Монос Хүнс ХК нь 2022 оны 4-р сарын 23-нд ээлжит хувьцаа эзэмшигчдийн хурлыг “Shangri-la Hotel”-д зохион байгуулсан бѳгѳѳд нийт хувьцаа эзэмшигчдийн 79.95% нь хуралд оролцжээ. Монос Хүнс ХК нь 2022 оны 2-р сарын 28-ны байдлаар нийт 6,436 хувьцаа эзэмшигчтэй бөгөөд нийт хувьцааны 70%-ийг 1 хувьцаа эзэмшигч буюу ТУЗ-ийн дарга Л.Хүрэлбаатар дангаараа бүрдүүлж байна.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 2021 ОНД
“Vitos” брэндийн “Shot” 3 нэр төрлийн бүтээгдэхүүнийг Эм судлалын хүрээлэнгийн
эрдэмтдийн зургаан жилийн судалгааны үр дүнд үндэслэн биологийн идэвхт түүхий эд болох барагшун, хар саримс, алтангагнуур зэргийг агуулсан бүтээгдэхүүнийг зах зээлд байршуулсан.
Цэнэг болон Энхжин эрүүл мэндийн цай гэх мэт бүтээгдэхүүнүүдийн сав баглаа боодлыг хэрэглэхэд илүү хялбар болгож шинэчлэлт хийсэн нь борлуулалтыг өсгөхөд тодорхой хэмжээний нөлөөлсөн үзүүлсэн гэж харж байна. 2021 оны хувьд хил гаалийн асуудал түүхий эдийн тасалдал зэргээс шалтгаалж потенциалдаа хүрэх хэмжээний хангалттай борлуулалт хийх боломжоо алдсан гэж үзэж байгаа бөгөөд компанийн зүгээс тус таагүй нөхцөл байдлаас шалтгаалан 1.4 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байж болзошгүй гэсэн таамаглал тооцооллыг гаргажээ.
АНУ-д үйл ажиллагаагаа явуулдаг monchoiceglobal.com, madeinmongolia.com онлайн дэлгүүрт Монос Хүнс ХК-ийн эрүүл мэндийн 6 брэндийн 17 нэр төрлийн бүтээгдэхүүнийг байршуулаад байгаа юм. Amazon сайтад чацаргана жимсийг тусгай технологиор боловсруулсан чацарганын 100 хувийн цэвэр тосыг худалдаалж эхэлсэн нь хэрэглэгчдийн дунд эрэлт өндөртэй байна.
САНХҮҮГИЙН ГОЛЛОХ ҮЗҮҮЛЭЛТҮҮД
Борлуулалтын орлого 2020 онтой харьцуулахад 51 хувиар өсөж 18.8 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд хот, хөдөө орог нутагт нийт 7000 гаруй цэгт борлуулалт хийж байна.

Өмнө нь дурдсанчлан цар тахлын үеэр хилийн хориг тавигдаж Хятад улсаас орж ирэх сав балгаа боодол тасалдах, түүхий эдийн үнэ өсөх зэрэг хүндхэн нөхцөл байдал үүссэн хэдий ч дээрх хүндрэлүүдийг даван туулж цэвэр ашгийн хэмжээг 2 тэрбум төгрөгт хүргэж чадсанаа онцолсон байна. Зарим нэр төрлийн түүхий эдийн үнийн хувьд 7 дахин өссөн тохиолдол хүртэл гарсан байна.
БАЙГАЛ ОРЧИМ НИЙГЭМД ҮЗҮҮЛЭХ ЭЕРЭГ НӨЛӨӨЛӨЛ
Үйлдвэрийн хэмжээнд байгальд ээлтэй, эрчим хүч бага зарцуулдаг LED гэрэлтүүлэг, эрчим хүчний хэмнэлт бүхий А+ ангиллын цахилгаан хэрэгслүүдийг ашиглаж 14-20%– ийн цахилгааны хэмнэлт хийдэг. Шингэн хүнсний үйлдвэрлэлийн шүүлтийн явцад 30% хаягдал ус үүсдэгийг ариутгал цэвэрлэгээ, ахуй хэрэглээндээ тогтмол ашиглаж усны хаягдалгүй үйлдвэр байхаар зорьж байна. Түүнчлэн шинэ үйлдвэрлэлийн тоноглолыг сонгохдоо цахилгаан эрчим хүчний хэрэглээг 30-40% бууруулсан сонголтыг хийсэн.
2022 ОНЫ ЗОРИЛТУУД
- 2022-2023 оны туршид MFC 2.0 шинэ үйлдвэрлэлээ ашиглатад оруулах
- Олон улсын стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх
ISO 22000, Хүний нөөцийн 30400, Лабораторийн хяналт 17025 гэсэн стандартуудыг үе шаттай нэвтрүүлэх
- Борлуулалтын орлого болон цэвэр ашгийг 40 хувиар нэмэгдүүлэх
2022 оны 1-р улирлын төлөвлөгөөг бүрэн хангаад байна.
MFC ҮЙЛДВЭР 2.0 ТӨСӨЛ
Компанийн 10 жилийн ой тохиож буйтай холбогдуулан шинэ нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх, хүчин чадлаа өргөжүүлэхээр үйлдвэрлэлийн MFC 2.0 төслөө хэрэгжүүлж эхэллээ. Одоогийн байдлаар 2 дүүрэгт шингэн болон хуурай үйлдвэрүүд тусдаа ажилладаг бөгөөд шингэн үйлдвэрийн хашаанд байгаа сул газарт MFC 2.0 хэрэгжүүлнэ. Тус үйлдвэрийн хувьд 3 давхар нийт 6000 м2 талбай бүхий объект байх ба энэ нь одоогийн үйлдвэрийн хэмжээнээс 4 дахин том юм. Үйлдвэр барих өртгийн хувьд ₮18.8 тэрбум бөгөөд тухайн хөрөнгө оруулалтыг 4 жилд нөхөх урьдчилсан тооцоолол гаргасан.

Шинэ үйлдвэр ашиглалтад орсноор ургамлын хандтай “Craft” цай, жимсний агууламжтай төрөл бүрийн ундаа-г зах зээлд байршуулах боломжтой. Түүнчлэн зарим эрэлтээ бүрэн хангаж чадахгүй байгаа бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ. Тухайлбал компанийн голлох бүтээгдэхүүнүүдийн нэг болох Экос ус нь савласан усны зах зээлийн 8 хувийг эзэлдэг бөгөөд одоогийн байдлаар эрэлтээ хангаж чадахгүй байгаа юм. Иймд тус эрэлтийг хангах зорилгоор шинэ үйлдвэрт цагт 9000 ширхэг ус савлах шугамыг байгуулахаар төлөвлөж байна. Одоогийн үйлдвэрийн хувьд цагт 6000 ширхэг ус савлах хүчин чадалтай.
ТУЗ-ын дарга Л.Хүрэлбаатарын хувьд эзэмшиж буй 70 хувийн эзэмшлээ ирэх жилүүдэд 20 хүртэл хувь болгон бууруулж илүү олон хувьцаа эзэмшигчтэй засаглал сайтай компани байлгах тал дээр илүү анхаарна. Мөн тэрээр IPO хийх үед амлаж байсан жилд 10 тэрбум төгрөгийн ашигтай ажиллана гэсэн амлалтандаа 5 жилийн дотор хүрэх боломжтой талаар дурдлаа.
Хэрэв та жилийн 18 хувийн тогтмол хүүгийн ѳгѳѳжтэй бүтээгдэхүүн сонирхож байвал энд дарж бүртгүүлээрэй. Бид тантай холбогдон мѳнгѳѳ байршуулахад тань туслах болно.



Leave a Reply