
Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж

Amazon зах зээлийн шинжилгээ






## # Компанийн шинжилгээний хүрээнд яригдах сэдвүүд

## ## 1. Компанийн үйл ажиллагааны тайлан
Цахим борлуулалт: Компанийн хамгийн том орлогын эх үүсвэр хэвээр байгаа бөгөөд 2026 оны
III улиралд 68,470 сая ам.доллар хүрсэн байна. Харин баярын өдрүүд тохиодог 2025 оны 4-р
улиралд хамгийн өндөр буюу 82,988 сая ам.долларын борлуулалт хийжээ.
3 дагч дэлгүүрийн үйлчилгээ: Амазон платформ дээрх бие даасан борлуулагчдаас авдаг
шимтгэл, үйлчилгээний орлого бөгөөд энэ оны III улиралд 46,492 сая ам.доллар болж,
тогтвортой өсөлт үзүүлсэн.
AWS (Amazon Web Services): Үүлэн тооцооллын салбар бөгөөд хугацааны туршид тасралтгүй
эрчтэй өссөөр энэ оны III улиралд 45,984 сая ам.долларт хүрч, компанийн хамгийн өндөр ашигтай,
чухал хөдөлгүүр хэвээр байна.
Сүүлийн 5 жилийн хамгийн хурдан өсөлт: AWS-ийн орлого өмнөх оны мөн үеэс 39.3% өсөж,
46 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ нь шинжээчдийн таамаглаж байсан 45.3 тэрбум ам.доллараас давсан
үзүүлэлт болж чадлаа.
Хиймэл оюун ухааны тэсрэлт: AWS-ийн Bedrock хиймэл оюуны үйлчилгээний хэрэглээ 17 дахин өсөж,
Amazon-ний хөгжүүлсэн Tranium болон Graviton чипүүдийн жилийн орлогын хэмжээ нь 10 тэрбум ам.долларт
хүрсэн байна. Мөн Amazon -ийн гүйцэтгэх захирал Энди Жэсси ирэх 2027 болон 2028 онуудад AWS -ийг
40%-иас дээш өсөлттэй байна гэж таамаглаж байгаа бөгөөд ирэх 5-10 жилд жилийн
1 их наяд ам.долларын орлоготой бизнес болох боломжтой гэж мэдэгдсэн.


## 2. Компанийн санхүүгийн тайлан.


# Санхүүгийн голлох үзүүлэлтүүд
Цэвэр ашиг тэлсэн шалтгаан: Орлогын тайлан дээр цэвэр ашиг 2026 оны 1-р улиралд
30,255 сая байснаа 2-р улиралд 62,647 сая ам.доллар болж 2 дахин, 2025 оны 2-р улиралын
13,485 гэсэн үзүүлэлтийг бараг 3 дахин нугалхаар огцом өсөлт үзүүлсэн байна.
Бодит шалтгаан: Энэхүү аварга өсөлтийн хамгийн том хүчин зүйл нь үйлдвэрлэлийн ашигт
үйл ажиллагаанаас гадна Amazon-ийн эзэмшдэг Anthropic (хиймэл оюуны стартап) компанийн
хувьцааны үнэлгээний өсөлт юм. Тус хөрөнгө оруулалтын дахин үнэлгээнээс татварын өмнөх
үйл ажиллагааны бус орлого хэлбэрээр 53.4 тэрбум ам.доллар орж ирсэн нь цэвэр ашгийг
ийнхүү хиймэл хувиар огцом хөөж харагдуулсан гол шалтгаан болжээ.
Үндсэн үйл ажиллагааны ашиг тэлсэн шалтгаан:
Үүлэн тооцооллын AWS (Amazon Web Services) платформ дээрх хиймэл оюун ухааны дэд бүтцийн
эрэлт асар хүчтэй нэмэгдсэн. AWS-ийн борлуулалт өмнөх оны мөн үеэс 39.3%-иар өсөж, 45.9 тэрбум
ам.долларт хүрсэн бөгөөд энэ нэгж нь маш өндөр ашиг тул Amazon -ийн нийт үйл ажиллагааны ашгийг
дээшлүүлсэн байна
496 тэрбум долларын захиалыгн багц: 9-р сарын эцсийн байдлаар AWS-ийн ирээдүйд гүйцэтгэх
гэрээт ажлын үлдэгдэл буюу захиалгын багц (Backlog) нь түүхэндээ анх удаа 496 тэрбум ам.долларт
хүрсэн байна. Энэ нь үйлчлүүлэгчид Амазоны үүлэн технологиос хараат байгааг илтгэж, удирдлагуудын
зүгээс 220 тэрбум долларын CapEx зардлаа зөвтгөх гол хөзөр болж байна.
/ Эх сурвалж: “Fortune” 2026 оны 7-р сарын 30/
Мөнгөн урсгалын дутагдал: Хиймэл оюун ухааны дэд бүтцэд асар их хөрөнгө оруулалт хийсний
улмаас сүүлийн 12 сарын байдлаар чөлөөт мөнгөн урсгал нь -42.4 тэрбум ам.долларын дутагдалтай
гарсан байна. / Эх сурвалж: “CNBC” 2026 оны 10 сарын 29/
CapEx: 2026 оны бүтэн жилийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө 220 тэрбум ам.долларт хэвээр
үлдээсэн бөгөөд 2027 онд үүнээс ч илүү ихийг зарцуулна гэдгээ мэдэгдсэн.
/ Эх сурвалж: “CNBC” 2026 оны 10 сарын 29/

##
3. Цаг үеийн мэдээ
Германд 16 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт: Амазон 2027 онд багтаан Германд 16 тэрбум еврогийн
($17.3 тэрбум) хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөгөө зарлалаа. Энэхүү хөрөнгөөр Франкфурт дахь AWS
дата төвүүдийг өргөтгөх бөгөөд Берлинд робот техник, AI-ийн судалгааны төв байгуулахаар зорьж байна.
/ Эх сурвалж: “Reuters” 2026 оны 10-р сарын 20/
Баярын өдрүүдийн супер элсэлт: Тус компани ирж буй талархлын баяр, шинэ жил гээд баярын улиралд
зориулж АНУ-д 300,000 түр ажлын байр шинээр гаргаж байна. Энэ нь өмнөх оныхоос 20%-иар өссөн
үзүүлэлт бөгөөд үндсэн ажилчдын гарааны цалинг 20$/цаг болгон нэмэгдүүлжээ.
/Эх сурвалж: “Yahoo Finance” 2026 оны 10-р сарын 20/
Дата төвүүдийг цөмийн эрчим хүчээр тэжээх төсөл: Амазон компани AI-ийн асар их дата хэрэгцээг
хангахын тулд АНУ-ын Индиана мужид бараг 1 гигаваттын хүчин чадалтай жижиг модуль хэлбэрийн
цөмийн реактор (SMR) барих чиглэлээр X-energy болон AEP компаниудтай хамтран ажиллаж эхэлжээ.
/ Эх сурвалж: “World Nuclear News” 2026 оны 10-р сарын 19/
AWS ба AI -ийн тэсрэлт: Үүлэн тооцооллын AWS платформ нь жижиглэн худалдаанаас хамаагүй хурдан
өсөж, ашгийн гол эх үүсвэр хэвээр байх болно. Сүүлийн 2026 оны III улирлын тайлангаар AWS 39 хувиар
өссөн нь хиймэл оюун ухааны дэд бүтцийн эрэлт асар их байгааг харуулсан. “Google Finance”-ийн
шинжээчдийн дүн шинжилгээнээс харахад AI -ийн хөрөнгө оруулалт ирэх 3-5 жилд үр өгөөжөө өгч
эхэлнэ хэмээн дүгнэж байгаа ажээ. Мөн 2027, 2028 онуудад AWS -ийн орлого 30-40 хувь өсөх чадамж
байгаа, 5-10 жилд бие даасан 1 их наяд ам.долларын үнэтэй бизнес болох төлөвтэй гэдгийг гүйцэтгэх
захирал Энди Жэсси мэдэгдсэн билээ.
Маржин нэмэгдэх боломж: Цахим худалдааны логистикийн автоматжуулалт болон дижитал
зар сурталчилгааны бизнес улам өргөжсөнөөр компанийн үйл ажиллагааны ашгийн маржин
ирэх 5 жилд тогтвортой өсөх хүлээлттэй байна.
Жилийн орлого: 2026 онд 847 тэрбум ам.доллар байхаас 2030 он гэхэд 1.4 их наядаас
1.64 их наяд долларт хүрч өсөхөөр байна хэмээн мэргэжлийн шинжээчид үнэлж байна.
(Орлогын дундаж өсөлт буюу CAGR: +12%)

## ## 4.Техник шинжилгээ

- AMZN урт хугацааны өсөх бүтцээ хадгалж, график дээр 260.21 ам.долларт (2026.11.06)
арилжаалагдаж байна. Ойрын гол эсэргүүцэл нь 270–272 ам.долларын бүс бөгөөд
үүнийг дээш сэтэлж, ханш тэр цэгтээ тогтож баталгаажуулбал 287 ам.доллар, цаашлаад
зорилтот бүс рүү өсөх боломж нээгдэнэ. Сэтэлсний дараа 270–272 ам.долларыг дахин шалгаж,
support zone болгох эсэх нь чухал.
Харин эсэргүүцлийг давж чадахгүй бол 252.47, дараа нь 241.68 ам.долларын түвшнүүдэд
support хайх боломжтой. Илүү гүн засварын үед 225–235 ам.долларын бүс нь өмнөх үнийн
суурь, Фибоначчийн 0.382 түвшин болон өсөх трендийн шугамтай ойртох тул худалдан авагчдын
идэвхийг ажиглах гол бүс болно.
Өсөлтийн хувилбарын гол нөхцөл нь 270–272 ам.долларыг давж тогтох явдал. График
дахь цэнхэр шугаман замналууд нь боломжит хувилбарууд бөгөөд баталгаатай үнийн
таамаг биш юм гэдгийг анхаараарай.
Шинжээчийн зүгээс Amazon -ийн 2026 оны 3-р улирлын тайлан нь “AI -ийн төлөөх асар
их зардал ба үүлэн технологийн тэсрэлттэй өсөлт” гэсэн хоёр туйл дээр тогтож байна.
Уолл Стритийн хүлээлтээс үл ялиг доогуур үзүүлэлт үзүүлсэн нь богино хугацаанд
хувьцааны ханшид даралт үзүүлж болох ч, урт хугацааны суурь үзүүлэлтүүд нь маш бат бөх хэвээр байна.
Amazon-ийн 2026 оны 3-р улирлын үр дүнгээс харахад AWS болон хиймэл оюуны
үйлчилгээний өсөлт компанийн үндсэн үйл ажиллагааны ашигт ажиллагааг дэмжиж байна.
Нийт орлого 12.1% өссөн бол үйл ажиллагааны ашиг 61.2% нэмэгдсэн нь орлогын өсөлтийг
ашиг болгон хувиргах чадвар сайжирсныг харууллаа. Цэвэр ашгийн бууралтад өмнөх үеийн
хөрөнгө оруулалтын үнэлгээний ашигтай холбоотой суурь нөлөөлсөн тул үүнийг үндсэн бизнесийн
сулрал гэж шууд дүгнэх боломжгүй.
Ирэх 5 жил (2027-2031) бол Амазоны хувьд их хөрөнгө оруулалтаас их ашиг руу шилжих хамгийн
чухал мөчлөг байхаар байна. Хэрвээ тэдний ихээр хөрөнгө оруулаад байгаа дата төвүүдийн байрнууд
ашиглалтад тоцоолол болон төлөвлөгөөний дагуу ашиглалтанд орж чадвал. Богино хугацааны зардлын
өсөлтөөс үүдэлтэй саатлыг давсны дараа урт хугацааны хөрөнгө оруулагчдад хамгийн өндөр өгөөж
өгөх топ хувьцааны нэг хэвээр байна.