АПУ ХК нь 2022 оны 4-р сарын 29-нд ээлжит хувьцаа эзэмшигчдийн хурлыг “Corporate Hotel and Convention Center”-д зохион байгуулсан бѳгѳѳд нийт 180 хувьцаа эзэмшигч оролцсон ба эдгээр хувьцаа эзэмшигчид нь АПУ ХК-ийн нийт 94.33%-ийг эзэмшдэг юм.
Монголын хѳрѳнгийн биржийн мэдээллийн дагуу “Шунхлай групп” 56.09 хувь, “Heineken” 25.03 хувь, “Steppe Beverage KFT” 13.44 хувь, үлдсэн 5.44 хувийг бусад хувьцаа эзэмшигч нар тус тус эзэмшиж байна. Үнэт цаасны тѳвлѳрсѳн хадгаламжийн тѳвийн 2022 оны 2-р сарын 28-ны ѳдрийн тѳвлѳрлийн судалгааны дагуу АПУ ХК-ийн 93.16 хувийг гурван хувьцаа эзэмшигч байгууллага эзэлж байгаа бол үлдсэн 6.84 хувийг 13,733 хувьцаа эзэмшигч эзэлж байна.
Ѳнгѳрсѳн хоёр жилийн хугацаанд АПУ ХК нь хүнд хугацааг туулан ѳнгѳрѳѳсѳн гэж үзэж байгаа ч борлуулалт болон цэвэр ашгийн хувьд огцом ѳсѳлттэй байсан. Үүнийг дагаад АПУ ХК-ийн нийт 12 мянга гаруй хувьцаа эзэмшигч нар ногдол ашиг хүртэж байна. Мѳн тэвчээр шалгасан цаг үед ѳсѳлт бий болгоход АПУ ХК-ийн эрсдэлийн менежмент маш үр дүнтэй байсан гэж үзсэн. Гэхдээ, дэлхийн 20 орчим улсаас түүхий эдээ авдаг АПУ ХК нь Оросын холбооны улс болон Хятад улсын нѳхцѳл байдлаас шалтгаалан тээврийн асуудалтай тулгарсаар байна.

Гадаад худалдааны хувьд Оросын Холбооны Улсад борлуулсан бүтээгдэхүүний дүн 220 хувийн ѳсѳлттэй байсан бол Хятад улсад 440 хувийн ѳсѳлттэй байсан. Хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр АПУ ХК-ийн удирдлагын зүгээс тодорхойлохдоо: Одоогийн нийт борлуулалтын орлогын 2 хувийг экспортын борлуулалт эзэлж байгаа ба энэхүү хэмжээг таваас арван жилийн хугацаанд нийт борлуулалтын орлогын 20 хувьд хүргэхээр зорьж байна. Компанийн зүгээс Бүгд Найрамдах Хятад Ард Улсад шар айраг нийлүүлэхэд илүү анхаарч байгаа ба авах захиалга их боловч тээврийн хүндрэлтэй тулгарсаар байна.

Сүүлийн үед дэлхийн байгууллага, хѳрѳнгѳ оруулагчид дан ганц нийгмийн хариуцлага гэж онцлохоос илүү ESG (Environmental, Social, and Governance) буюу БОНЗ (Байгаль орчин, Нийгэм, Засаглал)-ийн стандартыг хэрэгжүүлэхийг шаардаж эхэлсэн. Үүний зэрэгцээ АПУ ХК нь тогтвортой хѳгжлийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа ба олон нийтийг хамтдаа соёлтой нийгэм байхыг уриалж “Соёлоор гоёно” хѳтѳлбѳрийг хэрэгжүүлж байна. Мѳн байгаль орчинд ээлтэй байх үүднээс “Шилээ дахин амьдруулъя” аяныг хэрэгжүүлж байгаа ба худалдан авагч нар хэрэглэсэн бүтээгдэхүүний шилэн хаягдлыг “Шилээ дахин амьдруулъя” гэсэн тэмдэгтэй худалдааны цэгүүдэд тушааж тѳлбѳр авах боломжтой болсон. Сүүлийн улирлын байдлаар нийт 960 шил авах цэгийг бий болгосон.
Энэхүү хурлын үеэр удирдлагын зүгээс нэгэн таатай мэдээллийг дуулгасан бѳгѳѳд АПУ ХК болон Солонгос Улсын “GS Group” компанийн стратегийн түншлэлийн хүрээнд Солонгос Улсад 14,000 гаруй салбартай “GS25”сүлжээ дэлгүүрээр АПУ ХК-ийн бүтээгдэхүүнүүд борлуулагдахаар боллоо. Мѳн АПУ ХК нь Монгол Улсад “GS25” дэлгүүрийн мастер франчайзийг эзэмшигч “Дижитал концепт” компанийн 39 хувийг эзэмшиж байгаа нь энэхүү стратегийн түншлэлтэй холбоотой.

АПУ ХК-ийн зүгээс 2022 оны 2-р сарын 17-ны ѳдѳр ногдол ашиг тараахаар зарласан ба энэ нь 2021 оны хоёрдугаар хагас жилийн ногдол ашиг буюу нэгж хувьцаанд 60 тѳгрѳгийн ногдол ашиг оногдох юм. Энэхүү ногдол ашгийг 2022 оны 12-р сарын 31-ний ѳдрийн дотор хувьцаа эзэмшигч нарын Үнэт Цаасны Тѳвлѳрсѳн Хадгаламжийн Тѳвийн дансанд байршуулна. Хоёрдугаар хагас жилийн ногдол ашиг нь зѳвхѳн 2022 оны 4-р сарын 8-ны ѳдрѳѳс ѳмнѳ “APU” хувьцааг эзэмшиж байсан хувьцаа эзэмшигч нарт хамааралтай юм. Харин 2021 оны нэгдүгээр хагас жилд нэгж хувьцаанд нийт 46 тѳгрѳгийн ногдол ашиг хуваарилсан ба 2021 онд бүхэлдээ 106 тѳгрѳгийн ногдол ашгийг хуваариллаа.

Хэдийгээр 2020 болон 2021 онуудад Ковид 19 цар тахалтай холбоотой хүндрэлүүд байсан ч борлуулалтын орлого болон цэвэр ашиг ѳмнѳх онуудтай харьцуулахад 2021 онд илүү ѳсѳлттэй байсан. Мѳн тоног тѳхѳѳрѳмжийн шинэчлэлд зориулж 69.1 тэрбум тѳгрѳгийн зардал гаргасан.
Компанийн удирдлагын зүгээс нэгэн зүйлийг онцолсон нь ногдол ашгийн уян хатан бодлого ба хэдийгээр ногдол ашиг тараахаас илүү компанид дахин хѳрѳнгѳ оруулалт хийх шаардлагатай байсан ч гэсэн хувьцаа эзэмшигч нарын эрх ашгийг хамгаалах үүднээс ногдол ашиг хуваарилсан. Мѳн 2021 онд онцлох нэгэн зүйл нь цэвэр ашгийн ѳсѳлт ба 2020 онтой харьцуулахад нийт 73 хувийн ѳсѳлт үзүүлсэн. Харин борлуулалтын орлого 38 хувийн ѳсѳлт үзүүлсэн. Цэвэр ашгийн ѳсѳлт борлуулалтын орлогын ѳсѳлтѳѳс ѳндѳр байгаа нь тухайн компанийн бүтээгдэхүүний ѳртѳг буурч байгааг харуулах юм.

Хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр үйл ажиллагааны автоматжуулалт, тайлан мэдээллийн автоматжуулалт хэрхэн явагдаж байгаа тухай танилцуулсан ба үүний үр дүнд мэдээлэл дамжих хурд нэмэгдэж богино хугацаанд олон шийдвэр гаргах нѳхцѳлийг бүрдүүлэх боломжтой. Мѳн цаг хугацаа хэмнэж бүтээмжийг нэмэгдүүлснээр зардал багасаж цэвэр ашиг нэмэгдэх нѳхцѳлийг бүрдүүлэх юм.
Хэрэв та жилийн 18 хувийн тогтмол хүүгийн ѳгѳѳжтэй бүтээгдэхүүн сонирхож байвал энд дарж бүртгүүлээрэй. Бид тантай холбогдон мѳнгѳѳ байршуулахад тань туслах болно.



Leave a Reply