📞 7510-7500

✉️ investment@apex.mn

САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛ ХААШАА ЧИГЛЭЖ БАЙНА ВЭ?

Өдөр тутмын банкны гүйлгээ, төлбөр тооцоо, зээлийн хүсэлт цаашлаад таны хувьцааны хөрөнгө оруулалт, үнэт цаасны арилжаа, хадгаламж гээд та бид санхүүгийн зах зээлд идэвхтэй оролцдог. Эдгээр үйлдэл бүрийг хийхдээ шийдвэрүүдтэй нүүр тулж сонголт хийнэ.

Бидний тэр бүр анзаардаггүй боловч үргэлж аль нэг хэсэгтэй нь холбогдож байдаг санхүүгийн зах зээлийн нөхцөл байдал болон ирээдүйн чиг хандлага хаашаа хөдөлж байгааг анзаарч нэг харцгаая.

ЗАХ ЗЭЭЛИЙН БҮТЭЦ

АРИЛЖААНЫ БАНКУУД

Зах зээлийн 83 орчим хувийг арилжааны банкууд бүрдүүлж байна. Өнгөрсөн 5 жилийн тоон мэдээллийг эргэн харвал банкуудын нийт хөрөнгө жилд дунджаар 9 хувиар өсөж 42 их наяд төгрөгт хүрчээ. Нөгөө талд хадгаламжийн хэмжээ ч нэмэгдсэн байна. Тэгвэл арилжааны банкуудын дундаж хадгаламжийн хүү сүүлийн 5 жилд хэрхэн өөрчлөгдсөн бол?

Сүүлийн 5 жилд 12 сарын хугацаатай хадгаламжийн хүү 7.2 нэгжээр буурсан байгаа бол хадгаламжийн нийт үлдэгдэл 70 орчим хувиар нэмэгдэж 18.8 их наяд төгрөгт хүрчээ. Таны хадгаламжийн хүү жил ирэх тусам буурсаар байсан ч та бага хүүтэйгээр мөнгөө хадгалуулсаар л байсан гэсэн үг. Уг буруу тогтолцоо нь арилжааны банкуудын санхүүгийн зах зээлд эзлэх хувь хэмжээ хэт өндөр байгаатай холбоотой байна.

Сонирхолтой тоо: 2017 онд 3 сар хүртэлх хугацаатай хадгаламжийн хүү 10.5 хувь байсан бол 2022 оны 2-р улирлын байдлаар 36-аас дээш хугацаатай хадгаламжийн хүү 10.5 хувь байх болсон.

БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГА

Санхүүгийн зах зээл дундаас өндөр өсөлттэй байгаа салбаруудын нэг бол ББСБ. Онлайн зээлийн үйлчилгээ нэмэгдэж байгаа нь салбарын өсөлтөд түлхэц болж байна. Түүнчлэн энэ оны хагас жилийн байдлаар тус салбарын нийт зээлдэгчдийн тоо өмнөх оны мөн үеэс 102.9 хувиар нэмэгдэж 1.5 саяд хүрсэн байна. Энэ нь салбарын хувьд сайн үзүүлэлт боловч иргэдийн хувьд зээл авахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байгааг харуулж байна.

ДААТГАЛ БА ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШОО

Эрсдэлгүй ирээдүйн баталгаа болж байдаг даатгалын салбар болон зах зээлд эзлэх хэмжээ бага ч, өсөн нэмэгдэж буй хадгаламж зээлийн хоршоо өнгөрсөн 5 жилд мөн л өсөлттэй байлаа.

Ингээд харахад бүх л салбар өсөн нэмэгдэж байна. Та мөнгөө хадгалуулж, зээл авч, даатгал хийлгэснээр эцсийн дүндээ бага өгөөж, өндөр зээлийн хүү болон шимтгэлтэй нүүр тулдаг. Уг тогтолцоог өөрчлөх боломж нь хөрөнгийн зах зээл юм.

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

Сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээлийн арилжааны хэмжээ нэмэгдэж энэ хэрээр зах зээлийн хэмжээ өслөө. Өмнө дурдсанчлан бусад санхүүгийн салбаруудад дэлгэрч буй иргэдэд ээлгүй тогтолцоог хөрөнгийн зах зээл өөрчлөх боломжтой. Ирэх жилүүдэд топ-5 арилжааны банкууд хувьцаат компани болсноор хадгаламж эзэмшигч та тухайн банкныхаа эзэмшигч нь болох үүд хаалга нээгдэж байна.

ХҮЛЭЭЛТ: Арилжааны банкуудын IPO одоо байгаа хөрөнгийн зах зээлийн хэмжээг даруй 2 дахин нэмэх таамагтай байгаа. Банкуудын хувьд нийт хөрөнгийн 10 орчим хувь нь л өөрийн хөрөнгө байдаг бөгөөд нээлттэй хувьцаат компани болсноор хөрөнгө оруулагчид ногдол ашиг хүртэх, цаашлаад санхүүгийн зах зээлийн тогтвортой хөгжилд эерэг нөлөө авчрах боломж үүсэж байна.

Хөрөнгийн зах зээлд олон нийтэд хувьцаагаа санал болгох, бонд гаргах замаар компаниуд санхүүгийн эх үүсвэртэй болох нөгөө талдаа хөрөнгө оруулагчид өөрийн хөрөнгөө ажиллуулж өндөр өгөөж хүртэх боломжууд нээлттэй. Зах зээлийн чиг хандлага хөрөнгийн зах зээл рүү хөдөлж байна. Та Апекс капитал ҮЦК-аар дамжуулан хөрөнгийн зах зээлд оролцож өөрийн хөрөнгийг ухаалгаар ажиллуулаарай.

Leave a Reply

Blog at WordPress.com.

%d bloggers like this: