📞 7510-7500

✉️ investment@apex.mn

Энэ цаг үед аль төрлийн хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн сонгох нь зохимжтой вэ?

2022 он гарснаар маш олон үйл явдал дэлхий дахинд болж өнгөрлөө. 2019 оноос эхэлсэн Ковид 19-ын нөлөөлөл, Оросын Холбооны Улс Украйнтай дайн зарласнаар нийлүүлэлтийн сүлжээ тасарч, бараа болон бүтээгдэхүүний тээвэр логистикт тулгамдал үүссэн. Мөн ОХУ-аас газрын тос импортлогч улсуудын эдийн засагт хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, инфляцыг хурдацтай нэмэгдүүлж байна. Хятад улсад цар тахлын байдал хурцдаж хатуу хөл хорио тавьж байсан ба уг дэглэм өнгөрсөн 7 хоногоос эхлэн зөөлрөх төлөвтэй болж байгаа хэдий ч удаан үргэлжилсэн хөл хорионоос үүдэлтэй Хятад улсын эдийн засаг болон хөрөнгийн зах зээл хүндхэн байдалд орсон.

Дээрх асуудлууд нь манай улсад ч мөн шууд нөлөөлж байгаа. Тухайлбал Хятад улс хилээ хааснаар манай экспортын хэмжээ эрс багассан нь гадаад худалдааны тэнцлийг алдагдуулан төгрөгийн ханшийг унагаав. Логистикийн асуудлаас үүдэн өргөн хэрэглээний бүтээгдэхүүний хомсдол болон үнийн хөөргөдөл үүсэж байгаа нь илт мэдэгдэхүйц байна. Өдрөөс өдөрт үнэ цэн нь багассаар байгаа хуримтлал болон хөрөнгөө хамгаалж үлдэхийн тулд бидэнд хөрөнгийн үнэ цэнээ хадгалж, өсөлт авах хөрөнгө оруулалтын боломж зайлшгүй хэрэгтэй болж байна. Тэгвэл өнөөдрийн байдлаар хөрөнгө оруулж болох боломжуудын талаар ярилцъя.

Олон улсын төвшинд хамгийн түгээмэл ашиглагддаг хөрөнгө оруулалтын хэрэгсэл болох АНУ-ын топ 500 компанийн индекс (SP&500) 2022 оны эхээр бүх цаг үеийн хамгийн дээд цэгтээ буюу 4,796 ам.доллар хүрч байсан бол нэгдүгээр сараас хойш 14.3% унаж 2022 оны 6 сарын 7ны өдрийн байдлаар 4,108 ам.доллар хүрлээ. Ковидын дараах нөлөө болон газрын тосноос үүдэлтэй инфляцын өсөлт Холбооны нөөцийн санг бодлогын хүүгээ нэмэхээс өөр аргагүй байдалд хүргэсэн нь АНУ хөрөнгийн зах зээлийн уналтын гол шалтгаан болсон. Учир нь бодлогын хүү нэмэгдсэнээр хөрөнгө оруулагчид ихэвчлэн хувьцаанаас мөнгөө гарган авч тогтмол хүүтэй бүтээгдэхүүн болох бондод хөрөнгө оруулалтаа шилжүүлж байна.

S&P 500 Index

Эх сурвалж: Wall Street journal

Манай улсын хувьдч мөн Топ 20 компанийн индекс буюу MSE 20 энэ оны эхээр 44,000 орчим нэгжийн үнэлгээтэй байсан бол өнөөдрийн байдлаар 34,760 нэгж болж 21%-иар унаад байна.

Монголын Топ 20 индекс

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж

Олны анхаарлыг их татаж, зах зээлд хүчтэй орж ирж байсан крипто зах зээл ч мөн адил их хэмжээгээр уналаа. 2021 оны 11-р сард биткойны ханш 68,000 ам.доллар буюу ханшийн дээд цэгтээ хүрсэн бол өнөөдрийн байдлаар 31,000 ам.доллар болж 54.4%-иар унаад байна. Хөрвөх чадвар маш өндөр ба ханшийн хөдөлгөөн их тул богино хугацаанд их хэмжээний ашиг олох боломжтой ч үүнийгээ дагаад алдах эрсдэл мөн өндөр байдаг.Үүнээс гадна крипто зах зээлд койны луйврын хэмжээ нэмэгдсээр байна. Тухайлбал түрүү жилийн эхнээс 46,000 мянган хүн ойролцоогоор 1 тэрбум ам.долларын койноо луйвардуулсан нь хөрөнгө оруулагчдын энэ зах зээл дахь итгэл үнэмшлийг ихээхэн хэмжээгээр буруулж байна.

Зах зээл тогтворгүй, уналттай үед ихэнх хөрөнгө оруулагчид хөрөнгөө хамгаалахын тулд тогтмол өгөөжтэй бүтээгдэхүүнд оролцож эхэлдэг.

Манай улсын хувьд ч инфляцын түвшин Улаанбаатар хотын хэмжээнд 15.2%, улсын хэмжээнд 14.4% байна. Арилжааны банкнуудын хадгаламжийн хувьд иргэдэд хамгийн өргөн цар хүрээгээр хүрч итгэлтэй мөнгөө хадгалуулдаг санхүүгийн хэрэгсэл. Гэсэн хэдий ч банкны хадгаламжийн хүүгийн дээд хэмжээ нь 10%-тай байгаа нь одоо болж буй үнийн хөөргөдлөөс иргэдийн хөрөнгийг хамгаалах боломжгүй буюу бодит өгөөж хасах утгатай байгаа юм.

Нийт хадгаламжын хэмжээ болон хүү

Эх сурвалж: Монгол Банк

Нийт хадгаламжийн хэмжээ 2018 оны 4-р сард 10.2 их наяд төгрөг байсан бол 2022 онд 17.3 их наяд төгрөг буюу 69.6%-иар 5 жилийн хугацаанд нэмэгдсэн бол банкны 2018 оны 4-р сард 11.5% байсан хадгаламжийн дундаж хүү 2022 оны 4-р Сарын байдлаар 7.9% болж 3.6%-иар буурсан. Дээрх үзүүлэлтээс харвал хадгаламжид мөнгөө байршуулах харилцагчдын тоо нэмэгдэж байгаа хэдий ч хадгаламжийн хүү сүүлийн 5 жилийн байдлаар бууралттай байна.

Нөгөө талаар хөрөнгө оруулагчдад хамгийн оновчтой сонголтыг өгч буй бондын зах зээлийн хувьд 2022 он гарснаас хойш 366.83 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 32 компанийн бонд шинээр гарсан ба эдгээрийн дундаж хүү нь жилийн 14.5%-тай байсан байна. Мөнгөний бодлого болон бусад нөлөөлөх хүчин зүйлсээс шалтгаалж бондын өгөөж дагаж хөрвөх чадвартай тул өнөөдрийн байдлаар хүүгийн төвшин 18-20.4% хүрээд байна.

Бондын дундаж хугацаа нь 1-2 жил байгаа ба хүүгийн төлөлт нь улирал тутамдаа буюу 3 сард нэг удаа төлөгддөг. Улирал тутмын хүүгийн төлөлтийн давуу тал нь та хүүгийн орлого буцааж бондод хөрөнгө оруулаад бодит орлогын хэмжээгээ нэмэгдүүлэх боломжтой. Жишээлбэл жилийн 18%-ийн хүүтэй бонд аваад хүүгийн орлогоо энэ бонд руу ахин хөрөнгө оруулбал жилийн бодит өгөөж нь 19.25% болно.

Бондын зах зээл дээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй Апекс Капитал ҮЦК-н хувьд харилцагч хөрөнгө оруулагчдадаа зориулан тогтвортой үйл ажиллагаатай, компанийн засаглал сайн, ирээдүйн мөнгөн урсгал болоод санхүүгийн чадамж өндөртэй үндэсний хэмжээний томоохон компаниудын бондыг тогтмол санал болгон ажилладаг. Иймд харилцагч та бүхэн бидэнтэй доорх холбоосоор холбогдон хөрөнгө оруулалт хийх боломжтой бүтээгдэхүүнүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

Холбоос : Та ЭНД дараарай

Таны хөрөнгө оруулалтын түнш – Апекс Капитал

Имэйл: investment@apex.mn

Утас: 7510-7500

Leave a Reply

Blog at WordPress.com.

%d bloggers like this: