Хөрөнгө оруулагчдад анхааруулга болохуйц нэгэн үйл явдал саяхан болсон нь Netflix-н алдарт цуврал болох Squid Game киноны нэрээр нэрлэгдсэн криптовалютын нууцлагдсан хөгжүүлэгч, зохион бүтээгчид 2.1 сая гаруй долларыг хөрөнгө оруулагчдаасаа залилан ор сураггүй алга болсон хэрэг билээ. Энэхүү токен нь Өмнөд Солонгосын алдарт цувралтай ямар ч холбоогүй бөгөөд аль хэдийн олонд танигдсан нэрийг ашигласнаар хүмүүс олноор худалдан авах болжээ. Ердөө 10 сарын 22-нд гарснаас хойш 0.0007 центээр арилжааг нээсэн уг токен $2,861.80 хүртэлх ханшид 10 хүрэхгүй хоногийн хугацаанд хүрээд байсан бол 11 сарын 1-ний өдөр 1 минутын дотор 99.9% үнэ цэнээ алджээ. Харамсалтай нь энэ бүхэн залилан байсныг одоогоор хөрөнгө оруулагчид хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болж, зохион бүтээгчид нь Rug-Pull буюу нийт токенийг богино хугацаанд бэлэн мөнгөнд хувирган залилсан явдал болжээ.

Сүүлийн үед дэлхийн нийтийн ярианы халуун цэг болоод байгаа криптовалют нь анх төлбөр тооцооны хэрэгслийн үүргийг гүйцэтгэх зорилготой бий болсон бол блокчейн технологийг ашиглан төрөл бүрийн хэрэглээ бүхий бүтээгдэхүүн үйлчилгээ, түүнийг дагах койнууд гарч ирэх болов. Олон төрлийн төслүүд бий болж хөрөнгө оруулалт, спекуляцийн зориулалтаар өргөн ашиглагдах болсон нь зарим аюулыг бий болгоод байна. Жишээлбэл, мөнгө угаах гэмт хэргийг далдлах, зэвсгийн наймаа явуулах, санхүүгийн залилан гэх мэт голлох аюулууд бий болсон. Үүнээс санхүүгийн залилан, тэр тусмаа криптовалютыг ашиглан үйлдэж буй залилангаас хэрхэн сэргийлэх талаар дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.
1. Хөгжүүлэгч, үүсгэн байгуулагчийг нягтлах. Аливаа төслийн ард олон төрлийн хүмүүс байдаг бөгөөд тэдний өмнө нь хийж бүтээсэн зүйл, олон нийтэд итгэл төрүүлэхүйц ёс зүйтэй үйлдлүүдийг нягталж үзэх нь маш чухал. Харин үүний дараа үнэхээр тухайн салбарын мэргэшсэн хүмүүс мөн эсэхийг судлах шаардлагатай. Ихэнх амжилтгүй болсон эсвэл луйврын шинжтэй төслүүдийн хөгжүүлэгчид олон нийтэд хийсэн бүтээснээрээ танигдаагүй хүмүүс байдаг.
2. Хэр их баталгаатай ашиг, өгөөж амлаж байгааг ажиглах. Бодит байдлаас хэт хальсан амлалтыг өгдөг бөгөөд эрсдэлийн тухай дурддаггүй. Хэдий чинээ өндөр өгөөж амлана төдий чинээ таны мөнгөө алдах эрсдэл нэмэгддэг гэдгийг санах хэрэгтэй.
3. Төслийн санаа нь өөр нэг амжилттай төслийн хуулбар эсэхийг нягтал. Итгэлцэл гэдэг бол хөрөнгийн зах зээлийн амин сүнс байдаг. Харин таны итгэлийг олж авахын тулд аль хэдийнээ амжилттай болсон төслийг бага зэргийн өөрчлөлт оруулан тайлбарлаж болно. Өмнө нь ийм санаатай төсөл байсан эсэхийг мэргэжлийн хүмүүсээс асуухыг зөвлөж байна.
4. Крипто эзэмшигчдийн цар хүрээг шалгах. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар амжилттай болсон криптовалютууд хамгийн багадаа 200-300 эзэмшигчидтэй байдаг аж. Цөөн тооны хэдэн хүн эзэмшдэг криптовалют нь эрсдэл ихтэй байдаг.
5. Өөрсдийн судалгааг хийх. Бусад хөрөнгө оруулалттай адилаар судалгааг маш сайн хийх хэрэгтэй. Койнуудын хувьд whitepaper гэх баримт бичгийг олон нийтэд танилцуулдаг бөгөөд үүнд тухайн төсөл, криптовалюттай холбоотой бүхий л мэдээлэл багтсан байдаг. Криптовалют нь түгээмэл хөрөнгө оруулалтын хэрэгслүүдээс хамгийн өндөр эрсдэл бүхий бүтээгдэхүүн гэдгийг ямагт ойлгох шаардлагатай. Иймд байр, машин гэх мэт суурь хэрэгцээг хангах хөрөнгийг дэнчин тавин тус төрлийн хөрөнгө оруулалт хийх нь өндөр эрсдэлтэй болохыг анхаарч эрсдэл даах хэмжээнд, сайтар судалгаа хийж ойлгосны үндсэн дээр хөрөнгө оруулалт хийхийг зөвлөж байна.
Энэхүү бичвэрт агуулагдсан мэдээлэл нь зөвхөн мэдээллийн чанартай болно. Энд дурдагдсан компаниуд, тэдний хувьцаа болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаанд ашигласан мэдээ, мэдээлэл, санал бодол нь бидний найдвартай гэж үзсэн эх сурвалжид тулгуурласан болно. Ашигласан эх сурвалж: www.msn.com, www.coinmarketcap.com, www.bbc.com, http://www.wired.com
Leave a Reply