2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 248 удаагийн арилжаагаар 65.3 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.
Үүнд:
- 144 компанийн 353.2 сая ширхэг хувьцааг 53.9 тэрбум төгрөгөөр
- ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 5.8 мянган ширхэг үнэт цаасыг 586.8 сая төгрөгөөр
- Xөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн анxдагч болон xоёрдогч зах зээлийн арилжаагаар 50.4 сая ширхэг нэгж эрхийг 5.07 тэрбум төгрөгөөр
- Компанийн бондын анxдагч болон xоёрдогч заx зээлийн арилжаагаар нийт 57.9 мянган ширхэг бондыг 5.7 тэрбум төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна.
Нийт гүйлгээний үнийн дүнгийн 82.47%-ийг хувьцааны арилжааны гүйлгээний дүн, 0.9%-ийг ЗГҮЦ-ны арилжааны гүйлгээний дүн, 7.76%-ийг Xөрөнгө оруулалтын сан нэгж эрхийн арилжааны гүйлгээний дүн, 8.87%-ийг Компанийн бондын арилжааны гүйлгээний дүн тус тус эзэлж байна.
2019 онд:
Идэвхтэй арилжаалагдсан /ширхэгээр/ –ЛЭНДМН ББСБ ХК 73,340,420.0
Хамгийн ханшийн өсөлттэй ХК-МОНГОЛ ДААТГАЛ /2,500.00% өсөлт/ тус тус тодорлоо.
Монголын хөрөнгийн биржийн шинэ хувьцаанууд
2020 онд “Бодь Даатгал ХК” болон “Монгол Даатгал ХК” компаниуд Монголын хөрөнгийн биржид бүртгэгдэн нээлттэй хувьцаат компаниуд болж МХБ-ийн бүтээгдэхүүний тоог нэмлээ. Бодь Даатгал ХК-ийн хувьд олон нийтэд болон стратегийн хөрөнгө оруулагчдад нийт хувьцааныхаа 20 хувь буюу 47 сая ширхэг хувьцааг санал болгон нээлттэй хувьцаат компани болж бас нэгэн даатгалын компани хөрөнгийн зах зээл дээр шинэ бүтээгдэхүүн болон гарсан байна.
“Монгол Даатгал” компанийн хувьд IPO хийн, олон нийтээс мөнгө таталгүйгээр МХБ-д бүртгэлтэй байсан “Хорго Хайрхан” ХК-тай нэгдэх замаар нээлттэй хувьцаат компани болсон.
Хөрөнгө оруулалтын сан-шинэ бүтээгдэхүүн
Монголын хөрөнгийн биржид анхны “Хөрөнгө оруулалтын сан” бүртгэгдэв. Хөрөнгө оруулагчид “Хөрөнгө оруулалтын сан”-гийн нэгж эрхийг худалдан авснаар эрсдэлээ тараан байршуулж, багц хувьцаанд хөрөнгө оруулах замаар хөрөнгө оруулалтын оновчтой удирдлагаар хангагдах боломжтой боллоо. Мөн дотоодын зах зээлд нэн шаардагдаж буй урт хугацааны мэргэжлийн хөрөнгө оруулагчдын бааз суурь бүрэлдэхэд ач холбогдолтой юм. Тус бүтээгдэхүүний жишиг зах зээлд ийнхүү тогтсон нь бусад мэргэжлийн байгууллагуудад шинэ боломж нээхийн сацуу хөрөнгө оруулагчдад шинэ бүтээгдэхүүн сонгох ирээдүйн боломжийг ч мөн нээлээ.
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас
Монголын хөрөнгийн биржид 2020 онд анх удаа Хөрөнгөөр Баталгаажсан Үнэт Цаасыг бүртгэсэн үйл явдал боллоо. Өмнө нь Монголын зах зээл дээр зөвхөн үл хөдлөх хөрөнгийн зээлээр баталгаажсан үнэт цаас бүртгэлтэй байсан нь “МИК Актив Нэг ТЗК” ХХК-ийн гаргасан үнэт цаас юм. Тэгвэл Монголын хөрөнгийн биржээс 2020 онд Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны бүртгэлийн журмыг баталж 2020 оны 11-р сард анхны автомашины зээлээр баталгаажсан үнэт цаасыг бүртгэсэн нь Инвескор ББСБ болон Микрокредит ББСБ-ийн хамтран байгуулсан “Инвескор актив ТЗК” ХХК-ийн гаргасан үнэт цаас байв. 2021 оны 1-р сарын 13-14 өдрүүдэд МХБ-ээр тус үнэт цаасны андагч зах зээлийн арилжааны захиалга явагдаж амжилттай хаагдсанаар 1-р сарын 22-ны өдрөөс эхлэн хоёрдогч арилжааг нээсэн. Ингэснээр санхүүгийн байгууллагууд гэрээгээр баталгаажсан ирээдүйн авлагаа барьцаалан шинэ санхүүжилт татах, хөрөнгө оруулагчид МХБ-ээр дамжуулан нээлттэй бондоос гадна тогтмол өгөөж, тогтсон хугацаатай бүтээгдэхүүн худалдан авах боломж нээгдлээ.
Нээлттэй бонд-татварын хөнгөлөлт
ЛэндМН ХК 2020 онд 5 тэрбум төгрөгийг нээлттэй бонд байдлаар МХБ-ээр дамжуулан татсан билээ. Монгол Улсын Татварын багц хуулиуд шинэчлэгдэж, нээлттэй өрийн бичгийн хүүгийн орлогод ногдох албан татвар 10 хувиас 5 хувь болж буурсны дараа гарч буй анхны нээлттэй бонд юм. Нээлттэй бондыг хугацааны дундуур хөрөнгийн биржээр дамжуулан зарах, эзэмшсэн хугацааны өгөөжөө бүрэн авах боломжтой байдаг нь хадгаламжтай харьцуулахад давуу тал бий болгодог. Мөн шинэ хөрөнгө оруулагч хугацааны дундуур худалдан авах боломжтой тул хөрвөх чадвар өндөр үнэт цаас юм.
Монголын хөрөнгийн биржээс Торонтогийн биржрүү хувьцаа хөрвүүлэв
МХБ, СЗХ-ны зүгээс холбогдох журмуудыг баталснаар давхар бүртгэлтэй хувьцааг улс хооронд хөрвүүлэн арилжаалах боломжтой болов. Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн-ийн Канад Улсын Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй 263,885,433 ширхэг хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд нэмж бүртгэхээр шийдвэрлэсэн билээ. Хувьцааг нэмж бүртгэснээр Монгол болон Канад Улсын иргэн аж ахуйн нэгж өөрийн эзэмшлийн Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн-ийн хувьцааг Торонтогийн бирж болон Монголын хөрөнгийн биржээр дамжуулан чөлөөтэй арилжаалах нөхцөл бүрдсэн.
Ингэснээр гадаадын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд дотоодын биржид хувьцаагаа давхар бүртгүүлэх сонирхлыг нэмэгдүүлж, хөрөнгийн зах зээлд шинэ төрлийн бүтээгдэхүүний төрөл нэмэгдэх хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хамгаалагдах, хөрвөх чадвар нэмэгдэх, гадаадын хөрөнгө оруулалтыг дотоодын хөрөнгийн зах зээлд татах ач холбогдолтой үйл явдал боллоо.
Засгийн газар олон улсад шинэ бонд гаргав
Засгийн газар 5.5 жилийн хугацаатай жилийн 5.125 хувийн купонтой 600.0 сая ам.долларын “Номад” бондыг гаргав. Ингэснээр 2016 оны 4 дүгээр сард гаргасан жилийн 10.875 хувийн купонтой “Мазаалай”, 2012 оны 12 дугаар сард гаргасан 5.125 хувийн купонтой “Чингис” бондын тодорхой хэсгийг” тус бондоор солин дахин санхүүжүүлэн өндөр хүүтэй бондыг бага хүүтэй шинэ бондоор сольж буй үйл явдал боллоо. Мөн жил бүр гадаад бондын хүүгийн зардлаас 26.7 сая ам.долларыг хэмнэх боломжтой болж, 2021-2022 онуудад эргэн төлөгдөх нийт 1.5 тэрбум ам.долларын төлбөрийн дарамтыг бууруулан эргэн төлөх хугацааг 5.5 жилээр хойшлуулсан байна.
OTC буюу биржийн бус зах зээл
Үнэт цаасны зах зээл нь биржийн болон биржийн бус (OTC) гэсэн хоёр төрөлтэй байдаг.
Биржийн бус зах зээл нь компанид банкны өндөр хүүтэй зээл авалгүйгээр хямд өртгөөр, богино хугацаанд бас нэгэн зохицуулалттай зах зээлээс санхүүжилт татах, хөрөнгө оруулах нэмэлт боломжийг өгдөг билээ.
Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоонд OTC зах зээл хөгжүүлэх хэсэг 2020 онд байгуулагдсан. 2020 онд биржийн бус зах зээлийг хөгжүүлэх ажлын хүрээнд биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журмыг боловсруулан, холбогдох яамны шийдвэрийг хүлээж байна. OTC зах зээл бий болсноор одоо арилжаалагдаж буй хаалттай бондуудыг нэгдсэн бүртгэл, системд орох, зохицуулалт нэмэгдэх зэргээр эрсдэлийг бууруулах, хөрөнгө оруулагчдад тогтмол хүү, хугацаатай бүтээгдэхүүний сонголт нэмэгдэх давуу талтай юм.
2020 оны ТОП-20 индекс
2020 онд ТОП-20 индекс -1.7% бууралт үзүүлсэн бол MSE-A индекс -3.2%, MSE-B индекс -4.3% бууралттай байв. Үнэт цаасны зах зээлийн чиг хандлагыг тодорхойлогч гол үзүүлэлт болох ТОП-20 индексийн сагсыг жилд 1 удаа шинэчлэн тооцоолдог билээ. 2019 оны үзүүлэлтээр ТОП-20 индексийн сагсыг шинэчлэхэд өмнөх сагсанд багтаж байсан 13 компани хэвээр үлдэж, Гутал ХК, Айтүүлс ХК, Хай Би Ойл ХК, Женко тур бюро ХК, Махимпекс ХК, Дархан Нэхий ХК, Талх чихэр ХК-иуд хасагдаж, шинээр Ард кредит ББСБ ХК, Монос хүнс ХК, Түмэн шувуут ХК, Шарын гол ХК, Улсын их дэлгүүр ХК, Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн ХК-иуд нэмэгдэн шинэчилсэн сагсыг бүрдүүлсэн байна.
DVP зарчим буюу Т+2 горим
2020 онд төлбөрийн эсрэг нийлүүлэлт DVP зарчим буюу Т+2 горим төлбөр тооцооны шинэ систем хувьцааны арилжаанд шинэчлэл хийлээ. DVP системд шилжихээс өмнө нь хувьцаа авах, зарах тохиолдолд төлбөр тооцоо Т+1 системээр буюу арилжаа явагдсанаас 1 өдрийн дараа явагддаг байсан.
Шинэ систем нэвтэрснээр арилжааны төлбөр тооцоо арилжаа хийгдсэнээс 2 өдрийн дараа явагддаг болсон.
Шинэ системийн давуу тал нь арилжаанд оролцогч нь өөрийн харилцдаг брокерийн компаниар дамжуулан маржинтай арилжааг хийх боломжтой юм. Өөрөөр хэлбэл та өөрийн харилцдаг брокерийн компаниар эрсдэлийн үнэлгээг хийлгэсний үндсэн дээр хувьцаа худалдан авах үедээ 100%-с бага буюу төлбөрийн 50,60,70%-ыг байршуулах, дараа өдөр нь гүйцээн төлөх, эсхүл тодорхой хэмжээний ашиг хүртэн төлбөр тооцоо хийгдэхээс өмнө авсан хувьцаагаа заран эцэст нь цэвэршүүлсэн дүнгээр (авсан дүнгээс зарсныг хассан) төлбөр хийх боломжтой юм.
Монгол улс ФАТФ -ын саарал жагсаалтаас гарлаа
2019 оны 10 дугаар сард Монгол Улсыг ФАТФ-ын жагсаалтад оруулсантай холбоотойгоор Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 172 дугаар захирамжаар ФАТФ -ын жагсаалтаас Монгол Улсыг гаргах талаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж эхэлсэн. Үүний хүрээнд хэд хэдэн төрлийн хууль, журмуудад сайжруулалт оруулан олон улсын стандартад нийцүүлж шинэчлэлүүдийг хийсэн байна.
Ингэснээр 1 жилийн дараа буюу санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалт буюу “Саарал жагсаалт”-аас гаргахаар шийдвэрлэснээ мэдэгдсэн.
Тэтгэврийн реформ
2019 онд Монгол улсад Тэтгэврийн Реформ Хөдөлгөөн эхэлж 2020 оны томоохон хүлээлтүүдийн нэг нь хувийн тэтгэврийн сангийн тухай хууль батлагдах байсан билээ. Гэсэн хэдий ч одоог хүртэл хувийн тэтгэврийн сангийн тухай хууль батлагдаагүй байгаа юм.
Хувийн тэтгэврийн сангууд бий болсноор хөрөнгө оруулалтын бодлогын дагуу хөрөнгийн биржийн бүтээгдэхүүнүүдэд хөрөнгө оруулах замаар хөрөнгийн зах зээлийг шинэ шатанд хүргэх, тэтгэврийн хуримтлалаас өндөр өгөөж хүртэх, ядуурлын төвшин болон орлогын тэгш бус байдлыг бууруулах зэрэг нөлөөлөлтэй.
Хэрэв тус хууль батлагдвал хөрөнгийн зах зээлд жилд 30-40 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх санхүүгийн нөөц боломж бий болно. Ингэснээр дотоодын зах зээлд том хөрөнгө оруулалт хийх боломжтой болж, түүнийг даган хөрөнгө оруулалт татах компаниуд бий болж хөрөнгийн зах зээл сонгодог утгаараа хөгжих үүд нээгдэнэ.
Банкууд хөрөнгийн зах зээлд
2020 онд банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн билээ. Банкны тухай хуулийн төсөлд банк нь зөвхөн хувьцаат компани хэлбэртэй байх тухай, аливаа этгээд банкны саналын эрхтэй хувьцааны 20-иос дээш хувийг эзэмшихийг хориглох тухай, банкны жижиг хувьцаа эзэмшигч, даатгагдсан хадгаламж эзэмшигчийн эрхийг нэхэмжлэлийн дараалалд өөрчлөлт оруулж хамгаалах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна. Уг хуулийн төсөл батлагдсанаар банканд өмчлөл, удирдлагын хэт төвлөрсөн байдал буурч, банкны үйл ажиллагаа нээлттэй, ил тод болж хөрөнгийн зах зээлийн хөгжилд дэмжлэг болох юм.
Хүүгийн бууралт- Хөрөнгийн зах зээлийн эрэлт
2020.11.23-ны өдөр Монгол банкны Мөнгөний бодлогын хорооны хурлаар бодлогын хүүг 6 хувьд хүргэн бууруулсан нь түүхэн доод хэмжээ болов. Бодлогын хүүгийн бууралт нь бүх төрлийн хүүг бууруулах суурь нөхцөл болж 2021/01/20-ны байдлаар бүх төрлийн хадгаламжийн хүү өмнөх оны мөн үеэс 3 нэгж орчим дүнгээр буурсан бол зээлийн хүү 1.2 нэгж хувиар буурчээ. Энэ нь хөрөнгө оруулагчдыг хадгаламжаас бусад төрлийн хөрөнгө оруулалтууд болох хөрөнгийн зах зээлийн хувьцаа, бонд зэрэг бусад үнэт цаасыг сонирхох, хөрөнгө оруулах суурь түлхэц болж байна.
Leave a Reply