📞 7510-7500

✉️ investment@apex.mn

Апекс-д өнгөрүүлсэн 2 сар

Сайн байцгаана уу? Намайг Цэнгэл гэдэг. Одоогоор Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн төгсөх курсийн оюутан. 2021 оны 9-р сараас 11-р сарын дунд хүртэл Апекс Капитал компаниас зохион байгуулсан “Апекс Жуниор” хөтөлбөрт амжилттай хамрагдаж дуусгаад байна. Энэхүү бичвэрээрээ Апекс Капиталын дадлагын оюутан байх ямар байдаг, юу сурсан, юу хийснээ та бүхэнд дэлгэрэнгүй хүргэе гэж бодлоо.

Юуны өмнө энэхүү хөтөлбөрт хэрхэн шалгаран орсон тухайгаа хуваалцъя. 2021 оны 8-р сарын 10-аас 20-ны хооронд анкет авах хугацаа байлаа. Үүнийг нь эрт харсан ч хөдөө явж байсан би хотод очиж байгаад бүртгүүлье хэмээн хойшлуулаад байв. 8-р сарын 16-ны өдөр хотод ирээд бүртгүүлэх гэтэл хэт олон анкет ирж байгаа тул хугацаанаасаа өмнө хаасан гэх мэдээтэй танилцаад “Хайран сайхан боломж ингээд л нүдний өмнөөс алга болчихлоо” гэж бодож байлаа. Энэ дадлага нь миний мэргэжилтэй холбоотой, компани нь өсч яваа маш сайн компани, маш олон зүйл сурах боломж, миний сонирхол ч мөн хөрөнгө оруулалт талдаа тул алтан боломжоо нүднийхээ өмнөөс алдчихсан мэт санагдаж байсан ч яаж ийж байгаад ямар ч байсан очоод уулзаад үзье, авахгүй гэсэн ч оролдлого хийгээгүй бууж өгч байснаас үзээд алдъя гэж бодоод өөрийнхөө дүнгийн хуулга, CV 2-ыг хэвлээд аваад очлоо. Энэ дадлагын хөтөлбөр цалинтай гэсэн байсан ба, очихдоо цалин хамаагүй, тэнцэх үгүйгээ ч мэдэхгүй байгаагаа, зүгээр л материалыг минь хүлээж аваад бусадтай адил шалгуураар шалгаад өгөхийг гуйсан. Ингэсний үр дүнд ганцаарчилсан ярилцлагад орохоор болж, ярилцлагаа ч амжилттай өгөн 230 гаруй оюутнаас дадлага хийх эрх авсан 14 хүүхдийн нэг болж чадсан юм.

Дадлагын ажил эхлэхээс өмнө биднийг “Highland” гэх маш том, гоё газар урьж нээлтийн хүлээн авалт хийсэн. Гарын бэлэг өгч, мундаг хүмүүсээр илтгэл тавиулан маш гоё зоог, зуушаар дайлан бүтэн нэг өдрийг өнгөрүүлсэн ба би лав хувьдаа дадлагын оюутнуудаа ингэж найрсгаар, халуун дулаан угтаж авдаг газар байдаг гэж сонсоогүй. Мөн дадлагын хугацаанд хөтөлбөр, заавар зөвлөгөөг хэрхэх талаар маш сайн чиглэл өгч байлаа. Биднийг дадлагын ажлаа эхлэхээс өмнө 10 хоногийн хугацаанд хөрөнгө оруулалтын сургалтад хамруулсан бөгөөд энэ нь тус мэргэжлийн биш ч гэсэн ажлын үйл явцаа ойлгохыг хүссэн бусад оюутнуудад маань ихээхэн суурь болж өгсөн.

Дадлагын ажил маань эхэллээ. Эхний өдрүүдэд Апекс-ийн чатанд хариулах, брокеруудтай ойр байж тэдний ажилтай танилцав. Ингэснээр үнэт цаасны компани ерөнхийдөө хэрхэн ажилладаг талаарх ойлголтыг аваад байлаа. Дараа дараагийн долоо хоногуудад хийх ажлууд маань улам нэмэгдсээр биднийг баг болгож судалгааны ажил хийлгэн үр дүнгээ тайлагнах маягаар явахыг хажуугаар маркетингийн багт туслан инстаграм стори хийх, видео контент бүтээх гээд өмнө нь огт хийж үзээгүй зүйлсээ суралцан, гүйцэтгэсэн. Апекс капитал дээр дадлага хийхэд маш том давуу тал нь ажилтнууд нь намайг чадахгүй гэж огт боддоггүй, өмнө нь хийж үзээгүй зүйлс байсан ч сурах потенциалтай гэж үзэн даалгавар өгөн чиглүүлдэг байлаа. Надад ч эхэндээ хэцүү байсан ч сүүлдээ ажилчдынх нь хурдтай хэмнэлд зохицоод гараасаа хурдан юм гаргаж сурсан нь ирээдүйд маш их хэрэг болох нь тодорхой.

Миний Апекс дээр өнгөрүүлсэн гоё дурсамжууд дандаа ажлын бус өдрүүдэд болсон. Ажлын өдрүүдэд маш их ажилтай, түүнээсээ ч маш их зүйлсийг сурсаар байсан ч ажлын бус өдрүүдэд ажиллах бол дандаа сонирхолтой адал явдалтай зүйлстэй учирдаг байсан. Мишээл экспо дээр барилгын төслүүдийн танилцуулгын үеэр “Alpha Zone” барилгын “Альфа бонд”-ыг хүмүүст сурталчилж, таниулан бүтэн өдөр өнгөрөөлөө. Барилга үзээд явж байгаа хүмүүст бондын танилцуулга хийнэ гэдэг танилцуулаад зогсохгүй бондод хөрөнгө оруулах хүртэл нь ятгана гэдэг бас нэг сорилт, сайхан дурсамж болон өнгөрчээ. Үүнээс гадна Апекс Капитал “НВЦ” буюу “Баян” өндөгний бондын андеррайтараар ажиллаж, үйлдвэртэй нь танилцах аялалд 2 андеррайтартай би хамт явахаар болж Баянчандмань суманд байрлах Баян өндөгний үйлдвэртэй Апекс Капиталын ажилтны хувиар танилцлаа. Үнэхээр гайхалтай үйлдвэр байсан ба хөдөө яваагүй удсан байсан надад нэг төрлийн амралт, аялал мэт санагдсан. Бусад гоё дурсамжуудаас дурдвал “Үнэт цаасны холбоо”-ноос жил бүр зохион байгуулдаг уулын аялалд байгууллагаараа Цэцээ Гүн явж, мөн нэг амралтын өдөр IMAX, VIP танхимд байгууллагаараа кино үзсэн зэрэг явдлууд байлаа. Хамгийн гоё нь би энэ бүх хугацаанд “Дадлагын оюутан” биш, Апекс гэр бүлийн нэг хэсэг, Апексийн ажилтан гэж явж байсанд байлаа.

Апекс Капиталын дадлагын оюутнууд авсан шалтгаан нь Сентралл Экспресс Си Ви ЭС буюу CU анхдагч зах зээлд гарахад салбарууд дээр хүмүүст мэдээлэл өгөх хүний нөөц авахад байсан ба энэ цаг нь ч болж CU-ын 3 салбар дээр 12 оюутнууд ээлж ээлжээрээ мэдээлэл түгээн бас л нэг сорилттой тулгарав. Ундаа, хотдог авах гэж ороход өөдөөс нь та хувьцаа авах уу? Гэсэн асуултаар угтахаар гайхахгүй хүн цөөхөн биз. Тиймээс хүмүүсийг ч, өөрийгөө ч эвгүй байдалд оруулахгүйн тулд өмнө нь CU-ын хувьцааг сонирхож байна гэсэн хүмүүс рүү салбар дээр байхдаа залган утсаар мэдээлэл өгч эхлэв. Миний утсаар ярихыг сонсож байсан үйлчлүүлэгчид өөрсдөө л над дээр ирэн хувьцааны талаар мэдээллийг сонирхож байв. Салбар дээр зогсох ч мөн адил сорилт байсан ч бас л амжилттай давж чадсанаар миний хувьд борлуулалтын ур чадвараа ахиулсан гэж дүгнэнэ. Бидний хамгийн том ажил болох CU-ын анхдагч зах зээлийн хувьцаа гарах өдөр ч ирж судалгаа, бичлэг гээд ажлуудаа жин тан болгоод зөвхөн харилцагчид утас болон мессенжерээр хариу өгөх, данс нээлгэх мэдээлэл явуулах, сторидоо хэрэгтэй мэдээллүүдийг оруулах гэх ажлууд дээр төвлөрсөн. Ажлын цагийн 90%-ыг утсаар ярихад зарцуулж байлаа. CU хувьцаа гаргадаг өдөр буюу 10 сарын 29-нд бүх ажилчид оюутнууд туйлын завгүй, бүгд өөр өөрийн ажилтай жинхэнэ ажил амьдрал буцалсан өдөр байсан. Аргагүй биз, сүүлийн 2 жил гарны хугацаанд бараг шинээр IPO гараагүй байж байгаад гарсан болохоор маш эрэлттэй байсан. Утсаар холбогдсон бүх л хүний асуудлыг чадахаараа зохицуулахыг хичээж, брокеруудаасаа маш их зүйлсийг сурч, IPO-д андеррайтар хийж байгаа үнэт цаасны компани ямар байдгийг жинхэнэ утгаар нь мэдэрсэн 7 хоног болж өнгөрсөндөө. Биднийг маш их ажилтай байхад Гүйцэтгэх захирал Лхамдолгор гаднаас зайрмаг, амттан, хоол зэргийг яг л гэртээ амттан аваад орж ирж байгаа ээж шиг ороод ирдэг нь бас л сэтгэл хөдөлгөмөөр.

Дадлагынхаа 2 сарын хугацаанд авсан ажлуудаа амжилттай дуусгаж мундаг хүмүүстэй танилцаж, маш олон ажил хийж сурсан дээрээс нь цалин авсан гээд үнэхээр гайхалтай хугацаа байлаа. Цагаа тулахаар энэ 2 сар маш хурдан өнгөрсөн мэт санагдаж байна. Миний Апекс Капиталд хийж өгсөн хамгийн сүүлийн ажил маань хаалтын хүлээн авалт дээр зохион байгуулахад нь тусалж, хөтлөгчөөр нь ажиллаж, Апекс Жуниор хөтөлбөрийн зүгээс Апексийн хамт олонд зориулсан бичлэгийг эвлүүлж өгсөн явдал байлаа. Хамт ажиллаж байсан 12 оюутнаасаа “-Апексийн хамгийн гоё зүйл юу вэ?” гэж асуухад бүгдээрээ “Хамгийн халуун дотно уур амьсгалтай, тусч хамт олон нь хамгийн гоё” гэсэн хариултууд өгч байсан. Хэрвээ хэн нэгэн надаас “Төгсөөд хаана ажилд орох вэ” гэж асуувал, ямар ч эргэлзээгүйгээр “Апекс Капитал” гэж хариулна. Төгсөх хүртэл харин ажилд орох хэмжээний болоход сурах зүйлс маш их үлдсэн санагдаж байна.

Танд маш их боломжууд байгаа. Түүнийгээ алдаж ч болно. Гэхдээ оролдоогүй алдаж байснаас ядаж оролдож үзээд алдсан нь дээр. Би хэрвээ зүгээр л бүртгэл хаагдчихсан гээд орхисон бол энэ бүх зүйлийг сурах боломжоо өөрөө хаах байлаа. Зүгээр л оролдоод үзээрэй. Оролдоод л байвал хэзээ нэг цагт бүтэж л таарна.

Leave a Reply

Blog at WordPress.com.

%d bloggers like this: