
Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж

Өнгөрсөн 7 хоногт олон улсын хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн орчинд болж өрнөсөн чухал үйл явдлуудаас дараах сэдвүүдийг онцлон хүргэж байна.
АНУ–Ираны хэлэлцээр тодорхойгүй хэвээр
АНУ-ын бондын зах зээл эдийн засгийн удаашралыг анхааруулж эхлэв үү?
Хиймэл оюуны ирээдүйг хэлэлцэх оройн зоог
Иран улс Ормузын хоолойг дахин нээх асуудлаар тавьсан 7 хоногийн хугацаатай саналаа хэвээр хадгалж, нөхцөлөө зөөлрүүлэхгүй гэдгээ мэдэгдээд байна. Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчийн мэдэгдсэнээр Ираны зүгээс АНУ-ын тодорхой хариуг хүлээж байгаа бөгөөд Ормузын хоолойг нээх цорын ганц гарц нь хэлэлцээрээр тохиролцох явдал гэж онцолжээ. Иран улс АНУ тодорхой шаардлагуудыг биелүүлсэн тохиолдолд хоолойг нээхэд бэлэн гэж мэдэгдсэн байна.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны саналд татгалзсан боловч хэлэлцээрийг бүрэн хаагаагүй, энэ долоо хоногт яриа хэлэлцээ дахин үргэлжилж магадгүй гэсэн тодорхойгүй байр суурь илэрхийлжээ. АНУ болон Иран хоорондын хэлэлцээний хүрээнд Иран Ормузын хоолойг нээж, АНУ Ираны боомтуудын эсрэг тавьсан хоригийг цуцлах боломжит хувилбар яригдаж байгаа ч одоогоор эцсийн тохиролцоонд хүрээгүй байна.
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент эдийн засгийн дарамт Иранд нөлөөлж байгаа гэж мэдэгдсэн. Түүний хэлснээр Ираны газрын тосны хамгийн том худалдан авагч болох БНХАУ Иранд үзүүлэх дэмжлэгээ мэдэгдэхүйц бууруулсан байна. Харин Ираны тал АНУ-ын цэргийн дарамт, хоригийн нөхцөлд буулт хийхээс татгалзаж, шаардлагатай тохиолдолд цаашид ч сөрөн зогсоно гэдгээ мэдэгдсэн байна.
АНУ-ын Холбооны нөөцийн банк (ХНС) бодлогын хүүгээ өсгөсний дараа богино болон урт хугацаат Засгийн газрын бондын өгөөжийн зөрүү огцом багасжээ. Хоёр жилийн хугацаатай бондтой харьцуулахад 10 жилийн хугацаатай бондын өгөөж өнгөрсөн 7 хоногт ердөө 0.17 нэгж хувь буюу 17 суурь нэгжээр өндөр байсан нь 2025 оны эхнээс хойших хамгийн бага зөрүү юм.

Ердийн үед хөрөнгө оруулагчид мөнгөө урт хугацаагаар байршуулж буй эрсдэлийнхээ төлөө илүү өндөр өгөөж шаарддаг. Харин өгөөжийн энэ зөрүү багасахыг өгөөжийн муруй хавтгайрах гэж нэрлэдэг. Хэрэв 10 жилийн бондын өгөөж хоёр жилийн бондынхоос доош орвол муруй урвуу болно. Энэ нь хөрөнгө оруулагчид одоогийн өндөр хүү эдийн засгийн өсөлтийг сааруулж, цаашид ХНС хүүгээ бууруулах шаардлагатай болно гэж үзэж байгааг илтгэж болно.
ХНС есдүгээр сард бодлогын хүүгээ гурван жилийн дараа анх удаа өсгөж, дахин өсгөх боломжтойг илэрхийлсэн. Үүний дараа богино хугацаат бондын өгөөж урт хугацаат бондынхоос илүү хурдтай нэмэгдэж, өгөөжийн зөрүү багассан байна. Өөрөөр хэлбэл богино хугацаат бага хүүтэй бондуудын хөрөнгө оруулагчид ихээр зарж, ханшийн дарамтыг бий болгож байна гэсэн үг. Зах зээл ирэх нэг жилийн хугацаанд 0.25 нэгж хувийн дор хаяж гурван удаагийн өсөлттэй дүйцэхүйц хүүгийн өөрчлөлтийг үнэдээ тусгаад байгаа гэж шинжээчид үзэж байна.
Өгөөжийн муруй урвуу болох нь түүхэндээ эдийн засгийн уналтын анхааруулах дохио болж ирсэн. Гэхдээ энэ нь уналт зайлшгүй болно гэсэн үг биш. Тухайлбал, 2022 онд өгөөжийн муруй урвуу болсон ч олон эдийн засагчийн таамагласан уналт дараагийн 12 сард биелээгүй.

Энэ хөдөлгөөн хөрөнгийн зах зээлд аль хэдийн нөлөөлж эхэлжээ. Банкууд богино хугацаанд эх үүсвэр татаж, урт хугацаанд зээл олгодог тул өгөөжийн зөрүү багасах нь хүүгийн цэвэр маржинд дарамт учруулж болно. Томоохон банкуудын хувьцааг дагадаг KBW Bank Index өнгөрсөн 7 хоногт сүүлийн дээд түвшнээсээ 10% буурсан байна.
Ойрын өдрүүдэд гарах АНУ-ын инфляцын PCE үзүүлэлт, ажлын байрны тоо болон ажилгүйдлийн тэтгэмжийн хүсэлт зах зээлийн дараагийн чиглэлийг тодорхойлоход чухал. Инфляц өндөр хэвээр байвал ХНС хүүгээ нэмж өсгөх дарамттай үлдэнэ. Харин хөдөлмөрийн зах зээл сулрах шинжтэй бол өндөр хүү эдийн засагт хэр хүчтэй нөлөөлж буй тухай болгоомжлол нэмэгдэнэ.
Хиймэл оюуны загварууд зөвшөөрөлгүй үйлдэл хийсэн тухай мэдээллүүд олширч, технологийн хөгжлийг хэрхэн хянах вэ гэсэн маргаан эрчимжиж байна. Энэ үед АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Anthropic компанийн гүйцэтгэх захирал Дарио Амодеи нар ням гараг буюу 9 сарын 27-нд хамт оройн зоог товлосон байна. Уулзалт болсон эсэх, ямар үр дүнд хүрсэн талаар одоогоор мэдээлэл гараагүй байна.
Хоёр тал хиймэл оюуны хөгжлийн хурдны талаар өөр байр суурьтай. Амодей хамгийн дэвшилтэт загваруудын хөгжлийг удаашруулж, аюулгүй байдлын хяналтыг чангатгахыг илүүд үзэж байгаа бол Трамп АНУ хиймэл оюуны өрсөлдөөнд тэргүүлэх ёстой гэж үзэж, хөгжлийг сааруулахыг эсэргүүцэж байна. Тэрээр Амодейгийн саналыг уулзалтын үеэр хэлэлцэхээр төлөвлөснөө сэтгүүлчдэд хэлжээ.
Маргааныг хурцатгасан шалтгаан нь сүүлийн үеийн аюулгүй байдлын мэдээллүүд юм. OpenAI-ийн загвар Австралийн эрүүл мэндийн статистик мэдээлдэг цахим хуудасны файлуудад зөвшөөрөлгүй нэвтэрсэн хэрэг Австралид шалгагдаж байна. Мөн тус компанийн нэг AI агент хамгаалалттай туршилтын орчноос гарч, интернэтэд холбогдсоны дараа OpenAI хамгийн өндөр чадвартай загваруудаа сургах ажлыг түр зогсоохоо мэдэгджээ. Австралийн тохиолдолд хувийн мэдээлэл алдагдаагүй гэж мэдээлсэн ч уг үйл явдал AI системүүдийн үйлдлийн хяналтын асуудлыг дахин хөндөв.
Энэ асуудал хөрөнгийн зах зээлд ч нөлөөлсөн. Амодей хөгжлийн хурдыг сааруулах тухай байр сууриа илэрхийлсний дараа чип болон AI дэд бүтцийн компаниудын хувьцаа унасан нь технологийн хөрөнгө оруулалт багасаж магадгүй гэсэн болгоомжлолтой холбоотой. Харин Амодей болон OpenAI-ийн гүйцэтгэх захирал Сэм Алтман хөгжлийг илүү болгоомжтой явуулах нь компанийн хөрөнгө оруулалтыг бууруулна гэсэн үг биш хэмээн тайлбарласны дараа хувьцаанууд буцаж сэргэсэн байна.
Трамп, Амодей нарын төлөвлөсөн уулзалтын гол асуулт нь AI-ийн хөгжлийг үргэлжлүүлэхийн зэрэгцээ системүүдийн зөвшөөрөлгүй үйлдлээс үүсэх эрсдэлийг хэрхэн хянах вэ гэдэгт оршино. АНУ-д шинэ загваруудыг турших, эрсдэлийг ил тод мэдээлэх шаардлагын талаар санал гарч байгаа ч ойрын хугацаанд хууль батлагдах эсэх тодорхойгүй байна. Иймээс компаниудын сайн дурын аюулгүй байдлын арга хэмжээ болон засгийн газрын цаашдын байр суурь хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд хэвээр байх төлөвтэй.

Дүгнэлт: АНУ-ын эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн төлөвт хэд хэдэн эрсдэл зэрэг нөлөөлж байна. Ирантай холбоотой хурцадмал байдал газрын тосны нийлүүлэлт, үнийн өсөлтийн эрсдэлийг нэмэгдүүлж байгаа бол инфляц өндөр хэвээр байх нь Холбооны нөөцийн банк хүүгээ цаашид өсгөх дарамтыг хадгалж байна. Үүний зэрэгцээ АНУ, Хятадын түр хугацааны худалдааны хэлэлцээр тодорхойгүй байдалд хэвээр байна. Мөн хиймэл оюуны аюулгүй байдлын асуудал технологийн салбарт шинээр эргэлзээ үүсгэж байна.
Бондын зах зээлд хоёр болон 10 жилийн хугацаатай үнэт цаасны өгөөжийн зөрүү багассан нь өндөр хүү эдийн засгийн өсөлтөд хэрхэн нөлөөлөх тухай болгоомжлол нэмэгдсэнийг харуулж байна. Гэхдээ үүнийг одоогоор “бондын зах зээлийн хямрал” гэж дүгнэх үндэслэлгүй. Эдгээр хүчин зүйлсийн цаашдын өрнөл инфляц, хүүгийн хүлээлт, компаниудын ашиг болон хөрөнгө оруулагчдын эрсдэлд хандах хандлагаар дамжин зах зээлийн хэлбэлзлийг нэмэгдүүлж болзошгүй.