📞 7510-7500

✉️ investment@apex.mn

Хөрөнгө оруулагчдын гаргадаг зан төлөвийн алдаанууд

Хөрөнгө оруулагчид зөвхөн судалгаа шинжилгээ, санхүүгийн суурь мэдлэгээс гадна сэтгэл зүй зан төлѳвөө удирдах нь маш чухал юм. Хэдий сайн судалгаа хийж зөв хөрөнгө оруулалт хийсэн ч бидний далд ухамсар зарим үед илүү ихээр нөлөөлж буруу шийдвэр гаргахад хүргэдэг. Энгийнээр зан төлөвийн алдаа нь баримт, нотолгоонд тулгуурлан шийдвэр гаргах чадварыг алдагдуулж, үндэслэлгүй таамаглал, итгэл үнэмшил нь илүү ихээр нөлөөлөх явдлыг хэлнэ. “IQ өндөртэй олон хөрөнгө оруулагчид аймшигтай хөрөнгө оруулагчид байдаг. Учир нь тэд аймшигтай ааштай байдаг, иймд та ухаангүй сэтгэл хөдлөлөө хяналтан доороо байлгах хэрэгтэй” гэж АНУ-ын алдарт хөрөнгө оруулагч Charlie Munger хэлсэн байдаг.

Тэгвэл хөрөнгө оруулагчид зан төлөвийн нийтлэг ямар ямар алдаа гаргадаг вэ ?

1) Алдагдлаас зайлсхийх

Хөрөнгө оруулагчид эрсдэлд дургүй ба боломжит өгөөжөөс илүү алдагдалд мэдрэмтгий байдгийг судалгаагаар олж тогтоосон. Тодруулбал хүмүүсийн алдагдалд орсон мэдрэмж нь ашиг олсноос хоёр дахин илүү мэдрэгддэг байна. Хэрэв та 1 сарын өмнө АПУ ХК дээр 10 хувийн ашиг олсон хэдий ч энэ сард 10 хувийн алдагдалтай байсан бол тухайн алдагдалдаа илүү санаа зовж таагүй мэдрэмж авна. Хэрэв дээрх явдал олон давтагдвал нийт багц тань алдагдалгүй байсан хэдий ч та сэтгэл зүйн таагүй байдалд орох магадлалтай.

2) Бусдыг дагах

Хөрөнгө оруулагчид өөрсдийн боловсруулсан мэдээлэл болон дүн шинжилгээг үл тоомсорлож, бусдын хөрөнгө оруулалтын хэв маяг эсвэл ижил төстэй бүтээгдэхүүнд дагаж хөрөнгө оруулахыг хэлнэ. Энэ нь манайхны хамгийн түгээмэл гаргадаг алдаа бөгөөд тухайн зах зээл дээр мэргэшээгүй, хамааралгүй олны танил эрсдэл өндөртэй бүтээгдэхүүн жишээлбэл койн санал болгож байсан ч хүмүүс түүнд хошуурдаг. Гэвч тухайн хүний хөрөнгө оруулалтын хугацаа, зорилго, эрсдэл даах чадвар нь тэс ондоо байж болно. Иймд хэн нэгнийг дагаж богино хугацаанд ашиг олж болох хэдий ч урт хугацаанд тогтвортой байх нь эргэлзээтэй.

3) Тренд хөөх

Тренд хөөх нь хөрөнгө оруулалтын хамгийн хүчтэй хандлага бөгөөд олон хөрөнгө оруулагчид өнгөрсөн чиг хандлагыг дагаж хөрөнгө оруулалт хийдэг. Санхүүгийн бүтээгдэхүүний танилцуулгад “өнгөрсөн гүйцэтгэл нь ирээдүйн үр дүнг илтгэхгүй” гэсэн мэдэгдэл ихэвчлэн агуулагддаг боловч хөрөнгө оруулагчид өнгөрсөн мэдээлэлд тулгуурлан ирээдүйг урьдчилан таамаглаж чадна гэдэгт итгэдэг. Мөн өнгөрсөн үеийн мэдээллээс гадна сүүлийн үед хүмүүсийн хошуурч буй хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнд хөрөнгө оруулж ханшийн оргил үед орж алдагдал хүлээсэн тохиолдол цөөнгүй байдаг. “Бүх хүмүүс авч байвал зар харин зарж байвал ав” гэдэг үг байдгийг санаж явах хэрэгтэй.

4) Оюун санаандаа бүртгэл хийх

Хүний сэтгэл зүй нь зардал, орлогыг оюун санааны хувьд өөрийн мэдэлгүй тодорхой ангилалд хуваарилж байдаг. Эдгээр хуваарилалтууд нь хүнийг амархан мөнгө үрэх эсвэл хурдан шийдвэр гаргахад нөлөөлдөг байна.

“Chicago”-ийн их сургуулийн эдийн засагч Richard Thaler гаргасан жишээгээс авч үзье: Ноён, хатагтай Линдон нар загасчлах аялалд явж, хулд загас барьжээ. Тэд загасыг савлаж, гэрлүүгээ агаарын тээврийн компаниар илгээсэн боловч тээврийн компанийн алдаанаас болж загасыг алджээ. Агаарын тээврийн компаниас тэдэнд нөхөн төлбөр болгон 300 доллар өгсөн бөгөөд хосууд мөнгөө аваад оройн хоолонд орж, 225 доллар зарцуулсан байна. Гэвч тэд урьд өмнө нь ресторанд ийм хэмжээний мөнгө зарцуулж байгаагүй ажээ. Хэрэв тэдний цалин зүгээр л 300 доллароор нэмэгдсэн бол шууд хоолонд орж тэр дор нь үрэх байсан болов уу?

Richard Thaler-ийн хэлснээр, энэ жишээ нь амархан олдсон мөнгийг амархан үрэх хандлагатай байдаг бөгөөд амархан олсон мөнгийг толгойндоо хуваарилахгүйгээр амархан олсон гэсэн бодлыг толгойноосоо салгах хэрэгтэй талаар дурджээ. Үүнтэй нэгэн адилаар хөрөнгө оруулагчид богино хугацаанд, амархан олсон ашгийг дэмий зүйлд зарцуулах эсвэл эрсдэл өндөртэй бүтээгдэхүүн түүгээрээ авах хандлагатай байдаг ажээ.

Тэгвэл эдгээр алдаануудаас хэрхэн сэргийлэх вэ?

  • Арилжаа хийх бус хөрөнгө оруулалт хийх
  • Хөрөнгө оруулалтын хугацаа болон эрсдэл даах чадвараа тодорхойлох
  • Хөрөнгө оруулалтаа төрөлжүүлж олон бүтээгдэхүүнээр багц бүрдүүлэх
  • Төлөвлөгөө гаргаж сахилга баттайгаар түүнийгээ хэрэгжүүлэх

Мөн эдгээрээс гадна хамгийн чухал нь мэргэжлийн байгууллагад хандах юм. Хүн бүр өөрсдийн эрсдэл даах чадвараа тооцоолох, өөрт тохирох бүтээгдэхүүн багцаа бүрдүүлэх боломжгүй тул мэргэжлийн хөрөнгө оруулалтын зөвлөхөөс зөвлөгөө авч хөрөнгө оруулах нь таныг дээрх алдаануудыг гаргахгүй байх мөн хөрөнгө оруулалтын эрсдэлээ багасгаж найдвартай хөрөнгө оруулахад туслах болно.

Та мэргэжлийн зөвлөгөө мэдээлэл авах бол бид үргэлж нээлттэй байх болно.

Хөрөнгө оруулагчийн хамгийн муу дайсан нь хѳрѳнгѳ оруулагч өөрөө байх магадлалтай.

– Бенжамин Грэм

Хэрэв танд хөрөнгө оруулалттай холбоотой асуулт байвал ЭНД дарж манай мэргэжлийн багтай холбогдож зөвлөгөө зөвлөмжүүдийг авах боломжтой ба мөн манай Facebook (Apex Capital – Better Investing) хаягаар болон ☎️7510-7500 утсаар холбогдоно уу.

Apex Capital | Apply Persistence.

Leave a Reply

Blog at WordPress.com.

%d bloggers like this: