
Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж

“Мандал Даатгал” ХК-ийн ерөнхий танилцуулга

“Мандал Даатгал” ХК нь 2011 онд байгуулагдсан бөгөөд 2018 онд Монголын Хөрөнгийн Биржид бүртгүүлж, даатгалын салбарын анхны IPO-г амжилттай хэрэгжүүлсэн.
Компанийн хувьд 2019 онд TOP 20 индексэд багтсан бөгөөд одоогоор Монголын Хөрөнгийн Бирж дээрх хамгийн өндөр үнэлгээ бүхий даатгалын салбарын компани юм.

Орлогын өсөлт: “Мандал Даатгал” ХК-ийн хураамжийн орлого 2022 оноос хойш тасралтгүй өссөн бөгөөд 2025 онд ₮155.6 тэрбум хүрсэн байна. Энэ нь 2024 онтой харьцуулахад 7.2%-иар өссөн үзүүлэлт болжээ. Мөн 2026 оны 3-р улирлын байдлаар ₮147.6 тэрбумын орлого олсон нь 2025 оны бүтэн жилийн орлогын 95%-тай тэнцэж байгаа үзүүлэлт болсон байна.
Цэвэр ашгийн өсөлт: Цэвэр ашгийн хувьд мөн адил 2022 оноос тасралтгүй өссөн бөгөөд 2025 оны жилийн эцэст ₮13.1 тэрбумд хүрсэн байна. 2024 оны 8.33 тэрбум төгрөгтэй харьцуулахад 57.1%-иар өсжээ. Компанийн үйл ажиллагааны зардал 2025 онд 13.4 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноос 685 сая төгрөгөөр буюу ойролцоогоор 5.4%-иар нэмэгдсэн. Харин нийт хураамжийн орлого мөн хугацаанд 7.2%-иар өссөн байна. Өөрөөр хэлбэл, орлогын өсөлт үйл ажиллагааны зардлын өсөлтөөс өндөр байсан нь цэвэр ашиг өсөхөд нөлөөг үзүүлсэн байна.

2025 оны жилийн эцсийн байдлаар тус компанийн нийт орлогын 53%-ийг хөрөнгийн даатгал бүрдүүлж байгаа нь энэхүү бүтээгдэхүүн компанийн үндсэн орлогын эх үүсвэр болохыг харуулж байна. Харин гэнэтийн осол, эмчилгээний даатгал 21%, тээврийн хэрэгслийн даатгал 13%-ийг эзэлж, орлогын бүтцэд дараагийн томоохон байр суурийг эзэлжээ. Компанийн орлогын 87% нь эдгээр гурван төрлийн даатгалд төвлөрч байгаа нь цаашдын орлогын өсөлт болон тогтвортой байдал тухайн сегментүүдийн эрэлт, даатгалын хураамж болон нөхөн төлбөрийн өөрчлөлтөөс ихээхэн хамаарахыг илтгэж байна.

“Мандал Даатгал” ХК-ийн нийт хөрөнгө 2026 оны III улирлын эцэст ₮175.43 тэрбумд хүрч, 2025 оны эцсээс 27.3%-иар өссөн байна. Хөрөнгийн өсөлтийг голчлон өр төлбөрийн нэмэгдэл бүрдүүлсэн бөгөөд нийт өр төлбөр 40.2%-иар өсөж ₮123.63 тэрбумд хүрсэн бол эздийн өмч 4.4%-иар өсөж ₮51.80 тэрбум болжээ.
Үүний нөлөөгөөр нийт хөрөнгөд эзлэх өр төлбөрийн жин 2025 оны эцсийн 64.0%-иас 70.5% болж нэмэгдэж, эздийн өмчийн эзлэх хувь 36.0%-иас 29.5% болж буурсан байна. Энэ нь компанийн хөрөнгийн өсөлт өр төлбөрийн өсөлттэй илүү уялдаатай байгааг харуулж байна. Гэхдээ даатгалын компанийн өр төлбөрт даатгалын гэрээний үүрэг, техникийн нөөц сан зэрэг үйл ажиллагааны онцлогтой холбоотой өр төлбөр багтдаг тул өсөлтийн шалтгааныг нарийвчлан үнэлэх шаардлагатай. Иймд цаашид өр төлбөрийн бүтэц, даатгалын нөөц сангийн хүрэлцээ болон төлбөрийн чадварын үзүүлэлтүүд компанийн санхүүгийн тогтвортой байдлыг үнэлэхэд чухал ач холбогдолтой байна.

“Мандал Даатгал” ХК-ийн ашигт ажиллагаа сүүлийн жилүүдэд тогтвортой өндөр түвшинд хадгалагдаж, ROA 2024 онд 11.06%, 2025 онд 10.1% байсан бол сүүлийн 12 сарын (TTM) үзүүлэлтээр 9.1% болж бага зэрэг буурсан байна. Харин өөрийн хөрөнгийн өгөөж (ROE) 2024 оны 20.9%-иас 2025 онд 28.2%, TTM хугацаанд 30.7% болж тасралтгүй өссөн нь компанийн цэвэр ашгийн өсөлт хурдацтай үргэлжилж, өөрийн хөрөнгийг өндөр үр ашигтай удирдаж байгааг илтгэж байна.
Үнэлгээний хувьд P/E харьцаа 2024 оны 5.31-ээс 2025 онд 3.30, TTM хугацаанд 3.28 болж буурсан бол P/B харьцаа 1.01 (2024 онд 1.11, 2025 онд 0.93) байгаа нь хувьцааны зах зээлийн үнэлгээ дансны үнэлгээтэйгээ бараг тэнцүү түвшинд байгааг харуулж байна. Иймээс компанийн одоогийн ашигт ажиллагаа тогтвортой хадгалагдах нөхцөлд хувьцааны үнэлгээ харьцангуй хямд түвшинд байна гэж үзэх боломжтой. Гэхдээ томоохон хэмжээний нөхөн төлбөрийн эрсдэл, давхар даатгалын зардал болон хөрөнгө оруулалтын багцын өгөөжийн хэлбэлзэл нь үнэлгээний гол эрсдэл хэвээр байна.
Ногдол ашгийн хувьд 2024 онд нэгж хувьцаанд ₮8.10 (өгөөж 11.48%), 2025 онд ₮14.74 (өгөөж 21.27%) хуваарилж, TTM үзүүлэлтээр 17.67%-ийн өндөр ногдол ашгийн өгөөж бүрдүүлсэн нь хөрөнгө оруулагчдад ханшийн өсөлтөөс гадна өндөр бөгөөд тогтмол бэлэн мөнгөний өгөөж бий болгож байна.
“Мандал Даатгал” ХК-ийн 2026 оны эхний 9 сарын гүйцэтгэлээс харахад даатгалын хураамжийн нийт орлого 147.56 тэрбум төгрөгт (+12.0%), цэвэр ашиг 10.93 тэрбум төгрөгт (+34.4%) хүрсэн. Мөн нийт хөрөнгө 175.43 тэрбум төгрөг болж тэлсэн нь салбартаа тэргүүлэх байр суурь болон санхүүгийн суурь чадавх улам бэхэжсэнийг харуулж байна.
Үнэлгээний хувьд P/E болон P/B харьцаа буурсан нь хувьцааны зах зээлийн үнэлгээ өмнөх жилүүдээс хямдарсныг илтгэж байна. Хувьцааны ханш 2026 он гарснаас хойш 20 гаруй хувиар сэргэсэн хэдий ч 2022 онд хүрсэн ₮150.17-ийн оргил түвшнээс 44 орчим хувиар доогуур хэвээр байна.
Ханшийн энэхүү хоцрогдолд Монголын хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадвар, арилжааны идэвх сул байгаа нь тодорхой хэмжээнд нөлөөлсөн байж болох юм. Гэвч 2022 оны хоёрдугаар хагасаас хойш ТОП-20 индекс өсөх чиглэлтэй байсан нөхцөлд “Мандал Даатгал” ХК-ийн хувьцааны ханш түүхэн дээд түвшиндээ бүрэн эргэн хүрч чадаагүй байна. Иймээс цаашдын ханшийн хөдөлгөөнд компанийн хөрөнгө оруулалтын багцын өгөөж, нөхөн төлбөрийн хяналт, өгөөж өндөртэй ногдол ашгийн бодлого болон зах зээлийн арилжааны идэвх голлох нөлөө үзүүлэхээр байна.