
Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж

Өнгөрсөн 7 хоногт олон улсын хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн орчинд болж өрнөсөн чухал үйл явдлуудаас дараах сэдвүүдийг онцлон хүргэж байна.
Зах зээлийн хөдөлгөөн: Технологийн хувьцаануудын уналт
Хиймэл оюуны хөрөнгө оруулалт хөөс үү, эсвэл зах зээлийн шинэ боломж уу?
Хиймэл оюуны өсөлтөөс хамгийн их ашиг хүртэж буй улс
Өнгөрсөн баасан гарагийн арилжаагаар Nasdaq-100 индекс 3.5%, Philadelphia Semiconductor Index 7.2%-иар тус тус унаж, технологийн салбарын компаниудын зах зээлийн үнэлгээ нийтдээ $1 их наяд гаруй дүнгээр буурлаа. Улмаар 10 дугаар сар нь 2025 оны 3 дугаар сард Дональд Трампын олон улсын худалдааны тарифын бодлоготой холбоотойгоор зах зээлд хүчтэй савлагаа үүссэн үеэс хойших хамгийн өндөр уналттай сар болов.

Сонирхолтой нь, “Гайхамшигт 7” дундаас хиймэл оюуны дэд бүтцэд хамгийн бага хөрөнгө зарцуулж буй Apple-ийн хувьцаа баасан гарагийн арилжаагаар Nasdaq-100 индекстэй анх удаа сөрөг хамааралтай арилжаалагдав. Улмаар Apple зах зээлийн үнэлгээгээр Nvidia-г гүйцэж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани боллоо.

Технологийн томоохон компаниудын хиймэл оюунд оруулж буй хөрөнгө оруулалт түүхэн дээд түвшинд хүрч, үүлэн технологийн орлого хурдацтай өсөж байгаа ч хувьцааны зах зээл эсрэг чиглэлд хөдөлж эхэллээ.
Технологийн компаниудын орлого өссөн ч хувьцааны ханш яагаад буурав?
Өнгөрсөн 7 хоногт АНУ-ын технологийн салбарын томоохон компаниудын сүүлийн улирлын тайлан хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байлаа. Microsoft, Alphabet, Amazon болон Meta зэрэг компаниуд хиймэл оюун, үүлэн тооцооллын бизнесийн өсөлтөөр хүлээлтээс давсан үр дүн үзүүлсэн ч зах зээлийн хариу үйлдэл харилцан адилгүй байв.
Тухайлбал, Microsoft-ийн Azure үүлэн үйлчилгээний орлого 48%-иар өсөж, 45%-ийн хүлээлтийг давсан бол Alphabet-ийн Google Cloud бизнесийн өсөлт 103%-д хүрч, 92%-ийн хүлээлтээс өндөр гарчээ. Харин Amazon-ийн AWS үйлчилгээний орлого 39%-иар өссөн нь сүүлийн таван жилийн хамгийн өндөр өсөлт болсон байна.
Гэсэн хэдий ч тайлангийн дараа Microsoft-ийн хувьцаа 4%-иар өссөн бол Alphabet-ийнх 10%, Amazon-ийнх 7%-иар буурчээ. Amazon-ийн хувьд тайлан гарахаас өмнөх уналтыг оруулан тооцвол хоёр өдрийн хугацаанд хувьцааны ханш нийт 11%-иар буурсан байна.
Үүнээс харахад хөрөнгө оруулагчид орлогын өсөлтөөс илүүтэй хөрөнгө оруулалтын зардал, санхүүжилтийн хэрэгцээ, чөлөөт мөнгөн урсгал болон ирээдүйн өгөөжид анхаарал хандуулж эхэлснийг илтгэж байна.
Хиймэл оюуны өрсөлдөөн: Хөрөнгө оруулалтаа түрүүлж зогсоосон нь ялагдана
Технологийн салбарын хамгийн том онцлог нь компаниудын хооронд өрнөж буй тооцоолох хүчин чадлын өрсөлдөөн юм. Microsoft, Alphabet, Amazon болон Meta компаниуд хиймэл оюуны дата төв, сервер, график процессор, санах ой болон сүлжээний дэд бүтцэд зарцуулах хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлсээр байна.
Тухайлбал, Alphabet 2027 оны хөрөнгө оруулалтын зардлаа 300 тэрбум ам.доллараас давна гэж төсөөлсөн бол Amazon 2026 онд 220 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж, 2027 онд энэ дүнг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх төлөвтэй байна.
Эдгээр компаниуд хөрөнгө оруулалтаа багасгахгүй байгаа нь зөвхөн ирээдүйн өсөлтөд итгэж байгаатай холбоотой биш. Хиймэл оюуны тооцооллын технологи богино хугацаанд шинэчлэгдэж, илүү өндөр хүчин чадалтай дэд бүтэц бий болж буй нөхцөлд хөрөнгө оруулалтаа зогсоосон компани өрсөлдөөний давуу талаа алдах эрсдэлтэй. Үүний зэрэгцээ компаниудын биелүүлэхээр хүлээж буй гэрээт захиалгын хэмжээ асар өндөр түвшинд хүрчээ.

Гэрээт захиалгын үлдэгдэл гэдэг нь компаниудын ирээдүйд нийлүүлэхээр тохиролцсон үйлчилгээ, бүтээгдэхүүнтэй холбоотой хараахан орлогоор бүртгэгдээгүй үүргийг илэрхийлнэ. Энэ нь бүхэлдээ баталгаатай ашиг гэсэн үг биш боловч ирээдүйн орлогын боломжит цар хүрээг харуулдаг чухал үзүүлэлт юм.
Тиймээс компаниудын удирдлагын хувьд хувьцааны ханш богино хугацаанд буурсан ч хэрэглэгчдийн эрэлт, гэрээт захиалгын хэмжээ өндөр байгаа нөхцөлд дата төвийн хөрөнгө оруулалтаа бууруулах нь бизнесийн ирээдүйн өсөлтийг хязгаарлах эрсдэлтэй.
Хиймэл оюуны салбарын хөрөнгө оруулалт өсөхийн хэрээр технологийн дэд бүтэц нийлүүлэгч компаниудын ашигт ажиллагаа мэдэгдэхүйц сайжирч байна. Ялангуяа өндөр хүчин чадалтай санах ой, серверийн тоног төхөөрөмж, хагас дамжуулагч болон дата төвийн сүлжээний шийдэл нийлүүлэгч компаниуд энэ өсөлтийн шууд үр шимийг хүртэж байгаа юм.
Тухайлбал, Өмнөд Солонгосын чипийн экспортын тоо хэмжээ төдийлөн өөрчлөгдөөгүй ч үнэ нь жилийн өмнөхөөс 259.4%-иар өсжээ. Ялангуяа хиймэл оюуны процессорт ашиглагддаг HBM буюу өндөр хурдны санах ойн эрэлт нийлүүлэлтээс давж, ойрын 1–2 жилийн үйлдвэрлэлийн хүчин чадал урьдчилан захиалагдсан байна. Үүний үр дүнд SK Hynix, Micron, SanDisk зэрэг компаниудын орлого, ашигт ажиллагаа эрчимтэй сайжирч, хиймэл оюуны хөрөнгө оруулалтын өсөлтөөс дэд бүтэц, хагас дамжуулагч нийлүүлэгчид хамгийн түрүүнд ашиг хүртэж байна.
Хиймэл оюуны хэрэглээ өргөжихийн хэрээр кибер аюулгүй байдал, робот техник, автоматжуулалт болон эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтын шинэ боломжууд бий болж байна. Тухайлбал, хиймэл оюуны агентуудын хэрэглээ нэмэгдсэнээр кибер аюулгүй байдлын шинэ хэрэгцээ үүсэж, CrowdStrike, SentinelOne, Rapid7 зэрэг компаниуд AI системийг хамгаалах технологид анхаарч эхэлжээ.
Нөгөө талаас, робот техник болон өөрөө жолоодлоготой тээврийн хэрэгслийн хөгжил мэдрэгч, лазер, LiDAR технологийн эрэлтийг нэмэгдүүлж байна. Жишээлбэл, Ouster компанийн мэдрэгчийн борлуулалт 18 сарын хугацаанд 3.5 дахин, орлого нь 56%-иар өсжээ. Мөн дата төвүүдийн эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байгаа нь эрчим хүчний үйлдвэрлэл, хадгалалт болон сэргээгдэх эрчим хүчний компаниудад өсөлтийн боломж бий болгож байна.
Өмнөд Солонгосын экспорт 2026 оны 10 дугаар сард жилийн өмнөхөөс 93.7%-иар өсөж, зах зээлийн 89.3%-ийн хүлээлтийг давлаа. Энэхүү өсөлтийн гол хөдөлгөгч хүч нь хиймэл оюун ухааны эрэлтээр дэмжигдсэн хагас дамжуулагчийн салбар байв.
Тодруулбал, хагас дамжуулагчийн экспорт 259.4%-иар өсөж, нийт экспортын 49%-ийг бүрдүүлсэн бөгөөд үүний бараг 90%-ийг санах ойн чип эзэлжээ. Хиймэл оюуны дэд бүтцийн эрэлт нэмэгдэж, санах ойн чипийн үнэ өссөн нь экспортын орлогыг эрчимтэй нэмэгдүүлж байна. Мөн чип үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн импорт 49.2%-иар өссөн нь үйлдвэрлэгчид хүчин чадлаа үргэлжлүүлэн тэлж байгааг илтгэж байна.

Гадаад худалдааны ашиг 10 дугаар сард $42.5 тэрбумд хүрсэн бөгөөд хагас дамжуулагчийн эрэлт өндөр хэвээр байвал оны үлдсэн саруудад ч худалдааны ашиг өндөр түвшинд хадгалагдах төлөвтэй байна. Үүний үр дүнд 2026 оны урсгал дансны ашиг $500 тэрбумд хүрэх боломжтой гэж тооцоолжээ.
Хиймэл оюуны салбарын хөрөнгө оруулалтын өсөлт Өмнөд Солонгосын экспорт, үйлдвэрлэл болон эдийн засгийн өсөлтийг дэмжих гол хүчин зүйл болж байна. Хагас дамжуулагчийн үйлдвэрлэл өргөжиж буйтай холбоотойгоор тус улсын эдийн засаг 2026 оны IV улиралд өмнөх улирлаас 0.8%, бүтэн жилийн дүнгээр 3.8%-иар өсөх төлөвтэй бөгөөд өсөлт төсөөллөөс давах боломж ч хадгалагдаж байна.
Дүгнэлт: 2026 оны сүүлийн улиралд технологийн салбарын хувьцааны ханшид дарамт үүссэн ч хиймэл оюуны салбарын бодит эрэлт, үүлэн үйлчилгээний орлогын өсөлт, гэрээт захиалгын хэмжээ болон дэд бүтэц нийлүүлэгч компаниудын ашигт ажиллагаа өндөр хэвээр байна.
Технологийн томоохон компаниудын ширүүн өрсөлдөөн, өсөн нэмэгдэж буй гэрээт захиалга болон тооцоолох хүчин чадлын эрэлтээс шалтгаалан хиймэл оюуны дэд бүтцэд чиглэсэн хөрөнгө оруулалт ойрын хугацаанд огцом саарах магадлал бага байна. Үүний үр дүнд дата төвийн дэд бүтэц, санах ой, хагас дамжуулагч болон сүлжээний тоног төхөөрөмж нийлүүлэгчид хөрөнгө оруулалтын өсөлтийн үр шимийг харьцангуй хурдан хүртэж байна.
Нөгөө талаас, санхүүгийн суурь үзүүлэлтүүд нь тогтвортой, урт хугацааны өсөлтийн боломж өндөртэй компаниудын хувьцааны ханшийн богино хугацааны уналтыг хөрөнгө оруулалтын таатай боломж гэж үзэж байна. Иймээс зах зээлийн өнөөгийн савлагааг ашиглан чанартай компаниудын хувьцаанд урт хугацааны хөрөнгө оруулалт хийх нь оновчтой юм.