Манай улсын хувьд санхүүгийн зах зээлийн дийлэнх хэсгийг банк хэмээх институт эзэлдгийг та бүхэн хэдийнээ мэдэх бизээ. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулбал санхүүгийн зах зээлд банкны болон хөрөнгийн захын эзэлж буй хэмжээ өрсөлдөхүйц ижил төвшинд байдаг нь иргэд болон байгууллага аль алинд нь өөрсдийн хөрөнгийн эрсдэлийг илүү тараан байршуулж өгөөж хүртэх, хуримтлуулж хямд болон эрсдэлгүй эх үүсвэрийг аль аль талаас нь татах орчинг үүсгэх нь чухал байдагтай холбоотой юм. Тиймдээ ч Монгол улсад хөрөнгийн зах зээл хөгжих нь маш их чухал бөгөөд шаардлагатай байна.
Хөрөнгийн зах зээлийн нэгээхэн чухал хэсэг нь хувьцаат компаниуд ба эдгээр компаниудын үйл ажиллагаа, орлого ашгаар хөрөнгө эргэлдэж иргэд болон байгууллагаар дамжиж буцаан хувьцаат компаниудад хуваарилагдах замаар зах зээл тэлж хөрөнгө оруулагч нарын сул хөрөнгө байрших суваг нээгддэг ба үүгээр хөрөнгөө байршуулах эрсдэл болон өгөөжийн сонголт улам нэмэгддэг байна. Тиймээс үйл ажиллагаа тогтвортой сайн хувьцаат компаниуд зах зээл дээр нэмэгдэх нь маш чухал.
Хувьцаат компани болох анхны алхам нь IPO буюу олон нийтэд анх удаагаа хувьцаагаа санал болгох үйл ажиллагаагаар эхэлдэг. Хувьцаат компани болох нь үнэт цаас гаргагч талаасаа олон давуу талтай ба хямд эх үүсвэрээр санхүүжилт татаж зах зээлийн үнэлгээ болон компанийн чадавх нэмэгдэж, мөнгөн урсгал сайжрах зэрэг олон давуу талтай ба сул тал гэвэл таны компанийг эзэмшигч нэмэгдэх, илүү мэдээллийн нээлттэй байдал болон хариуцлага нэмэгдэх гэх мэт зүйлүүдийг дурдаж болно.
Хөрөнгө оруулагч талаас IPO-д оролцох нь компанийн хувьцаат компани болж үйл ажиллагаа, үнэлгээ нь өсч эхэлж буй эхлэлийн цэгийн ханш дээр орж байгаа ба урт хугацааны ханшийн өсөлт болон ногдол ашиг, тухайн компаныхаа хувийг эзэмших гэх мэт давуу талтай болох юм. Ямар ч хөрөнгө оруулагчийн зорилго өндөр ашиг, өгөөж хүртэх байдаг. Өндөр гэдэг үгийг тодорхойлбол хамгийн эрсдэлгүй хөрөнгө оруулалт болох банкны хадгаламжаас өндөр байх нь л хамгийн эхний зорилт юм. Хувь эзэмшихээр, өөрийн хөрөнгөө оруулахаар сонирхож буй компаниа зах зээлд эзлэх нөхцөл байдал болон ашиг орлогын хэмжээ, удирдлага зэрэг зүйлсийг сайтар судалж хэрэв итгэл үнэмшил төрвөл хувьцааныхаа анхны буюу хамгийн хамгийн бага үнэ дээр хөрөнгө оруулж урт хугацаанд өндөр ашиг авах нь хөрөнгө оруулагч бидэнд чухал билээ.
Тэгвэл эрсдэлийн хэмжээ маш бага хөрөнгө оруулалт болох банкны хадгаламжийн хүүг харвал 2021 оны 6 сарын байдлаар шинээр татаж буй хугацаат хадгаламжийн жигнэсэн дундаж хүү 7,08%-тай байгаа нь жилд хөрөнгө оруулагч нар энэхүү хүүгээс өндөр хүү хүртэх хөрөнгө эзэмшиж байх нь эхний ээлжийн зорилго юм.
Монголын хөрөнгийн зах зээлд шинээр гарсан IPO-үүдийн тухайд
Монгол улсад 2005 оноос 2021 оны хооронд IPO гаргасан нийт 23 компани байдаг. Хэрвээ та зах зээлд хамгийн сүүлд гарсан 2 IPO-уудад оролцсон бол өнөөдрийн байдлаар хэдий хэмжээний ашигтай байх байсныг тооцоолж үзье.
Бодь даатгал IPO
Даатгалын компаниудын 3 дахь олон нийтэд хувьцаагаа санал болгосон Бодь даатгал ХК нь нийт хувьцааныхаа 20% буюу 47,063,944 сая ширхэг хувьцааг стратегийн хөрөнгө оруулагчид болон олон нийтэд санал болгосон ба 2020.05.25-06.08 өдөр үнэт цаасны анхдагч захиалга авсан ба нэгж хувьцааны үнэ 113 төгрөгөөр гарч байв.

Хэрвээ та Бодь Даатгал ХК-ийн IPO-д 10 сая төгрөгөөр оролцож байсан бол өнөөдөр 36,2%-н өгөөж хүртэх байжээ.

Инвескор ББСБ IPO
Инвескор ББСБ нь нийт хувьцааныхаа 15 хувь буюу 10,759,188 ширхэг хувьцааг захиалгын бүртгэлийн аргаар нийтэд санал болгон, хөрөнгийн зах зээлээс 17.6 төвлөрүүлсэн . Нийтэд санал болгох хувьцааны 85 хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад 1,650-1,750 төгрөгөөр, 15 хувийг олон нийтэд 1,550-1,650 төгрөгөөр тус тус санал болгон арилжаалах юм. Хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа 2019 оны 5 дугаар сарын 22-ноос 30-ны өдрийн хооронд зохион байгуулагдсан бөгөөд татан төвлөрүүлэх хөрөнгийг зээлийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд зарцуулахаар төлөвлөсөн байдаг.
Хэрэв та Инвескор ББСБ-ийн IPO-д 10 сая төгрөгөөр оролцож байсан бол өнөөдрийн байдлаар 2 жил гаруй хугацааны дотор 109%-н ашиг хүртсэн байх байжээ.
Эцэст нь манай улсын хөрөнгийн зах зээлд ихээхэн сэргэлт орж байгаа энэ үед чанартай, үйл ажиллагаа нь улам өсөх потенциалтай компаниуд хувьцаат компани болж, хөрөнгө оруулалтын шинэ бүтээгдэхүүнүүд ихээр гарах нь байгууллага талаасаа эх үүсвэр, үнэлгээ, орлого ашгын хувьд хурдтай өсөх боломжтой байдаг. Үүний хажуугаар үүрэг хариуцлагаа ухамсарлан хувьцаа эзэмшигч нартаа ээлтэй бөгөөд ил тод байх нь чухал бөгөөд хөрөнгө оруулагч талаас ч хөрөнгө оруулах сонголт ихсэх нь иргэдийн орлогын төвшин болоод макро орчинд маш эерэг үр дагавартай.
Хувьцаат компани бүрийн хувьцаа байнга өсөлттэй байдаггүйг мөн анхаарах нь чухал бөгөөд хэн нэгний үгээр бус өөрсдийн судалгаа, мэдээлэл дээр үндэслэн хөрөнгөө удирдах нь жинхэнэ хөрөнгө оруулагч хүний хийх үйлдэл билээ.
Хэрэв та дотоодын хувьцаанд хөрөнгө оруулахыг хүсвэл dbx.apex.mn болон ApexTrader аппликейшнээр үнэт цаасны дансаа нээн хөрөнгө оруулаарай.
Leave a Reply