Бид өөрсдийн эрүүл мэнд, гоо сайхан, боловсрол гэх мэт зүйлсэд төлбөр, цаг хугацаагаараа дамжуулан хөрөнгө оруулалтуудыг өдөр тутам хийдэг бол уг үгийн шууд утга буюу эргээд бодит мөнгөн өгөөж өгөх ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТыг орхигдуулах нь түгээмэл. Тэгвэл зөв мөнгөн хөрөнгө оруулалт бол өөрт тань эрсдэл багатайгаар өгөөж өгөх багцын хөрөнгө оруулалт юм.
Хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэх нь дараах хэд хэдэн чухал сууринд үндэслэдэг. Үүнд таны хөрөнгө оруулах хэмжээ, хугацаа, түүнчлэн таны ур чадвар ч гэсэн нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл бидний нас болоод ажил амьдралын ялгаанаас хамаарч хөрөнгө оруулалтын багц маань бүрдэнэ. Мэргэжлийн хөрөнгө оруулагчдын зөвлөж буйгаар бүх хөрөнгөө нэг сагсанд хийх нь ихээхэн эрсдэл дагуулдаг ба таны хөрөнгө оруулалтын багцад эрсдэлтэй болон эрсдэлгүй үнэт цаас тодорхой хувь хэмжээг эзэлж байх шаардлагатай гэж үздэг. Энэ нь таны хөрөнгө оруулж буй үндсэн үнийн дүнд нөлөөлж болох эрсдэлээс хамгаалах давуу талтай.
Манай улсын хэмжээнд хөрөнгө оруулагчдыг ерөнхийдөө гурван ангилалд оруулж болох бөгөөд залуу буюу өндөр эрсдэлтэй хөрөнгө оруулагч, дунд насны буюу дунд эрсдэлийн хөрөнгө оруулагч, тэтгэврийн насны буюу бага эрсдэлийн хөрөнгө оруулагч гэж ангилж болох юм. Ингэж хуваах болсон шалтгаан нь бүх хүнд яг адил хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэх боломжгүй ба насны онцлогоос хамаарч эрсдэл даах чадвар харилцан адилгүй гэж хэлж болно.
Хэрвээ та залуу хөрөнгө оруулагч бол хөрөнгө оруулах үнийн дүнгийнхээ 65 хувийг хувьцаанд, 20 хувийг хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөнд, 8-10 хувийг бондод, 5 хувийг бэлэн мөнгөнд хуваарилж болно. Учир нь залуу хүний эрсдэл даах чадвар болон амьдралын хэрэгцээ бага байдагт үндэслэн ийм хуваарилалт хийж болох юм. Харин дунд насны хөрөнгө оруулагч бол 35 хувийг хувьцаанд, үл хөдлөх хөрөнгөнд 35 хувийг, бондод 15 хувийг, бэлэн мөнгөнд 15 хувийг хуваарилж болно. Учир нь дундаж насны иргэд гэр бүлтэй тодорхой хэмжээний хариуцлагыг хүлээдэг тул эрсдэл хүлээх чадвар багасах хандлагатай байдаг. Тэтгэврийн насны хөрөнгө оруулагч бол 45 хувийг үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөнд, 20 хувийг бондод, 25 хувийг бэлэн мөнгөнд, 10 хувийг хувьцаанд гэх мэтээр хуваарилж болно.
Энэхүү хуваарилалт нь хүний амьдралын мөчлөгөөс шалтгаалсан бөгөөд та өөрийн хөрөнгө оруулах үнийн дүндээ тохируулан эрсдэлгүй хөрөнгө оруулалтын багцыг бүрдүүлээрэй. Амжилт хүсье !
Leave a Reply