
Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж


“Премиум Нэксус” ХК нь анх 2015 онд 3 байршилд сүлжээ дэлгүүрээ нээн үйл ажиллагаагаа эхэлж байсан бол 2026 оны эхний хагас жилийн байдлаар сүлжээтэй дэлгүүртэй 5000 гаруй ажилтантай, өдрийн дундаж үйлчлүүлэгчийн тоо нь 200,000-д хүрсэн тэргүүлэгч худалдааны компани болон өргөжсөн байна.
Хувьцааны үзүүлэлт
2021 оны сүүлээс 2023 оны сүүл хүртэл хувьцааны ханш ерөнхийдөө ₮120 - ₮220-ын хооронд хэлбэлзэж, үнийн залруулга болон тогтворжилтын шатанд байсан байна.
2025 оны эхнээс хувьцааны ханшид хүчтэй өсөлт ажиглагдаж, улмаар сүүлийн 52 долоо хоногийн хамгийн дээд цэг болох ₮335.00-д хүрчээ. Энэхүү өсөлт нь компанийн ашигт ажиллагаа нэмэгдсэн болон CU сүлжээ дэлгүүрийн тэлэлттэй холбоотой.
Өнөөгийн төлөв ханш дээд цэгээсээ үл ялиг буурч, одоогийн байдлаар ₮304.08 дээр тогтворжин, дахин өсөлтийн трэнд рүү шилжих хөдөлгөөнийг үзүүлж байна.

Компани нь нийт 7 охин болон хараат компанид шууд хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд тэдгээрээс дараах дөрвөн компанийг 100% бүрэн эзэмшдэг. Үүнд:
Премиум Коммерс ХХК (100%)
Сэнтрал Фүүдс ХХК (100%)
Стора Цэнтрал ХХК (100%)
Премиум Юнайтэд ХХК (100%)
Мөн дийлэнх хувийн эзэмшилтэй болон хараат компаниудын бүтцийг харвал:
Сэнтрал Кофе Роустинг ХХК-ийн 90.91%-ийг эзэмшиж байна.
Чингис Шар айраг ХХК болон Сэнтрал Коммерс ХХК-иудад тус бүр 73.2%-ийн хувь эзэмшдэг.
Үүнээс гадна Чингис Шар айраг ХХК-ийн охин компани болох "Чингис Шар Айраг Клуб" ХХК-ийг 100% дамжуулан эзэмшиж байна.
Премиум Нэксус" ХК нь бизнесийн үйл ажиллагаагаа төрөлжүүлж, ханган нийлүүлэлтийн сүлжээгээ бэхжүүлэх зорилгоор охин компаниудын бүтцийг оновчтой зохион байгуулсан байна. Компани нь худалдаа, үйлчилгээ, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлийн гол компаниудыг (Премиум Коммерс, Сэнтрал Фүүдс гэх мэт) 100% өөрийн хяналтад байлгаж байгаа нь стратегийн шийдвэрийг хурдан шуурхай гаргах, группийн хамтын ажиллагаагаа сайжруулахад чиглэгджээ.

Дэлгүүрийн тоо 2.1 дахин (285-аас 603) нэмэгдэхэд үйлчлүүлэгчдийн тоо 2.6 дахин (14.8 саяас 38.4 сая) өссөн байна. Энэ нь зөвхөн салбарын тоог нэмээд зогсохгүй, нэг салбарт ногдох үйлчлүүлэгчдийн урсгал, брэндийн үнэ цэнэ тогтвортой өссөнийг илтгэнэ.
Хоёр үзүүлэлтийн аль алиных нь хувиар илэрхийлэгдсэн өсөлтийн хурд уруудах трэндтэй байна. Энэ нь компани "Хурдан тэлэх" шатнаас "Тогтвортой ажиллагаа, үр ашгийг нэмэгдүүлэх" шилжилтийн шатандаа орж байгааг харуулж байна. Улаанбаатар хотын зах зээл тодорхой хэмжээнд ханаж байгаа тул цаашдын өсөлтийг орон нутгийн тэлэлт эсвэл нэг үйлчлүүлэгчийн дундаж худалдан авалтыг өсгөх замаар хадгалах шаардлагатайг харуулж байна.
CU брэнд нь Монголын бэлэн хоол, конвениенс дэлгүүрийн зах зээлийг үнэмлэхүй тэргүүлэгч хэвээр байгааг уг тоон үзүүлэлтүүд баталж байна. Өсөлтийн хурд саарч байгаа ч суурь тоон хэмжээ өндөр хэвээр байна.

Орлого тогтворжсон ч ашигт ажиллагаа буурсан: Слайдаас харахад компанийн борлуулалтын орлого ₮430 орчим тэрбум дээр өндөр түвшинд хадгалагдаж байгаа хэдий ч цэвэр ашиг нь 2024 оны сүүлийн хагасаас хойш тасралтгүй буурч байна. Энэ нь орлогын өсөлт зогссонтой холбоотой биш, харин үйл ажиллагааны болон борлуулалтын зардал өссөн, ханган нийлүүлэлтийн өртөг нэмэгдэж ахиу ашиг хумигдсантай холбоотой юм.
Улирлын хамаарал: Конвениенс дэлгүүрийн бизнест H2 буюу жилийн хоёрдугаар хагас (зун, намрын улирал) арилжаа болон ашиг хамгийн өндөр байдаг циклтэй. Гэвч 2025 оны H2-ын ашиг 2024 оны H2-оос бага байгаа нь компанийн дотоод зардлын удирдлагад асуудал үүссэнийг илтгэж байна. 2026 оны H1-ийн ₮6.7 тэрбум гэдэг нь сүүлийн 2 жилийн хамгийн бага цэвэр ашиг юм.

Компанийн нийт хөрөнгө өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ₮438.3 тэрбумаас ₮487.1 тэрбум болж ₮48.8 тэрбумаар өссөн боловч үүний ₮48.9 тэрбум нь дангаараа өр төлбөрийн өсөлт (₮324.1 тэрбумаас ₮373.0 тэрбум) байна. Энэ нь 2026 оны эхний хагас жилд хийгдсэн дэлгүүрийн тэлэлт болон хөрөнгө оруулалтууд болон бэлтгэн нийлүүлэгчийн өр төлбөр зэрэг гадны эх үүсвэрээр санхүүжигдсэнийг илтгэнэ.
2026 оны эхний хагас жилд эздийн өмч -0.8%-иар буурсан нь компанийн хуримтлагдсан ашиг тухайн хагас жилд хангалттай нэмэгдээгүйг харуулж байна.
2026 оны эхний хагас жилийн байдлаар нийт хөрөнгийн 76.5%-ийг өр төлбөр (₮373.0 тэрбум), үлдсэн 23.5%-ийг эздийн өмч (₮114.1 тэрбум) бүрдүүлж байна. Энэ нь санхүүгийн хөшүүрэг болон өрийн ачаалал өндөр түвшинд байгааг харуулж байгаа бөгөөд цаашид хүүгийн зардал нэмэгдэх эрсдэлийг дагуулж болзошгүй.
“Премиум Нэксус" ХК нь Монголын жижиглэн худалдааны салбарт "Дэд бүтэц, брэнд, зах зээлийн байр суурь"-аараа маргаангүй манлайлагч болж чадсан. Гэвч одоогийн санхүүгийн нөхцөл байдал нь компанийг "Тоон өсөлтөөс Чанарын өсөлт рүү" шилжих шаардлагатайг сануулж байна. Өрийн дарамтыг бууруулах, охин компаниудын үйлдвэрлэлийн зардлыг оновчтой болгох замаар цэвэр ашгийн хэмжээг эргэн тогтворжуулах нь хөрөнгө оруулагчдын итгэлийг урт хугацаанд хадгалах гол түлхүүр болно.
Хөрөнгө оруулалтын давуу тал ба Эерэг боломжууд
Зах зээлийн үнэмлэхүй манлайлал: CU брэнд нь Монголын конвениенс дэлгүүрийн зах зээлийн дийлэнхийг дангаар эзэлдэг. 600 гаруй салбар, хагас жилд 38.4 сая үйлчлүүлэгч хүлээн авдаг дэд бүтцийг богино хугацаанд гүйцэтгэж, зах зээлээс шахах өрсөлдөгч одоогоор байхгүй байна.
Орлогын тогтвортой урсгал: Тус компанийн хагас жилийн борлуулалтын орлого ₮430 тэрбум давж тогтворжсон. Хэрэглэгчдийн өдөр тутмын хүнс, бэлэн хоолны худалдан авалт эдийн засгийн мөчлөгөөс үл хамааран тогтвортой байдаг тул орлогын найдвартай урсгалтай.
Хүнс, кофе, ундааны үйлдвэрүүдийг (Сэнтрал Фүүдс, Чингис Шар айраг гэх мэт) охин компаниар бүрэн болон дийлэнх хувиар эзэмшдэг. Энэ нь дунд болон урт хугацаанд бусад жижиглэн худалдаачдаас илүү өртгөө хянах, ахиу ашгаа хамгаалах боломжийг олгоно.
Ханшийн тогтвортой байдал ба Дансны үнэ: Сүүлийн 1 жилд ханш ₮195.44-өөс ₮335.00 хүртэл өссөн. P/B харьцаа нь 5.51x-ээс 2.96x болж буурсан нь компанийн эздийн өмч чанаржиж, хувьцааны дансны үнэ бодит үнэлгээ рүүгээ дөхөж байгааг илтгэнэ.
Хэрэв та компани урт хугацаандаа зардлаа оновчтой болгож, орон нутгийн тэлэлтээс ашиг хийж чадна гэж итгэж байвал урт хугацааны багцдаа хадгалж болох хөрөнгө оруулалт.