зүйл. Монгол базальт ХК-ийн нийт эздийн өмчийн үнэлгээний 80 хувийг нэмж төлөгдсөн капитал эзэлж байгаа бол Хөвсгөл алтан дуулга ХК-ийн хувьд 70 хувийг дахин үнэлгээний нөөц эзэлсэн буюу дээрх компаниуд оруулсан хөрөнгөө IPO хийхийн өмнө дахин үнэлж бүртгэснийг харуулж байна. Уг үнэлгээ хир бодитой байсан бэ гэдгийг шинжлэх нь магадгүй энэ нийтлэлд багтахгүй, уртаар тусдаа яригдах зүйл. Мөн компани хөрөнгө оруулалт татсанаар эргэлтийн хөрөнгө нэмэгдэж, илүү олон боломж бий болсон нь ашигт ажиллагаанд эерэг нөлөө үзүүлснийг дээрх бүх компаниудын үнэ ашгийн харьцаа буурснаас харж болно.

2. Магадгүй шинээр орсон хөрөнгө оруулагчдад

Магадгүй гэсний учир нь цаг хугацааны явцад л тодорхойлогдох болохоор тэр. Хувьцаанд хөрөнгө оруулах нь эргэн төлөгдөх баталгаагүй, тухайн компанийн тодорхой хэсгийг эзэмшихээр хүн мөнгөө өгч буй том итгэл. Ханш хэрхэн савлахаас шалтгаалан хөрөнгө оруулалтын өгөөж хэмжигдэх учир ханшийн үзүүлэлт хамгийн түрүүнд яригдана.

Хөрөнгө оруулалт татсаны дараа юу болов?

ХУВЬЦААНЫ ХАНШ (2019/03/04 ѳдрийн байдлаар)

Дээрх үзүүлэлтэд IPO хийсэн компаниудын анх гарсан ханш болон одоогийн үнэлгээ, үүнээс хөрөнгө оруулагч хэр хэмжээний ашиг/алдагдал хүлээснийг харж болно.

ЛэндМн-ийн хөрөнгө оруулагч жилийн дотор 176%-ийн өгөөж авч чадсан бол Мандал даатгал болон Хөвсгөл алтан дуулга компаниудын хувьд өгөгдсөн хугацаанд хадгаламжийн хүүнээс харьцангуй өндөр өгөөж авсан, Ард даатгалын хувьд бараг өөрчлөлтгүй, Монгол базальтын хувьд 9 сарын хугацаанд 32%-ийн алдагдал хүлээсэн үзүүлэлттэй байна.

Дээрх ханш яаж тогтсон, юунаас болсон юм бол? Нөлөөлсөн хэд хэдэн хүчин зүйлийг авч үзэн ярилцъя.

Арилжааны шимтгэл 1% боллоо

Манай брокерийн шимтгэл 1% болж буурлаа!!!

1. Төлөвлөгөөний биелэлт

Хөрөнгийн зах зээлээс анх хөрөнгө оруулалт татаж буй компаниуд эхлээд үнэт цаасны танилцуулгадаа компанийн ирээдүйн бизнес төлөвлөгөө, ирэх жилүүдийн санхүүгийн төсөөлөл, хөрөнгө оруулалтын өгөөж зэргийг заавал тусгадаг.

Дээрх үзүүлэлтээс харахад Мандал даатгал болон Монгол базальт төлөвлөлтөө хангалттай давуулан биелүүлсэн үзүүлэлттэй байгаа ч эдгээр компаниудын ханшийн үзүүлэлт тийм ч сайн биш байна. Монгол базальтын хувьд бүр хамгийн өндөр уналттай байна. Гэтэл нөгөө хамгийн өндөр өсөлттэй ЛэндМн төлөвлөгөөндөө хүрч чадаагүй байна шүү дээ. Хөвсгөл алтан дуулгын хувьд мөн л адил дутуу гүйцэтгэлтэй байхад л ханш нь өсөлттэй байна. Дан ганц төлөвлөгөө, түүний биелэлтийн төвшин ханшийг тодорхойлдоггүй бололтой.

2. Стратегийн хөрөнгө оруулагчдын эзлэх хувь

Энэ хэсэгт хувьцаа эзэмшигчдийн чанарын асуудал яригдана. Дээрх компаниудаас Хөвсгөл алтан дуулга стратегийн хөрөнгө оруулагчдад нийт хөрөнгө босголтын 75%-ыг, ЛэндМн 50%-ийг албан ёсоор санал болгосон. Бусдынх нь хувьд албан ёсоор зарлаагүй ч тодорхой хэмжээгээр том хөрөнгө оруулагчид орсон гэж тус бүрдээ л мэдээллэсэн.

Стратегийн хөрөнгө оруулагчид байснаар бизнесийн ирээдүйн хөгжилд тустайгаас гадна хувьцааны нийлүүлэлтийг зах зээлд бага хэмжээнд барих үндэс болно. ЛэндМн-д нийлүүлэлт бага байдаг нь ханш өдийг хүртэл өссөн томоохон шалтгаан мөн. Мандал даатгал, Монгол базальт зэрэг компаниудын хувьд компанийн зүгээс эерэг мэдээлэл цацагдсан ч өсдөггүй, өссөн ч гэнэт ямар ч шалтгаангүйгээр нийлүүлэлт хийгддэг нь олон ч анзаарагддаг. Тэдний хувьцаа эзэмшигчдийн дунд уг компанитай удаан хамт байж хамтдаа өсөх хүсэлтэй хүмүүсээс илүү богино хугацаанд ашиг олон зарахыг илүүд үздэг, бизнесийнх нь мөн чанарыг ойлгодоггүй хүмүүсийн тоо харьцангуй өндөр байна гэж дүгнэж болох юм. Энэ тоо цаг хугацааны явцад хэрхэн хувирах нь цаашид харагдах биз ээ.

3. Мэдээллийн ил тод байдал

Саяхан IPO хийсэн компаниудын хувьд харьцангуй хариуцлагатай, хуулийн дагуу цаг хугацаандаа мэдээллээ хүргэж явдаг. Гэвч тэдний дундаас тод ялгарч буй нь ЛэндМн ХК. Тэд тайлан тэнцэлээ хамгийн түрүүнд тайлагнаж, байнгын давтамжтайгаар хөрөнгө оруулагчид эерэг сэтгэгдэл төрүүлэх мэдээллүүдийг, бүтээгдэхүүнүүдийг хүргэдэг нь хувьцааны ханш өсөх үндсэн шалтгаан. Өнөөдөр ашгийн зорилтот түвшинд хүрээгүй нь ирээдүйд илүү өсөлт авчрах бүтээгдэхүүнүүдэд хөрөнгө оруулсан болохоор гэж тэдний зүгээс тайлбарласныг хөрөнгө оруулагчид ойлгосон. Ойлгосон болохоор ханш унаагүй. Тэд өнгөрсөн нэг жилийн хугацаанд хөрөнгө оруулагчид өөрсдийг нь ойлгодог болтол мэдээллээр бөмбөгджээ. “Мэдээлэл” компанийг “СОНИРХОЛТОЙ, НЭЭЛТТЭЙ” болгодог. Харин хөрөнгө оруулагчид сонирхолтой зүйлд дуртай.

4. Ногдол ашиг

Хөрөнгө оруулагч ханшийн зөрүү болон ногдол ашиг гэсэн 2 хувилбараар л хөрөнгийн биржийн хувьцаануудаас ашиг хүртэнэ. Дээрх компаниуд бүгд 2018 оны цэвэр ашгиас ногдол ашиг өгнө гэж мэдээллэсэн. Ногдол ашгийн давлагаанаас хэн нь ч хоцрохыг хүсээгүй бололтой. Гэвч ногдол ашгийн талаарх мэдээлэл хувьцааны ханшид тийм ч их нөлөөлөөгүй. Харин Хөвсгөл алтан дуулга компани хөрөнгө оруулагчид зөвхөн ногдол ашгиас 13-14%-ийн өгөөж хүртэх даацтай боломжийг өгсөн нь хувьцааны ханшийг өсөх, тогтмол төвшинд барих шалтгаан нь болж байна. Харин 399 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан компани 1.8 тэрбумын ногдол ашиг тараах нь ямар бодлого болоод компанийн өсөлтөд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг нь одоохондоо тодорхой бус. Нэгэнт дээрх компаниудын хувьцааны төвлөрөл өндөр тул жижиг хөрөнгө оруулагч ногдол ашгиас олигтой өгөөж авч чадахгүй. Тийм ч учраас үнэхээр даацтай дүн биш л бол хөрөнгө оруулагч ногдол ашгийн төлөө тэгтлээ их хошуурдаггүй гэдгийг бусад компаниудын үзүүлэлт харуулж байх шиг.

Эцэст нь IPO-г юу амжилттай бас амжилтгүй болгож байна вэ? Дээрх хүчин зүйлсээс аль нэгийг нь ханшид нөлөөлөх, IPO-г амжилттай болгох гол хүчин зүйл гэж цохон тэмдэглэх нь учир дутагдалтай ч амьдрал үргэлжилсээр байгаа тул цаашид юу болох нь одоохондоо тодорхой бус. Ямартай ч бүгдийн тэнцвэрийг барин хөрөнгө оруулагчдад үнэ цэнэ өгөх нь л гол шаардлага болох буй за.

Тун удахгүй манай зах зээлд Ард Кредит, Монос Фүүдс гэсэн компаниуд IPO хийх гэж байна. Тэд бодит амлалт өгөөд түүндээ хүрч, чанартай хөрөнгө оруулагчдыг өөртөө татаж, мэдээллээ цаг алдалгүй хүргэн хөрөнгө оруулагчидтайгаа ойлголцож, ногдол ашгийн ухаалаг шийдвэр гаргаж ЧАДВАЛ амжилттай IPO болох нь маргаангүй биз ээ.

*Эрдэнэ Ресурс Девелопмент ХК –ийн 2018 оны тайлан гараагүй учир зарим үзүүлэлтүүдэд оролцуулаагүй болно.

Leave a Reply

Blog at WordPress.com.

%d bloggers like this: