
Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж

Өнгөрсөн 7 хоногт олон улсын хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн орчинд болж өрнөсөн чухал үйл явдлуудаас дараах сэдвүүдийг онцлон хүргэж байна.
Газрын тосны зах зээл: Бодит хомсдолоос илүү геополитикийн эрсдэл үнийг өсгөж байна
Санах ойн чипний бодит эрэлт өндөр хэвээр байна.
Хиймэл оюуны бүтээмжийн өсөлт бодит эдийн засагт нөлөөлж эхлэв үү?
Дэлхийн хөрөнгийн зах зээлд геополитикийн хурцадмал байдал, өндөр хүү, технологийн компаниудын хөрөнгө оруулалтын зардал зэрэг хүчин зүйлс хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг нэмэгдүүлж байна. Газрын тосны үнэ бодит нийлүүлэлтийн хомсдолоос илүүтэй геополитикийн эрсдэлийн нөлөөгөөр өндөр түвшинд хадгалагдаж байгаа бол хиймэл оюун ухааны салбарын хувьцааны ханш унасан ч чипний эрэлт, тооцоолох хүчин чадлын ашиглалт өндөр хэвээр байна.
Ойрх Дорнодын геополитикийн хурцадмал байдал газрын тосны зах зээлд тодорхойгүй байдлыг нэмэгдүүлж, олон улсын жишиг үнэ болон АНУ-ын газрын тосны үнийн зөрүүг огцом өсгөжээ. Гэвч зах зээлийн бодит нийлүүлэлт, экспортын эрэлт болон боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг харвал газрын тосны хомсдол зах зээлийн үнэлгээнд туссан шиг ноцтой биш байна.
Brent болон WTI-ийн үнийн зөрүү гурав дахин өсөв
Brent төрлийн газрын тос баррель нь 111–115 ам.доллар, АНУ-ын WTI маркийн газрын тос 99–101 ам.долларын хооронд арилжаалагдаж байна. Эдгээрийн үнийн зөрүү ердийн үед 3–5 ам.доллар байдаг бол 13 ам.долларт хүрч, хэвийн түвшнээс ойролцоогоор гурав дахин өндөр байна.

Brent болон WTI газрын тосны үнийн зөрүү өссөн нь зөвхөн нийлүүлэлтийн хомсдолоос бус, улс орнуудын эрчим хүчний бодлогын ялгаанаас шалтгаалж байна. Персийн булан дахь тээврийн эрсдэл нэмэгдсэнээр газрын тосны урсгал өдөрт 20 сая гаруй баррелиас 8.5 сая баррель болж буурчээ.
АНУ-ын зүгээс Иранд чиглэсэн цэргийн ажиллагаа сонгуулийн дараа дахин эрчимжих боломжтой байна. Ираны санхүүгийн боломж хумигдаж, хэлэлцээр байгуулах сонирхол нэмэгдсэн нь АНУ-ын хэлэлцээний байр суурийг давуу байдалд хүргэж байгаа юм.
Хиймэл оюун ухааны дэд бүтцийн хөрөнгө оруулалт өндөр хэвээр байгаа ч санхүүгийн зах зээл технологийн компаниудын ирээдүйн өсөлтөд эргэлзэж эхэлжээ. Ялангуяа хагас дамжуулагч, санах ойн чип үйлдвэрлэгчдийн хувьцааны ханш огцом буурч, зарим компанийн үнэлгээ одоогийн ашгийн түвшин цаашид өсөхгүй гэсэн хүлээлтийг илэрхийлэх хэмжээнд хүрсэн байна.
Хагас дамжуулагчийн салбарын хувьцаа 10 хоногт 15.7 хувиар унав
Хагас дамжуулагчийн салбарын индекс сүүлийн арилжааны найман өдөр дараалан буурсан нь 2008 оноос хойших хамгийн урт уналт болжээ. Индекс аравхан хоногт 15.7 хувиар буурч, санах ойн чип үйлдвэрлэдэг зургаан компанийн зах зээлийн нийт үнэлгээ ойролцоогоор нэг их наяд ам.доллараар буурсан байна. Үүний улмаас санах ойн чип үйлдвэрлэгчдийн үнэ, ашгийн харьцаа буюу P/E үзүүлэлт 7–10 дахин болж буурсан бол нийт зах зээлийн харьцаа 22 орчим дахин байна.
Өмнөд Солонгосын экспорт зах зээлийн хүлээлтээс эсрэг дохио өгч байна
Хагас дамжуулагчийн салбарын хувьцааны ханш унаж байгаа ч бодит борлуулалтын үзүүлэлтүүд өндөр өсөлттэй хэвээр байгааг Өмнөд Солонгосын экспортын мэдээлэл харуулжээ.
2026 оны 10 сарын 1-20-ны экспортын дараах үзүүлэлтүүдийг онцолсон байна.
Нийт экспорт өмнөх оны мөн үеэс 105%-иар өсөж, $61.6 тэрбумд хүрсэн.
Хагас дамжуулагчийн экспорт 222%-иар өсөж, $27.5 тэрбум болсон.
Компьютер болон чипийн дагалдах хэрэгслүүд 424%-иар өссөн байна.
Хагас дамжуулагчийн бүтээгдэхүүн нийт экспортын 44.7 хувийг бүрдүүлжээ.

Мөн Өмнөд Солонгосын чип үйлдвэрлэгч компаниуд бага хэмжээтэй бараа бүтээгдэхүүнийг илүү өндөр үнээр гадагшаа нийлүүлэлт хийж байгаа нь экспортын өсөлтийн гол шалтгаан болж байгаа юм.

Сонирхолтой нь Өмнөд Солонгосын воны ханш 5 дугаар сараас хойш 14 хувиар чангарсан үед ийм өндөр өсөлт бүртгэгдсэн байна. Валютын ханш чангарвал экспортлогчдын үнийн өрсөлдөх чадварт дарамт үүсэх боломжтой ч технологийн бүтээгдэхүүний эрэлт өндөр хэвээр байгааг энэ үзүүлэлт илэрхийлж байна.
AI-ийн тооцоолох хүчин чадлын эрэлт буураагүй, харин нийлүүлэлт хүрэлцэхгүй байна
Хагас дамжуулагчийн салбарын үнэлгээ буурч байгаа ч хиймэл оюуны тооцоолох хүчин чадлын бодит зах зээлд хомсдол үргэлжилж байгааг хоёр үзүүлэлтээр авч үзэе.
Нэгдүгээрт, Anthropic компани шаардлагатай тооцоолох хүчин чадлаа бүрэн авч чадахгүй байгаагаас хэрэглэгчдийн эрэлтийг хангахад хүндрэлтэй тулгарсан байна. Тус компанийн өсөлт 6 дугаар сараас саарсан нь хэрэглэгчдийн эрэлт буурсантай бус, хүчин чадлын хязгаарлалттай холбоотой байжээ. Харин харьцангуй илүү хүчин чадалтай OpenAI компани тухайн эрэлтийн тодорхой хэсгийг хангаж чадсан байна.
Хоёрдугаарт, AI тооцоололд ашигладаг график процессор буюу GPU-ийн түрээсийн үнэ өссөөр байна. NVIDIA-ийн Blackwell архитектурт суурилсан GPU-ийн түрээсийн үнийн индекс он гарснаас хойш 35 хувиар нэмэгдэж, цагийн 5.29 ам.долларт хүрчээ.

---
Хиймэл оюуны хөрөнгө оруулалтын үр өгөөж бодит эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаа нь хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байна. АНУ-ын компаниудын ашгийн маржин 15 хувьд хүрч, түүхэн дээд түвшинд тогтсон нь үүний нэг боломжит илрэл юм. Өндөр хүү, эрчим хүчний үнийн өсөлт, импортын тарифын дарамт үргэлжилж байгаа ч компаниудын ашигт ажиллагаа нэмэгдсэн нь технологийн шинэчлэл, автоматжуулалт болон үйл ажиллагааны үр ашиг сайжирч байгаатай холбоотой байж болох юм.

Өнөөгийн AI-ийн хөгжлийг 1920-иод оны цахилгаанжуулалттай харьцуулбал тухайн үед цахилгааны дэд бүтэц богино хугацаанд хөгжсөн ч үйлдвэрүүд шинэ технологид нийцүүлэн үйл ажиллагаагаа өөрчилсний дараа бүтээмжийн бодит өсөлт бий болсон байдаг.
Үүнтэй адил AI-ийн салбар дэд бүтцийн бүтээн байгуулалтын үеэс санах ойн чип, эрчим хүч болон дата төвийн хүчин чадлын хомсдолтой үе шатанд шилжжээ. Дараагийн шатанд AI агентууд болон автоматжуулалт бизнесийн үйл ажиллагаанд өргөн нэвтэрснээр бүтээмж, ашигт ажиллагаанд үзүүлэх нөлөө улам тодорхой болох төлөвтэй байна.
Иймээс AI-ийн хөрөнгө оруулалтын урт хугацааны үр өгөөжийг зөвхөн чипний борлуулалт, дата төвийн бүтээн байгуулалтаар бус, технологийг ашиглаж буй компаниудын бүтээмж болон ашигт ажиллагааны өсөлтөөр үнэлэх нь чухал юм.
Дүгнэлт: Дэлхийн санхүүгийн зах зээлд хөрөнгө оруулагчдын хүлээлт болон бодит эдийн засгийн үзүүлэлтүүдийн хооронд зөрүү үүсээд байна. Газрын тосны үнэ бодит нийлүүлэлтийн хомсдолоос илүү геополитикийн эрсдэлийн нөлөөгөөр өндөр байгаа бол хиймэл оюуны салбарын хувьцааны ханш огцом буурсан ч чипний экспорт, тооцоолох хүчин чадлын эрэлт өндөр хэвээр байна.
Үүний зэрэгцээ АНУ-ын компаниудын ашгийн маржин түүхэн дээд түвшинд хүрсэн нь технологийн шинэчлэл бүтээмжид эерэгээр нөлөөлж эхэлсэн байж болохыг харуулж байна.
Цаашид геополитикийн нөхцөл байдал, технологийн компаниудын хөрөнгө оруулалтын өсөлт, санхүүжилтийн өртөг болон AI-ийн бодит бүтээмж нь зах зээлийн чиг хандлагыг тодорхойлох гол хүчин зүйлс байх юм.