
Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж

Өнгөрсөн 7 хоногт олон улсын хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн орчинд болж өрнөсөн чухал үйл явдлуудаас дараах сэдвүүдийг онцлон хүргэж байна.
АНУ-ын хөдөлмөрийн зах зээл саарч, бодлогын хүүг нэмэх хүлээлт буурав
Өмнөд Солонгосын экспорт 83.5%-иар өсөж, түүхэн дээд хэмжээнд хүрлээ
Санах ойн чипний шинэ мөчлөг: Өсөлтийн боломж ба үнэлгээний зөрүү
АНУ-ын хөдөлмөрийн зах зээл саарч, бодлогын хүүг нэмэх хүлээлт буурав
АНУ-ын ажлын байрны өсөлт хүлээлтээс доогуур гарч, цалингийн өсөлт удааширсан нь хөдөлмөрийн зах зээлийн эрч суларч байгааг харууллаа. Хөдөө аж ахуйн бус салбарын ажлын байрны тоо 29 мянгаар нэмэгдсэн нь шинжээчдийн хүлээж байсан 84–90 мянган ажлын байрнаас мэдэгдэхүйц бага үзүүлэлт юм. Үүний зэрэгцээ ажилгүйдлийн түвшин 4.1%-иас өсөж, 4.2%-д хүрчээ.

Салбарын бүтцээр авч үзвэл, хувийн хэвшлийн ажлын байр 46 мянгаар нэмэгдсэн боловч төрийн салбарынх 17 мянгаар буурсан байна. Шинэ ажлын байрны өсөлт эрүүл мэнд, барилга, боловсруулах үйлдвэрлэлд төвлөрсөн бол мэдээлэл, санхүү, эрчим хүчний салбарт ажлын байр цөөрчээ. Энэ нь ажиллах хүчний эрэлт салбар бүрд жигд өсөөгүйг илтгэж байна.
Цалингийн өсөлт удааширсан нь инфляцын дарамтыг зөөлрүүлэх дохио болов. Цагийн дундаж цалин сарын дүнгээр 0.1%-иар өссөн нь 0.3%-ийн хүлээлтээс доогуур байсан бөгөөд жилийн өсөлт 3.0%-д хүрчээ. Цалингийн өсөлт саарах нь компаниудын хөдөлмөрийн зардлын дарамтыг бууруулах боломжтой ч өрхийн орлого, хэрэглээ болон компаниудын орлогын өсөлтөд сөргөөр нөлөөлж болзошгүй.
Өмнөд Солонгосын экспорт 2026 оны есдүгээр сард өмнөх оны мөн үеэс 83.5%-иар өсөж, 120.94 тэрбум ам.долларт хүрлээ. Худалдааны тэнцэл 49.85 тэрбум ам.долларын ашигтай гарч, мөн түүхэн дээд үзүүлэлт тогтоов.
Экспортын өсөлтийг хиймэл оюун ухааны дэд бүтцийн хөрөнгө оруулалт, санах ойн чипний эрэлт голлон дэмжжээ. Тухайлбал, хагас дамжуулагчийн экспорт өмнөх оны мөн үеэс 262.8%-иар өсөж, $60.3 тэрбумд хүрсэн нь нийт экспортын бараг тал хувийг бүрдүүлэв. Энэхүү өсөлтөд экспортын биет хэмжээ нэмэгдсэнээс гадна санах ойн чипний гэрээт үнэ өссөн нь нөлөөлсөн байна.
Оны эхний есөн сарын нийт экспорт $814.5 тэрбумд хүрч, 2025 оны бүтэн жилийн дээд амжилт болох $709.3 тэрбумыг давлаа. Есдүгээр сард БНХАУ болон АНУ-д нийлүүлсэн экспорт тус тус 122.7%, 137.0%-иар өсжээ. Засгийн газар жилийн экспорт анх удаа нэг их наяд ам.долларт хүрэх боломжтой гэж үзэж байгаа ч худалдааны хязгаарлалт, Ойрх Дорнодын хурцадмал байдлыг гол эрсдэлээр нэрлэв.
Эдгээр үзүүлэлтээс харахад AI-ийн хөрөнгө оруулалт Өмнөд Солонгосын экспортод бодит орлого болж тусаж, хагас дамжуулагч үйлдвэрлэгчдийн орлого, ашигт ажиллагааг дэмжих нөхцөл бүрдүүлж байна. Гэхдээ нийт экспортын бараг тал нь нэг салбарт төвлөрсөн тул чипний үнэ болон AI-ийн хөрөнгө оруулалтын мөчлөгөөс хамаарах мэдрэмж нэмэгджээ.

Санах ойн чипний салбар уламжлал ёсоор эрэлт, нийлүүлэлтийн мөчлөгөөс хүчтэй хамаардаг. Эрэлт нэмэгдэхэд үйлдвэрлэгчид хүчин чадлаа өргөжүүлж, улмаар нийлүүлэлт илүүдсэнээр үнэ болон ашигт ажиллагаа буурдаг байв. Харин хиймэл оюун ухааны дэд бүтцийн эрэлт, урт хугацааны нийлүүлэлтийн гэрээнүүд энэ хэв маягийг өөрчилж байна.
Micron, SK hynix, Samsung-ийн 2027 оны DRAM болон HBM санах ойн чипний үйлдвэрлэлийн хүчин чадал захиалгаар бүрэн баталгаажсан байна. Гэсэн ч үйлдвэрлэгчид харилцагчдын хүссэн хэмжээг бүхэлд нь нийлүүлэх боломжгүй байгаа нь эрэлт нийлүүлэлтээс давсан хэвээр байгааг илтгэнэ.
Өмнөх мөчлөгүүдээс ялгарах гол өөрчлөлт нь худалдан авалтын гэрээний бүтэц юм. Өмнө нь компьютер, гар утас үйлдвэрлэгчдийн богино хугацааны захиалга давамгайлдаг байсан бол өнөөдөр AI болон үүлэн тооцооллын томоохон компаниуд олон жилийн гэрээ, урьдчилгаа төлбөрөөр нийлүүлэлтээ баталгаажуулж байна. Түүнчлэн бүтээгдэхүүнээ аваагүй ч төлбөр төлөх үүрэгтэй гэрээнүүд нь үйлдвэрлэгчдийн ирээдүйн орлого, мөнгөн урсгалыг илүү тодорхой болгох боломжтой.
Өмнөд Солонгосын экспортын өсөлт энэ төлөвийг дэмжих дохио болж байна. 9 дүгээр сарын нийт экспортын 83.5%-ийн өсөлтийг хагас дамжуулагчийн нийлүүлэлт голлон дэмжжээ. Энэ санах ойн чипний эрэлт бодит борлуулалтад шилжиж байгаагийн илрэл бөгөөд SK hynix болон Samsung Electronics-ийн үнэ-ашгийн харьцаа 4х орчим байгаа нь Nasdaq 100 индексийн дундаж харьцаа болох 21.7х, чип үйлдвэрлэгчдийн дундаж болох 21.2 орчим харьцаануудаас харьцангуй бага байгааг харахад хувьцааны үнэлгээ ирээдүйн ашгийн боломжийг бүрэн тусгаагүй байх боломжтой харагдаж байна.

Эрсдэл: Гэсэн хэдий ч компаниудын эрсдэл харилцан адилгүй. Samsung болон SK hynix-ийн Хятад дахь үйлдвэрүүдэд хамаарах АНУ-ын зөвшөөрлийн шийдвэр нь үйлдвэрлэл, нийлүүлэлтэд нөлөөлөх эрсдэлтэй хэвээр байна. Иймээс санах ойн чипний үнэ өсөх нь салбарын бүх үйлдвэрлэгчид ижил хэмжээгээр ашигтай байх албагүй.
AI-ийн эрэлт болон урт хугацааны гэрээнүүд санах ойн чип үйлдвэрлэгчдийн орлогын харагдах байдлыг сайжруулж, уламжлалт мөчлөгийн зарим эрсдэлийг бууруулах боломжтой. Харин өсөлтийн тогтвортой байдлыг үнэлэхдээ гэрээний нөхцөл, харилцагчдын төвлөрөл, шинэ хүчин чадлын ашиглалтад орох хугацаа, экспортын хязгаарлалтыг хамтад нь авч үзэх шаардлагатай. Солонгосын экспорт эерэг дохио өгч байгаа ч хувьцааны цаашдын өсөлт нь бодит ашгийн гүйцэтгэл болон өнөөгийн үнэлгээнээс хамаарна.
Дүгнэлт: АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүд хүлээлтээс сул гарснаар аравдугаар сард бодлогын хүүг нэмэх зах зээлийн хүлээлтийг бууруулав.
Харин өнгөрсөн долоо хоногийн олон улсын макро эдийн засгийн онцлох мэдээний нэг нь Өмнөд Солонгосын экспорт түүхэн дээд хэмжээнд хүрсэн явдал байв. Энэхүү өсөлтийг SK hynix, Samsung зэрэг үйлдвэрлэгчдийн санах ойн чипний эрэлт голлон дэмжжээ. Тус хоёр компанийн хувьцааны ханш тус тус 365%, 207%-иар өссөн ч АНУ-ын зах зээлд арилжаалагддаг чип үйлдвэрлэгчидтэй харьцуулахад ирээдүйн орлого, ашгийн өсөлтийн боломж нь өнөөгийн үнэлгээнд бүрэн тусгагдаагүй байж болзошгүй байна.