
Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж

Өнгөрсөн 7 хоногт олон улсын хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн орчинд болж өрнөсөн чухал үйл явдлуудаас дараах сэдвүүдийг онцлон хүргэж байна.
Өндөр хүүгийн орчин эдийн засгийн өсөлтийг хязгаарлаж байна.
OpenAI-ийн орлогын мэдээллээс үүдсэн уналт
Amazon ба NVIDIA: AI программ хангамжийн өрсөлдөөний шинэ үе
АНУ-ын бодлогын хүү 4%, урт хугацаат бондын өгөөж өндөр түвшинд хадгалагдаж байгаа нь хиймэл оюун ухааны салбараас бусад эдийн засгийн үйл ажиллагаанд дарамт учруулж байна. Хиймэл оюун ухаан болон дата төвийн дэд бүтцэд чиглэсэн хөрөнгө оруулалт эрчимтэй өсөж байгаа нь өндөр хүүгийн бодит эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг тодорхой хэмжээнд далдалж байна. Тухайлбал, сүүлийн нэг жилийн хугацаанд инфляцын нөлөөг тооцсон дата төвийн барилгын хөрөнгө оруулалт 65%-иар, эрчим хүчний дэд бүтцийн хөрөнгө оруулалт 4%-иар өссөн бол бусад салбарын үзүүлэлтүүд буурсан байна. Орон сууцны барилгын хөрөнгө оруулалт 10%, үйлдвэрлэлийн зориулалттай барилга байгууламжийн хөрөнгө оруулалт 24%, дата төвөөс бусад оффисын барилгын хөрөнгө оруулалт 14%-иар тус тус агшжээ. Энэ нь санхүүжилтийн өртөг өндөр хэвээр байгаа нь эдийн засгийн уламжлалт салбаруудын хөрөнгө оруулалтын идэвхийг хязгаарлаж байгааг харуулж байна.

Энэхүү ялгаатай байдал хувьцааны зах зээлд мөн ажиглагдаж байна. Сүүлийн нэг сарын хугацаанд S&P 500 индексийн салбаруудаас зөвхөн технологийн салбар нийт индексийн өгөөжийг давсан бол харилцаа холбооны үйлчилгээний салбар эерэг өгөөжтэй гарсан байна. Харин хүүгийн өөрчлөлтөд мэдрэмтгий санхүү, үл хөдлөх хөрөнгө болон нийтийн үйлчилгээний салбаруудын өгөөж нийт индексээс 7–8 нэгж хувиар хоцорчээ.

Энэ нь хөрөнгө оруулагчид өнөөгийн нөхцөлд ашиг орлогын өсөлтөө бодитоор харуулж буй технологийн компаниудад илүү өндөр үнэлгээ өгч, харин санхүүжилтийн өртгөөс ихээхэн хамааралтай салбаруудын хувьцааны үнэлгээг бууруулж байгааг илтгэнэ.
Өнгөрсөн Пүрэв гарагт Financial Times сонинд нийтлэгдсэн OpenAI-ийн орлогын талаарх мэдээлэл технологийн салбарын хувьцаанд хүчтэй дарамт үзүүлэв. Тухайн өдөр Nasdaq индекс 1.25%, хагас дамжуулагчийн салбарын индекс 3.4%, Micron компанийн хувьцаа 4.8%-иар тус тус буурсан байна.
Тодруулбал, OpenAI-ийн есдүгээр сарын эцсийн байдлаарх жилийн дүнгээр тооцсон орлогын хэмжээ (annualized revenue run-rate) өмнө мэдээлэгдэж байсан 70 тэрбум ам.доллар бус, $50 тэрбумд ойртсон тухай мэдээлэл гарсан нь хөрөнгө оруулагчдын дунд компанийн орлого $20 тэрбумаар дутсан гэх болгоомжлол үүсгэжээ.
Гэвч энэхүү $20 тэрбумын зөрүү нь компанийн бизнесийн гүйцэтгэл муудсантай бус, орлогыг бүртгэх санхүүгийн аргачлалын ялгаатай холбоотой байна. Тухайлбал, Anthropic компани AWS болон Google Cloud зэрэг үүлэн үйлчилгээний түншүүдээр дамжуулан бий болгосон орлогыг нийт орлогодоо тусгадаг бол OpenAI эдгээр орлогыг ижил байдлаар бүртгэдэггүй аж. Иймээс хоёр компанийн орлогыг харьцуулах зорилгоор тооцсон $70 тэрбумын үзүүлэлт болон OpenAI-ийн өөрийн аргачлалаар тооцсон $50 тэрбумын хооронд зөрүү үүссэн байна.
Уг мэдээлэл нь хиймэл оюун ухааны салбарын суурь эрэлт буурсныг илэрхийлэхгүй. Харин зах зээлийн хөрөнгө оруулалт урсгал технологийн салбараас бусад салбар руу түр шилжсэн бөгөөд тухайн өдөр S&P 500 индекс өсөлттэй, жижиг зах зээлийн үнэлгээтэй компаниудын хувьцаанд худалдан авалт нэмэгдсэн нь үүнийг харуулж байна.
Үүний зэрэгцээ хагас дамжуулагчийн салбарын суурь үзүүлэлтүүд эерэг хэвээр байна. Micron компанийн орлогын жилийн түвшинд шилжүүлсэн үзүүлэлт $54 тэрбумд хүрч, $61.5 тэрбумын төлөвийг танилцуулсан бол Өмнөд Солонгосын чипний экспорт өмнөх оны мөн үеэс 83.5%-иар өсжээ. Мөн 2027 оны HBM санах ойн чипний үйлдвэрлэлийн хүчин чадал урьдчилсан захиалгаар баталгаажсан нь хиймэл оюун ухааны дэд бүтцийн эрэлт өндөр хэвээр байгааг илтгэж байна.

---
Хиймэл оюуны салбарын өрсөлдөөн зөвхөн чип үйлдвэрлэлээр хязгаарлагдахгүй, тэдгээрийн тооцооллын хүчин чадлыг оновчтой ашиглах программ хангамжийн түвшинд өргөжиж байна. Үүний нэг илрэл нь Amazon компани Decart AI стартапыг ойролцоогоор $7 тэрбумын үнэлгээгээр худалдан авах хэлэлцээ хийж буй явдал юм. Хэлцэл амжилттай хэрэгжвэл Amazon өөрийн AI чип, AWS үүлэн тооцоолол, программ хангамж болон дата төвийн дэд бүтцийг илүү нягт уялдуулж, NVIDIA-аас хамаарах хамаарлаа бууруулах боломжтой. Түүнчлэн уг технологийг цахим худалдаа, логистик, роботик, дижитал сурталчилгаа болон ухаалаг төхөөрөмжийн бизнесүүддээ нэвтрүүлснээр үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх, AI-д суурилсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэх боломж бүрдэх юм.
Amazon компани Израил гаралтай хиймэл оюуны технологи хөгжүүлэгч Decart стартапыг худалдан авах талаар хэлэлцэж байгаа боловч тохиролцоо хараахан эцэслэгдээгүй байна.
2023 онд байгуулагдсан Decart нь AI загваруудын тооцооллын үр ашгийг нэмэгдүүлэх, бодит цагийн видео үүсгэх болон интерактив виртуал орчин хөгжүүлэх чиглэлээр ажилладаг.
Decart-ийн гол давуу тал нь AI загваруудыг өөр өөр үйлдвэрлэгчийн чип дээр үр ашигтай ажиллуулах программ хангамжийн технологи юм. Энэ нь Amazon-ийн өөрийн хөгжүүлсэн Trainium чипийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, AWS платформын AI тооцооллын үйлчилгээний үр ашгийг сайжруулах стратегитай нийцэж байна.
Decart ямар технологи хөгжүүлдэг вэ?
Decart нь AI загварын тооцооллын үр ашгийг нэмэгдүүлэх болон хиймэл оюуны хэрэглээг өргөжүүлэх гурван үндсэн технологи хөгжүүлдэг.
Decart Optimization Stack (DOS): AI загваруудыг NVIDIA, Amazon, Google-ийн чипүүд дээр илүү үр ашигтай ажиллуулж, тооцооллын зардлыг бууруулах программ хангамж.
Lucy: Real-time видео хийх, засах AI технологи.
Oasis: Тоглоом, симуляц зэрэгт ашиглах боломжтой, хэрэглэгчийн үйлдэлд хариу үзүүлдэг AI виртуал орчин.
Эдгээрээс DOS технологи нь Amazon-ийн AI чип болон AWS-ийн стратегид хамгийн өндөр ач холбогдолтой бөгөөд NVIDIA-ийн программ хангамжийн экосистемээс хамаарах хамаарлыг бууруулах боломжийг бүрдүүлж байна. Харин Lucy болон Oasis нь Amazon-д AI-д суурилсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэх боломж олгож болох юм.
Дүгнэлт: Хиймэл оюун ухааны салбарын хөрөнгө оруулалт эрчимтэй өсөж байгаа хэдий ч өндөр хүүгийн орчин эдийн засгийн бусад салбарын идэвхийг хязгаарлаж, технологийн болон уламжлалт салбаруудын өсөлтийн зөрүүг нэмэгдүүлж байна. Технологийн салбарын хувьд AI-ийн эрэлт, компаниудын орлогын өсөлт болон дата төвийн бүтээн байгуулалтад чиглэсэн хөрөнгө оруулалт нь хувьцааны үнэлгээнд дэмжлэг үзүүлж байгаа бол Ойрх Дорнодын мөргөлдөөнөөс үүдэлтэй газрын тосны нийлүүлэлтийн эрсдэл, үнийн өсөлт нь инфляцын дарамтыг нэмэгдүүлж, мөнгөний хатуу бодлого үргэлжлэх нөхцөлийг бүрдүүлснээр бусад салбарын өсөлтөд сөргөөр нөлөөлж байна.
Үүний зэрэгцээ AI салбарын томоохон компаниуд зөвхөн чип үйлдвэрлэлээр хязгаарлагдахгүй, программ хангамж, үүлэн тооцоолол болон технологийн дэд бүтцийн чиглэлд үйл ажиллагаагаа өргөжүүлж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийг зорьж байгаа нь Amazon компаниийн $7 тэрбумын хэлэлцээрээс харагдаж байна.