📞 7510-7500

✉️ investment@apex.mn

2023 оны хөрөнгө оруулалтын орчин 📊

АНУ-ын голлох индексүүд

/2022.12.30-ны өдөр хүртэлх ханшаар тасалбар болгов/

2021 онд ковидын давлагаа суларч бизнесүүд буцаан үүд хаалгаа эрчимтэй нээж эдийн засаг буцаан сэргээд байсан бол 2022 онд ч гэсэн тус үйл явдал үргэлжилж эдийн засаг өсөлттэй байна хэмээн олон судлаачид үзэж байсан боловч 2022 он гарсаар төсөөлөөгүй дайны нөхцөл байдал, түүнээс хамааралтай бараа бүтээгдэхүүн, түүхий эдийн хомсдол, инфляц гэх мэт зүйлс ар араасаа хөрвөн нийт Дэлхийн эдийн засгийн хувьд хүндхэн жилийг туулсан билээ. 2022 он гарсаар АНУ-ын хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд болох S&P 500 болон Dow Jones Industrial Average индекс нар оны эхнээс 18.65%, 7.61%-иар тус тус уналт үзүүлээд байна. Тэгвэл 2022 онд болж өрнөсөн үйл явдал болон түүнд зах зээл хэрхэн хариу үзүүлснийг доорх графикаар товчхон харуулъя.

Зөвхөн АНУ-ын хөрөнгө зах зээл уналттай байсан уу?

/2022.12.30-ны өдөр хүртэлх нэгжээр тасалбар болгов/

2022 онд зөвхөн АНУ-ын хөрөнгийн зах зээл уналттай байсангүй. Бусад ихэнх хөрөнгийн зах зээлийн хувьд ч мөн адил таагүй жил байсан бөгөөд Хонг Конгын Hang Seng индекс 15%-иар, Германы DAX индекс 13.09%-иар, Японы Nikkei 225 10.95% гэх мэтчилэн уналтыг 2022 онд үзүүлсэн билээ.

Бодлогын хүүгийн өсөлт ХЗЗ-д сөргөөр нөлөөлж байна

Ковидын цар тахал эхэлсний дараагаар АНУ-ын эдийн засгийн зогсонги байдалд орж улмаар цар тахлын дараагаар бизнесүүдээ дэмжих эдийн засгийн өсөлтийн буцаан нэмэгдүүлэх зорилгоор мөнгөний зөөлөн бодлогыг баримталсан үүний нөлөөгөөр инфляцын түвшин тодорхой хэмжээнд нэмэгдээд байсан бол ОХУ Украины дайны нөхцөл байдал нь АНУ гэлтгүй дэлхийн ихэнх орны эдийн засагт сөргөөр нөлөөлж инфляцын өсөлтийг улам хүчтэй болгосон билээ.

Улмаар АНУ-ын Холбооны Нөөцийн Сан инфляцын өсөлтийг бууруулах зорилгоор 2022 оны 3-р сараас эхлэн үе шаттайгаар нэмэгдүүлж 2022 оны 12-р сарын байдлаар 4.5%-д хүргээд байгаа юм. Сайн мэдээ гэвэл инфляцын өсөлт 2022 оны сүүлийн саруудад харьцангуй тогтворжиж эхэлсэн бөгөөд ХНС бодлогын хүүгээ өмнөх хурлуудад 0.75%-иар өсгөөд байсан бол 11-р сарын инфляц бууралттай гарсан тул 0.5%-иар нэмэгдүүлсэн. Энэ нь хөрөнгө оруулагчдын эдийн засгийн хямрал болно гэсэн хүлээлтийг багахан ч болов бууруулж зах зээлийг өндийлгөх чухал мэдээ байв.

Компаниудын ашгийн өсөлт саарч байна

Инфляц харьцангуй тогтворжиж байгаа нь сайн хэрэг хэдий ч нөгөө талд компаниудын ашгийн өсөлт тийм ч хангалттай биш байна. Тухайлбал одоогийн байдлаар S&P 500-ийн компаниудын 95 гаруй хувь нь 3-р улирлын ашгаа тайлагнасан бөгөөд 2-р улиралд ашгийн өсөлт 10.7% байсан бол 3-р улирлын холимог ашгийн өсөлт 2.2%-тай гарч буурсан байна. Энэ нь 2020 оны 3-р улирлаас хойш хамгийн бага ашгийн өсөлтийн % болсон юм. Эрчим хүчний салбар 3-р улиралд 137%-ийн ашгийн өсөлттэй байсан хэдий ч энэ хангалттай байсангүй. Эрчим хүчний салбарыг эс тооцвол S&P 500-ийн ашиг тус улиралд 5.3%-иар буурах байжээ.

2022 оны 3-р улирлын байдлаар эрчим хүчний салбарын хувьцааны 81% нь цэвэр ашгийн үзүүлэлтээр шинжээчдийн таамгийг давсан байна. Нөгөө талд харилцаа холбооны салбар хамгийн муу буюу 52% нь шинжээчдийн таамгаас доогуур цэвэр ашигтай ажилласан байна. Харин S&P 500 индекс нийтдээ 69% нь шинжээчдийн таамгийг давж, 5% нь таамагт хүрч, үлдсэн 26% шинжээчдийн таамгаас доогуур ашигтай ажиллажээ.

Секторуудын сүүлийн 1 жилийн үзүүлэлт

Сүүлийн нэг жилийн хугацаанд эрчим хүчний салбараас бараг бусад бүх салбар уналттай байна. Энэ нь мэдээж ОХУ Украины дайны асуудлаас шалтгаалж эрчим хүчний нийлүүлэлт тасалдаж зах зээл дээр эрчим хүчний бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотой юм. Харин хамгийн уналттай байсан нь технологийн хувьцаанууд тэр дундаа харилцаа холбооны салбар байсан бөгөөд 1 жилийн хугацаанд 41 орчим хувиар буурсан байна.

S&P 500 индексийн P/E ratio

S&P 500 индексийн P/E ratio 2022 оны 12-р сарын 30-ны байдлаар 19.97 болж буурчээ. Энэ нь 2019 оны PE ratio-той ойролцоо ирж байгаа юм. PE ratio нь бага байх буурах тусам хувьцаанууд зах зээл дээр хямдаар үнэлэгдэж байгааг илтгэдэг. Тус үзүүлэлт 2021 оны 1-р сараас хойш буурч байгаа нь хувьцаанууд тэр үеэс улам хямдарч байгааг бидэнд харуулж байна. S&P 500 индексийн түүхэн дундаж P/E ratio 15.99 байдаг бол хамгийн ихдээ 2009 оны 5-р сард 123.73 хүрч байжээ.

Крипто зах зээл

2021 оны хувьд Bitcoin болон Ethereum хоёул бүх цаг үеийн дээд ханшдаа хүрч криптогийн зах зээлийн үнэлгээ $3 их наядыг давж, DeFi төслүүд рекорд хэмжээнд хүрч, олон компаниуд крипто бизнест хөрөнгө оруулж тус зах зээл асар хурдацтай өссөн. Дээр нь бага хүүгийн түвшин, өсөн нэмэгдэж буй мөнгөний нийлүүлэлт, ковидын сэргэлт зэрэг нь гал дээр тос нэмж крипто зах зээл хүн болгоны анхаарлын төвд оруулсан билээ. Хөрөнгө оруулагчид blockchain технологи бол бидний ирээдүй уг өсөлтийг урт хугацаанд үргэлжилнэ хэмээн итгэж байсан боловч 2022 оны хувьд тийм байсангүй.

Инфляцын нөлөөгөөр төв банкнууд бодлогын хүүгээ өсгөж эхэлснээр хөрөнгө оруулагчид илүү эрсдэл багатай хөрөнгө оруулалтыг илүүд үзэх болов. Криптовалютын зах зээлийн үнэлгээ оны эхэнд $2,250.25 тэрбум байсан бол 2022/12/30-ны байдлаар $793.53 тэрбумд хүрч 64.73%-иар буураад байгаа юм.

Ханшийн уналтын хажуугаар крипто төслүүдийн зарим сул тал илэрч Терра төсөл сүйрч тэдний UST stablecoin нь ханшаа барихаа больсон нь зах зээлийг улам их дарамтад оруулсан билээ. Three Arrows Capital гэх мэт хөшүүрэгтэй хедж сангууд зээлээ төлж чадахгүй нөхцөл байдал үүсэж дампуурлаа зарлахад хүрснээс гадна Celsius Network, Voyager Digital зэрэг хэрэглэгчдэд өндөр өгөөж амласан компаниуд бас бүтэлгүйтэж, олон жижиглэнгийн хөрөнгө оруулагчид их хэмжээний хохирол амссан.

Зуны эцэс гэхэд крипто зах зээл тогтворжих шинж тэмдэг илэрч CoinDesk Market Index (CMI) 9-р сарын 12-нд зуны дээд цэгтээ буюу 1,092 ам.долларт хүрэв. Сэм Банкман-Фридээр тэргүүлүүлсэн томоохон бирж, кастодиан болох FTX крипто компаниудад оруулах хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлж, олон хүнд хэцүү стартапуудыг аварч, крипто дахь хамгийн хүчирхэг компани хэмээн тооцогдож крипто зах зээлийн итгэлийг буцаан нэмэгдүүлээд байсан билээ. Гэвч 11-р сард CoinDesk-ийн нийтлэлд FTX болон хамааралтай компани болох Alameda Research-ийн талаархи цочирдуулсан мэдээнүүд гарч хөрөнгө оруулагчид FTX-ээс мөнгөө татаж эхлэв. FTT үнэ хэдхэн хоногийн дотор ойролцоогоор 26 доллароос 1 доллар болж буурч, FTX харилцагчийн зарлага хийхийг хүртэл зогсоов. Зах зээл дахин уналтад орж CoinDesk индекс 795 доллар хүртэл буурчээ.

2022 оны хувьд ч мөн адил Bitcoin болон Ethereum хамгийн томоохон койн гэдгээ харуулж Bitcoin зах зээлийн 38.5%-ийг Ethereum зах зээлийн 17.4%-ийг тус тус бүрдүүлж байна. Хамгийн эрсдэл багатай койнууд болох Bitcoin болон Ethereum 2 хүртэл маш хүчтэй савласан жил боллоо. Тухайлбал Bitcoin 65.31%-иар Ethereum 68.25%-иар тус тус уналт үзүүлжээ. Зах зээлийн тогтворгүй нөхцөл байдалд S&P 500 18.6 орчим хувиар унасан харин крипто зах зээл 60 орчим хувиар унасан олон койн дампуурсан нь тус зах зээл ямар хэмжээний эрсдэлтэйг олон хөрөнгө оруулагчдад ойлгуулсан үйл явдал болж өнгөрлөө. Иймд хэрэв та криптовалют худалдан авахаар төлөвлөж байгаа бол эрсдэлийг харгалзан үзэж хөрөнгө оруулалтын багцынхаа 5%-иас хэтрүүлэхгүй байвал тохиромжтой.

Хятад 2022

Дэлхийн 2 дахь том эдийн засагт Хятад улс нь дэлхийн нийт ДНБ-ний 19 хувийг дангаараа бүрдүүлдэг. Тэд 1978 онд эдийн засгаа шинэчилж, олон улсад нээж эхэлснээс хойш ДНБ нь жилд дунджаар 9 хувийн өсөлттэй байна. Гэтэл 2022 онд цар тахал ахин гарснаар улсын эдийн засаг удааширсан ба үүнээс үүдэлтэй Дэлхийн банкны зүгээс Хятадын өсөлтийг ердөө 2.8% гэж таамагласан. Аливаа улсын эдийн засаг нь хөрөнгийн зах зээлтэй шууд холбоотой байдаг ба 2022 онд Хонг Конг-ийн Hang Seng index нийт 13.5 хувиар унаад байна.

Индексийн хөдөлгөөнийг харвал цар тахлын нөлөөллүүдээр хамгийн их бууралттай бол үүний дараагаар АНУ-ийн бодлогын хүү болон Хятадын коммунист намын хурал орж байна. АНУ-ийн бодлогын хүү нь дэлхий нийт таамаглаж байснаас өндөр байсан нь дэлхийн хөрөнгийн зах зээлд хүчтэй уналт авчирсан. Харин намын хурлын үер Ши Жинпин ерөнхийлөгчөөр ахин сонгогдсоноор олон улсын хөрөнгө оруулагч нарт ковидын тэг зогсолт үргэлжлэх, цаашлаад Хятад улс нэг хүний удирдлага доор явна гэсэн үнэмшил төрүүлснээс үүдэлтэй Panic sell хийсэн.

2023 онд Хятад улс

Хятадын эдийн засгийг 2023 онд 3 орчим хувиар өснө таамаглаж байсан. Гэвч 2022 оны 12-р сарын эхээр Ковидын бодлогыг зогсоосноор 2023 онд Хятадын эдийн засаг 4-5 орчим хувиар өсөх таамагтай байна. Өнгөрсөн жилүүдэд хөл хорионы дэглэмийг бууруулах үед Chongquiing, Guangzhoi Beijing, Shanghai зэрэг хүн ам ихтэй хотуудад халдварын тоо огцом өсөж байсан ба энэхүү үйл явц нь ахин давтагдах магадлал тул 2023 оны эхний хагаст өвчлөх хүмүүсийн тоо нэмэгдэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа удаашрах боломжтой. Үүний дараагаар буюу ирэх оны 2 дугаар хагаст Хятад улс цар тахлын нөхцөл байдлаас бүрэн гарч эдийн засаг маш хурдтай тогтворжиж өсөх төлөвтэй байна.

Тэг Ковид бодлогыг зогсоохоос өмнө 2023 онд Хятадын ДНБ-ний өсөлтийг 2.8-3% гэж тооцоолж байсан. Харин бодлогыг зогсоосноор Vanguard, Goldman Sachs, J.P. Morgan болон ОУВС Хятадын өсөлтийг 4%-иас дээш байна гэж таамаглаж байна.

Инфляц

Дэлхийн дулаарал, Орос- Украины дайн, Хятадын цар тахлын бодлого, нийлүүлэлтийн сүлжээний тасалдал зэрэг шалтгаанаас үүдэлтэй эрчим хүч болон хүнсний салбарт нийлүүлэлт буурч, эдгээрийн үнийн хөөргөдөл үүссэн. 2021 онд инфляц дэлхий хэмжээнд 4.7% байсан бол дээрх шалтгааны улмаас 2022 онд 8.8% болж өсөөд байна. Доорх графикаас харвал эрчим хүчний хомсдолоос үүдэлтэй Европын холбооны улсуудад инфляц хамгийн их өссөн бол АНУ-ийн 2022 оны сүүлээр тогтворжин буурч эхэлжээ.

Бодлогын хүү

2022 онд нэмэгдсэн инфляцыг буруулахын тул дийлэнх төв банкнууд бодлогын хүүгээ нэмээд байна. 2021 онд АНУ-ын бодлогын хүү ердөө 0.125 хувь байсан бол 2022 онд 4.5 болж нэмэгдсэн байна. Үнийн хөөргөдөл хамгийн их болж буй Европын холбооны төв банкны хүүгийн хэмжээ 2021 онд 0% байснаас 2022 онд 2.5% болж нэмэгдсэн.

Бодлогын хүү нь инфляцын түвшнээс шууд хамааралтай тул дийлэнх орнууд инфляцыг зохих хэмжээнд хүртэл хүүгийн хэмжээг буруулахгүй гэдгээ мэдэгдсэн. 2023 онд АНУ, Европын холбоо, Англи зэрэг орнууд бодлогын хүүг бууруулах бодолгүй байна.

2023 онд Дэлхийн эдийн засгийн өсөлт буурна

Улс орнуудын төсөв, мөнгөний хатуу бодлого, Хятадын COVID-ийн бодлого болон үл хөдлөхийн салбарын уналт, Европын байгалийн хийн асуудлууд 2023 онд ч үргэлжлэх төлөвтэй байгаа тул олон улсын байгууллагууд болон томоохон банкнууд 2023 оны эдийн засгийн өсөлтийг бага хэмжээнд тооцоолж байна.

JP Morgan

Инфляцын харьцангуй тогтворжиж байгаа тул дэлхийн эдийн засаг уналтад орох эрсдэлгүй байгаа ч 2024 он дуусахаас өмнө АНУ-ын эдийн засаг уналтад орох магадлалтай.

2023 оны эхний хагаст S&P 500 индекс 2022 оны доод түвшнийг дахин шалгах магадлалтай.

Vanguard

Одоогийн болон ирэх саруудад хүлээгдэж буй нөхцөл байдал нь өмнөх эдийн засгийн хямралын үетэй ижил байгаа юм. Эрчим хүчний эрэлт, нийлүүлэлтийн асуудал, худалдааны хэмжээ буурч, нэг хүнд ногдох үйлдвэрлэлийн хэмжээ буурч байгаа тул ирэх онд дэлхийн эдийн засаг уналтад орох магадлалтай.

IMF

Дэлхийн эдийн засгийн өсөлт 2021 онд 6.0%, 2022 онд 3.2% байсан бол 2023 онд 2.7% болж буурна гэж Олон улсын валютын сан таамаглаж байна. 2000-21 онд дэлхийн эдийн засгийн өсөлт дунджаар 3.6 хувь байжээ энэ нь 2023 оны өсөлт нь сүүлийн 20 орчим жилийн хугацааны дунджаас доогуур байгаа тул нэлээдгүй хүндхэн жил болж болзошгүйг харуулж байгаа юм.

2023 онд юунд хөрөнгө оруулах вэ ?

Value буюу үнэ цэнтэй хувьцаа

Үнэ цэнтэй хувьцаа нь зах зээл дээрх хувьцааны үнэ, борлуулалт эсвэл ашиг орлоготой харьцуулахад хямдаар үнэлэгдэж байгаа хувьцааг хэлдэг бөгөөд эрсдэлийн хувьд бага байдаг. Өндөр өсөлт үзүүлэх боломжтой компаниудаас илүүтэйгээр үйл ажиллагаа нь тодорхой хэмжээнд тогтворжсон түлхүү ногдол ашиг тараах хандлагатай компаниуд ихэвчлэн багтдаг. Түүхэн үзүүлэлтээс авч үзэхэд зээлийн хүү өндөр байх үед үнэ цэний хувьцаа /value stock/ нь өсөлтийн хувьцаа/growth stock/-аас илүү өсөлттэй байдаг ажээ. Тухайлбал өнгөрсөн 12 сарын хугацаанд Vanguard Value ETF (VTV) нийт 2%-ийн бууралттай байсан бол Vanguard Growth ETF (VUG) нийт 30%-ийн бууралттай байжээ. Энэ нь тус хувьцаануудын ханш харьцангуй тогтвортой эрсдэл багатайг харуулж байгаа юм.

Хамгаалалтын хувьцаа

2022 оны хувьд Дэлхийн эдийн засгийн хувьд тийм таатай үе байгаагүй бөгөөд 2023 онд ч гэсэн таагүй нөхцөл байдлууд үргэлжлэх төлөвтэй талаар олон улсын байгууллагууд таамаглаж байна. Хамгаалалтын хувьцаа нь эдийн засгийн хямралын үед ч тогтвортой байдаг тул таны хөрөнгийг уналтаас хамгаалдаг. Хамгаалалтын хувьцаанууд нь эрчим хүч, нийтийн хэрэглээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ эсвэл өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн зэрэг байнгын хэрэгцээт зүйлсийг үйлдвэрлэдэг компаниуд багтдаг. Томоохон хамгаалалтын хувьцаануудын жишээг дурдвал Procter & Gamble (PG), Johnson & Johnson (JNJ), Philip Morris (PM), Coca-Cola (KO) зэрэг компаниуд юм.

Практик жишээ 2020 оны коронавирусын тахал нь хөрөнгийн зах зээл их хэмжээгээр уналтад орж олон хөрөнгө оруулагчдыг сандаргасан. Харин хамгаалалтын хувьцаа бусад компаниудыг бодвол арай бага хэмжээгээр унаж зарим үед тодорхой хэмжээнд өсөлт үзүүлсэн тохиолдол ч гарсан. Тухайлбал B&G Foods Inc (BGS) нь 2020 оны эхний зургаан сарын байдлаар компанийн хувьцаа 36 хувиар өссөн байна.Тус компани нь хадгалахад тохиромжтой хүнсний бүтээгдэхүүн, хөлдөөсөн хүнс, гэр ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулдаг нь нөлөөлсөн ажээ.

Сэргээгдэх эрчим хүч

Олон улс орнууд агаарын бохирдлыг бууруулж, Дэлхийн дулааралтай эрчимтэй тэмцэж нүүрсхүчлийн хийнээс татгалзах болсон. Тухайлбал олон улсын эрчим хүчний агентлагаас гаргасан 2050 он гэхэд нүүрсхүчлийн хий буюу CO2 ялгаруулалтыг 0 болгож Дэлхийн температурын өсөлтийг 1.5 хэм хүртэл хязгаарлах болон НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах ялангуяа 2030 он гэхэд эрчим хүчийг хүртээмжтэй болгох, агаарын чанарыг сайжруулах зэрэг зорилтуудыг улс орнууд ихээр тавьж байна. Үүний хүрээнд сэргээгдэх эрчим хүч болох нар, салхи уснаас эрчим хүч авах технологи, цахилгаан автомашины салбар зэрэгт ихээхэн хөрөнгө оруулалт хийж анхаарал хандуулж байгаа билээ. Иймд тус салбар ирээдүйд томоохон өсөлт үзүүлэх боломжтой салбаруудын нэгээр зүй ёсоор тооцогдож байна. Сэргээгдэх эрчим хүчнээс бид цахилгаан автомашины салбарыг түлхүү онцолж байна.

Сүүлийн 10 жилд тус салбар хурдацтай өсөж байгаа бөгөөд 2020 оны байдлаар хэдийнээ 10 сая орчим цахилгаан машин хөдөлгөөнд оролцож эхэлсэн байна. Гэвч энэ нь Дэлхийн нийт автомашины нөөцийн ердөө 1 хувийг эзэлж байгаа нь цаана нь ямар хэмжээний том зах зээл байгаа вэ гэдгийг харуулж байна.

HY Corporates – АНУ-ын өндөр өгөөжтэй компанийн бондын индекс /Bloomberg/

EM USD Bonds – Хөгжиж буй ЗЗ-ын ам.долларын бондын индекс /Bloomberg/

Preferred – Тогтмол хүүтэй давуу эрхийн хувьцааны индекс /ICE BofA/

IG Corporates – АНУ-ын компанийн бондын индекс /Bloomberg/

US Aggregate – АНУ-ын нэгдсэн бондын индекс /Bloomber/

MBS – АНУ-ын хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны индекс /Bloomberg/

Treasuries – АНУ-ын ЗГ-ын үнэт цаасны индекс /Bloomberg/

Municipal Bonds – АНУ-ын орон нутгийн бондын индекс /Bloomberg/

Тогтмол орлоготой үнэт цаасны өгөөж сүүлийн хэдэн жилийн туршид анх удаа ногдол ашгийн өгөөжөөс илүү гарчээ. Тухайлбал 2022/12/02-ны байдлаар ногдол ашгийн индекс 2.6 хувьтай байгаа бол АНУ-ын ЗГ-ын бондын индекс 3.9%, орон нутгийн бондын индекс 3.5%-д хүрсэн байна.

Vanguard-ын зүгээс АНУ болон олон улсын бонд ирэх арван жилд 4%-5%-ийн өгөөжтэй таамгийг гаргасан. Харин Goldman Sachs-ийн хувьд ч мөн адил төрийн сан, засгийн газраас баталгаажсан бонд болон зэрэглэл өндөртэй корпорацын бондууд дунджаар 4%-5% орчим өгөөжтэй байх таамгийг гаргажээ. Иймд 2023 он бондын зах зээлийн хувьд эрэлт өндөртэй байх тул хөрөнгө оруулагч таныг дотоодын болон гаднын компанийн бондод хөрөнгө оруулж тогтвортой өгөөж хүртэл хөрөнгөө инфляц болон уналтаас хамгаалахыг зөвлөж байна.

Leave a Reply

Blog at WordPress.com.

%d bloggers like this: