Та хэрхэн нисэхийн салбартай холбогдсон бэ?
Би 1985 онд 10 жилээ төгссөн. Тухайн үед конкурсийн оноогоор мэргэжил сонгох хувиар ирдэг байлаа. Надад нисэхийн мэргэжлийн хувиар ирсэн. Нисэхийн мэргэжлийг сонгож суралцаад 1991 онд төгсөж, МИАТ компанид орсон. Дөнгөж төгссөн хүн бүрийн ажлын гараа “моторчин” албан тушаалаас эхэлдэг. Хамгийн бага албан тушаалаас нь эхэлж ажилдаг гэсэн үг л дээ. 3 сар ажиллаад шат шатаар ахиж дараагийн ажлын байран дээрээ очно. Ингээд 1994 онд BOEING-727 онгоцны инженер болсон. 1998 онд МИАТ компанийн Дотоод хяналт баталгаажуулалтын албаны дарга болсон. Тэр цагаас хойш бүх л шат дамжлагыг нь туулаад явж байндаа.
Энэ салбарын юу таныг хамгийн ихээр татдаг вэ?
Ер нь нисэхийн салбарт орсон хүн буцаж гардаггүй байхгүй юу (инээв). Өөр салбараас ирсэн хүмүүс ч бараг буцдаггүй. Хүмүүсийг их татаж дурлуулдаг салбар л даа. Онгоц хөөрөх мөчид их гоё сэтгэгдэл төрдөг. Онгоц газардаж зорчигчид хоолойгоор гараад явахад бүгдээрээ баярласан хүмүүс байдаг. Тэр бүгдээс их сайхан мэдрэмж авдаг. Онгоц хөөрч газраас тасарна гэдэг хүн төрөлхтний мөрөөдөл байсан. Энэ том ажлыг хэрэгжүүлж байгаа нь их сайхан сэтгэгдэл төрүүлдэг дээ. Тиймдээ ч энэ салбараасаа гарах бодол ерөөсөө төрж байгаагүй.
Хүннү эйр компанид яаж холбогдсон бэ?
2013 онд МАК-д нислэгтэй холбоотой зөвлөхөөр ажиллаж байгаад 2015 оноос хойш Хүннү эйр компанид ажиллаж байна. Хувийн хэвшилийн компани гэдэг маань бүх зүйлийг өөрсдөө хийдэг. Тэр ч утгаараа шинэ төвшний, орчин үеийн стандартын шаардлага хангасан хувийн хэвшлийн агаарын тээврийн компанийг бүрдүүлэх гэж бид ажиллаж байгаа.
Монголын өнөөгийн болон ирээдүйн агаарын тээврийн салбарын нөхцөл байдал, хөгжлийн талаар.
Манай улсын нэг давуу тал бол маш том 2 улстай хиллэдэг. Урд хөршид маань 1.4 тэрбум хүнтэй, хойд хөрш маань 200 орчим сая хүнтэй иргэн тойрон глобалчлагдсан бүсэд маш олон сая хүн байгаа. Бидэнд маш том зах зээл боломж байгаа гэсэн үг. Мөн шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орсноор нислэгийн хувьд ямар ч саатал гарахааргүй болсон. Өөр нэг том давуу тал бол 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбоотойгоор гаднын олон орныг визээс чөлөөлсөн. Виз гэдэг аялагчдад тодорхой хэмжээгээр саад учруулдаг, цаг авдаг зүйл шүүдээ. Энэ жил БНСУ болон ЕХ-ны 30 орчим орон визгүй болсноор жуулчид маш ихээр ирж байгаа. 2023 он мөн үйл ажиллагааны хувьд их сайн эхэлж байна. Монголд ирэх зорчигч урсгал болон үйл ажиллагаанууд сайн байна. Мөн хөл хорио дууссаны дараагаар Монголчууд маань маш ихээр гадагшаа аялдаг болсон. Ерөнхийдөө зуны улиралд гаднаас ирж байгаа жуулчдын тооноос Монголчуудын маань өвлийн улиралд гадагшаа хийх аялагчдын тоо илүү болсон байгаа. Үйл ажиллагаа энэ хэвээр байвал бид Ковидын өмнөх бизнес төлөвлөгөөгөө 2024 онд хэрэгжүүлэх боломжтой гэж харж байгаа.
Хүннү эйр компани ямар зорилготой ажиллаж байгаа вэ?
Агаарын тээврийн салбарт огцом ажилтанд хүрнэ гэдэг хэцүү зүйл л дээ. Алхам алхмаар хөгжөөд явж байгаа. Анх үйлчилгээ үзүүлдэг байсан 52 хүний суудалтай Fokker 50 онгоцоо ART-72 гэж онгоц болгон сайжруулж 72 хүн тээвэрлэх боломжтой болж байсан. Түүний дараа ATR-72 онгоцоо 98 хүний суудалтай Embraer E-190 онгоцоор сольж үйл ажиллагаагаа явуулж байна. Бага багаар зах зээлээ тэлж, үйл ажиллагаагаа сайжруулах алхмууд хийсээр байна. Одоогоор бид түрээсийн онгоцнуудаар үйлчилгээ үзүүлж байгаа. Түрээсийн онгоцтой байхад түрээслүүлэгч компаниас маш олон төрлийн шаардлага тавьдаг. Мэдээж мөн онгоцоо түрээсэлж байгаа учраас мөнгөө гаднын компанид өгчхөж байгаа гэсэн үг. Би бол Монгол хүн Монголынхоо төлөө ажиллаж байгаа шүү дээ. Нарийн тооцоо хийсний үндсэн дээрээс бид бонд гаргаж Embraer E-190 онгоцыг худалдаж авах шийдвэрт хүрсэн. Бид бонд гаргаж өөрийн онгоцтой болсноор 5 жилийн турш түрээсийн төлбөрт төлж байсантай адилхан хэмжээний мөнгийг бондын хөрөнгө оруулагчдадаа өгч, мөнгөн урсгалаа гадагшаа биш дотооддоо үлдэх боломжтой болно. Мөн онгоцны дотоод зохион байгуулалтыг хурдан хугацаанд өөрчлөх, шийдвэр гаргалт хурдсах гэх мэт олон давуу талтай.
МОНГОЛ УЛСЫН АГААРЫН ТЭЭВРИЙН САЛБАРТ ШИНЭ ХѲЛГѲѲР ХҮЧ НЭМЭХЭЭР БИД ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА.
ТА Ч МѲН БИДЭНТЭЙ ХАМТРАН ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ.

Leave a Reply