
Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж

Манай улсын банк бус санхүүгийн салбар сүүлийн жилүүдэд хурдацтай өсөж, санхүүгийн зах зээлд эзлэх байр сууриа тэлсээр байна. Энэхүү судалгаагаар салбарын өсөлт, ашигт ажиллагаа, активын чанар болон санхүүжилтийн бүтцийг шинжилж, МХБ-д бүртгэлтэй ББСБ-ын гол санхүүгийн үзүүлэлт, зах зээлийн үнэлгээгээр харьцуулан хөрөнгө оруулалтын боломжийг тодорхойллоо.
Улсын хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж буй Банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-ын тоо өмнөх оны мөн үеэс 1.7 хувиар нэмэгджээ.


### 1.2 Санхүүгийн үйлчилгээний хүртээмж
ББСБ-ын нийт харилцагчдын 65.3%-ийг 35 хүртэлх насны залуус бүрдүүлж байна. Энэ нь ББСБ-ын үйлчилгээний гол хэрэглэгчид залуу үеийхэн байгааг харуулж байгаа юм.


2026 оны 1 дүгээр улирлын байдлаар салбарын нийт олгосон зээлийн 90.4 хувийг иргэдийн зээл бүрдүүлж байгаа бөгөөд үүний дотор хэрэглээний зээл өндөр дүнг бүрдүүлжээ.

### 1.3 Салбарын хөрөнгийн өсөлт
Нийт хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2,224.3 тэрбум төгрөгөөр буюу 27.9 хувиар өссөн нь 2022 оны мөн үеэс 3.2 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм.

ББСБ-ын салбарын нийт хөрөнгө болон зээлийн багц 2022–2026 оны II улирлын хугацаанд тогтвортой өсжээ. Нийт хөрөнгийн өсөлтийг дагаад зээлийн багц эрчимтэй тэлсэн нь салбарын үйл ажиллагааны цар хүрээ нэмэгдэж, санхүүжилтийн эрэлт өсөж байгааг харуулж байна. Үүгээрээ ББСБ-уудын активын өсөлтийн гол хөдөлгөгч хүчин зүйл нь зээлийн багц байгааг илэрхийлж байгаа юм.

ББСБ-ын салбарын нийт хөрөнгө ДНБ-д эзлэх хувь 7.3 хувиас 11.3 хувь хүртэл өссөн нь салбарын санхүүгийн систем дэх харьцангуй жин нэмэгдэж байгааг харууллаа. Ялангуяа сүүлийн жилүүдэд уг өсөлт эрчимжсэн нь ББСБ-ын салбарын тэлэлт эдийн засгийн нийт өсөлтөөс өндөр хурдаар явагдаж байгааг илтгэж байна.


2026 оны II улирлын байдлаар ББСБ-ын салбарын нийт хөрөнгө 10.2 их наяд төгрөгт хүржээ. Нийт хөрөнгийн 78.6 хувийг цэвэр зээлийн багц бүрдүүлж байгаа нь салбарын үйл ажиллагаа зээлийн санхүүжилтэд өндөр төвлөрөлтэй хэвээр байгааг харуулж байна. Мөн мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгө 64.1 хувиар өссөн нь хөрвөх чадварын нөөц нэмэгдсэнийг илтгэнэ. Иймд салбарын активын өсөлт үргэлжилж байгаа боловч зээлийн багцын өндөр төвлөрөл нь цаашдын ашигт ажиллагаа, санхүүгийн тогтвортой байдлыг зээлийн чанар болон эргэн төлөлтөөс ихээхэн хамааралтай болгож байна.

ББСБ-уудын пассивын бүтцэд өөрийн хөрөнгө давамгай хэвээр байгаа боловч 2024–2025 онд өрийн санхүүжилтийн эзлэх хувь мэдэгдэхүйц нэмэгджээ. 2026 онд өөрийн хөрөнгийн жин 54.6 хувь болж сэргэснээр салбарын санхүүжилтийн бүтэц харьцангуй тэнцвэржсэн байна.

Зээлийн багцын бүтэц нийтдээ хэвийн түвшинд хадгалагдаж байгаа боловч сүүлийн хугацаанд хэвийн зээлийн жин буурч, чанаргүй зээлийн эзлэх хувь 9.3%-д хүрсэн нь зээлийн эрсдэл нэмэгдэж байгааг илэрхийлж байгаа юм.

ББСБ-ын салбарын ашигт ажиллагаа сүүлийн жилүүдэд мэдэгдэхүйц сайжирсан байна. Салбарын цэвэр ашиг 2022 оны II улирлын 149.2 тэрбум төгрөгөөс 2026 оны II улиралд 550.4 тэрбум төгрөгт хүрч, 3.7 дахин өсжээ. Үүнтэй зэрэгцэн нийт хөрөнгийн өгөөж (ROA) 5.5 хувиас 6.1 хувь, өөрийн хөрөнгийн өгөөж (ROE) 8.4 хувиас 11.2 хувь болж өссөн байна. ROA болон ROE нь 2024–2025 онд хамгийн өндөр түвшинд хүрч, 2026 оны II улиралд тодорхой хэмжээгээр буурсан хэдий ч 2022–2023 оны түвшнээс өндөр хэвээр байгаа юм.
Z индекс нь ББСБ-ын дампуурах магадлалыг илэрхийлдэг ба индексийн утга нь ашигт ажиллагаа болон өөрийн хөрөнгийн хөшүүрэг өндөр үед өсөх, харин өгөөжийн хэлбэлзэл буюу орлогын тодорхойгүй байдал их үед буурах хандлагатай байдаг. Банк бус санхүүгийн салбарын Z индекс өмнөх оноос 3.8 нэгжээр буурчээ.

### 1.8 Зах зээлийн дүгнэлт
Монголын ББСБ-ын салбар сүүлийн жилүүдэд хөрөнгө, зээлийн багц болон харилцагчдын тоогоор эрчимтэй тэлж, санхүүгийн систем дэх эзлэх байр сууриа нэмэгдүүлжээ. Ашигт ажиллагаа дунд хугацаанд сайжирсан хэдий ч 2026 онд нийт хөрөнгийн өгөөж, өөрийн хөрөнгийн өгөөж болон Z индекс буурч, чанаргүй зээлийн хувь өссөн нь салбарын өсөлттэй зэрэгцэн зээлийн эрсдэл нэмэгдэж байгааг харуулж байна.
Салбарын ерөнхий төлөвийг тодорхойлсны дараа монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй ББСБ-уудын санхүүгийн гүйцэтгэл, зах зээлд эзлэх байр суурь болон үнэлгээг харьцуулан судалж, компаниудын хөрөнгө оруулалтын боломжийг үнэлэв.
Монголын хөрөнгийн биржид ББСБ-ын салбараас нийт таван хувьцаат компани бүртгэлтэй байна.

Энэхүү харьцуулалт нь бирж дээрх компаниудын хөрөнгийн зах зээл дэх хэмжээг ерөнхийд нь харуулах боловч салбар дахь бодит байр суурийг зөвхөн зах зээлийн үнэлгээгээр тодорхойлох боломжгүй. Иймд дараагийн хэсэгт нийт хөрөнгө, зээлийн багц, салбарын нийт актив болон зээлд эзлэх хувийг хамтатган авч үзэж, компаниудын үйл ажиллагааны бодит цар хүрээ болон өсөлтийн түвшнийг харьцуулан үнэлнэ.

2026 оны II улирлын байдлаар монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй ББСБ-уудаас Инвескор ББСБ ХК нийт хөрөнгөөр салбарын 12.9 хувийг эзэлж, хамгийн том байр суурьтай хэвээр байна. ЛэндМН ББСБ ХК болон SEND-ийн нийт хөрөнгө өмнөх оны мөн үеэс тус тус 30.7%, 27.6%-иар өссөн бол Ард Кредит ББСБ ХК болон Тандэм инвэст ББСБ ХК-ийн активын өсөлт харьцангуй сул байна. Зээлийн багцын хувьд ЛэндМН ББСБ ХК, Ард Кредит ББСБ ХК, Сэндли ББСБ ХК өсөлттэй байсан бол Инвескор ББСБ ХК болон Тандэм инвэст ББСБ ХК буурсан байна.
Ингэснээр бүртгэлтэй ББСБ-уудын зах зээлд эзлэх байр суурь зөвхөн активын хэмжээгээр бус, зээлийн багцын өсөлт болон салбарын нийт зээлд эзлэх хувийн өөрчлөлтөөр ялгаатай байгааг харуулж байна.

2026 оны II улиралд Инвескор ББСБ ХК цэвэр ашгийн өсөлтөөр (455.6%), Сэндли ББСБ ХК зээлийн багцын өсөлтөөр (36.7%) тэргүүлж, хөрөнгө оруулалтын хувьд анхаарал татаж байна. Харин ЛэндМН ББСБ ХК-ийн актив өссөн ч ашиг буурсан, Тандэм инвэст ББСБ ХК-ийн цэвэр ашиг 70.2%-иар агшсан нь санхүүгийн гүйцэтгэлд эрсдэл байгааг харуулж байна. Иймд ашгийн өсөлтийн тогтвортой байдал, зээлийн чанар болон хувьцааны үнэлгээ нь хөрөнгө оруулалтын сонголт хийх гол шалгуур болж байна.

2026 оны II улирлын байдлаар Инвескор ББСБ ХК ашигт ажиллагаагаар тэргүүлж, ROE 26.0%, ROA 7.7%, P/E 5.9 байгаа нь ашгийн түвшинтэй харьцуулахад үнэлгээ нь сонирхол татаж байна. ЛэндМН ББСБ ХК нь ROE 17.0%, P/E 7.7 үзүүлэлтээр харьцангуй бага үнэлгээтэй байна. Харин Ард Кредит ББСБ ХК болон Тандэм инвэст ББСБ ХК-ийн ашигт ажиллагаа сул, P/E өндөр байгаа нь одоогийн ашгийн түвшинтэй харьцуулахад үнэлгээ өндөр байгааг илтгэнэ. Иймд Инвескор ББСБ ХК ашигт ажиллагаа, ЛэндМН ББСБ ХК ашигт ажиллагаа ба үнэлгээний тэнцвэр, Сэндли ББСБ ХК харьцангуй бага үнэлгээгээр хөрөнгө оруулагчдын анхаарал татаж байна.

2026 оны 10 дугаар сарын 14-ний байдлаар МХБ-д бүртгэлтэй ББСБ- уудаас ЛэндМН ББСБ ХК ногдол ашгийн өгөөжөөр 9.3 хувиар тэргүүлж, Сэндли ББСБ ХК 5.0 хувиар удаалж байна. ЛэндМН ББСБ цэвэр ашгийнхаа 71.8 хувийг ногдол ашигт хуваарилж байгаа нь мөнгөн өгөөжийг чухалчилдаг хөрөнгө оруулагчдад сонирхолтой боловч цаашдын өсөлтийг санхүүжүүлэх боломжийг хязгаарлаж болзошгүй. Харин Инвескор ББСБ ХК ашгийнхаа 8.7 хувийг хуваарилж, дийлэнх хэсгийг компанид үлдээж байгаа нь өсөлтийг санхүүжүүлэх боломжтойг харуулж байна. Тандэм инвэст ББСБ ХК-ийн ногдол ашиг хуваарилалтын хувь 336.3 хувь байгаа нь ногдол ашгийн тогтвортой байдалд эрсдэл үүсгэж болзошгүй. Иймд ЛэндМН ББСБ ХК ногдол ашгийн өгөөжөөр, Сэндли ББСБ ХК өгөөж болон ашиг хуваарилалтын харьцаагаар ялгарч байгаа бол Инвескор ББСБ ХК нь ашгаа дахин хөрөнгө оруулах боломж өндөртэй байна.
2.5 Хөрөнгө оруулалтын боломж: МХБ-д бүртгэлтэй ББСБ-уудын харьцуулсан үнэлгээ
2026 оны II улирлын санхүүгийн үзүүлэлт, зах зээлийн үнэлгээнд үндэслэн Инвескор ББСБ ХК, ЛэндМН ББСБ ХК, Сэндли ББСБ ХК нь хөрөнгө оруулалтын хувьд харьцангуй сонирхолтой байна. Инвескор ББСБ ХК нь өндөр ашигт ажиллагаа, харьцангуй бага P/E (5.9) үзүүлэлтээр урт хугацааны хөрөнгийн өсөлт сонирхогчдод, ЛэндМН ББСБ ХК нь 9.3 хувийн ногдол ашгийн өгөөжөөр мөнгөн орлого чухалчилдаг хөрөнгө оруулагчдад, Сэндли ББСБ ХК нь зээлийн багцын өсөлт болон харьцангуй бага үнэлгээгээр өсөлтийн боломж эрэлхийлэгчдэд илүү нийцэж байна. Харин Ард Кредит ББСБ ХК болон Тандэм инвэст ББСБ ХК-ийн ашигт ажиллагаа сул, ашгийн түвшинтэй харьцуулахад үнэлгээ өндөр байгаа нь хөрөнгө оруулалтын сонирхлыг хязгаарлаж байна.
Монголын ББСБ-ын салбарын нийт хөрөнгө 2026 оны II улиралд 27.9 хувиар өсөж, 10.21 их наяд төгрөгт хүрсэн нь салбарын өсөлт эрчимтэй үргэлжилж байгааг харуулж байна. Гэвч чанаргүй зээлийн эзлэх хувь 9.3 хувьд хүрч, ашигт ажиллагааны харьцаа үзүүлэлтүүд буурсан нь салбарын өсөлттэй зэрэгцэн зээлийн эрсдэл нэмэгдэж байгааг илтгэж байна.
МХБ-д бүртгэлтэй ББСБ-уудын харьцуулсан шинжилгээгээр Инвескор ББСБ ХК нь өндөр ашигт ажиллагаа, ЛэндМН ББСБ ХК нь ногдол ашгийн өгөөж, Сэндли ББСБ ХК нь зээлийн багцын өсөлт болон харьцангуй бага үнэлгээгээр хөрөнгө оруулалтын боломжтой компаниудаар ялгарч байна. Харин Ард Кредит ББСБ ХК болон Тандэм инвэст ББСБ ХК-ийн ашигт ажиллагаа сул, ашгийн түвшинтэй харьцуулахад үнэлгээ өндөр байна.
Иймд хөрөнгө оруулагчдын хувьд урт хугацааны хөрөнгийн өсөлтөд Инвескор ББСБ ХК, ногдол ашгийн орлогод ЛэндМН ББСБ ХК, өсөлт болон үнэлгээний боломжид Сэндли ББСБ ХК-ийг эхний ээлжид авч үзэх нь зүйтэй. Гэхдээ хөрөнгө оруулалтын эцсийн шийдвэрт зээлийн чанар, ашгийн тогтвортой байдал болон санхүүжилтийн эрсдэлийг харгалзан үзэх шаардлагатай.
Энэхүү судалгаанд ашигласан статистик болон тоон мэдээллийг Монгол Улсын санхүүгийн зах зээлд хяналт, зохицуулалт хэрэгжүүлэгч Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ), үнэт цаасны арилжаа болон бүртгэлтэй компаниудын мэдээллийг нийтэлдэг Монголын хөрөнгийн бирж (МХБ)-ийн албан ёсны тайлан, мэдээллийн сангаас авч, тэдгээрт үндэслэн харьцуулсан шинжилгээ хийсэн болно.