Дэлхийд тодорхойгүй байдал нэмэгдэж, Covid-19-ийн сөрөг нөлөө бүх л улс орныг хамарч буй энэ үед хүмүүс хамгийн аюулгүй хөрөнгө оруулалтыг эрэлхийлж буй. Иймд Safe-haven буюу тодорхойгүй нөхцөл, эдийн засгийн уналт, айдас дунд хамгийн аюулгүй хөрөнгө оруулалтын нэгд тооцогддог “Алт”-ны талаар мэдээлэл өгөхөөр зорилоо.
АЛТНЫ НИЙЛҮҮЛЭЛТ
Дэлхийн нийтээр 2019 оныг дуустал нийт 197,576 тн алт олборлосон ба үүний гуравны хоёрыг 1950 оноос хойш олборлосон гэх судалгаа байна. Хэрвээ дэлхийн бүх олборлосон алтыг нийлүүлбэл хааш хаашаа 21.7 метр орчим куб дөрвөлжин болох байжээ. Дээрх алтны:
1. 47% нь гоёл чимэглэл, эд зүйл байдлаар,
2. 21.6% нь сангуудад,
3. 17.2%-ыг төв банкнууд,
4. 14.2% нь бусад гэсэн судалгаа байна.
Source: Metals Focus; GFMS, Thomson Reuters, US Geological Survey, World Gold Council
Дэлхийн нийт алт боловсруулалт Эх сурвалжаас харах
АЛТНЫ ЭРЭЛТ
2020 оны 1-р улирлын байдлаар алтны эрэлт өмнөх оны мөн үеэс 1%-иар өсөн байна. Короновирусын дэгдэлттэй холбоотойгоор биет алтны эрэлт буюу гоёл чимэглэлийн эрэлт 39%-иар, технологийн салбарын эрэлт 8%, төв банкны худалдан авалт 8%, алтан зоос, гулдмайн эрэлт 6% буурсан бол хөрөнгө оруулалтын зориулалтаар буюу ЭTF (+298t) эрэлт огцом нэмэгдсэнээр нийт эрэлт 1%-иар өссөн байна. Харин алтны нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 3%-иар буурч 5 жилийн доод цэгт хүрчээ.
Суурь эрэлт болон нийлүүлэлтээ бодвол одоогоор ханшийн өсөлт нь нийлүүлэлт буурч, эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор өссөн гэж харж болохоор байна.
Дээрх хэсгээс харахад биет худалдаанаас гадна цаасан алт буюу хөрөнгө оруулалтын зорилготой ETF арилжаа ханшид ихээхэн нөлөөлж буйг анзаарч болно. Харин тус цаасан алтны эрэлтэд юу нөлөөлж буйг алтны ханшны түүхэн үзүүлэлтийг онцлох үйл явдлуудтай уях байдлаар тайлбарлахыг оролдъё.
АЛТНЫ ХАНШИЙН ТҮҮХЭН ҮЗҮҮЛЭЛТ
Алтны биет эрэлт нийлүүлэлт, хэрэглээнээс гадна эдийн засаг эрсдэх, тодорхойгүй байдал ихсэх үед хамгийн аюулгүй хөрөнгө оруулалт гэх утгаар хөрөнгө оруулалтын чанартай эрэлт ихэсдэг. Юу яриад байгаагаа илүү тодорхой болгохын тулд доорх графикийг харцгаая.
Дээрх график нь 1970-н оноос хойш алтны ханшийг харуулж байна. 1970-аад оноос өмнө валютууд алтан баталгаатай байсан тул алтны ханш валютын ханштай шууд хамааралтай, ханшийн хэлбэлзэл бага байв.
АЛТНЫ ХАНШИНД НӨЛӨӨЛСӨН ТОМООХОН ҮЙЛ ЯВДЛУУД
-1970 оноос алтан баталгааны систем унаж алт зах зээлд нээлттэйгээр ханш нь тогтдог болсон.
-1980 оны үед ханш түүхэн дээд ханш буюу $850-т хүрсэн нь Америкийн түүхэн өндөр инфляц, газрын тосны үнийн өсөлт, Ираны хувьсгал зэргээс үүдэлтэй байв. Америк, Англи шат дараатайгаар инфляцын төвшнөө бууруулснаар $288 доллар орчимд тогтож 2000 оныг хүртэл тогтворжив.
-2002-2007 оны хооронд АНУ-ын долларын сулралтай холбоотойгоор ханш бараг 2 нугарч өсөв.
-2008 онд дэлхийн эдийн засгийн хямрал эхэлж, түүний дараа хямралыг намдаах, эдийн засгийг тэлэхээр АНУ мөнгөний зөөлөн бодлого явуулж, ам долларын нийлүүлэлтийг нэмэгдүүлснээр 2011 онд түүхэн дээд ханш болох $1920 хүрч байв.
-2012 оноос хойш дэлхийн эдийн засаг харьцангуй тогтворжиж 2011 оны оргил болох $1920-с буурсаар 2015 онд ёроол цэг болох $1046 хүрч, нэг хэсэгтээ тогтворжоод байв.
-2016 онд Трамп ялсан нь алтны ханшийг дээш нь өрдөх гол хүчин зүйл болов. Тэрээр Хойд Солонгос, Иран, ОХУ-тай ойр ойрхон маргаан дэгдээж, 2018 оноос худалдааны дайныг Хятадтай зарласан билээ. Үүнтэй зэрэгцэн АНУ -улс бодлогын хүүгээ шат дараатайгаар нэмэгдүүлж, Brexit-ийн асуудал хүндэрсэн гэх мэт асуудлуудтай холбоотойгоор сүүлийн 3 жилд алтны ханш огцом өслөө. 2018/11 сард $1200-тай байсан ханш жил хагасын хугацаанд 40% орчим өсөлт үзүүлжээ.
-2020 онд Covid-19-ын нөлөөлөл алтны ханшийг улам л дээш нь өсгөв. (Богино хугацаанд унасан).
(Жич: Дээрх хэсэгт олон үйл явдал, хүчин зүйлсийг орхигдуулсан байж болох ба товчоор ойлголт өгөхийн тулд хамгийн томоохон үйл явдлуудыг дурдав.)
Дээрх хэсгээс танд томоохон засгийн газруудын харилцаа, геополитикийн асуудлууд алтны ханшинд ихээхэн нөлөөтэйг харж болно. Цаашилбал эдгээр асуудлууд нь дэлхийн хамгийн том эдийн засаг болох Америкийн нэгдсэн улстай ихэнх тохиолдолд хамааралтай, тус улс алтны урт болон дунд хугацааны ханшийг тодорхойлж, тэдэнд асуудал үүсэхэд алтны ханш эсрэг зүг хөдлөн өсдөг зүй тогтлыг олж харж болно. Магадгүй зөвхөн Хятад, АНУ хоёр дэлхийн нийт эдийн засгийн 40 орчим хувийг эзэлдэгтэй холбоотой биз ээ.
СҮҮЛИЙН ҮЕД АЛТНЫ ХАНШ ХЭРХЭН ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙНА ВЭ?
Дээрх хэсэгт сүүлийн 1 жилийн алтны ханшийн графикийг орууллаа. Алтны ханш 2017 онд $1200-$1300 орчимд хэлбэлзэж байсан бол 2018 оноос худалдааны дайны эдийн засагт дах нөлөөлөл батжиж эхэлснээр 2019 оны 9 сард $1560 хүрч өссөн юм. Оны эцэст талуудын нөхцөл харьцангуй намжиж эхэлснээр ханш буун тогтворжиж $1470 орчимд арилжигдаж байлаа.
2020 оны 3 сараас Covid-19-ийн нөлөөгөөр дэлхийн ихэнх индекс, хувьцааны ханш унахтай зэрэгцэн алтны ханш 2020/03/06-ны дээд цэг $1703-с 2020/03/16-нд $1452 хүрч огцом уналт үзүүлэв.
Тодорхойгүй байдал нэмэгдэн, эдийн засаг унаж байхад алтны ханш өсөх ёстой байхад яагаад унасан нь асуулт дагуулав. Үүнийг зарим шинжээчид “Хөрвөх чадварын эрсдэл” буюу хөрөнгө оруулагчид бусад эзэмшлээ алдахгүйн тулд алтаа зарж мөнгө гаргасан гэх үндэслэлтэй холбон тайлбарлаж байна. Тус үйл явдлаас хойш Covid-19 тархалт улам нэмэгдэн, эдийн засгийн уналт даамжирч эхэлснээр алтны эрэлт огцом нэмэгдэн 1 сарын хугацаанд доод цэгээсээ 20 гаруй хувиар өсөв.
Харин сүүлийн 2 сарын хугацаанд алтны ханш $1670-$1750-ын хооронд хэлбэлзэн тодорхой чиглэлгүй байна. Тус хугацаанд ханшинд хэлбэлзэл үүсгэхэд өндөр нөлөөлж буй хүчин зүйлс нь АНУ-ын ажилгүйдлийн индексийн мэдээлэл, зарим хөрөнгө оруулагчдын ашиг аван гарах хөдөлгөөн нөлөөлж байна гэж үзэж байна.
ЦААШИД ЮУГ АНХААРАХ ВЭ?
СУУРЬ ҮЗҮҮЛЭЛТ
Богино хугацаа:
Ханшийн цаашдын богино, дунд хугацааны хөдөлгөөнд хамгийн том нөлөөлөл үзүүлэх хүчин зүйл бол Covid-19, түүний нөлөө, үргэжлэх хугацаа билээ. Ялангуяа 7,8 сард эдийн засгийн хагас жилийн суурь үзүүлэлтүүд, компаниудын хагас жилийн тайлан тэнцэл гарах хугацааг анхаарууштай. Ихэнх үзүүлэлтүүд тааруу гарах нь нэгэнт ойлгомжтой болсон хэдий ч таамгаас хэдий хэмжээгээр сайн эсхүл муу байх нь дэлхийн томоохон индексүүд болон алтны ханшинд ихээхэн нөлөөлөлтэй. Онцлох мэдээллүүдийг дурдвал:
-Холбооны нөөцийн сангийн мэдэгдлүүд,
-Бодлогын хүүгийн өөрчлөлт,
-Ажилгүйдлийн төвшин,
-Худалдааны тэнцэл,
-Инфляцын төвшин,
-Covid-19 тархалт, вакцин,
-Brexit-ийн дараах Европ, Англи,
-Компаниудын хагас жилийн тайлан-томоохон индексүүдийн өөрчлөлт
Дунд хугацаа:
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль, мөн Ковид-19-ийн нөлөөлөл дунд хугацааны ханшид нөлөөлөлтэй. Тахлын 2-р давлагаа эхлэх үү гэдэг асуудал ханшийн чиглэлийг таамаглаагүй цэгт хүргэж ч болох юм.
Урт хугацаа:
Covid 19- нөлөөлөл намжин эдийн засаг сэргэх нь дамжиггүй. Алтны ханш эдийн засгийн сэргэлттэй урвуу хамааралтай учир дэлхийн эдийн засаг сэргэхэд хэсэг хугацаанд уналт үргэлжилж болно. Гэвч хэд хүрээд унах вэ, хэдий хэмжээний савлагаа үүсч болох вэ гэдэг нь бидэнд асуулт хэвээр байна.
ТЕХНИК ШИНЖИЛГЭЭНИЙ ҮЗҮҮЛЭЛТ
Богино хугацаанд:
Ханш богино хугацаанд тодорхой “Channel”-д орсон байгаа ба аль нэг тийшээ сэтлэн гарахдаа хаашаа гарах вэ гэдэг нь суурь үзүүлэлтүүд болох 7,8 сарын мэдээллүүдээс хамаарахаар байна. Одоогийн “Channel”-ийн дээд хэсэг 2011, 2012 онд үүсч байсан тааз болох $1750 орчимд давхцаж буйг энд дурдъя.
Дунд, урт хугацаа:
Давалгааны онолын дагуу 2020/03 сарын уналтыг нэгэн доод тулах цэг байсан гэж үзвэл ханшийн өсөх давалгаа үүссэн гэж үзэж болно. Суурь үзүүлэлтүүдийн улмаас ханш одоогийн таазаас дээш гарч чадвал 2012 оны тааз болох 1900 орчимд очих боломжтой гэх таамаглал байна. Гэвч тус дээд төвшинд очсон тохиолдолд тодорхой хугацаанд засвар хөдөлгөөн хийх боломжтой билээ. [MOU1]
Дэлхийн томоохон байгууллагуудын (BNP Paribas, Goldman Sachs, Natixis, Commerzbank AG) гаргасан мэдээллийг авч үзэхэд 2020 оны 4-р улиралд хүрэх таамгийг 1550-1900 хооронд дэвшүүлж байна.
Жич: Суурь болон техник шинжилгээний үзүүлэлт нь уг нийтлэлийг бичиж байх үеийн зах зээлийн нөхцөлд байдал дээр үндэслэсэн шинжээчийн дүгнэлт ба дээр дурдсан зах зээлийн нөхцөл өөрчлөгдөх тохиолдолд өөрчлөгдөх боломжтой.
ХЭРХЭН ХӨРӨНГӨ ОРУУЛЖ БОЛОХ ВЭ?
Энэхүү урт нийтлэлийн дараа танд алтанд хөрөнгө оруулах санаа төрсөн бол доорх хэсэгт анхаарлаа хандуулна уу.
Алтыг та биет байдлаар буюу зоос, гулдмай зэргээр худалдан аваад хаа нэгэн газар хадгалуулж болно. Энэ нь танд тохиромжгүй санагдвал биет бус байдлаар буюу алтны компанийн хувьцаа, ETF, Futures, Warrant зэрэг санхүүгийн хэрэгсэл худалдан авч болно.
Жишээ болгон түгээмэл хэрэгслүүдийн талаар товч мэдээлэл өгье.
1. Алтны ETF худалдан авах
Алтыг та биржээс цаасан мөнгө байдлаар худалдан авч болно. Энэ нь хувьцаа эсвэл бонд авдаг шиг биржээс Алтны ETF-г худалдан авч болно гэсэн үг. Exchange Traded Fund буюу ETF гэдэг нь биржээр нэгж эрх нь нээлттэй арилжаалагддаг санг хэлэх ба таны оруулсан хөрөнгө оруулалтаар алтанд хөрөнгө оруулна. 2019 онд нийт 324 тн алтны эрэлт ETF-р дамжин бий болсон бол 2020 оны зөвхөн эхний улиралд 298 тн эрэлт үүслээ. Энэ нь тодорхойгүй байдал, эдийн засгийн уналт бий болоход хөрөнгө оруулагчид алтны хөрөнгө оруулалтыг илүү сонирхдогийн тод жишээ болов уу.
Алтны ETF-ны онцлог нь спот алтны ханшийн өөрчлөлтийг бараг шууд дагадаг. Хамгийн түгээмэл алтны ETF болох SPDR Gold Trust (GLD) ханшийн өөрчлөлт 13.6%, iShares Gold Trust (IAU) ханшийн өөрчлөлт 13.66% байгаа нь спот алтны ханшийн өөрчлөлттэй адил байна.
2. Алтны компанийн хувьцаа худалдан авах
Жич: Дээрх компаниуд нь өөр улсын биржид давхар бүртгэлтэй байж болно.
Алтны компаниудын үйл ажиллагаа 2020 он гарснаас хойш илүү сайжирч, хувьцаануудын үнийн өсөлт нь спот алтны ханшны өсөлтийг давсан байна. Үүнд алтны ханшны өсөлт (+13%) болон газрын тосны үнийн уналт нөлөөлжээ. 2020/04 сард эдийн засгийн сулралтай холбоотойгоор газрын тосны ханш суларч, бүр хасах утгад хүрч байсан билээ. Алт олборлолтын зардлын 60 орчим хувийг газрын тос, бензин эзэлдэг тул тус түүхий эдийн үнийн бууралт нь алтны компаниудын зардлыг бууруулсан байна. Иймд та алтны компанийн хувьцаа сонирхож байгаа бол алт болон газрын тосны ханшийг анхаарах хэрэгтэйг сануулъя.
3. Алтны компаниудын ETF худалдан авах
Хэрвээ танд аль нэг компанийн хувьцаа авах эрсдэл өндөртэй санагдаж байвал Алтны компаниудад хөрөнгө оруулдаг ETF худалдан авч болно. Тус төрлийн ETF-с хамгийн түгээмэл нь VanEck Vectors Gold Miners ETF (GDX) болно. Та тус бүтээгдэхүүнийг авснаар нэг компанийн биш 50 гаруй алтны компанийн хувьцааг зэрэг авч болно гэсэн үг. Үнэ нь ч харьцангуй боломжийн буюу 1 ширхэгийн үнэ $32 орчимд хэлбэлзэж байна.
Тухайлсан компаниудын ханшийн өөрчлөлтийг дээрх хүснэгтэд оруулсан бол доорх графикт GDX Болон GLD ханшийн 1 жилийн өөрчлөлтийн графикийг орууллаа.
АЛТАНД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫН ДАВУУ БОЛОН СУЛ ТАЛ
Та алтанд хөрөнгө оруулах талаар бодож байгаа бол дараах хүчин зүйлсийг авч үзэн, өөрийн шийдвэрээ гаргаарай.
Давуу тал
1. Эрсдэлээс хамгаалах бамбай болж болно. Эдийн засгууд унаж, тодорхой бус байдал нэмэгдэх үед хөрөнгө оруулагчдын аюулгүй сонголт гэж худалдан авдаг бүтээгдэхүүн.
2. Багцын төрөлжүүлэлт. Алтнаас бусад ихэнх санхүүгийн хэрэгсэл ихэвчлэн эдийн засгийн ерөнхий нөхцөл байдлыг дагадаг тул түүний эсрэг хөдлөх бүтээгдэхүүнийг эзэмших нь багцын төрөлжүүлэлт болно.
3. Инфляцын хамгаалалт. Алт инфляцд өртдөггүй.
4. Хөрвөх чадвар өндөр. Алтанд та гадаад улсын биржээр дамжин хөрөнгө оруулах учир Монгол улсын ямар ч хөрөнгө оруулалттай харьцуулшгүй хөрвөх чадвар өндөртэй. Жишээ нь алтны хамгийн том ETF болох SPDR Gold Shares (GLD)-ийн өдрийн дундаж арилжаа 13.2 сая доллар байна.
Сул тал
1. Алт таны төлөө ажиллахгүй. Энэ бол нэг төрлийн таваар.
2. Эдийн засаг өсөлттэй, томоохон улсуудын харилцаа тогтвортой байх үед ханш унах магадлалтай.
Энэ нийтлэлийг энэ хүрээд дуусгая. Дээр дурдагсан мэдээлэл нь хөрөнгө оруулалт хийх, зарах зөвлөгөө биш ба зөвхөн мэдээллийн чанартай бэлтгэгдсэн болно.

Хэрвээ та алт болон бусад төрлийн үнэт цаасыг олон улсын биржээр дамжуулан авахыг хүсвэл Апекс капитал ҮЦК-д хандана уу.
Хэрэв та гадаад арилжааны данс нээлгэхийг хүсвэл доорх холбоосоор нэвтэрч хүсэлтийг бѳглѳн илгээнэ үү. Бид бүхэн тантай холбогдох болно.
Данс нээлгэх анкет: https://bit.ly/gadaad-ariljaa
Таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг.
2020/06/18
Leave a Reply