📞 7510-7500

✉️ investment@apex.mn

2022-2023 он: Хамгийн оновчтой хөрөнгө оруулалтын багцыг тодорхойлох нь

Хадгаламжид байршуулсан хөрөнгүүд инфляцад идэгдэж байгаа хэдий ч 2022 оны жилийн эцсийн байдлаар нийт 13.3 их наяд төгрөг банканд байршсан хэвээр. Өнгөрсөн жил хөрөнгийн зах зээлд уналт үүсгэх геополитик болон инфляцын нөлөөлөл “ЭРСДЭЛ” өндөр байгааг харуулсан. Гэвч энэ нь хадгаламжаа нэмэх бус хөрөнгө оруулалтын багцаа илүү чадварлагаар удирдах хэрэгтэй болсны дохио байлаа.

Өнгөрсөн жилд болж өнгөрсөн томоохон үйл явдлуудыг эргэн харвал:

1. Дэлхий нийт эрчим хүч болон хүнсний хомсдолд оров

2022 оны хоёрдугаар сараас эхлэн дэлхийн хамгийн том газрын тос нийлүүлэгч ОХУ болон Украйны дайны үр дүнд эрчим хүчний үнэ 5 дахин нэмэгдэв.

Нийлүүлэлт, түгээлтийн үнэ өссөн тул хүнсний салбарт ч ханшийн нэмэгдэл үүссэн. АНУ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Газар (FAO)-ын зүгээс тогтмол гаргадаг Хүнсний үнийн индекс (Food price index) өнгөрсөн оны гуравдугаар сард түүхэн дээд төвшин болох 159.3 нэгжид хүрлээ.

2. Инфляцын эсрэг өндөр бодлогын хүү

АНУ-ын төв банкнаас 3 дугаар сарын 16-ны өдөр бодлогын хүүг 0.25 нэгжээр нэмэгдүүлсэн нь 2018 оноос хойш хүүг өсгөсөн анхны тохиолдол болсон. Өнгөрсөн жил нийт 7 удаа бодлогын хүүг нэмжээ.

3. Дэлхийн хоёрдох том эдийн засаг хаалгаа барив

БНХАУ-ын хотуудад дэгдсэн Ковид-19 цар тахлын эсрэг тус улсаас тэг ковид бодлогыг баримтлав. Үйлдвэрлэлийн томоохон “машин” зогсож нийлүүлэгч орнуудад ч хүндрэл үүслээ.

4. ОПЕК газрын тосны нийлүүлэлтээ таналаа

Газрын тос экспортлогч орнуудын холбоо (OPEC) 10 дугаар сарын 5-нд нэгдсэн шийдвэр гаргасан бөгөөд нэг өдөрт олборлох газрын тосны хэмжээгээ 2 сая баррелиар танав. Уг шийдвэр эрчим хүчний салбарт үнийн хөөсрөл үүсэхэд түлхэц болсон.

5. Алт түүхэн дээд ханшаа тогтоов

3 дугаар сарын 8-нд нэг унц алт 2,078.8 ам.долларын ханшид хүрснээр түүхэн дээд ханшдаа хүрсэн. Тухайн үеийн дайны нөхцөл байдал болон өндөр инфляц дэлхий нийтэд эрсдэл, тодорхойгүй байдал их байгааг сануулсан нь алтны эрэлт нэмэгдэхэд нөлөөлжээ. Гэвч дээш чиглэсэн ханшийн хөдөлгөөн удаан үргэлжлээгүй юм. /2023 оны 2 сарын 16-ны байдлаар ханш 1852.3 ам.доллар/

6. Крипто валют тодорхойгүй ирээдүйд байна

Дэлхийн томоохон цахим валютын бирж болох FTX өнгөрсөн оны 11 сард дампуурлаа зарлав. Улмаар 11 сарын 22-нд Биткойн 15,480 ам.долларт хүрсэн бөгөөд энэ нь өнгөрсөн 2 жилийн хугацаа дах хамгийн бага төвшин болжээ.

Дижитал хөрөнгө зээлдүүлэгч BlockFi үүний дараагаар мөн л дампуурлаа зарлаж, цахим валютын ирээдүй тодорхойгүй орчинд үлдлээ.

7. Хөрөнгийн зах зээл ч мөн адил нөхцөлд байна

Дэлхийн хөрөнгийн зах зээлийг илтгэх (MSCI ACWI) индекс 21 хувь унасан нь хөрөнгө оруулагчид тогтворгүй байдалд орсон болохыг харуулав. Өндөр инфляцын төвшин мөн л үүний нэг шалтгаан байлаа.

Дэлхийн банкны зүгээс 2023 оны эдийн засгийн өсөлтийг 2.9 хувь гэж таамагласан нь дээрх үйл явдлуудын нөлөөлөл энэ жил ч үргэлжлэх болохыг харуулж байна. Энэ цаг хугацаанд хөрөнгө оруулагчид ямар төрлийн хөрөнгө оруулалтын багцыг сонгох нь оновчтой вэ? Эхлээд багцын төрөл тус бүрийг мэдэж авах хэрэгтэй. Тухайн хөрөнгө оруулалтын багцад багтаж буй санхүүгийн бүтээгдэхүүний шинж чанараас хамаарч үндсэн 4 төрөл байдаг.

Өсөлтийн багц – Багцад байгаа хувьцаанууд ногдол ашиг тараадаггүй, компаниудын зах зээлийн үнэлгээ бага байдаг онцлогтой. Энэ төрлийн багц нь эрсдэл өндөртэй ч нөгөө талдаа хувьцааны ханшын өсөлтөөс ашиг хүртэх боломжтойд тооцогддог.

Тогтмол мөнгөн урсгалд суурилсан багц – Тогтмол өгөөжтэй бондын бүтээгдэхүүн, тогтмол ногдол ашиг тараадаг хувьцаат компаниудаас бүрдсэн багц. Хөрөнгө оруулж буй компаниуд нь зах зээлдээ тогтвортой үйл ажиллагаа явуулдаг.

Үнэ цэнд суурилсан багц – Зах зээлд бодит ханшаасаа багаар үнэлэгдсэн компаниудын хувьцааг сонгож хөрөнгө оруулалт хийх. Онцлог нь эдийн засаг хэзээ сэргэх, тус компанийн хувьцаа хэзээ өсөлт үзүүлэх нь тодорхойгүй тул тэвчээр, хугацаа шаардлагатай. Мөн компанийн бодит үнэлгээг гаргах судалгаа, шинжилгээний аргачлал зайлшгүй хийгддэг.

Хамгаалалтын багц – Үйл ажиллагаа, байр сууриар зах зээлдээ тэргүүлэгч томоохон компанийн хувьцаагаар багцаа бүрдүүлэх. Гэвч зах зээл нийтээрээ уналттай үед томоохон компаниудын хувьцаа дагаад унах боломжтой.

Эдгээрээс дүгнэхэд 2023 онд тогтмол мөнгөн урсгалд суурилсан хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэх нь хамгийн оновчтой байна. Өгөөж хүлээн авах хугацаа богино, давтамж өндөр байх тусам хөрөнгө оруулагчдад ашигтай. Та өгөөжөөрөө дараагийн хөрөнгө оруулалтаа хийх л үлдлээ.

Апекс капиталын зүгээс сар бүрийн тогтмол өгөөжтэй, хөрөнгө оруулалтын хоёр төрлийн багцыг танд санал болгож байна.

Захиалга өгөх: 8803-1563, 8803-0543, 7510-7500

Энд дарж урьдчилсан захиалгаа өгөөрэй

Leave a Reply

Blog at WordPress.com.

%d bloggers like this: