Хөрөнгө оруулалт хийхэд тулгардаг хамгийн түгээмэл асуултын нэг ХЭЗЭЭ ВЭ? гэсэн асуулт. “Одоо хөрөнгө оруулалт хийх зөв цаг мөн үү?” эсвэл “Зах зээл уналттай байхад хөрөнгө оруулалт хийх ёстой юу?” гэх мэт асуултууд нь үргэлж эргэлзээ үүсгэж байдаг.
Тохиромжтой цагийг урьдчилан таамаглахыг хичээснээрээ та хүртэх өгөөжөө алдах эрсдэлтэй. Хөрөнгийн зах зээлийн алдарт Уарен Баффет хэлэхдээ
“Investing is about TIME in the market and not TIMING the market”
буюу зах зээлд зөв буруу гэсэн цаг байхгүй харин таны хэр их цаг зарцуулахаас бүх зүйл шалтгаална хэмээн хэлж байсан. Тэгвэл хэзээ хөрөнгө оруулах хэрэгтэй вэ гэвэл та ЯГ ОДОО эхний алхмаа хийх хэрэгтэй. Байнгын хувьсан өөрчлөгдөж буй энэ цаг үед боломжийг хүлээх биш бүтээе.
Багаас эхэлж, Ихээр суралц
Хөрөнгө оруулж эхлэхэд их хэмжээний мөнгөн дүн шаардлагагүй. Монгол улсын зах зээлд их болон бага хэмжээний мөнгөөр хөрөнгө оруулалт хийж болох давуу талтай. Мөн зарим компанийн хувьцааны үнэлгээ зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлэгдсэн байдаг учраас энэхүү боломжийг ашиглан өөрт тохирсон хэмжээгээр арилжаанд оролцох боломжтой.
Зохистой хэмжээний хөрөнгө оруулалт хийж эхлэн, туршлага, өөртөө итгэх итгэлийг олж авснаар урт хугацааны амжилтад хүрэх боломжийг бий болгох юм.
Судалгаа болон зах зээлийн мэдээлэл
Хөрөнгө оруулалт хийхийн өмнө мэдлэг, мэдээллээр өөрийгөө хангах нь маш чухал. Судалгаа, мэдээллээр дамжуулан боломжуудыг идэвхтэй эрэлхийлэх хэрэгтэй. Тухайлбал хадгаламжтай адил эрсдэл багатай ч хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж буй нээлттэй бонд болон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны талаар иргэд тэр бүр мэддэггүй. Эдгээр нь зохицуулагч олон байгууллага болон оролцогч талуудаар шалгагдсан, эрсдэл багатай ч өндөр өгөөжтэй, хөрвөх чадвартай хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүд юм. (Та яг одоо арилжаанд орж худалдан авалт хийж болох нээлттэй бүтээгдэхүүний талаар ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай)
Зах зээлийн үндсэн зарчмуудыг ойлгож, хөрөнгө оруулалтын арга барилуудаас суралцаж, зах зээлийн чиг хандлагын талаар мэдээлэлтэй байснаар хөрөнгийн зах зээлийн амжилттай оролцогч болж чадна.
Эрсдэлийн удирдлага
Өндөр өгөөж эрэлхийлж байгаа бол түүнийг дагаад эрсдэл үүсдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Их ашиг хүлээхээс илүүтэйгээр болзошгүй алдагдлыг багасгахад анхаарлаа хандуулж, хөрөнгө оруулалтын багц үүсгэх нь эрсдлээ бууруулах аргын нэг. Бонд, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, хадгаламж зэрэг тогтмол өгөөжтэй, эрсдэл багатай бүтээгдэхүүнээр өөрийн хөрөнгийг хамгаалсны дараа, өндөр өсөлт үзүүлэх боломжтой компанийн хувьцаагаар багцаа төрөлжүүлэх нь багц бүрдүүлэх хамгийн шалгарсан арга.
Санхүүгийн зөвлөхтэй зөвлөлдөх:
Хөрөнгө оруулалтаар мэргэшсэн, туршлагатай санхүүгийн зөвлөхүүдээс зөвлөгөө авах боломжтой. Таны санхүүгийн байдал, хөрөнгө оруулалтын зорилго, эрсдэлийн төвшин дээр үндэслэн мэргэжлийн зөвлөгөө өгдөг. Санхүүгийн зөвлөх нь таны зорилгод нийцсэн хөрөнгө оруулалтын стратегийг боловсруулахад тусалж чадна.
Тасралтгүй суралцах, дасан зохицох
Хөрөнгийн зах зээл байнга хувьсан өөрчлөгдөж байдаг бөгөөд урт хугацаанд амжилтад хүрэхийн тулд тасралтгүй суралцах, дасан зохицох шаардлагатай байдаг. Зах зээл таны хүлээлтэд нийцэхийг хүлээхийн оронд шинэ мэдээлэл, хувьсаж буй нөхцөл байдалд үндэслэн стратегиа өөрчлөхөд бэлэн байх хэрэгтэй. Хөрөнгийн арилжааны ертөнцөд амжилттай хөгжихийн тулд суралцах боломжийг идэвхтэй хайж, сониуч хэвээр байгаарай.
“Ирээдүйг урьдчилан таамаглах хамгийн сайн арга бол түүнийг бүтээх явдал юм.” – Питер Дракер
Эцэст нь хэлэхэд хөрөнгийн зах зээлд боломжийг хүлээх нь идэвхгүй хандлага бөгөөд эсрэгээрээ үүнийг алдахад хүргэж болзошгүй. Хөрөнгө, санхүүгээ хянаж, зах зээлд оролцон, үндэслэлтэй шийдвэр гаргаснаар та амжилтад хүрэх боломжоо бүрдүүлж чадна. Судалгаа, шинжилгээ хийн, эрсдэлийг үр дүнтэй удирдаж, эхний алхамаа хийх хэрэгтэй. Ингэснээр та хөрөнгийн зах зээлийн сонирхолтой, өгөөжтэй ертөнцөд өөрийн эрх мэдэлтэй оролцогч болж чадна.
Танд амжилт хүсье!
Leave a Reply