Орчин үеийн залуус гэдэг нэршил миллениалуудаас GEN Z үеийнхэнрүү шилжиж байна. Энэ нэршилдээ утгаар нь тохирч “орчин үеийг” нийгэмд таниулж буй тэд юу гэж бодож, сэтгэж байна вэ?
Хэл, хөлд орохоосоо өмнө л ухаалаг үйлдэлт хэрэглээний эзэн болсон энэ үеийнхэн зах зээлийн бүхий л трендийн гарал үүслийг тавьж “Залуу үеийнхнээ сонсох” нь илүү байдаг цаг үеийг бидэнд авчраад байна.
Санхүү хөрөнгийн зах зээлд ч мөн адил тэдний дуу хоолой эртнээс сонсогдож эхэлж байгаа нь өдгөө тэд 23, 24 настайдаа тэрбумтнуудын эгнээнд шилжиж сая сая долларын хөрөнгө оруулалтын сангуудыг хариуцлагатайгаар удирдаж байгаагаас харагдаж байна. Тэд нэг өдрийн дотор энэ өндөр амжилтад хүрээгүй нь лавтай. Тэдний түүхийг харахад 16, 17-тойгоосоо өөрсдийн сурч, хөгжих насны оргилыг хөрөнгийн зах зээл гэдэг далайн гүнрүү ороход зарцуулж чадсан нь харагдаж байна. Монгол залуус ч мөн адил эрт эхэлж, туршлага хуримтлуулж зах зээлд хөл тавих нь ирээдүйн амжилтын эх үүсвэр болно гэдгийг харуулж байна.
Тэдний нэг болох 17 настай Апекс Капиталын харилцагч Мөнхжин, үе тэнгийн найзууддаа болон “ахмад” настнуудаа зориулан хөрөнгө оруулалтын зах зээлийн талаар бидэнтэй хуваалцсаныг хүргэж байна.
“Хөрөнгө оруулж эхлэхэд хэзээ ч ОРОЙТДОГГҮЙ бас ЭРТДЭХГҮЙ”
“Сурахад хэзээ ч оройтдоггүй гэдэг бол хөрөнгө оруулж эхлэхэд хэзээ ч эртдэхгүй”.
Монголын 90-ээд оны нийгэм дэх хөрөнгө оруулалтыг санацгаая…
Зах зээл эхлэж байх үед Монголд өмч хувьчлал явагдсантай холбоотой бидний өвөө эмээ, аав ээж нарт цэнхэр болон ягаан өнгийн тасалбарууд өгсөн ба тэрхүү тасалбарууд нь компаниудын хувьцаа худалдан авах, эсвэл тэрхүү тасалбаруудаа бэлэн мөнгө болгож болох боломжууд байсан ч үүний талаар хангалттай мэдлэг, мэдээлэл байхгүйн улмаас дийлэнх нь тасалбаруудаа үнэгүйдүүлж, хаяж гээгдүүлсэн харамсалтай тохиолдол байдаг. Хэрвээ тэр үед тэд үүний үнэ цэнийг ойлгож, боломжоо ашиглаж Монголын өсөлт өндөртэй зөв компаниудын хувьцааг тасалбараараа авчихсан бол өдийд тухайн компанийхаа хувьцаанаас өгөөж хүртээд байж байх байсан биз ээ.
Харин өнөө үед тал хагас хувь нь хөрөнгө оруулалт бол мөнгөө өсгөх шилдэг арга гэдгийг аль хэдийнээ ухаарч, үнэт цааснуудад хөрөнгө оруулаад эхэлчихсэн бол зарим нь яг л өмнөх үе шиг одоог хүртэл хувьцаа, бонд гэж юу болохыг мэдэхгүй, хөрөнгө оруулалт хэрхэн хийх талаар ямар ч мэдлэггүй эсвэл хөрөнгө оруулалт нь маш эрсдэлтэй гэх мэтчилэн үзэж мөнгөө бага хүүтэй банкны хадгаламжид хадгалуулах эсвэл цалиндаа найдах гэсэн сонголтоор амьдарсаар байна. Энэ нь ч мөн дийлэнх залуу үеийнхэнд сөргөөр нөлөөлж хөрөнгө оруулалтын талаарх мэдлэг, мэдээлэл багатай, буруу ойлголттой болгосоор байна.
Хөрөнгө оруулалт гэдэг бол өөрийн мөнгөө ирээдүйд ашиг, орлого авчрах үнэ цэнэтэй зүйлд зарцуулахыг хэлдэг ба үнэт цаасанд хөрөнгө оруулна гэдэг нь мөн адил найдвартай, өсөлттэй гэж үзсэн компанийн хувьцаа, бонд , сангийн нэгж эрхүүд гэх зэрэгт хөрөнгө оруулан ашиг алдагдлын тэнцэлд мөнгөө өсгөх, эсвэл мөнгөө алдах сонголтыг олгодог. Маш сайн судалгаа хийж, мэдээ мэдээлэл бүр дээр тогтмол дүн шинжилгээ хийж, санхүүгийн үзүүлэлт бүрийг нь нягтлан шалгаж,ирээдүйд өсөх боломжтой гэж үзсэн компанийн бонд, хувьцааг зөв сонгож чадсанаар өөрийн хөрөнгөө удаан хугацааны үйл явцад хэд дахин өсгөх боломжтой. Энэ бол хөрөнгө оруулалтын гайхамшиг.
Гэвч дийлэнх хүмүүс хөрөнгө оруулалт бол зөвхөн маш их мөнгөтэй хүмүүсийн хийдэг зүйл, эсвэл мөнгөө маш их цуглуулж нас тогтсон цагтаа л хөрөнгө оруулах нь зөв гэсэн ойлголттой байдаг ба ингэснээр залуу үеийнхэн ч гэсэн маш их мөнгө олж, байр сууриа олсон цагтаа л хөрөнгө оруулж эхлэх нь зөв юм байна гэсэн нийтлэг буруу ойлголтоор өөрийнхөө цаг хугацааг боогдуулж байна. Үнэн хэрэгтээ хөрөнгө оруулалт хийхэд таны нас ямар ч хамаагүй ба 16 настай жоохон байна, энэ зүйлийг ойлгохгүй байх гэж бодолгүй хамгийн эхлээд брокерын компаниар дамжуулан зөвлөгөө авч бага мөнгөөр ч хамаагүй Монголын зах зээлээ олсон, ашиг орлого нь жил бүр өсдөг, засаглал сайтай найдвартай компаний цөөхөн хувьцааг авч болно. Хэдий цөөхөн хувьцаа авсан болохоор ногдол ашиг их авахгүй байх эсвэл бүр оруулсан мөнгөө алдах боломжтой ч эрт эхэлж байгаа хамгийн чухал шалтгаан тань хөрөнгийн зах зээлийн үйл явцтай танил болох, цаашлаад өөрийн оруулсан хөрөнгөө алдахгүй цаашид өсгөхийн тулд үүний талаарх мэдлэгээ сайжруулах, тогтмол ном, мэдээ уншдаг болох, санхүүдээ анхаарч эхлэх гэх мэтчилэн зүйл дээр төвлөрөх ёстой. Ингэснээр алдсан ч бага багаар туршлагажиж, олсон мөнгөө дахин хөрөнгө оруулах замаар өөрийн хөрөнгөө өсгөж, санхүүгийн мэдлэгээ нэмэгдүүлэх боломжтой. Өнгөрсөн үеийнхээ түүхийг давтаж санхүүгийн эрх чөлөөнд хүрч болох боломжоо алдалгүй яг одооноос судалж, мэдэж, туршлагажиж, хөрөнгө оруулах тань хамгийн чухал юм.
“Эрт байна, бага мөнгөтэй, туршлагагүй, энэ талаарх мэдлэггүй гэж өөрийнхөө хүрч чадах холыг хязгаарлалгүй одооноос өөрийнхөө санхүүгийн мэдлэгтээ анхаарч, мэддэг хүмүүсээс зөвлөгөө аван бага багаар хөрөнгө оруулалт хийж эхлээрэй.”
Leave a Reply