Хуримтлал үүсгэж эхлэхэд таны цалин хангалттай биш санагддаг уу? Гэсэн хэдий ч та хуримтлал үүсгэж өөрөө өөртөө баялгийг бүтээж болно гэдгийг мэдэх үү?
Ковид 19 цар тахал гарснаас үүдэн эдийн засаг агшаад байгаа билээ. Цар тахлаас үүдсэн хөл хориог даган ажилгүйдэл, бизнесийн орлогын тасалдал, өрийн дарамт зэрэг нь айл өрх бүрд бэрхшээл болоод байгаа. Яг одоо Монгол улсад ч цар тахлын тохиолдол нэмэгдэж хөл хорио тогтоогоод байгаа билээ. Бизнесийн бараг бүх үйл ажиллагаа зогсоод байгаа гэхэд хилсдэхгүй биз ээ. Тэгэхээр бид энэ цаг үед өөрөөсөө заавал нэг асуултыг асуух хэрэгтэй. Танд яг иймэрхүү хүнд цаг үед хэрэглэхээр төлөвлөж байсан хуримтлал байсан уу? Хэрвээ байсан бол та үнэхээр аливаа эрсдэлээс өөрийгөө хамгаалж чаддаг хүн юм. Харин хараахан хуримтлал үүсгээгүй бол танд одоо ч боломж байгаа.
Танд хуримтлал үүсгэхэд ямар бэрхшээлүүд тулгардаг вэ?
Энэхүү асуултад ихэнх хүмүүс өөрийн орлого нөлөөлдөг гэж хариулдаг. Миллениалчуудын дунд явуулсан нэгэн судалгааны дүнгээс харахад хуримтлал үүсгэхэд хамгийн том саад нь тэдний орлогын төвшин гэж хариулсан байдаг. Уг судалгаанд оролцогчдын 41 хувь нь ямар нэгэн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулдаггүй гэж хариулсан байдаг. Магадгүй та хуримтлал үүсгэхгүйгээр өөрийн сард авдаг 1,000,000 төгрөгийн цалингаараа өнөөдөр маргаашаа болгоод интернет дэлгүүр хэсэн өөрт таалагдсан хувцас, гар утас гэх мэт өөрт нэн шаардлагатай биш үнэтэй гоё ганган материаллаг эд зүйлсэд бүх мөнгөө үрж болно. Гэхдээ та өөрийн хүүхэд байхдаа мөрөөддөг байсан мөрөөдөл өөртөө тавьж байсан зорилгоо нэг бодоод үзээрэй. Та өөрийн амьдралын хэвшлийг өөрчилж хуримтлал үүсгэж эхлэхгүй бол таны гадны их сургуульд мэргэжил дээшлүүлж сурах, мөрөөдлийн байшиндаа амьдрах зэрэг таны амьдралын хамгийн том зорилгууд тань хий хоосон том мөрөөдөл болж үлдэнэ гэдэгтэй эвлэрэх хэрэгтэй.
“Хүссэн амьдралаа бий болгоход тань туслах сайн бас бодитой зарчимтай байна гэдэг гайхалтай” хэмээн Рэй Далио өөрийн зарчмууд номондоо бичсэн байдаг билээ. Өөрийн хуримтлалыг бий болгоход ч мөн адил танд өөрийн гэсэн зарчим байх хэрэгтэй учир Апекс Капиталын зүгээс эрхэм харилцагч та бүхэнд энэхүү нийтлэлээр дамжуулан хуримтлал үүсгэх зарчмуудаас хүргэж байна.
Хуримтлал нь зөв хөрөнгө оруулалтын шийдвэрээс эхэлнэ.
Хэрвээ өөрийн зорилгодоо хүрч, мөрөөдлөө бодит болгохыг хүсвэл та яг одоо хуримтлалаа хийж эхлээрэй. Гэхдээ хуримтлуулж эхэлж байна гээд бүх мөнгөө банкны хадгаламжид хийгээд байх нь тийм ч тохиромжтой алхам биш юм. Яг өнөөдрийн байдлаар Монголын бүх банкны хадгаламжийн хүү бодлогын хүү буурсантай холбоотойгоор буураад байгаа билээ. Цаашид ч мөн банкны хадгаламж тийм ч ашигтай хөрөнгө оруулалт биш байна. Тэгэхээр та юунд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй вэ гэж бодож байна уу? Банкны хадгаламжаас гадна өөр олон санхүүгийн хэрэгсэл байдаг гэдгийг та мэдэх үү? Тухайлбал та өнөөдөр 10,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж эхлэх гэж байна гэж бодъё. Танд банкнаас жилийн 12%-ийн хүүтэй хадгаламж санал болгож, харин үнэт цаасны компаниас танд жилийн 16%-ийн өгөөжтэй бонд санал болговол та аль сонголтыг хийх байсан бэ? Эдгээр хөрөнгө оруулалтын өгөөжийг тооцон харьцуулж үзвэл та мөнгөө банканд хадгаламж хэлбэрээр байршуулбал 1 жилийн дараа хүүгийн орлогоос татварын 10%-ийг хасаад 1,080,000 төгрөгийн хүүн дээрээ хөрөнгө оруулалт хийсэн 10,000,000 төгрөгийн хамт нийт 11,080,000 төгрөгтэй болсон байх юм. Харин 16%-ийн өгөөжтэй бондыг худалдаж авбал бондын өгөөжөөс хүртсэн орлогынхоо 10%-ийг татварт өгөөд 1,440,000 төгрөгийн өгөөж дээрээ хөрөнгө оруулалт хийсэн 10,000,000 төгрөгийн хамт 11,440,000 төгрөгтэй болсон байх юм. Танд аль хувилбар илүү ашигтай байна вэ гэдгийг та хувьдаа тунгаан бодож үзээрэй.
Бренд эсвэл хуримтлал
Танд 2020 оны 7 сарын 1-нд 1000$ байна гэж бодоё. Та энэ мөнгөөр iPhone брендийн гар утас худалдан авахыг хүсэж байгаа. Гэхдээ таны одоо барьж байгаа гар утасны загвар нь тийм ч хуучин биш утасны программ нь ч таны хэрэгцээнд одоо ч тохирсоор байгаа бол шинэ утас авах гэж битгий яараарай гэж танд зөвлөе. Яагаад вэ гэж үү? Мэдээж таны хуучин утас одоо ч хэвийн ажиллаж хэрэглэж болж байгаа шүүдээ. Харин уг худалдан авалтын оронд танд санал болгох илүү сайн хувилбар байна. Та уг iphone утсыг үйлдвэрлэгч компани болох Apple компаний хувьцааг 2020 оны 7 сарын 1нд нэгж нь 91.03$-ийн ханш дээр өөрт байгаа 1000$-т тааруулан 10 ширхэгийг авлаа гэж бодоё. 7 сараас хойш өнөөдөр 11 сарын 26-ны өдөр уг авсан хувьцааны тань ханш нэгж нь 116.03$ болсон байна. Тэгэхээр таны хувьцааны хөрөнгө оруулалт өнөөдөр 1160.3$ болсон байна. Та 5 сар ч хүрэхгүй хугацаанд 160$ -ийн ашигтай хөрөнгө оруулалтыг хийсэн байна. Хэрэв та утас худалдаж авах сонголтыг хийсэн бол 5 сарын хугацаанд таны 1000$-ийн утасны үнэ унасан байх болно. Тиймээс та өөрийн хэрэгцээг зөв тодорхойлох нь хуримтлалаа үүсгэх бас нэгэн боломж юм.
Та хуримтлалыг өөрийн тогтмол зардлын нэг хэсэг болгох хэрэгтэй.
Та сарын 1,000,000 төгрөгийн цалин авдаг гэж бодъё. Та цалингаа аваад хүнсний эсвэл бэлэн хувцасны дэлгүүр орохоосоо өмнө сарын төсвөө тооцоолоорой. Байрны төлбөр, утасны төлбөр гэх мэт танаас зайлшгүй гарах чухал хэрэгцээтэй зүйлд зарцуулагдаж байгаа зардлыг жагсаан бичээрэй. Та өөрийн төсөвтөө өдөр бүр гадуур үдийн хоолоо идэх 10.000 төгрөг буюу 20 өдрийн хоолны зардал гээд 200.000 төгрөгийг бичиж байгаа бол та энэ зардлыг төсвийн дэвтрээсээ хасах бүрэн боломжтой. Учир нь та гэрээсээ хоолоо бэлдээд авч явж болно. Энэ сонголт нь хямд бөгөөд илүү эрүүл сонголт байх болно. Харин та хоолны зардлын оронд хувьцааны хөрөнгө оруулалт гэсэн шинэ листийг нэмээд хоолонд зарцуулах байсан 200.000 төгрөгөө бичиж болно. Харин та энэ 200,000 төгрөгөө зардлын дэвтрийнхээ хуримтлал хэсэгт сар бүр тогтмол бичих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл та хуримтлалаа тогтмол хийх хэрэгтэй гэсэн үг юм. Үнэт цаасны компанид хандаж байгаа ихэнх харилцагчид маань хувьцаанд хэдэн төгрөгтэй байж хөрөнгө оруулах вэ гэж үргэлж асуудаг. Танд хэлэхэд та өөрт байгаа автобусны 500 төгрөгөөр ч арилжаанд оролцох боломжтой. Хамгийн чухал зүйл нь та тогтмол хөрөнгө оруулалтыг хийж байх шаардлагатай. Та ямар компанийн хувьцааг худалдан авч байгаагаас шалтгаалан ханш өөр өөр байдаг. Тухайлбал та нэг өдрийн хоолны мөнгө болох 10.000 төгрөгөөр мандал даатгалын хувьцаанаас 48.90 төгрөгний ханш дээр 202 ширхэгийг авах боломжтой. Уг хөрөнгө оруулалтыг хийснээр та ч бас “Мандал Даатгал” хк- ийн хөрөнгө оруулагч болж байгаа юм. Та хувьцаанд хөрөнгө оруулсанаар ханшийн зөрүүнээс ашиг олох боломжтойгоос гадна тухайн компанийн зарласан ногдол ашигаас өөрт эзэмшиж байгаа хувьцааныхаа тоо ширхэгээс хамааран ашиг хүртэх боломжтой.
Эцэст нь таны хуримтлал үүсгэхгүй байгаа шалтгаан таны авч байгаа цалингийн хэмжээ огтхон ч биш юм. Дээрх нийтлэлээр танд 10,000 төгрөгөөр ч хөрөнгө оруулалт хийж эхлэн хуримтлалаа үүсгэх боломжтой гэдгийг хүргэхээр зорилоо. Хуримтлал нь урт хугацаанд тогтмол хөрөнгө оруулалтыг хийснээр таны ирээдүйд өөртөө бий болгох баялаг юм. Тиймээс та яг одоо өөрийн ирээдүйд зориулан хуримтлалаа үүсгэж эхлээрэй.
Leave a Reply