📞 7510-7500

✉️ investment@apex.mn

НИСЭХИЙН САЛБАР БА “MESA AIR GROUP”

Цар тахлын улмаас 2020 онд нислэгийн компанийн хувьцаанууд томоохон уналтыг үзүүлж одоог хүртэл цар тахлын ѳмнѳх тѳвшинд сэргэж амжаагүй явна. Гэвч нислэгийн “Capacity Purchase Agreement” буюу онгоц, нисгэгч болон үйлчилгээний багаа түрээслэн орлого олдог “Mesa Air Group” 2020 онд ашигтай ажиллаж чадсан. Энэхүү компанийн талаар дэлгэрэнгүй ярихаас ѳмнѳ, ѳнѳѳдрийн нисэхийн салбарын нѳхцѳл байдалд анхаарлаа хандуулъя.

“JETS” нь “Southwest Airlines”, “American Airlines”, “Air Canada” гэх томоохон дэлхийн хэмжээний томоохон нислэгийн компаниудын хувьцааг багцалсан ETF буюу багц бүтээгдэхүүн юм. 2020 оны 3-р сарын үеэр барууны орнуудаар Ковидын халдвар эрчимжих үед энэхүү ETF нь хүчтэй уналтыг үзүүлсэн ч аажмаар сэргэсээр байна.

Дэлхий даяарх нислэгийг шууд хянадаг “Flightradar 24” вебсайтын мэдээллийг харахад 2021 оны нислэгийн тоо (хараар тэмдэглэсэн) 2020 оны мѳн үеэс харьцангуй олон нислэг үйлдсэн үзүүлэлттэй байгаа ч 2019 онтой харьцуулахад олон тооны нислэгээр дутуу байна. Дэлхий даяарх нислэгийн тоо нь вакцины үр дүнгээс шууд хамаарч байгаа тул вакцинжуулалтын тоо болон ѳдѳрт илэрч буй ковидын халдварын тоонд анхаарлаа хандуулж байх нь зүйтэй.

Нэг ѳдѳрт илэрч буй тохиолдлын тоо 2020 оны 4-р сартай харьцуулахад буурсан үзүүлэлттэй байгаа ч, энэхүү тоо үргэлжлүүлэн буурах эсэх нь вакцины зорилтот тоо хэр амжилттай байгаагаас шалтгаалах юм.

Тухайн орны иргэдийн бүрэн вакцинд хамрагдсан хувиар авч үзэхэд тѳдийлѳн олон орон харагдахгүй байгаа нь нисэхийн салбар бүрэн хэвийн байдалд ороход тодорхой хугацаа шаардагдахаар байна. Гэсэн хэдий ч ковидын хариу арга хэмжээ үргэлжилсээр байгаа тул тус салбар аажмаар сэргэх хандлагатай байна.

Энэхүү компанийн судалгаа материал нь зѳвхѳн имэйл хаягаа бүртгүүлсэн хүнд очиж байгаа тул та энд дарж имэйл хаягаа бүртгүүлж материалыг авна уу.

2020 оныг 2019 онтой харьцуулахад АНУ-ын томоохон нислэгийн компаниудын орлого ойролцоогоор 60%-иар багассан.

Цѳѳн тооны нислэгийг дагаад дэлхий даяар нислэгийн компаниудын орлого татарч 2019 онд цэвэр ашигтай ажиллаж байсан нислэгийн компаниуд алдагдал ихтэй 2020 оныг дуусгасан.

Гэсэн хэдий ч “Mesa Air Group”-ийн хувьд 2020 оны орлого бууралттай байсан ч цэвэр ашигтай ажиллаж чадсан нь анхаарал татаж байна. Компанийн үндсэн үйл ажиллагаа нь “Capacity Purchase Agreement (CPA)” буюу онгоц, нисгэгч, үйлчилгээний багаа “American Airlines”, “United Airlines” болон “DHL” компаниудад түрээслүүлэх байдлаар гэрээ байгуулан орлого олдог юм. “CPA” гэрээнд суурилсан үйлчилгээ нь АНУ-д ѳргѳн хэрэглэгддэг ба Европын орнуудад саяхнаас нэвтэрч эхэлж байна.

Энэхүү гэрээний давуу тал нь онгоцны буудлын зардал, түлш, даатгал, онгоц эзэмшлийн татвар, газардах зардал, зарим тохиолдолд онгоцны их бие, хѳдѳлгүүрийн болон бусад холбоотой зардлуудыг онгоц түрээслэн ашиглаж буй компани тѳлѳх нѳхцѳлтэй ба яаралтай тохиолдолд “Mesa Air Group” зардлыг гаргах тохиолдолд дараа нь түрээслэгч компаниудаас нэхэмжлэх нѳхцѳлтэй юм. Үүний үр дүнд “Mesa Air Group” компанийн орлого тогтвортой байдаг ба компанийн хувьсах зардлуудыг бага байлгах нѳхцѳлийг бүрдүүлж байна.

Сүүлийн улирлын байдлаар энэхүү компани нь 164 онгоцтой бѳгѳѳд ѳдѳр тутам 440 орчим нислэг үйлддэг. Мѳн нийт 3,111 ажилтантай ба нисгэгч, үйлчлэгч нарыг бэлтгэх үйл ажиллагааг давхар явуулж байна. Тус компани нь Колумб, Мексик, Багамын арал, Канад, зэрэг нийт 38 муж улсын 112 хотод хуваарьт зорчигч болон ачаа тээврийн нислэг үйлдэж байна.

Нийт 164 онгоцны 96-г “United Airlines” компанийн “United Express” нэрэн дор нисгэдэг. Харин 64 онгоц нь “American Airlines” компанийн “American Eagle” нэрэн дор нисдэг бол ачааны “Boeing 737” загварын 3 онгоцыг “DHL” компанитай байгуулсан гэрээний дагуу нисгэж байна. Мѳн “Bombardier CRJ100” загварын 1 онгоцыг ѳѳрсдийн “Mesa Airlines” нэрэн дор ашиглан зорчигч тээвэрлэх үйлчилгээг үзүүлж байна.

Компанийн зах зээлийн үнэлгээ нь ѳнѳѳдрийн байдлаар $383 сая орчим боловч тухайн компанийн 2020 онд олсон орлого нь $545 сая байгаа нь зах зээлийн үнэлгээнээс давсан орлогыг нэг жилийн дотор бий болгож гэсэн үг юм. Хэвийн үед ѳсѳлт үзүүлж байсан компанийн хувьд хямдаар үнэлэгдэж байна гэж үзэж болох юм.

Цар тахлын улмаас 2020 оны санхүүгийн жилд АНУ-ын засгийн газраас $83.8 саяын тусламж авсан ба энэхүү мѳнгѳн тусламж нь ажилчдын бүх цалингийн зардалд шууд зориулагдсан юм. Мѳн $83.8 сая нь 2020 оны орлого гэдгээр бүртгэгдсэн. (“Mesa Air Group”-ийн санхүүгийн жил нь 9-р сараар дуусдаг) Тиймээс, засгийн газрын дэмжлэгийг хасвал компанийн ѳѳрийн үйл ажиллагаагаар олсон орлого нь $461.2 сая болох юм.

Хэдийгээр бусад нислэгийн компаниудтай харьцуулахад орлого олох хэлбэр нь ѳѳр ч гэсэн “American Airlines”, “United Airlines” гэсэн 2020 онд алдагдалтай ажилласан компаниудтай харьцуулахад “Mesa Airlines” гэрээний дагуу тогтвортой орлого олж байсан нь үйлчилгээний гэрээний нѳхцѳл “Mesa Air Group”-ийн талд илүү ашигтай байж чаддаг гэж таамаглаж болох юм. Учир нь 2020 оны цар тахлыг давагдашгүй хүчин зүйл гэж үзэн хамтран ажиллагч байгууллагууд тѳлбѳрѳѳ тѳлѳхгүй байх боломжтой байсан ч ашигтай ажиллаж чадсан нь давуу тал болж байна.

Энэхүү компанийн анхаарах зүйл нь богино хугацаат ѳр тѳлбѳрийн хэмжээ нь бэлэн мѳнгѳ болон богино хугацаанд бэлэн мѳнгѳ болох боломжтой хѳрѳнгийн хэмжээнээс бага байгаа нь юм.

Гэсэн хэдий ч энэхүү зѳрѳѳ нь тогтмол байсаар ирсэн нь компанийн үйл ажиллагааны онцлогоос шалтгаалсан гэж үзэн ноцтой асуудал гэж үзэхгүй байх боломжтой юм.

Цар тахлын үеэр орлогын хомсдолд орсон компаниуд шинэ онгоцонд хѳрѳнгѳ зарцуулахаас илүүгээр “Mesa Air Group” болон түрээсийн үйлчилгээ үзүүлдэг тѳстэй компаниудтай хамтран ажиллах нь илүү хэмнэлттэй байж болох юм. Энэ шаардлагын дагуу компанийн цаашдын үйл ажиллагаа ойрын хугацаанд тогтвортой ѳсѳлт үзүүлнэ гэж үзэж байна. Мѳн нислэг улам идэвхтэй болох тусам тус компанин нь илүү нислэгийн орлого олох боломж нээгдэх юм.

Энэхүү компанийн судалгаа материал нь зѳвхѳн имэйл хаягаа бүртгүүлсэн хүнд очиж байгаа тул та энд дарж имэйл хаягаа бүртгүүлж материалыг авна уу.

Энэхүү нийтлэлд агуулагдсан мэдээлэл нь зѳвхѳн мэдээллийн шинж чанартай бa ав, зар гэсэн зѳвлѳгѳѳг ѳгѳѳгүй болно. Хувьцаа, опцион гэрээ, таваарын бүтээгдэхүүнүүд нь мѳнгѳ алдах эрсдэл дагуулдаг тул арилжааны үр дүнд гарч болох эрсдэлийг тооцон хѳрѳнгѳ оруулалтын шийдвэрийг гаргана уу.

Хѳрѳнгѳ оруулалтын багц үүсгэснээр эрсдэлийг тараан байршуулах боломжтой ч ашгийн баталгаа болохгүй ба уналттай зах зээлд алдагдлаас хамгаалах баталгаа болохгүй.

“Апекс капитал ҮЦК” ХХК нь санхүүгийн зохицуулах хорооны тусгай зѳвшѳѳрлийн дагуу брокер, андеррайтер, зѳвлѳх, гадаад арилжааны үйлчилгээг үзүүлж байна.

Апекс капитал ҮЦК ХХК

Leave a Reply

Blog at WordPress.com.

%d bloggers like this: