Магадгүй та дараах өгүүлбэрийг хэлж буй хэн нэгэнтэй учирч байсан байх, аль эсвэл өөрөө тэр хүн нь ч байж мэднэ. “Хөрөнгө оруулалт хийгээд алдчихлаа. Хувьцаа, арилжаа ер нь дэмий зүйл байсан байна”
Энэ бол өрөөсгөл ойлголт бөгөөд нөгөө талд амжилттай шийдвэр гаргаж, хувийн санхүүгээ ухаалаг удирдаж буй хүмүүс бишгүй олон гэдгийг санах нь зүйтэй. Тэгвэл уг хоёр хүнийг ялгаатай үр дүнд хүрэхэд юу нөлөөлж байна вэ?
Хөрөнгө оруулалт бол нэг төрлийн шийдвэр гаргаж буй процесс тул хамгийн эхэнд бид хэрхэн шийдвэр гаргадаг, үүнд юу нөлөөлдөг болохыг ойлгох хэрэгтэй.
Насанд хүрсэн хүн өдөрт дунджаар 35,000 орчим сонголт хийдэг болохыг Корнэллийн Их Сургуулийн эрдэмтэд тогтоожээ. Итгэмээргүй өндөр тоо байгаа биз! Аз болж хүний шийдвэр гаргах процесс нь үндсэн хоёр төрөлтэй байдаг бөгөөд нэг нь далд ухамсарт суурилсан сонголт бол нөгөөх нь тунгаан бодсоны үр дүнд гаргаж буй сонголт юм. Бидний өнгөрсөн хугацаанд олж авсан туршлага болон тогтсон зуршил зэргийн нөлөөллөөр өндөр ач холбогдолгүй шийдвэрүүдийг далд ухамсар автоматаар гаргадаг. /Жишээ нь өглөө сэрээд юу хийх, ажил руугаа ямар замаар алхах гэх мэт/
Харин зүүн тархины тусламжтайгаар бид тунгаан бодож гаргасан логик хэв шинжтэй сонголтыг хийж чаддаг. Мэдээж хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалт нь далд ухамсрын тусламжтайгаар хийгдэхгүй. Нэг үгээр бол “Амжилттай болон алдагдалтай хөрөнгө оруулагч нар тунгаан бодсоны үр дүнд л шийдвэр гаргадаг”. Гол ялгаа нь амжилттай хөрөнгө оруулагчид тунгаан бодож гаргасан шийдвэртээ сэтгэл зүйн тогтворгүй байдал, зан төлѳвийн сул талуудаа оруулдаггүйд оршиж байна.
Та өөрийн гаргаж байсан “муу” хөрөнгө оруулалтаа эргэн санаарай. Тухайн үеийн аль болох хурдан ашиг хүртэх гэсэн хүсэл, олны дундаас хоцрох гээд байгаа мэт мэдрэмж тухайн “муу” шийдвэрт нөлөөлсөн байх өндөр магадлалтай. Ихэнх хүмүүст тохиолддог сэтгэл зүйн “rollercoaster” буюу тогтворгүй байдлыг дараах зургаар дүрсэлж болох юм.

Бидний мэдэхээр хүний зан төлөвийг түгээмэл үндсэн 4 бүлэгт хувааж авч үздэг. Тэгвэл хөрөнгө оруулалтын тухайд дараах байдлаар хүмүүсийг ангилан үзэх боломжтой. Үүнд:
1. Эрсдэл үл тоогч
Энэ төрлийн хөрөнгө оруулагчдын хувьд ашиг нэн тэргүүнд байдаг бөгөөд эрсдэлийг хоёрдугаарт тавьдаг. Мѳн зан төлөвийн хувьд зоригтой, түргэн хүмүүс. Цаашлаад зах зээл уналттай үед сэтгэл хөдлөлийн тогтворгүй байдалд ордоггүй, урт хугацаандаа хөрөнгө оруулалт хийдэг мөн тодорхой хэмжээний уналт байх л болно гэдгийг ухаарсан байдаг.
2. Эрсдэл хүлээхээс зайлсхийгч
Зарим хөрөнгө оруулагчид зах зээл уналттай үед ч алдагдал хүлээхгүй байхыг туйлын ихээр хүсдэг. Ихэвчлэн хувьцааны хөрөнгө оруулалт хийдэг, зах зээлд урт хугацааны уналт ирэх таамаглал гарвал бүх хувьцаагаа зарж орхидог хүмүүсийг энэ төрөлд хамааруулан авч үздэг байна.
3. Хамгаалагч
Энэ бүлэгт багтах хүмүүс хувьцааны хөрөнгө оруулалт гэхээс илүү бондыг сонгодог. Ихэвчлэн мөнгөө алдах айдсаас үүдэн хөрөнгө оруулалтын шийдвэрээ болгоомжтой гаргадаг төрлийн хүмүүс.
4. Тэнцвэр хадгалагч
Бонд, хувьцаа болон бусад төрлийн санхүүгийн бүтээгдэхүүнд хөрөнгө оруулдаг. Энэ төрөлд багтах хүмүүс олон төрлийн санхүүгийн хэрэгсэл тус бүрийн эрсдэлийн зэрэглэлийн талаар сайн ойлголттой байдаг.
Та ямар ч төрлийн зан төлөвтэй байсан хөрөнгө оруулалт хийхдээ дараах асуултуудыг өөрөөсөө асууж, оновчтой шийдвэр гаргаарай.
-Миний тэсвэрлэж чадах хамгийн дээд алдагдал хэд вэ?
-Энэ хөрөнгө оруулалтыг урт хугацаанд хийж байгаа юу?
-Би хангалттай хэмжээнд судалгаа хийж чадсан уу?
-Эцэст нь уг шийдвэр, миний хөрөнгө оруулалтын арга барилтай таарч байгаа юу?
Дээрх асуултад буруу хариулт гэж байхгүй бөгөөд та өөртөө шударга байж чадвал өөрийн хөрөнгө оруулалтын зан төлөвийг таньж мэдэх, цаашид хөрөнгө оруулалтын оновчтой шийдвэр гаргах боломжтой. Нээрээ, бидний зан төлөвөөс гадна сэтгэл зүйн зарим “төөрөгдлүүд” алдаатай шийдвэр гаргахад нөлөөлдөг. Энэ талаар энд дарж дэлгэрэнгүй уншаарай. Мѳн, хэчнээн зѳв хѳрѳнгѳ оруулалтыг сонгосон ч гэсэн ерѳнхий зах зээлийн байдал уналттай байгаа тохиолдолд илүү урт хугацаанд хѳрѳнгѳ оруулалтаа барих шаардлагатай. Хѳрѳнгѳ оруулах зѳв цаг хугацааны тухай энд дарж дэлгэрэнгүй уншаарай.
Эцэст нь, таны хөрөнгө оруулалтын туршлага, судалгаа шинжилгээ гээд гол хүчин зүйлүүдийг орхигдуулж болохгүй. Ямар ч зүйлийг тогтвортойгоор, тууштай хийснээр үр дүн гардаг гэдгийг хөрөнгө оруулахдаа ч бүү мартаарай.
Хэрэв танд хөрөнгө оруулалттай холбоотой асуулт байвал ЭНД дарж манай мэргэжлийн багтай холбогдож зөвлөгөө зөвлөмжүүдийг авах боломжтой ба мөн манай Facebook (Apex Capital – Better Investing) хаягаар болон ☎️7510-7500 утсаар холбогдоно уу.
Танд амжилт хүсье!
Apex Capital | Apply Persistence.
Leave a Reply