Дэлхийд анхны хувьцаат компани 1602 онд байгуулагдаж, нэгж компанийн хувьцааг үйл ажиллагаанд нь оролцдоггүй олон тооны хөрөнгө оруулагч эзэмших боломж анх бүрдсэн. Хөрөнгө оруулагчдын хувьд мэдээж тухайн компанийн хийж бүтээж буй үнэ цэнээс хүртэх, ашиг авч хөрөнгөө өсгөх зорилгоор хөрөнгө оруулалт хийх хамгийн төгс хувилбар нь компани, түүний хувьцааг эзэмших. Учир нь компани бол бүтээмжийн төгс механизм.
Бий болоод 400 жил болж буй хувьцаат компани, хөрөнгийн зах зээл гэх ойлголт техник, технологи хөгжсөн 21-р зуунд Монголд яагаад хөгжөөгүй, цөөхөн хэдэн компанийг эс тооцвол хувьцаат компаниудын ашигт ажиллагаа, хөрвөх чадвар муу байгаа нь … Монголд хувьцаат компани гэх ойлголтыг хөрөнгө оруулалт хийж, оролцоо бий болгож ашиг хүртэх хөрөнгө гэхээс илүү нийтээр нь үнэгүй тараан бий болгосоноос улбаатай байх. Тухайн үед цөөхөн хэдэн овсгоотой иргэд л хөрөнгө, нөөцтэй компаниудын хувьцааг цуглуулж эзэмшсэн нь ч бас нөлөөтэй, энэ нь одоогийн зах зээлийн нөхцөл байдал болон нийт хувьцааны 90.4 хувийг нийт хувьцаа эзэмшиж буй хүмүүсийн 0.25 хувь нь эзэмшиж буйгаас харж болохоор байна.
Хөгжсөн хөрөнгийн зах зээл дээр хувьцааны хөрвөх чадвар өндөр, мэдээллийн хүртээмж ил тод байдал сайн, бизнес эрхлэгчдэд санхүүжилт татах өргөн боломжтой байдаг.
Тэгвэл мэргэжлийн буюу институцийн хөрөнгө оруулагчид олноор бий болсноор хөрөнгө оруулалт илүү хурдсаж дээрх хөгжсөн гэх төвшинрүү хүрдэг болохыг дараах жишээнээс харж болохоор байна. Америкийн хөрөнгийн зах зээл дээр нийт арилжаалагдаж буй хувьцаанаас институцийн удирдаж буй хөрөнгийн хэмжээ 1950 онд 8 хувь, 2010 онд 67 хувь байсан бол 2020 оны байдлаар 85 хувь болж, хувь иргэд хөрөнгө оруулалтыг шууд оруулахаас илүүтэй мэргэжлийн компаниудаар дамжуулан хөрөнгө оруулалтаа удирдуулж байна. Ингэснээр санхүүгийн зах зээл дэх институцийн хөрөнгө оруулагчдын үзүүлэх нөлөө улам бүр өсч, зах зээлийн хэмжээ, хөрвөх чадварыг нэмэгдүүлж байна.
Дотоодын институцийн хөрөнгө оруулагчид илүү хөгжиж хүчтэй болсноор:
- Судалгаа мэдээлэл дээр үндэслэн хөрөнгө оруулалтын бодлогын хүрээнд шийдвэр гарган системийн төвшинд эрсдэл буурах,
- Стандарт шаардлагын дагуу мэдээллийн ил тод байдал, хүртээмж, давтамж сайжирна,
- Эзэмшиж буй хувь оролцооноос хамаарч компанийн удирдлагын төвшин, шийдвэр гаргалтад илүү оролцож бизнесийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх,
- Хувьцаа гаргасан компаниудын менежментийн хариуцлагыг сайжруулан үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх,
- Нийт зах зээлийн хувьд багтаамж, үнэлгээ өсөх,
Дээр дурдсанчлан институцийн хөрөнгө оруулагчид нь хөрөнгө оруулалт хийсэн компанидаа илүү нөлөө үзүүлэн компанийн засаглалыг нь сайжруулснаар оролцогч бүх талуудад харилцан ашигтай.
Хоёр буюу түүнээс дээш тооны томоохон хувьтай, хүчтэй хувьцаа эзэмшигчидтэй байж компанийн засаглал сайн байснаар компани хэрхэн өсч хөгжиж буйг хамгийн ойрын жишээ Монгол компаниуд “АПУ” ХК , “Мандал даатгал” ХК -аас харж болохоор байна. Учир нь сүүлийн 3 жилд хөрөнгийн биржийн “А” ангиллын хувьцааны индекс 10 хувь өсөлттэй байхад “АПУ” ХК 58.5 хувь, “Мандал даатгал” ХК 72.9 хувийн өсөлттэй байна. Иймд ямартай ч таны хөрөнгө оруулалт хийх компанид хэд хэдэн томоохон хувьцаа эзэмшигч байх нь жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хамгаалагдах хамгийн эхний алхам болох нээ.
Цаашлаад хувь хөрөнгө оруулагчдын хувьд шууд дангаараа нэг компанийн хувьцааг авахаас илүүтэй мэргэжлийн багийн удирдаж буй санд нэгдэн, тэднээр хөрөнгөө удирдуулснаар эрсдэл, өртөг зардлаа бууруулан хөрөнгө оруулалтын өгөөж болоод өөрийн хөгжил, хувийн амьдралд гаргах цагаа нэмэгдүүлэх шалгарсан хувилбар юм.
Leave a Reply