Сайн байна уу, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Ганбатын Мөнхжин гэдэг. Би 17 настай, энэ жил Томүжин Альтернатив ахлах сургуулийг төгсөж, оюутан болох цаг мөчдөө бэлдэж яваа сурагч байна. Цаг үе бидний санаснаас 180 градусаар эргэж, хүнд хэцүү цаг үеэр хичээлдээ сууж чадалгүй хөл хорионд орсон ч ЭЕШ-ийн шалтгалтандаа бэлтгэхийн хажуугаар энэ цаг хугацааг хэрхэн үр бүтээлтэй, өөрийнхөө ирээдүйд хэрэгтэй зүйл хийж өнгөрүүлэх талаар удаан бодсоны эцэст өөрийн санхүүгийн мэдлэгтээ хөрөнгө оруулалт хийж, ирээдүйд мөнгөний төлөө ажиллах бус мөнгийг өөрийнхөө төлөө ажиллуулах тэр арга замыг эрэлхийлэхээр шулуудсан юм.
Ингээд хувиараа санхүүгийн анхан шатны мэдлэгийн талаарх номуудыг уншиж, багшаасаа зөвлөгөө авч, онлайн санхүүгийн хичээлүүд бага багаар үзэж, онолын мэдлэгүүдийг алгасалгүй дэвтэртээ тэмдэглэн цээжлэж эхэлсэн. Гэхдээ судалж байх хугацаанд надад хөрөнгө оруулалтын салбар маш сонирхолтой, бас эрсдэлтэй тоглолт шиг санагдаж, энэ салбарын талаар илүү их мэдэж, суралцах сонирхол төрсөн. Мөн суралцаж байсан Томүжин Алтернатив сургуулийн маань хамтран үүсгэн байгуулагч, мөн бичгийн чадварын хичээл заадаг Идэрбат багш маань Apex Capital үнэт цаасны компанид ТУЗ-ын гишүүн, мөн хувьцаа, хөрөнгө оруулалтын талаар нэлээн их мэдлэгтэй бас туршлагатай хөрөнгө оруулагч байсан. Би энэ хүнээс маш их мотивац авч, хөрөнгө оруулалтын талаар сурахаар шийдсэн. Ингээд л миний хөрөнгө оруулалтын салбарт хүч үзэж, хөрөнгө оруулагч болох зорилгын минь үйл явц эхэлсэн юм даа……
Хэдий сурахыг хүссэн зүйлээ ном, хичээл, интернетээс бага багаар ойлголттой болж байсан ч бодит байдал дээр бодит туршлага авч, мэдэх нь илүү үнэ цэнэтэй санагдаж байсан учраас би Apex Capital үнэт цаасны компанид дадлагажигчаар ажиллахаар шийдсэн юм. Apex Capital ҮЦК-ыг сонгоход маш олон шалтгаан нөлөөлсөн ба нэгдүгээрт ихэнх компаниуд сурагч, насанд хүрээгүй хүүхдүүдэд дадлага хийж, ирээдүйдээ хийх гэж буй ажлын талаарх бодит туршлага авах боломж олгодоггүй бол Apex Capital нь үнэхээр их сурч, мэдэхийг хүсэж байгаа хүүхдэд дадлагажигчаар ажиллах боломж олгодог нь таалагдсан.
Хоёрдугаарт, facebook, instagram,website-иараа дамжуулан хүмүүст цаг алдалгүй шинэлэг мэдээ мэдээллийг оруулж, мөн онлайн хичээлүүд хүргэж байсан нь үнэ цэнэтэй санагдсан. Гуравдугаарт, дээр дурдсанчлан Идэрбат багш маань маш их нөлөөлсөн. Хэдий ажиллана гээд шийдсэн байсан ч хөл хорио сунгагдсаар, мөн эртхэн л холбогдохгүй бол эргэн тойрны хувьд маш их өрсөлдөөнтэй байсан. Учир нь гэвэл манай сургуулийн ихэнх хүүхдүүд Идэрбат багшаас суралцаж, Apex Capital-д ажиллахыг хүсдэг байсан. Гэхдээ би цаг алдалгүй Apex Capital ҮЦК-ны холбогдох хүнрүү нь маш олон имайл бичиж, мөн ажлын ярилцлаганд орж, судалгааны тайлан бэлтгэж явуулсаны эцэст дадлагажигчаар ажиллах алтан боломж нээгдсэн талаар мэдэж, маш их баярлаж байснаа санаж байна…
Дадлагажигчаар ажиллах эхний өдөр
Би маш их сандарч бас багагүй айж байсан. Би чинь өмнө нь ямар ч ажлын байран дээрх үйл явцыг мэдэрч байгаагүй, туршлагагүй нэгэн шүү дээ. Гэвч төсөөлснөөс минь эрс тэс өөр байсан. Намайг сурагч, туршлагагүй нэгэн гэж үзэлгүй маш гоё уур амьсгалтай хамт олон угтан авсан. Үнэхээр их талархмаар…
Хамгийн түрүүнд надаас “чи яг энд байх хугацаандаа юу сурахыг хүсч байна гэж асуусан”. Би үнэхээр тулгамдсан шүү. Кино, зарим хүмүүсийн ярианаас сонсохдоо шууд л ийм зүйл хий, тэг ингэ эсвэл бүр зүгээр л кофе зөөж, бичиг цаас эмхэлдэг гэж сонссон. Гэвч үнэхээр л намайг энд ажиллах хугацаандаа сурахыг хүссэн зүйлээ сурч мэдээсэй, мөн шинэ зүйл дээр ажиллаж бодит туршлага аваасай гэж хүсэж байсан нь мэдэгдэж байсан. Тэгээд хамгийн эхлээд хийхээр болсон зүйл маань цахим хуудаснуудад мэдээллийг нь оруулах “Mesa Airlines” компанийн талаар судалж, мөн постер бэлтгэх байсан.
Ингээд эхний 1 сар өмнө ажиллаж байгаагүй canva, figma, photoshop, wondershare зэрэг програмууд дээр видео, постер, инфографик зэргийг гайгүй сайн хийж сурсан. Мөн үүнийхээ хажуугаар ч судлах зүйлүүдээ судалж, мэдээлэлтэй болж байсан. Харин 2 дахь сараасаа 7 хоногийн 3 өдөр өглөө ажлын цагаасаа 1 цагийн өмнө ирж, мундаг мэдлэгтэй, туршлагатай ажилтан ах эгч нараасаа ээлжлэн ажлын цаг хүртлээ 1 цагийн турш мэдэхийг хүссэн, асуухыг хүссэн, сурахыг хүссэн зүйлүүдээ суралцах гайхалтай боломжийг би авч чадсан юм. Хэн бүхэнд сурахыг хүссэн чиглэлийнхээ салбарт туршлагажсан хүмүүсээс суралцаж, зөвлөгөө авах боломж тэр бүр олддоггүй бол надад нягтлан бодох бүртгэл, хууль, зах зээлийн салбарт мэргэжсэн хүмүүсээс биечлэн суралцах хувь тохиол тохиолдсон юм….
Ийм гайхалтай ажилсаг, хийх ёстой зүйлүүдээ цаг тухай бүрд нь хийдэг, үр дүнгээ 1 дэх өдөр болгон ярилцаж, энэ 7 хоногт хэн нь юу юу хийснээ танилцуулж, дараагийн 7 хоногтоо юу хийхээ төлөвлөдөг эрч хүчтэй, хамтын зорилготой, харилцагчдаа хүндэлдэг, мэдээллээр хангадаг, мөн дээрээс нь уур амьсгалаа үнэхээр гоё хөгжилтэй болгож, хамтдаа инээлдэж, ярилцаж чаддаг хүчирхэг хамт олны дунд 2 сарын хугацаанд нэгээхэн хэсэг болж, суралцаж, туршлагажсандаа талархаж байна.
Ганбатын Мөнхжин
Thank you, Apex!
Leave a Reply