📞 7510-7500

✉️ investment@apex.mn

2020 онд хѳрѳнгийн зах зээлтэй холбоотой анхаарал хандуулах сэдвүүд!

2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Улсын Их хурлаас Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан бөгөөд ийнхүү шинэчлэн найруулсан хуулиар хөрөнгийн зах зээлд 2020 оны 1 дүгээр сараас дараах өөрчлөлт бий боллоо.

1. Бонд, хувьцаа

Дээрхээс харахад иргэн болон аж ахуйн нэгж нь гадаад, дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалагдах өрийн хэрэгсэл, хувьцаатай холбоотойгоор олсон хүүгийн орлого, ногдол ашгийн орлогод 10 хувиар ногдуулан татвар төлдөг байсан бол 5 хувь болон буурсан.

2. Хөрөнгө оруулалтын сан

Мөн хуульд “Нэгж эрх” гэх нэр томьёо нэмэгдсэн ба энэ нь хөрөнгө оруулагчаас хөрөнгө оруулалтын санд оруулсан хөрөнгийг өмчлөх эрхийг гэрчлэх нэрийн үнэт цаасыг хэлэх ба нэгж эрхтэй холбоотойгоор олсон орлого, ногдол ашгийн орлогод татвар ногдуулах заалт байхгүй байсныг 5 хувиар тооцон татвар ногдуулахаар болсон байна.

Энэ онд DVP2 буюу төлбөр тооцооны шинэ систем хувьцааны арилжаанд шинэчлэл хийх хүлээлттэй байна. Одоогоор хөрөнгө оруулагч хувьцаа худалдан авах, зарах тохиолдолд төлбөр тооцоо T+1 системээр буюу арилжаа явагдсанаас 1 өдрийн дараа явагддаг. Өөрөөр хэлбэл хувьцааг худалдан авахдаа мөнгөө урьдчилан 100% байршуулах, зарсан тохиолдолд арилжаа явагдсан өдрөөс 1 өдрийн дараа мөнгөө гарган авах боломжтой байдаг.

Уг шинэ системд төлбөр тооцоо арилжаа хийгдсэнээс 2 өдрийн дараа явагдана. Таны харилцагч брокерийн компани эрсдэлийн үнэлгээ хийсний үндсэн дээр танд анх хувьцаа авах үед 100%-иас бага буюу төлбөрийн 50,60,70%-ыг байршуулах, дараа өдөр нь гүйцээн төлөх, эсхүл тодорхой хэмжээний ашиг хүртэн төлбөр тооцоо хийгдэхээс өмнө авсан хувьцаагаа заран эцэст нь цэвэршүүлсэн дүнгээр (авсан дүнгээс зарсныг хассан) төлбөр хийх боломжийг олгоно. Системийн шинэчлэлийг 2020 онд багтаан хийхээр холбогдох байгууллагууд хамтран ажиллаж журмууд дээр санал солилцон ажиллаж байна. Хөрөнгө оруулагч та хувьцаа арилжааны шинэчилсэн системд зохицохдоо өөрийгөө бэлдэх хэрэгтэй бололтой.

Монгол Улсад 1995 оноос тэтгэврийн даатгалын систем хэрэгжиж эхэлсэн бөгөөд “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар 2030 он хүртэл баримтлах үндсэн чиглэл” -ийг 2015 онд боловсруулжээ. Гэвч системд шинэчлэл хийгдэхгүй явсаар даруй 25 жилийн нүүрийг үзлээ. 2019 онд тэтгэврийн асуудал хурцаар яригдах болж эдийн засагчид хамтран “Тэтгэврийн Реформ Хөдөлгөөн” эхлүүлсэн тухай, цаашид “Төрийн бус байгууллага” байгуулахаа мэдэгдээд байна. Мөн “Хувийн нэмэлт тэтгэврийн тухай” хуулийн төслийг “Сангийн яам”-нд хүргүүлжээ. Тэд улсын тэтгэврийн системийг шат дараалалтайгаар шинэчлэх, хувийн тэтгэврийн санг бий болох боломжийг төрөөс шаардаж буй ажээ.

Хувийн тэтгэврийн сангийн тухай хуультай болсноор хувь хүнд тэтгэврийн орлого нэмэгдэх, өрхийн урт хугацааны хадгаламж нэмэгдэх, хуримтлал нь өвлөгдөх зэрэг олон давуу талуудтай. Мөн холбогдох хууль тогтоомж гарсан тохиолдолд “Хувийн тэтгэврийн сан”-гууд шинээр үүсгэн байгуулагдахаар хүлээгдэж буй нь тодорхой. Тэдгээр сангийн хуримтлал нь хөрөнгийн зах зээлд дутагдаж буй эрэлт, тэр тусмаа урт хугацаат хөрөнгө оруулалт талд томоохон тулгуур болох тул салбарынхны анхаарлыг ихээхэн татаж байна. Мэдээж уг шинэчлэл нь урт хугацаанд болгоомжтой шилжих процесс байж болох хэдий ч салхи салхилж эхэлсэн тул энэ онд холбогдох хууль тогтоомж, зохицуулалтад ямар ахиц гарах бол гэдэг нь мөн л хүлээлт дагуулсаар…

