📞 7510-7500

✉️ investment@apex.mn

🔍 ЭДИЙН ЗАСГИЙГ ЭНГИЙНЭЭР

Та ирээдүйг таамаглах хүчтэй байсан бол юу хийх байсан бэ? Магадгүй таны хөрөнгө оруулалт бүр өгөөжтэй байж, зөв шийдвэрүүд ар араасаа хөврөх биз ээ. Бодит амьдрал дээр та эдийн засаг гэж юу болох, түүний доторх олон механизмууд ямар уялдаа холбоотойгоор ажилладаг болохыг ойлгосноор оновчтой шийдвэрүүдийг гаргах боломжтой.

Эдийн засаг гэж юу вэ?

Эдийн засгийг үүсгэгч хамгийн жижиг нэгж хэсэг нь гүйлгээ (transaction) бөгөөд худалдагч болон худалдан авагч талуудын оролцоотойгоор бий болно. Эдгээр олон гүйлгээнүүд нийлж төрөл бүрийн зах зээлийг үүсгэдэг. Жишээ нь хөрөнгийн зах зээлд үнэт цаас болон бусад санхүүгийн хэрэгслийг талууд худалдаалж байдаг. Гүйлгээ хаана, хэрхэн хийгдэж буйгаас хамаарч олон зуун зах зээл оршин байгаа. Эдийн засаг бол тус зах зээл бүрийн уялдаа холбоогоор үүсэж буй томоохон механизм юм.

Ирэх жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт ямар байх, дараа сарын инфляц хэдэн хувьд хүрэх зэргийг тооцоолж, таамагладаг хүмүүс бий. Тэд ирээдүйд ямар нөхцөл байдал үүсэж болохыг зураглаж байгаа тул нэг төрлийн ирээдүйг таамаглагчид юм. Өнгөрсөн үеийн тоон үзүүлэлтүүд болон тэдгээрт нөлөөлөх олон хүчин зүйлүүдийн уялдаа холбоо нь ирэх хугацаанд ямар нөхцөл байдал үүсэх боломжтойг харуулдаг.

Хөрөнгө оруулалтын шийдвэрүүд нэг төрлийн ирээдүйн таамаглал бөгөөд дээр дурдсанчлан эдийн засгийн ухаанаар дамжин оновчтой байж чадна. Жишээ нь, Төв банкууд үндэсний мөнгөн тэмдэгт, санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах зорилготой үйл ажиллагаа явуулдаг. Хэрэв ирэх сарын инфляцийн төвшин нэмэгдэхээр хүлээгдэж буй бол төв банк бодлогын хүүгээр дамжуулан эдийн засагт нийлүүлэгдэх мөнгөний хэмжээг танадаг.

Үүний үр дүнд хөрөнгийн зах зээлд тодорхой хэмжээний уналт ажиглагддаг. Товчхондоо, инфляцын төвшин өндөр байхаар хүлээгдэж буй бөгөөд Төв банк бодлогын хүүгээ өөрчлөх өдөр ойртсон байвал хөрөнгийн зах зээлд уналт ажиглагдах боломжтой. Одоо харин эдийн засгийн ямар уялдаа холбоо дээрх үр дүнд хүргэж байгааг харцгаая.

Бодлогын хүү нэмэгдэнэ гэдэг нь Төв банкны хадгаламжийн хүү нэмэгдэж буй хэрэг бөгөөд энэ үед арилжааны банкууд бусдад зээл олгохоос илүүтэйгээр төв банканд мөнгөө байршуулдаг. Ингэснээр зээл бага олгогдож мөнгөний нийлүүлэлт буурах ба инфляц тодорхой хэмжээнд буурах боломжтой. Зээл авч чадаагүй компаниудын үйл ажиллагаанд өсөлт бага гарна. Эцэст нь таны хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байсан компанийн үнэ цэнэ буурч, хөрөнгийн зах зээлд уналт ажиглагддаг байна.

Дээрх багахан жишээнээс хөрөнгө оруулагч та эдийн засгийг энгийнээс эхлэн бага багаар суралцах нь ямар чухал болохыг ойлгож авсан гэж найдаж байна.

Апекс капиталын зүгээс таны мэдлэгт дусал нэмэх мэдээ мэдээлэл, нийтлэл, и-мэйлыг тогтмол хүргэдэг бөгөөд энд дарж бидэнтэй нэгдээрэй.

Leave a Reply

Blog at WordPress.com.

%d bloggers like this: