
Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж

Компанийн танилцуулга

Инновэйшн инвестмент ХК (QPAY) нь 2017 онд Монголын зах зээлд анх удаа QR цахим төлбөрийн шинэ шийдлийг танилцуулж, банк харгалзахгүйгээр хэрэглэгчид, бизнес эрхлэгчид болон төрийн байгууллагуудад аюулгүй, хурдан, хялбар гүйлгээ хийх боломжийг олгосон. Түүнээс хойш төлбөрийн дундын дэд бүтэц, серверийн өргөжилт, олон улсын гарц шийдлүүдийг хөгжүүлснээр хамгийн өргөн сүлжээг цогцлоон, тогтвортой өсөж байна. Апп болон веб суурьт төлбөрийн системээр мэргэшсэн QPAY компани Монголбанк болон Монголын бүх арилжааны банк, төлбөрийн экосистемийн бусад оролцогч байгууллагуудтай түншлэлийн хүрээнд бэлэн бус төлбөр тооцооны дэд бүтэц, цахим хэтэвч, аппликэйшн хөгжүүлэлтээр Монголд төдийгүй олон улсад үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.
Монголын төлбөр тооцооны зах зээлд QPay үйлчилгээгээрээ танигдсан Инновэйшн Инвестмент ХК (MSE: QPAY)-ийн хувьцаа сүүлийн хугацаанд хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна. 2026 оны 9-р сарын 24-ний байдлаар QPAY хувьцааны хаалтын ханш ₮542.53-д хүрч, 52 долоо хоногийн ₮200.00–₮427.93 ханшийн хүрээнээс давсан үзүүлэлттэй байна. Компанийн зах зээлийн үнэлгээ ₮89.0 тэрбум, нийт эргэлтэд гаргасан хувьцааны тоо 184.9 сая ширхэг байна. Сүүлийн саруудад хувьцааны ханшийн өсөлт эрчимжиж, 2023–2025 онд ₮200 орчимд харьцангуй тогтвортой байсан ханш 2026 онд огцом нэмэгдсэн нь QPAY-д чиглэсэн зах зээлийн сонирхол нэмэгдсэнийг харуулж байна. Компанийн хувьцаа эзэмшигчдийн бүтэц харьцангуй төвлөрсөн бөгөөд томоохон хувьцаа эзэмшигчид нийт хувьцааны дийлэнх хэсгийг эзэмшдэг байна.

Инновэйшн инвестмент ХК (QPAY) нь ямар ч бизнест тохирох төлбөрийн шийдлүүдийг бий болгож чадсан бөгөөд үйлчилгээ тус бүр өөрийн гэсэн онцлогтой байна. Монголын бэлэн бус төлбөр тооцооны зах зээлд эзлэх байр сууриа тогтвортой нэмэгдүүлж, гүйлгээний хэмжээ болон хэрэглээний цар хүрээгээ тэлсээр байна. 2025 онд QPay-аар 250 сая гүйлгээ, ₮16.3 их наядын төлбөр дамжсан бол 2026 оны эхний хагас жилд 158.3 сая гүйлгээ, ₮10.3 их наядын төлбөр боловсруулсан нь үйлчилгээний хэрэглээ үргэлжлэн өсөж байгааг харуулж байна.
Цаашдын өсөлтийн гол боломж нь зөвхөн QR төлбөрийн үйлчилгээ үзүүлэхээс илүүтэй мерчант болон хэрэглэгчийг холбосон нэгдсэн финтек экосистем бий болгоход үр дүнтэй. Компанийн төлөвлөж буй private acquiring system, SoftPOS болон Super App зэрэг шийдлүүд нь худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн төлбөр хүлээн авах үйл явцыг хялбарчлахын зэрэгцээ QPay-ийн үйлчилгээний хүрээг өргөжүүлэх боломжтой. Үүнээс гадна AI-д суурилсан борлуулалтын аналитик, loyalty/cashback, давтамжтай төлбөр, merchant platform зэрэг нэмэлт үйлчилгээг хөгжүүлснээр нэг хэрэглэгч болон нэг мерчантаас бий болох орлогыг нэмэгдүүлж, орлогын бүтцийг төрөлжүүлэх боломжтой. Мөн БНХАУ болон Азийн бусад төлбөрийн системтэй холбогдсон хил дамнасан төлбөрийн шийдэл нь аялал жуулчлал, цахим худалдаа болон олон улсын төлбөр тооцооны шинэ зах зээлийг нээх боломжтой.

2022–2025 онд компанийн борлуулалтын орлого болон цэвэр ашиг тогтвортой өсөлт үзүүлсэн байна. Борлуулалтын орлого 2022 оны 7.3 тэрбум төгрөгөөс 2025 онд 38.1 тэрбум төгрөгт хүрч өссөн бол цэвэр ашиг мөн хугацаанд 3.4 тэрбум төгрөгөөс 13.4 тэрбум төгрөгт хүрчээ. Харин 2026 оны эхний хагас жилийн байдлаар борлуулалтын орлого 24.9 тэрбум төгрөг, цэвэр ашиг 7.5 тэрбум төгрөгт хүрсэн байна.
Өсөлтийн хурдны хувьд 2023–2025 онд борлуулалтын орлого болон цэвэр ашиг өндөр өсөлт хадгалсан хэдий ч 2026 оны эхний хагас жилийн үзүүлэлтээр өсөлтийн эрчим саарсан байна. Үүний зэрэгцээ цэвэр ашгийн маржин 2022 оны 46.6%-иас 2026 оны эхний хагас жилд 30.1% болж буурсан нь орлогын өсөлттэй харьцуулахад зардлын өсөлт илүү өндөр байсныг илтгэж байна.

Компанийн нийт хөрөнгө 2022 оны ₮6.7 тэрбумаас 2025 онд ₮34.1 тэрбум хүрсэн байна. 2026 оны эхний хагас жилийн байдлаар нийт хөрөнгө ₮33.0 тэрбум байгаа бөгөөд өмнөх оны мөн үеэс 3.2%-иар өссөн үзүүлэлттэй байна.
Өр төлбөрийн хэмжээ 2024 онд ₮6.4 тэрбум хүрч өссөн бол 2025 онд ₮3.2 тэрбум болж буурчээ. Харин 2026 оны эхний хагас жилд өр төлбөр ₮3.7 тэрбум болж, өмнөх оны мөн үеэс 15.8%-иар өссөн байна. Гэсэн хэдий ч компанийн нийт хөрөнгийн дийлэнх хэсгийг өөрийн хөрөнгө бүрдүүлж байгаа нь санхүүгийн бүтцийн хувьд харьцангуй бага өрийн хамааралтай байгааг харуулж байна.
Эздийн өмч 2022 оны ₮6.1 тэрбумаас 2025 онд ₮30.9 тэрбум хүртэл нэмэгдсэн бол 2026 оны эхний хагас жилийн байдлаар ₮29.3 тэрбум байна. Ийнхүү сүүлийн жилүүдэд хөрөнгө болон эздийн өмч мэдэгдэхүйц нэмэгдсэн нь компанийн санхүүгийн цар хүрээ тэлснийг илэрхийлж байна. Цаашид хөрөнгө оруулагчдын хувьд нийт хөрөнгийн өсөлт хэр тогтвортой үргэлжлэх, өр төлбөрийн өөрчлөлт болон эздийн өмчийн өсөлт нь компанийн санхүүгийн тогтвортой байдлыг үнэлэх гол үзүүлэлтүүд байх юм.

Ногдол ашгийн өгөөж: Компанийн нэгж хувьцаанд хуваарилсан ногдол ашиг 2023–2026 оны хугацаанд тогтвортой өсөх хандлага үзүүлж байна. Нэгж хувьцаанд ногдох ногдол ашиг 2023 онд ₮21.63 байсан бол 2024 онд ₮40.0, 2025 онд ₮50.0 болж нэмэгдсэн бөгөөд 2026 оны эхний хагас жилийн байдлаар ₮60.0-д хүрсэн байна. Ногдол ашгийн өгөөж 2023 онд 9.1 хувь байсан бол 2024 онд 18.6 хувь, 2025 онд 19.0 хувь болж өссөн. Харин 2026 оны эхний хагас жилийн байдлаар 12.5 хувьтай байна.
Ногдол ашиг хуваарилалтын хувь 2023 онд 70.2 хувь, 2024 онд 73.7 хувь, 2025 онд 68.8 хувьтай байсан нь компанийн цэвэр ашгийн дийлэнх хэсгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хэлбэрээр хуваарилж ирснийг харуулж байна.
2026 оны эхний хагас жилийн хувьд бүтэн жилийн санхүүгийн үр дүн эцэслэн гараагүй тул ногдол ашиг хуваарилалтын хувь тооцогдоогүй байна.
Хувьцааны ханшийн өөрчлөлтийн өгөөж: Хувьцааны үнийн өсөлтийн өгөөж 2023 онд 7.0 хувь, 2024 онд -6.8 хувь, 2025 онд 6.8 хувь байсан бол 2026 оны эхний хагас жилд 104.9 хувьд хүрч, хувьцаа эзэмшигчийн нийт өгөөжийг 130.4 хувь хүртэл нэмэгдүүлжээ.

Компанийн санхүүгийн үр ашиг болон хөрөнгийн ашиглалтыг харуулах гол үзүүлэлтүүдээс харахад 2024 онд ашигт ажиллагааны түвшин мэдэгдэхүйц сайжирсан бол 2025 оноос эхлэн тодорхой хэмжээнд тогтворжих хандлага ажиглагдаж байна. Нийт хөрөнгийн өгөөж (ROA) 2023 оны 30.4 хувиас 2024 онд 46.2 хувь болж өссөн бөгөөд 2025 онд 39.29 хувь, 2026 оны эхний хагас жилийн байдлаар 22.94 хувьтай байна. Өөрийн хөрөнгийн өгөөж (ROE) мөн 2024 онд 65.6 хувьд хүрч, харьцуулж буй хугацааны хамгийн өндөр түвшинд хүрсэн бол 2025 онд 43.39 хувь, 2026 оны эхний хагас жилд 25.87 хувь болж буурчээ.
Нийт хөрөнгийн эргэлтийн харьцаа (ROTA) 2023 онд 0.71x байсан бол 2024 онд 1.21x болж өсөж, хөрөнгийн ашиглалтын үр ашиг сайжирсныг харуулсан. 2025 онд уг үзүүлэлт 1.11x, 2026 оны эхний хагас жилд 0.75x түвшинд байна.
Нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) 2023 оны ₮30.81-ээс 2025 онд ₮72.68 хүртэл өссөн бөгөөд 2026 оны эхний хагас жилд ₮41.00 байна. Үнэлгээний үзүүлэлтүүдийн хувьд P/E харьцаа 2024–2025 онд буурч, 2025 онд 3.19x болсон бол 2026 оны эхний хагас жилд 6.65x болж өссөн байна. P/B харьцаа 2025 онд 1.39x хүртэл буурсан ч 2026 оны эхний хагас жилд 1.72x болж нэмэгджээ.
Өр төлбөр, өөрийн хөрөнгийн харьцаа 2024 онд 42.1 хувьд хүрч өссөн боловч 2025 онд 10.4 хувь хүртэл буурч, 2026 оны эхний хагас жилд 12.6 хувьтай байна. Энэ нь компанийн санхүүжилтийн бүтцэд өрийн эзлэх хувь харьцангуй бага түвшинд хадгалагдаж байгааг харуулж байна.
Дүгнэвэл: QPay-ийн урт хугацааны өсөлтийн гол хөдөлгөгч нь гүйлгээний тоог нэмэгдүүлэхээс гадна QR төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчээс өргөн хүрээний финтек платформ руу шилжих чадвар байна. SoftPOS, merchant ecosystem, дата болон AI-д суурилсан үйлчилгээ, хил дамнасан төлбөр зэрэг инновацыг амжилттай нэвтрүүлж чадвал компанийн орлогын эх үүсвэр төрөлжиж, одоогийн төлбөрийн дэд бүтцээс илүү өндөр үнэ цэн бий болгох боломжтой.