Энэ жил засгийн газрын төлөх ёстой багагүй хэмжээний бондын төлөлтүүд, своп хэлцэл хүлээгдэж буй. Тэдгээрээс онцлох, жин дарахуйц нь МУ-ын засгийн газрын батлан даасан Худалдаа хөгжлийн банкны 500 сая ам.доллар 2020/05 сард, Хятадын ардын банктай хийсэн 1.6 тэрбум ам.доллартой тэнцэх своп хэлцэл 2020 оны 8 сард дуусахаар тус тус хүлээгдэж байна. Мөн харьцангуй бага дүнтэй хүүгийн төлөлтүүдийг оруулбал нийт 5.5 их наяд төгрөг буюу 2 тэрбум орчим долларын төлөлтийн асуудал энэ онд яригдана гэсэн үг. Хүснэгтэд засгийн газрын батлан даасан аж ахуй нэгжүүдийн 2020 онд төлөгдөх зээлийн төлөлтүүдийн мэдээллийг орууллаа.

Манай улсын гадаад валютын нөөц 2019 оны эцсээр 4.3 тэрбум ам.доллар (своп оруулсан) байгаа нь тайвшруулахаар үзүүлэлт хэдий ч бүх нөөцөө энэ онд эдгээр төлөлтүүдэд оруулах нь ухаалаг сонголт биш нь мэдээж. Хэлцлүүдийг дахин сунгах, амжилттай дахин санхүүжүүлэх, эдийн засагт хүндрэл учруулахгүй өөр арга замыг олох эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Гэвч эдгээр томоохон дүнгүүд нь нийт эдийн засгийн бүхий л салбарт нөлөөлөх өндөр тоо болох нь л одоогоор тодорхой байна.

2.5 сая иргэдийн эзэмшилд буй Эрдэнэс таван толгой компанийн үйл ажиллагаа улам сайжирсаар 2019 онд 1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Уг цэвэр ашгаас ногдол ашиг тараах эсэх шийдвэрийг хуулийн дагуу компанийн ТУЗ нь 2020 оны эхний 50 хоногт багтаан мэдээлэх ёстой. Цэвэр ашгаас иргэдэд хамаарах хувь нь (14.7%) 147 тэрбумд тооцогдож байна. Уг дүн 2.5 сая иргэнд тэгшитгэн тооцвол дунджаар 58,000 орчим төгрөг байгаа хэдий ч хувьцааны тоо иргэдэд харилцан адилгүй тул энэ дүн хэлбэлзэх юм.

Үүнээс гадна ногдол ашиг тараах шийдвэр гарсан тохиолдолд мөнгийг хөрөнгийн зах зээлээр дамжуулан тараах эсэх болон хувьцааны дансгүй иргэд хэрхэн ногдол ашиг авах вэ зэрэг асуултууд одоог хүртэл тодорхой хариултгүй байна.

Үнэт цаасны зах зээл нь биржийн болон биржийн бус гэсэн хоёр төрөлтэй байдаг. Биржийн бус зах зээл (OTC) нь банкны өндөр хүүтэй зээл авахгүйгээр компанид хямд өртгөөр урт хугацаанд санхүүжилт татах, богино хугацаанд бас нэгэн зохицуулалттай зах зээлээс санхүүжилт татах, хөрөнгө оруулах нэмэлт боломжийг өгдөг. Мөн одоогоор арилжаалагдаж буй хаалттай бондууд ч нэгдсэн бүртгэл, системд орох, зохицуулалт нэмэгдэх зэргээр эрсдэл нь багасах зэрэг олон давуу талуудыг бий болгоно.

Монгол улсад OTC зах зээл хараахан үүсч хөгжөөгүй байгаа бөгөөд 2019 оны 2-р сард Монголын хөрөнгийн бирж болон Marketinfo.mn сайттай хамтран Монголын Биржийн бус ( OTC market)-ийг хөгжүүлэх гэрээг хийсэн билээ. Мөн үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоонд OTC зах зээл хөгжүүлэх хэсэг байгуулагджээ. Ямартай ч ажлын гараа нь эхэлсэн тул энэ онд тодорхой хөгжүүлэлт хийгдэнэ гэж хүлээж байна.

Австрали, Америк, Герман зэрэг хөгжингүй орнуудад ихэвчлэн системийн томоохон банкууд нь нээлттэй байдлаар арилжаалагддаг. Өөрөөр хэлбэл банкны сектор нь хөрөнгийн зах зээлдээ багтдаг. Ингэснээр хэн ч банкны эзэн байх боломж бүрдэн хөрөнгийн зах зээл жинхэнэ утгаар хөрөнгө хуваарилах талбар болдог. Манай улсын хувьд 90 орчим хувийг банкны сектор, үлдсэн хэсгийг санхүүгийн сектор болох даатгал, хөрөнгийн зах зээл, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо хуваан эзэлдэг.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийг 2019/10/21-нд танилцуулсан билээ. Үүнд банкуудын хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах, шинэ хөрөнгө оруулагчаар дамжуулан банкны өөрийн хөрөнгийн бүтэц, чанарыг сайжруулж эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх хүрээнд системийн нөлөө бүхий банкуудыг хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх бодлого баримталж, хувьцааг хөрөнгийн бирж дээр арилжаалдаг болох эрх зүйн орчинг бүрдүүлэхээр хэсэг оржээ.

Банкууд нээлттэй ХК болох нь урт хугацаанд үргэлжлэх процесс байж болох хэдий ч мөнгөний бодлогод тусгагдан, үйл ажиллагааны боломжийг судалгааны төвшинд хийх зорилт тавьсан нь том шилжилтийн эхлэл байж болох учир энэ хэсэгт оруулав.

Бодь даатгал ХК болон Монгол даатгал ХК-ны хувьцаа энэ оны эхний улиралд МХБ-д арилжаалагдаж эхлэх нь тодорхой боллоо. СЗХ-ны 2019/12/17-ны өдрийн хурлаар Бодь даатгал ХК-ийн шинээр гаргаж буй үнэт цаасыг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгэсэн тул энэ оны 1-р улиралд олон нийтэд санал болгох учиртай.

Харин Монгол даатгал ХК-ийн тухайд МХБ-д бүртгэлтэй байсан Хорго Хайрхан ХК-тай нэгдэх зөвшөөрлийг 2019/12/16-ны өдөр СЗХ өгсөн тул тус компанийн арилжааг одоогоор зогсоогоод байна. МХБ-д бүртгэлтэй компанитай нэгдэх замаар нээлттэй хувьцаат компани болсон анхны тохиолдол Ард санхүүгийн нэгдэл ХК-ийн нэгдэл байсан бол энэ нь 2 дах тохиолдол боллоо. Дээрх үйл явдлууд нь даатгалын топ компаниуд хөрөнгийн зах зээлийг ихээр сонирхох болсны илэрхийлэл болохын сацуу IPO хийхгүйгээр нээлттэй ХК болох зам шинээр нээгдэв үү гэлтэй уг үйл явдал цаашид хэрхэн үргэлжлэх тухай асуултыг бий болгож байна.

“Сонгууль болохоор яах бол?” гэдэг асуулт нийгмийн бүхий л салбарт гарч ирдэг. Ямартай ч 2020 онд улсын төсвийн алдагдлыг 2 их наяд гаруй гэж төсөвлөсөн нь инфляцыг өрдөх нэгэн хэрэгсэл болох нь ойлгомжтой. Инфляцыг Монгол банкны төлөөллөөс мөнгөний бодлогод нөлөөлөх замаар намтгах тухай дурдаж эхэллээ. Харин хөрөнгийн зах зээлд сонгуулийн жилд бий болдог нийтлэг өөрчлөлт бий эсэхийг харахад онцлох зүйл харагдсангүй.

Монголын хөрөнгийн бирж нь эдийн засгийн толь гэх үүднээс эдийн засаг сэргэлттэй үеүдэд өсөлттэй, эдийн засаг уналттай үеүдэд бууралттай байна гэх зүй тогтол илүү тод харагдана.

Иймд шууд сонгуультай холбоотой гэхээс илүү засаг солигдохтой холбоотойгоор нөлөө бүхий бодлогын, удирдлагуудын өөрчлөлт, гадаад зах зээлийн орчны нөлөө болон түүнд хариу үзүүлэх шийдвэрүүд нь манай улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх нь МХБ-ын үзүүлэлтэд илүү нөлөөтэй болов уу.

2019 оны 10 дугаар сард Монгол Улсыг ФАТФ-ын саарал жагсаалтад оруулсантай холбоотойгоор Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 172 дугаар захирамжаар ФАТФ-ын жагсаалтаас Монгол Улсыг гаргах талаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа ажээ.

Энэхүү ажлын хүрээнд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их хуралд өргөн барьсан.

Дээрх хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах гол зорилго нь Санхүүгийн мэдээллийн албаны үйл ажиллагааны чадамжийг бэхжүүлэх, мэдээлэх үүрэгтэй этгээдэд хамаарах хуульд заасан үүргийн хэрэгжилтийг хангах, мэдээлэх үүрэгтэй этгээдэд тавих хяналт шалгалтын тогтолцоог сайжруулах, хууль зөрчсөн хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог бий болгох юм.

ФАТФ зөвлөмжийн орчуулгын эндээс, хуулийн төслийг эндээс авна уу.

Leave a Reply

Blog at WordPress.com.

%d bloggers like this: