📞 7510-7500

✉️ investment@apex.mn

Төсвийн бодлого хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөө

Хөрөнгийн зах зээлд макро эдийн засгийн голлох хүчин зүйлүүд болох зах зээл дээрх хүүгийн төвшин, төсвийн болон төлбөрийн тэнцэл, иргэдийн орлогын төвшин болоод бусад томоохон хүчин зүйлс ихээхэн нөлөөтэй байдаг. Эдгээрийг засгийн газрын нөлөөгөөр зохицуулдгын нэг хэлбэр нь төсвийн бодлого юм.

Энэхүү бичвэрээр төсвийн бодлого нь эдийн засгийн томоохон индикаторуудад яаж нөлөөлж цаашлаад хөрөнгийн зах зээлд болон хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад хэрхэн нөлөөлдгийг судлахыг зорив.

Санхүүгийн салбарын тулгуур баганын нэг хөрөнгийн зах зээлд макро эдийн засгийн бодлого өндөр нөлөөтэй. Энэ нь Мөнгөний болон Төсвийн гэсэн хоёр бодлогоор дамжин хэрэгждэг бөгөөд эдийн засаг дахь нийт эргэлтэд нөлөөлөх замаар макро эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг хангахад чиглэдэг.

Энэхүү хүрээнд төсвийн бодлогын нөлөөллийг илүү чухалчилж авч үзнэ.

Төсвийн бодлого нь ”Засгийн газрын зардал болон татварын хэмжээг өөрчлөх замаар нийт макро эдийн засагт нөлөөлж болох бөгөөд, төсвийн бодлого нь эдийн засагт маш чухал үүрэг гүйцэтгэдэг” гэсэн Кейнсийн онолд тулгуурладаг. Олон улсын төвшинд төсвийн бодлогын эдийн засагт үзүүлэх нөлөөг судалсан судалгааны ажлууд элбэг байдаг хэдий ч төсвийн бодлогын нөлөөлөл нь тухайн улсын эдийн засгийн онцлог, шинж чанараас хамааран улс орон бүрд харилцан адилгүй байдаг байна. Тухайлбал, тухайн улсын хөгжлийн төвшин, эдийн засгийн хэмжээ, ханшийн дэглэм, засгийн газрын өр болон гадаад худалдааны нээлттэй байдал зэрэг нь ихээхэн чухал нөлөөтэй.

Төрөөс эдийн засгийн харилцаанд оролцох таатай орчныг сайжруулах шууд нөлөө нь тэдгээрт зарцуулж буй зардал нь хэр үр ашигтай байхтай шууд хамааралтай. Засгийн газрын зардал нь урсгал зардал, хөрөнгийн зардал болон цэвэр зээлээс бүрддэг. Төсөвт эзлэх хөрөнгийн зардлын хэмжээг нэмэгдүүлэх нь эдийн засгийг урт хугацаанд дэмжих сайн талтай байдаг ч Монгол улсын төсвийн зардлын дийлэнх хэсгийг урсгал зардал эзэлж байна.

Төсвийн нийт зардлын 82 хувийг урсгал зардал эзэлж байгааг задлан харвал 47 хувийг орон нутгийн төсвийн урсгал шилжүүлэг, 16 хувийг цалингийн зардал, 14 хувийг бараа үйлчилгээ худалдан авах зардлууд тус тус эзэлж байна. Үлдэх 20 хувийг хөрөнгийн зардал эзэлж байгаа ба үүний 19 хувь нь хөрөнгө оруулалтын зардал байгаа ч харамсалтайн дийлэнх хэсэг нь хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн ТЭЗҮ, эхлэлтийн зардал байдлаар тусгагдан царцах тохиолдол ихээхэн байдаг байна. Үлдэх 1 хувь нь их засварын зардал байгаа нь бүтээн байгуулсан ажлуудаа сайжруулж завсарлах үйл явц муу байгааг илтгэж байна ./Их засварын зардлын олон улсын дундаж дүн ДНБ-н 2-3 хувь байна/.

Зардал талыг харвал ажлын байрыг нэмэгдүүлэх дэд бүтэц, үйлдвэр үйлчилгээ явуулах тохитой орчинд хангалттай их хэмжээний хөрөнгө зарцуулагдахгүй байгаа нь эдийн засагт нөлөөлөх бүтээмж болоод иргэдийн бодит орлогын өсөлтийг удаашруулж энэ нь гар дээрх сул мөнгөн хөрөнгийн хомс байдлыг үүсгэж хөрөнгийн захын идэвхийг бууруулах нөлөөтэй байна.

Засгийн газрын зардлын хэмжээнээс гадна, түүний бүтэц нь макро эдийн засаг болон нийт эдийн засгийн өсөлтөд чухал нөлөөтэй байдаг. Тухайлбал, урсгал зардлаас илүүтэйгээр хөрөнгийн зардал буюу ирээдүйд үнэ цэн бүтээх боломжтой төслүүдийг хэрэгжүүлэх нь эдийн засгийн өсөлтийг урт хугацаанд дэмжих сайн талтай бол эсрэгээрээ үр дүн бага төслүүдийг санхүүжүүлэх тогтмол гарах урсгал зардлыг орж ирэх орлогоос илүү өндөр төвшинд байлган, нэмэгдүүлж эдийн засгийн өсөлтөд урт хугацаанд сөрөг нөлөөтэй байдаг. Ялангуяа хөгжиж буй орнууд үр ашигт хөрөнгийн зардлаар дамжуулан засгийн газрын зардлыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж үздэг. Тэгвэл төсвийн зардал суурь хүчин зүйлсэд хэрхэн нөлөөлдгийг дурдвал:

Төсвийн зардал ба эдийн засгийн өсөлт:

Монгол Улсын хувьд Засгийн газрын зардал өсөх нь эдийн засгийн өсөлтийг дэмжихээс илүүтэйгээр сааруулах нөлөөтэй байдаг байна /ЗГ- ын зардал 1 нэгж хувиар нэмэгдэхэд ДНБ-ийн өсөлт 0.3 нэгжээр буурч байна. Л.Даваажаргал, О.Цолмон/ Энэ нь Монгол улсын эдийн засгийн дараах онцлог шинж чанаруудаас шалтгаалдаг байж болох юм.

Гадаад өр өндөртэй. Монгол улсын Засгийн газрын нийт гадаад өр 2021 оны төгсгөлд 8.4 тэрбум ам.доллартой тэнцсэн бөгөөд энэ нь ДНБ-ий 60 орчим хувьтай тэнцэж байна. Засгийн газрын гадаад өр өндөртэй улсуудын засгийн газрын зардал нь ДНБ-ийг бууруулах нөлөөтэй байдаг.

Шахан гаргах үзэгдэл. Засгийн газрын зардал нэмэгдэх нь зээлийн хүүгийн хэмжээг нэмэгдүүлж, хувийн хөрөнгө оруулалтыг шахан гаргах ба энэ нь эдийн засгийн өсөлтийг сааруулж, урт хугацаанд хөрөнгийн нийт хуримтлалыг багасгадаг гэж үздэг.

Импортлогч орон. Манай улсын дотоод эдийн засгийн хэмжээ жижиг бөгөөд ихэнх түүхий эд материал, тоног төхөөрөмжийг импортолдог тул засгийн газрын зардлын тэлэлт нь дотоодын нийт эрэлтийг урамшуулахаас илүүтэйгээр импортыг дэмжин, энэ нь цэвэр экспортыг бууруулж ДНБ буурах шалтгаануудын нэг болдог.

Бодлогын хүү ба инфляц. Засгийн газар зардлаа нэмэгдүүлэхэд төв банк бодлогын хүүгээ нэмэгдүүлдэг байна. Засгийн газрын өндөр зардлын үр дүнд ханш хүчтэй суларч, инфляц өсөж эхлэх тул төв банк мөнгөний хатуу бодлого баримтлах хэрэгтэй болж, бодлогын хүүгээ чангаруулна.

Засгийн газрын зардал нэмэгдэхэд инфляц богино хугацаанд өсөх хандлагатай болох ч бөгөөд төв банк бодлогын хүүгээ өсгөснөөр дунд хугацаанд инфляц буурахтөлөвтэй байдаг.

Дүгнэлт:

Төсвийн бодлого хөрөнгийн захыг дэмжихгүй байна.

Төсвийн алдагдал:

Сүүлийн 10 жилийн хугацаанд тогтмол орлогоос давсан зардалтайгаар төсвийн алдагдалтай он жилүүд өнгөрөв. Тус зардлын 70 гаруй хувь нь урсгал зардал буюу татаас, шилжүүлэг, цалин хөлс, байдлаар зарцуулагдаж жил бүр өссөөр байна. Мөн иргэдийн амьжиргааг дэмжих санаачилгаар бэлэн мөнгөөрх халамжийг сонгуулийн жилийн ойролцоо үеүдэд тарааж байгаа нь богино хугацаанд худалдан авах чадварт сайнаар нөлөөлөх ч дунд хугацаанд мөнгөний нийлүүлэлтийг дагасан үнийн өсөлт биднийг хүлээж байдаг нь галаа унтраах гэж сэвсэн биш улам асааж буй мэт санагдана. Энэ нь зах зээл дээрх бэлэн мөнгөний хэмжээг нэмэгдүүлж байдаг. Төв банкнаас төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах зорилгоор энэхүү жилүүдэд мөнгөний хатуу бодлогыг баримталж бодлогын хүү 2 оронтой тоон дээр байсан нь зах зээл дээрх хүүгийн хэмжээг өндөр хэмжээнд байлган иргэдийн хөрөнгө оруулахаас илүү хадгаламж байдлаар өндөр тогтмол хүү авах сэдлийг ихээхэн төрүүлсэн байх боломжтой.

Зах зээл дээрх хүү:

Дээр дурдсанчлан зах зээл дээрх хүү өндөр байх нь тогтмол өгөөжтэй бүтээгдэхүүний эрэлтийг нэмэгдүүлж байгаа ч иргэдийн хөрөнгийн зах зээлийн мэдлэг хангалтгүйгээс мөн зах зээл дээр хангалттай сайн бүтээгдэхүүн олон байдаггүй зэрэгтэй холбоотой бонд гэх тогтмол өгөөжтэй бүтээгдэхүүнээс илүү банкны хугацаат хадгаламжийн төвлөрөл улам нэмэгддэг. Улмаар иргэдийн хөрөнгө оруулах сонирхол буурах нь бодит баялаг бүтээгчид болох компаниудаа дотоод эх үүсвэрээрээ бүрэн дэмжиж чадахгүй нөхцөл байдал үүссэнээр эдийн засгийн суурь чадамжид сөрөг нөлөөтэй.

Инфляц:

Мөн л импортлогч орны сул тал. Бидний валютын нөөцийн гарах урсгалын 50 орчим хувь нь зөвхөн нефтийн бүтээгдэхүүнд зориулагддаг. Мөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, зайлшгүй шаардлагатай техникүүдийг дотооддоо үйлдвэрлэж чадахгүй /урсгал зардлаа л чүй ай хангаж байна даа/ байгаа зэрэг нь гадаад нөлөө буюу хилийн хориг, түүхий эдийн үнийн шок зэрэг хүчин зүйлсэд амархан өртдөг нь үнийн хараат байдлыг бүрдүүлдэг. Дээр нь төсвийн зардлын 20 хүрэхтэй үгүйтэй хувь нь л ирээдүйд үнэ цэн бүтээх төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд чиглэгдэж байгаа нь богино, дунд хугацаандаа энэхүү хараат байдал үргэлжлэх төлөв нь илүүтэй байна.

Инфляц өсөх суурь нэг шалтгаан нь мөнгөний хэт нийлүүлэлт байдаг. Засгийн газраас орлого бүтээмжийг дэмжсэн биш, халамжийн бодлогыг түлхүү явуулаад байгаа нь дотоодоос үүдэлтэй үнийн өсөлтийг дэмжсээр байна.

Инфляц тогтвортой, таамаглах боломжтой орчин үгүй бол хөрөнгө оруулалт хаашаа хэзээ, хийх вэ? гэдэг маш том толгойны өвчнийг мөн айдсыг үүсгэж байгаа нь хөрөнгийн зах зээлд оролцогчдын урсгалыг удаашруулах нэг хүчин зүйл юм.

Гадаад өр:

Төсвийн зардал зарим төсөл хөтөлбөр, зардлуудыг санхүүжүүлж чадахгүй тохиолдолд засгийн газар төсвийн гадуурх санхүүжилтийн арга хэрэгслээр /ЗГ-н гадаад өр/ санхүүжүүлдэг. Манай улсын засгийн газрын гадаад өрийн хэмжээ 2015 оноос 2.3 дахин нэмэгдэж 8.3 тэрбум долларт хүрэв. Өрийн удирдлагыг сайн хэрэгжүүлж чанартай төсөл хөтөлбөр хэрэгжүүлж чадвал ирээдүйд ирэх үнэ цэн нь орлого, бүтээмж өссөний улмаас өндөр байна, гэвч чадахгүй бол ДНБ-н өсөлтийн бууралт, валютын нөөцийн гарах урсгалаас үүдэлтэй ханшийн тогтворгүй байдал зэрэг зүйлс үүсэх нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалтыг орж ирэх хаалгыг хумьж буй нэг нөлөө юм.

Энэхүү зах зээлд макро эдийн засагт нөлөөлөх улс төрийн шийдвэрүүд ихээхэн нөлөөтэй ч хөрөнгө оруулагчидад зах зээлийн дундаж өгөөжөөс илүү өндөр өгөөж хүртэх боломжийг баялаг бүтээгчид буюу компаниуд олгож буйг мартаж болохгүй. Тэд улс төрийн орчинтой нийцэн, үйл ажиллагаагаа сайжруулж, борлуулалт, ашгийн төвшингөө нэмэгдүүлэх нь бүрэн өөрсдөөс нь шалтгаалдаг тул хөрөнгө оруулагчийн зүгээс компаниудаа сайтар судлан, зөв сонголтоо хийн, урт хугацаанд хөрөнгө оруулсаар байх нь хувийн санхүү болон эдийн засгаа дэмжиж буй чухал үйл юм.

Өнөөгийн өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт өндөр, иргэд орлогын хангалттай өндөр төвшинд байж чадахгүй байгаа энэхүү үед үнэ цэн бүтээж буй сайн компаниудад болоод тогтмол өндөр өгөөжтэй бүтээгдэхүүнүүдэд хөрөнгө оруулснаар та санхүүгийн аюулгүй байдлаа хамгаалах бүрэн боломжтой юм.

*** Таны хөрөнгө оруулалтын түнш – Апекс Капитал

Бондын зах зээл дээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй Апекс Капитал ҮЦК-н хувьд харилцагч хөрөнгө оруулагчдадаа зориулан тогтвортой үйл ажиллагаатай, компанийн засаглал сайн, ирээдүйн мөнгөн урсгал болоод санхүүгийн чадамж өндөртэй үндэсний хэмжээний томоохон компаниудын бондыг тогтмол санал болгон ажилладаг. Иймд харилцагч та бүхэн бидэнтэй доорх холбоосоор холбогдон хөрөнгө оруулалт хийх боломжтой бүтээгдэхүүнүүдийн талаар ЭНД ДАРЖ дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

Имэйл: investment@apex.mn

Утас: 7510-7500

Leave a Reply

Blog at WordPress.com.

%d bloggers like this: